| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/003218/И |
| Дугаар | 181/ШШ2021/01380 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2021/01380
2021 07 20 181/ШШ2021/01380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГҮБ ХХК-д холбогдох,
2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2019 дугаартай “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 26 730 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
Нэмэлт ажлын хөлс 8 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч ГҮБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, өмгөөлөгч Т.Сайнбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч ГҮБ ХХК” ХХК-тай “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулан уг гэрээний дагуу хариуцагч миний охин Г.Ад сургалтын үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх, миний зүгээс уг үйлчилгээний төлбөрт 10,000 ам.доллар төлөхөөр тохиролцсон болно. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ГҮБ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь ам.долларын 470028204 тоот дансанд тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцон 26 730 000 төгрөгийг шилжүүлсэн.
Тус гэрээний дагуу миний охин Г.А нь 2019.09.05-ны өдрөөс 2019.12.27-ны өдрийг хүртэл АНУ-аас ирсэн Стэнфордын их сургуулийн магистр Эми Томассо багшаар 7 хоногийн 5 өдөр, өдөр бүр 1 цаг 30 минутаар хичээл заалгахаар тохиролцсон байсан.
Хариуцагч тал сургалтын үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэхдээ миний охинд хичээл заах багшийг Эми Томассо гэж тохиролцсон ба энэ багшаар гэрээнд заасан хугацаанд мэргэжлийн өндөр төвшинд чанартай сургалтын үйлчилгээ үзүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч энэ үүргээ зөрчиж, үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас гэрээний захиалагч талын эрх ашиг ноцтойгоор хохирч охин маань гэрээгээр тохирсон сургалтын үйлчилгээг авч чадаагүй болно. Миний охины хичээл нь гэрээнд заасан хугацаанаас хоцорч 09 дүгээр сарын 09-ны өдөр эхэлсэн боловч 7 хоногийн 2 өдөр нь 2 удаа хичээл орж байсан ба ийм байдлаар 11 сарын 04-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Хэдийгээр гэрээний зөвлөх тал нь хоцрогдуулсан хичээлийг 3 хоногийн дотор нөхөж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байж байгаад Эми Томассо багш нь нутаг руугаа буцсан байсан. Миний охинд 09 дүгээр сарын 19-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 42 цагийн хичээл орсон. Би ГҮБ ХХКйн захирал Б.Даваасүрэнгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, манай тал гэрээгээр тохирсон 127 цагийн сургалтын үйлчилгээгээ авч чадаагүй тул Эми Томасса багшаас авсан 42 цагийн хичээлийн төлбөрөө суутгуулаад үлдэгдэл мөнгөө буцаан авах талаар удаа дараа хэлсэн боловч татгалзсаар өнөөдрийг хүрсэн. Маргаанаа шийдвэрлэж чадаагүй тул шүүхэд хандсан.
Гэтэл ГҮБ ХХК нь сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй Боловсролын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг тус тус зөрчиж надтай гэрээ байгуулсан байна. Мөн гэрээний нийт үнэ 10.000 ам доллар гэж тохиролцсон боловч гэрээнд сарын 10.000 ам доллар гэж бичсэн байна. Иймд хууль зөрчиж хийсэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2019 тоот “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хэлцлийн дагуу шилжүүлсэн 26.730.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ГҮБ ХХК-ийн захирал Б.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГҮБ ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 9 өдөр иргэн Г.Аг төлөөлж түүний ээж Г.Утай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан болно. Зөвлөх үйлчилгээний хүрээнд бид гэрээнд дурдсан сургалт болох SAT шалгалтад бэлтгэх, TOEFL шалгалтад бэлтгэх, Коллежед орох эсээ (өөрийн сургуульд орохыг хүссэн өргөдөл) бичих, Шүүмжит сэтгэлгээгээр бичих чадварт суралцах, Коллежийн аппликешн процесс хийх ажлуудад зөвлөгөө үзүүлэхээр тохиролцсон болно. ГҮБ ХХКйн хувьд иргэн Г.Ад гэрээний дагуу бүх үйлчилгээг үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд биднийг зөвхөн цагаар тохирч сургалт явуулдаг жижигхэн байгууллага мэт ойлгогдохоор өргөдөл гаргасантай бид огтоос санал нэгдэхгүй байна. Санал нийлэхгүй байгаа үндэслэлээ доор жагсаан бичлээ.
1. Зөвлөх үйлчилгээний гэрээ: Хамгийн нэн түрүүнд бид 2015 оноос хойш хүүхдүүдэд гадна сургуульд ороход нь тусгайлан зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд зөвлөх үйлчилгээ гэдэг нь зөвхөн шаардагдах шалгалтад бэлдэх төдийхнөөр хязгаарлагддаггүй болно. Бидний зөвлөх үйлчилгээний томоохон хэсгийг 2015 оноос хойш бидний өөрсдийн туршлага, АНУ-ын шилдэг сургуулиудаар аялж, гадны хүүхдүүдийг шалгаруулдаг хүмүүстэй ганцаарчлан уулзаж цуглуулсан Нөү-Хау эзэлдэг. Тэр ч утгаараа өдийг хүртэл бидний цогц зөвлөх үйлчилгээг авсан олон Монгол хүүхдүүд АНУ-ын томоохон сургуульд тэнцэж ирсэн. Жишээ нь: 2020 оны байдлаар бидний бэлтгэсэн сурагчид Стэнфордын Их Сургуулиас 100 хувийн тэтгэлэгтэйгээр тэнцсэн, Бостон Их Сургууль, Нью-Йорк Их Сургууль, Майсоны Их Сургууль, Кенон коллеж, Оберлин коллеж зэрэг өөрсдийн хүссэн сургуульдаа тэнцээд байна. Энэ нь бидний зөвлөх үйлчилгээний нэгээхэн үр шим юм.
Хамгийн анх тус академийн захирал миний бие 2019 оны 8-р сард Стэнфордын Их Сургуулийн Прэ-коллежийн дэлхийн шилдэг хүүхдүүдийг хамруулдаг нэр хүнд бүхий сургалтад Монголын 12 хүүхдийг амжилттай суралцуулаад ирсний дараахан иргэн Г.У өөрийн найз Б.Оюунаар дамжуулан (манай бизнесийн түншийн дүү) надтай танилцаж охинд нь тусгайлан зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хүссэн. Тэр үед би Г.Уд хүүхэд гуравхан сарын дотор хүссэн үр дүнгээ гаргах магадлал багатай тул манай үйлчилгээг авах гэсний хэрэггүй гэж маш сайн тайлбарласан бөгөөд Г.У тухайн үед үр дүнгээ би өөрөө хариуцна, өөрийнхөө сайн ээж гэдгийг баталмаар байгаа тухайгаа ярьж гуйсаар байгаад биднийг зөвшөөрүүлсэн болно. Учир нь тухайн үед би өөрөө маш их хичээл зүтгэл гарган байж Итали руу сургалт хийхээр явах гэж байсан Стэнфордын багш, Стэнфордын шилдэг төгсөгчдийн нэг Эйми Томассо Лов багшийг Монголд ирж ажиллаж өгөхийг чин сэтгэлээсээ гуйн байж зөвшөөрүүлсэн байсан юм. Энэ багш дээр олон хүүхэд ганцаарчилсан сургалт авъя гэж гуйж байсан бөгөөд тухайн үед намайг бизнес түншийн маань дүүгээр гуйлгуулаад байсан тул зөвшөөрсөн болно.
Тиймээс энэхүү гэрээ нь зөвхөн цагаар сургалт хийх гэрээ биш бөгөөд цогц зөвлөх үйлчилгээний гэрээ гэдэг нь хамгийн чухал юм. Цогц үйлчилгээний хүрээнд бид шалгалтад бэлтгэхээс гадна дараах ажлуудыг удирдан зохион байгуулсан болно.
2. Гэрээний үргэлжлэх хугацаа: Гэрээний 1.2-д заасны дагуу тус гэрээ нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ын өдөр хүртэл хүчин төгөлдөр байна гэж заасан ба бид тус хугацаанд гэрээний дагуу ажил үүргээ бүрэн хийж гүйцэтгэсэн болно. Бид гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэж тавьсан нь зөвхөн Эйми Томас Лов багшаас авах хичээлийн цагтай уялдуулж тавиагүй бөгөөд харин АНУ-ын Их Сургуулиудруу хүсэлтээ илгээх сүүлийн хугацааг тооцож харилцан тохиролцсон болно. Гэрээнд заасны дагуу Г.А TOEFL шалгалт дээрээ 88 оноо, SAT шалгалт дээрээ 1050 оноо авсан болно. Энэ нь оногдсон хугацаанд тохирсон үр дүн бөгөөд үүнээс илүү байх боломжгүй, хэт өндөр хүлээлт тавих хэрэггүй гэдгийг би Г.Утай анх уулзсан үедээ маш сайн анхааруулан хэлж байсан болно. (АНУ-ын томоохон Их Сургуулийн өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа ихэнхдээ нэг дүгээр сарны эхний долоо хоног байдаг болно).
3. Сургууль сонголт: Зөвлөх үйлчилгээ үзүүлж байх явцад бидний зүгээс тухайн хүүхдэд тохирсон сургуулийг олж санал болгох нь маш чухал байдаг. Нэг ёсондоо нүднээс далд бид маш их ажилладаг гэсэн үг юм. Бид иргэн Г.Агын нөхцөл байдлыг үнэлээд боломжийн сургалтын чанартай сургуулиудыг санал болгосон боловч Г.А өөрөө заавал шилдэг 20 сургуулийн нэгд ормоор байгаа тухайгаа хүслээ хэлж байсан. Мөн Алтанзаяа нь яг ямар чиглэлээр сурахаа шийдээгүй, санаагаа маш их өөрчилж байсан нь бидний зүгээс нэг хүүхдэд зарцуулдаг цагаас илүү цаг зарцуулж байсан.
4. Эсээ бичих: АНУ-ын ямар ч их сургуульд элсэн ороход тухайн сургуульд “Би яагаад тохирох тухайгаа бичсэн өргөдөл буюу “Эсээ” хамгийн чухал байдаг. Г.Агийн хүссэн сургуулиуд томоохон сургуулиуд байсан учир зөвхөн нэг Эсээ-гээр тогтохгүй маш олон дэмжих эсээ бичих шаардлагатай байдаг. Жишээ нь: Стэнфордын их сургууль үндсэн нэг эсээ, нэмэлт таван эсээ шаарддаг. Тухайн хүүхэд Стэнфордын Их Сургуульд Бичих Урлагаар хичээл заадаг багшаас ганцаарчлан зөвлөгөө авч эсээ-гээ бичнэ гэдэг алтан боломж юм. Сайн эсээ бичих нь шалгалтын онооноос илүү, хамгийн чухал үүрэгтэй байдаг. Гэвч бидний үүрэг бол тухайн хүүхдэд эсээ-гээ бичихэд дэмжлэг үзүүлэх ёстой бөгөөд шууд бичиж өгөх нь ёс зүйгүй, мөн хууль бус юм. Эйми багш 10 хүүхдээс бүрдсэн хоёр долоо хоногийн хичээл зарлахад маш олон хүүхэд бүртгүүлсэн бөгөөд тухайн хүмүүс мастер болон бакалаврын зэргээ Австрали болон АНУ-д горилохоор бэлдэж байсан хүүхэд болон хүмүүс байсан. Хичээлд сууснаар мастерын тэтгэлгээ амжилттай авсандаа талархсан захиаг нэгэн сурагч маань илгээж байсан. Мөн тухайн үед Алтанзаяатай ижил настай нэгэн сурагч хичээлд хамрагдсан бөгөөд энэ жил тэрээр Minerva School at KGi сургуульд тэнцсэн тухайгаа бидэнд баяртайгаар мэдэгдсэн болно. Эсээ гэдэг бол зүгээр нэг хоёр цагаар хэмжигддэг үнэ цэнтэй зүйл отгоосоо биш юм. Тухайн багш нэг гүйлгэж хараад нэг засаад болдог ч зүйл биш. Энэ нь эхний гаргасан загварыг бараг 360 градус эргүүлж хамгийн багадаа 10 удаа сайжруулалт хийгдэж байж бүтдэг уран бүтээл гэж хэлж болохуйц зүйл юм.
5. Шүүн тунгаах сэтгэлгээгээр бичих хичээл: Г.А нь сургалтын хугацаандаа бидний тусгайлан зарласан 10 хүүхдээс бүрдсэн Шүүмжит сэтгэлгээгээр бичих хичээлд хамрагдсан болно. Энэ хичээлээс хүүхэд хэрхэн аливаа асуудлыг олон талаас харж, тунгаан бодож бичиж сурах талаар заадаг. Энэ хичээл нь хүүхэд Их сургуульд ороод бичгийн болон унших бие даалтаа хийхэд хамгийн их шаардагдах ур чадварыг суулгадаг маш их ач холбогдолтой хичээл байсан болно.
6. Чингисийн талбай дээр Цаг Уурын Өөрчлөлтийн Эсрэг тайван жагсаал зохион байгуулж өгөв: Бид дээр дурдсанчлан АНУ-ын томоохон нэр хүнд бүхий сургалтад тэнцэж ороход зөвхөн хэдэн шалгалтын дүн хэзээ ч хангалттай байдаггүй. Эсээ маш чухал үүрэг гүйцэтгэдгийн адил тухайн хүүхэд нийгэмдээ хэрхэн үйлчилж, бусдын төлөө томоохон үйлдэл хийсэн байх нь маш чухал байдаг. Үүний хүрээнд бид Г.Аптанзаяа ямар төрлийн нийгмийн ажил хийж байсан бэ? гэх асуулгад дорвитой хийсэн зүйл байгаагүй тул бид оногдсон цаг хугацаанд дэлхийд нэр хүндтэй Өсвөр Насны Сурагчдын Цаг Уурын Өөрчлөлтийн Эсрэг тайван жагсдаг цуглааныг зөвхөн Г.Ад зориулж мэргэжлийн өндөр төвшинд, яг тус мэргэжлээр Швейцарт төгсөөд ирсэн хүнээр ахлуулж маш амжилттай зохион байгуулж өгсөн. Энэхүү жагсаал нь дэлхийн аль ч улсад зохион байгуулагдсан бай яг ижил хөтөлбөр дэг журмын дагуу явагддаг бөгөөд бид маш их хүч хөдөлмөр гаргаж зохион байгуулж өгсөн болно.
Энэ ажлын хүрээнд бид:
• Г.Аг энэхүү хөдөлгөөнийг Монголд анхлан, санаачлан зохион байгуулж байгаа хүүхдээр нэрлэсэн.
• Талбай дээр бүтэн бичлэг хийж өгсөн. (АНУ-ын сургуульдаа нэмэлт материалаар хавсарган явуулах зорилгоор).
• Телевизэд ярилцлага өгөх үерх бүх үгийг бэлтгэж өгсөн. Мөн бичлэгийг авсан. (Сургуульдаа нэмэлт материалаар хавсарган явуулах зорилгоор).
• Нийслэлийн засаг даргын тамгын газраас жагсаал зохион байгуулахад холбогдох бүх зөвшөөрлийг авсан.
• Цагдаагийн Ерөнхий газраас жагсаал зохион байгуулахад холбогдох зөвшөөрлийг авсан.
• Хүүхдүүд барьж зогсох баннер дарцгийг бүтээлч байдлаар бэлдүүлэх ажлыг оффис дээрээ зохион байгуулсан.
• Жагсаал зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжийг авчирсан.
• Жагсаалыг утга учиртай, хүчтэй болгох үүднээс БОАЖЯ, НҮБ-ын ногоон хөгжлийн газар, Улсын Их Хурлын Гишүүдийн төлөөллийг урьж оролцуулж, ярилцлага авч, орчин үеийн хүүхдүүд ямар мундаг болж байгаа талаар, ямар шинэлэг зүйл хийж байгаа талаар ярилцлага авч баталгаажуулсан.
• Жагсаалд идэвхтэй оролцсон олон хүүхдийг дагуулж өдрийн хоол зохион байгуулсан.
• Жагсаалд олон хүүхэд оролцуулах тал дээр анхаарч Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлуудтай уулзаж, танилцуулж, хүүхдүүдээ авч ирэн оролцохыг уриалсан ажил зохион байгуулсан.
• Бидний энэхүү ажлыг БОАЖЯ-ны Ногоон Паспорт төсөл магтан сайшааж мэдээлэл гаргасан байсан.
Энэ бүгдийг Г.А ашиглаад сургуульдаа өргөдлөө өгсөн бол ямар үр дүн өдийд -аргасан байхыг бид таашгүй байна. Зөвхөн оролцсон гэж биднээс тодорхойлох захиа авсан сурагч хүссэн сургуульдаа тэнцээд байгааг дуулгая.
7. АНУ-ын Нью Йорк хотод байрлах сургалтын байгууллагатай зуучилж өгсөн: Мөн бид Г.А SAT шалгалтын математик хэсэг дээр нэмэлт хичээл авмаар байгаа гэсэн хүсэлтийн дагуу АНУ-ын Нью Йорк хотод байрлах сургалтын байгууллагатай зуучилж өгсөн болно. Энэ байгууллагыг олох, холбож өгөх, Г.Агийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж мэдээлэл өгөх, цагийн зөрүүгээр багш нь тэдэнтэй утсаар ярих зэрэг нүднээс далд зохион байгуулалтын ажлууд ихээхэн явагддаг.
8. Хагас бүтэн сайнд нэмэлт цагаар чөлөөт байдлаар зөвлөж, дэмжлэг үзүүлж байсан: Г.Уын хүсэлтийн дагуу бид аль болох Эйми багшийг Г.Атай олон цагийг өнгөрүүлж, сурах чиглэлээ олох, сургуулиа сонгох, мөн АНУ-д очоод хэрхэн амжилттай суралцах, хэрхэн эрүүл саруул байдал болон сургалтын балансаа барих зэрэг маш олон практик зөвлөмжийг өгч байсан. Энэ үед Эйми багштай хүүхдээ уулзуулах, хагас бүтэн сайнд ч болов цаг гаргаад уулзуулахыг хүсэж байсан маш олон эцэг эхчүүд байсан боловч бид үнэхээр их сэтгэл гаргаж Г.Ад харамгүй цагаа зарцуулж байсан.
9. Орчлон сургууль дээр хүүхдүүдэд яриа хийж өгсөн: Мөн бид Г.Уын хүсэлтээр Г.Агийн сургууль болох Орчлон сургууль дээр очиж ахлах ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй яриа хийж, зөвлөгөө өгч, Эйми багш өөрийн бодит туршлагаа харамгүй хуваалцсан. Хүүхдүүд маш их талархан хүлээн авч олон хүүхэд Эйми багшаас сургалт авах хүсэлтээ илэрхийлж байсан. Бид ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн үзэж нэг ч хүүхэд ганцаарчлан аваагүй болно.
10. Сургуулиас чөлөө авсан нэг жил хийх үйл ажиллагааны төлөвлөгөө: Бид үйл ажиллагааг бүгдийг зохион байгуулж, бэлтгэж өгсөн боловч Г.А нэг жилийн чөлөө авч, заавал шилдэг арван сургуулийн нэгт орно хэмээн шийдвэрийг гаргасан болно. Бид тухайн шийдвэрийг хүндэтгэн үзэж чөлөөтэй байх нэг жилийн төлөвлөгөөг зөвхөн Г.Ад зориулан бэлдэж өгсөн. Хэдий тийм боловч Г.А тухайн төлөвлөгөөг огт хийгээгүй бөгөөд хэд хэдэн удаа би өөрөө биечлэн уулзаж, асууж, тодруулсан боловч гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад МУИС-д нэг жил сурахаар болсон гэдгээ хэлснээс хойш би дахин төлөвлөгөөний талаар дурдаж, дахин сайжруулалт хийгээгүй болно. Учир нь өөр сургуулийн хажуугаар төлөвлөгөөний дагуу бүх үйл ажиллагааг хийх боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон юм.
11. Лхамур компанид зуучилж дадлага хийлгэж өгсөн тухай: Г.А органик гоо сайхан, бүтээгдэхүүн сайжруулалт хийх чиглэлээр мэргэжлээ сонгох магадлалтай гэж үзэж байсан тул бид Г.Аг Монголдоо болон бусад улс оронд бүтээгдэхүүнээ экспортлон гаргаж байгаа гэдэг утгаар нь Лхамур ХХК-д ажиллахыг санал болгож, миний бие өөрөө биечлэн зуучилж өгсөн байдаг. Энэ нь цаашдаа сургуульд ороход нь хэрэг болно гэдгийг бодолцож бүхий л боломжоороо бид дэмжиж байсны илрэл.
12. Дүү нь хөнгөлөлттэй үнээр Англи хэлний дамжаанд суусан: Мөн үүнээс гадна Г.Агийн дүү Г.Эрдэнэзаяа манайхтай гэрээгээр хамтран ажилладаг М.Мандухай багшаас хөнгөлөлттэй үнээр Англи хэлний хичээл авч Г.Эрдэнэзаяад 5 сарын тусгайлсан хөтөлбөр гаргуулсан. Бидний сургалтад сэтгэл хангалуун бус байсан бол бидэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахгүй байсан болов уу.
13. Хүүхдийн өөрийн идэвх оролцооны талаар: Г.А сургалтад сууж байх үедээ эрүүл мэндийн хувьд сулбагар байсан. Хэд хэдэн удаа бие нь сул мөн зүрх нь өвдсөн гэх шалтгаанаар хичээлдээ ирээгүй болно. Бид Г.Аптанзаяаг ядарч байгаа болов уу хэмээх чанартай хоол болон өөрийнх нь дуртай кофе цайтай угтдаг байсан. Мөн хичээл дээр байнга утсаа хараад байгаа талаар, утаснаасаа хамааралтай болсон байгаа талаар түүний ээж Г.Уд хэд хэдэн удаа хэлж анхааруулж байсан. Тухайн үед Г.У миний үгийг сонсохгүй байгаа, харин та сайн хэлээд өгөөрэй гэсэн хүсэлтийг хэлж байсны дагуу бид Г.Аг утсан дээрх Facebook, Instagram зэрэг цаг их авдаг аппликейшнээ устгахыг санал болгож байсан. Шилдэг сургуульд орно гэж хэлээд байгаа боловч хангалттай зүтгэл гаргахгүй байгаа нь бүгдэд илт байсан. Гэвч бид итгэл зүтгэл гарган гэрээний дагуу болон нэмэлтээр холбогдох бүхий л арга хэмжээг авч байсан болно.
14. Санхүүгийн мэдээлэл: Г.Уын нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь ямар ч үндэслэлгүй гэдгийг бид дээрхи тайлбар дээр тулгуурлан доорх хүснэгтээр илэрхийлж байна.
1. SAT шалгалт 2,673,000 төгрөг
2. TOEFL шалгалт 2,673,000 төгрөг
3. Коллежийн эсээ бичих 2,673,000 төгрөг
4. Шүүмжит сэтгэлгээгээр бичиж сурах 1,202,850 төгрөг
5. Коллежийн аппликешн процесс (Сургууль сонголт, гадны холбогдох сургалтын байгууллагатай холбох, нийгмийн ажлыг зохион байгуулж өгөх, нэмэлт шаардлагатай мэдээллээр хангах, VIР Үйлчилгээ - Өөр хоёрдогч сурагч байхгүй, өдрийн чанартай хоол хүнс, хагас бүтэн сайнд уулзалт зөвлөгөө өгөх, зөвхөн Г.Атай тулж ажиллаж) 17,508,150 төгрөг
Нэмэлтээр хийсэн үйлчилгээ:
Дээрх үндэслэлийн дагуу бид иргэн Г.Уын гаргасан өргөдлийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Г.У над руу 2021 оны 2-р сард утсаар холбогдож Г.Агийн аав нь охиноо АНУ биш харин Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулж сургахаар шийдсэн тухайгаа хэлж гэнэт мөнгө нэхэмжилж эхэлсэн нь маш хачирхалтай санагдаж байна. Хэрэв Г.У үнэхээр бидний өгсөн үйлчилгээнд сэтгэл дундуур байсан бол 2020 оны эхний улиралд энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу гомдол гаргах бүрэн эрхтэй байсан. Хэдий тийм боловч энэ хооронд огтоос гомдол гаргаагүй бөгөөд охиноо өөр улс руу явуулж сургах шийдвэрийг ааваас нь сонсмогцоо бидэнтэй дэмий гэрээ байгуулсан байна гэж бодон гомдол гаргасан нь харамсалтай байна. Учир нь бид оногдсон хугацаандаа хамгийн боломжтой хурдтайгаар бүх үйлчилгээгээ чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэсэн болно.
Эцсийн дүндээ бид нүдэнд харагдах байшин барилга бариагүй бөгөөд хүний оюун санаанд байшин барих ажил хийдэг болно. Мөн манай байгууллагыг энгийн нэг цагийн сургалт явуулдаг жижигхэн байгууллага мэт ойлголт өгч гомдол гаргаж байгаа явдал нь шударга бус байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ГҮБ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэг талаас ГҮБ ХХК, нөгөө талаас Г.А түүнийг төлөөлж Г.У нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 01/2019 тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Уг гэрээнд нэг талаас захиалагч тал болох Г.А түүнийг төлөөлж Г.У нөгөө талаас Зөвлөх үйлчилгээг хариуцан явуулахаар ГҮБ ХХК хэмээн гэрээний талуудыг тодорхойлон гэрээний зорилгыг гэрээний 1.1-т “Энэхүү гэрээний зорилго нь Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч тал Захиалагчийн хүсэлтийн дагуу хавсралт 1-д нэр дурдагдсан хөтөлбөр, сэдвийн дагуу хавсралт 2-д заасан багшаар гэрээнд заасан хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэх, гарч болох аливаа зөрчил дутагдлыг арилгах, Захиалагч үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан журмаар төлөхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино" хэмээн тодорхойлсон.
Бид гэрээний үүргээ буюу суралцагч Г.Ад мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэх үүргээ маш богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн.
Мөн түүнд хэрхэн манлайлах, шүүн тунгаах сэтгэлгээгээр эсээ бичих, англи хэлний TOEFL, SAT шалгалтад өндөр оноо авах стратеги, АНУ-д очоод хэрхэн амжилттай суралцах, хэрхэн эрүүл саруул байдал болон сургалтын балансаа барих зэрэг маш олон практик зөвлөмжийг өгөхийн сацуу чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх, Англи хэлний VIP сургалтыг чанартай олгох зэрэг маш олон зүйлийг зааж, зөвлөсөн бөгөөд хариу тайлбарт маш дэлгэрэнгүй дурдсан тул дахин дурдах нь илүүц буй за.
“ГҮБ ХХК-н гүйцэтгэсэн ажлын үр дүнд суралцагч Г.А нь TOEFL шалгалт дээрээ 88 оноо, SAT шалгалт дээрээ 1050 оноо авсан бөгөөд Алтанзаяа болон ГҮБ ХХК нарын хооронд байгуулсан гэрээ бүхэлдээ биелэгдэж ганцхан онлайнаар суралцагчийн сонгосон сургууль руу анкет бөглөж явуулах л үлдсэн байсан. Харин суралцагч нь өөрөө АНУ- д сурах бус БНСУ-руу суралцахыг илүүд үзсэн юм. Энэхүү суралцагчийн сонголтод ГҮБ ХХК-г буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.
ГҮБ ХХК нь гэрээгээр тохирсон үйл ажиллагаанаас гадна түүнд нэмэлтээр Нэг жилийн чөлөөтэй байх үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Ажлын зуучлал (Лхамур ХХК), Орчлон сургууль дээд очиж хийсэн яриа зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.
Дээрх ажлын үнэлгээний хувьд жилийн чөлөөтэй байх үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө 5 000 000 төгрөг, ажлын байранд зуучлахад 1 000 000 төгрөг, Орчлон сургууль дээр очиж ярилцлага хийх ажлын зардал 2 000 000 төгрөг болно. Иймд бид нэмэлтээр хийж гүйцэтгэсэн 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Уас гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ жилийн чөлөөтэй байх үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө 5 000 000 төгрөг, ажлын байранд зуучлахад 1 000 000 төгрөг, Орчлон сургууль дээр очиж ярилцлага хийх ажлын зардал 2 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг Г.Уас гаргуулж өгнө үү гэжээ.
Дээрх 8 000 000 төгрөгийг ямар учраас нэмэлт зардал хэмээн нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулж гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч ГҮБ ХХК-д холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2019 дугаартай “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 26 730 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ГҮБ ХХК-ийн Г.Уд холбогдуулан нэмэлт ажлын зардал 8 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Г.У нь ГҮБ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Зөвлөх үйлчилгээний гэрээ” нэртэй гэрээг бичгээр байгуулж, Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь захиалагчийн хүсэлтийн дагуу хавсралт 1-д нэр дурдагдсан хөтөлбөр, сэдвийн дагуу, хавсралт 2-д заасан багшаар гэрээнд заасан хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээг чанартай үзүүлэх, гарч болох авиваа зөрчил дутагдлыг арилгах, Захиалагч үйлчилгээний төлбөрийг төлөх, гэрээ нь 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд байх, хавсралт 1-д Судлах хичээл: 1. SAT, бичих унших, 2. TOEFL, унших, бичих, ярих, сонсох, 3. Коллежийн эссэ бичих, 4. Шүүмжит сэтгэлгээ, 5. Коллежид элсэх үйл явц гэж, хавсралт 2-д Эйми томассо лов багшийн танилцуулга зэргийн талаар тохиролцжээ. /хх-40-50х/
Тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад хамаарч байх бөгөөд талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч дээрхи гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.
Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.
“Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г нэг талаас захиалагч тал болох Г.А, түүнийг төлөөлж Г.У /цаашид Захиалагч тал гэх/ нөгөө талаас Зөвлөх үйлчилгээг хариуцан явуулах ГҮБ ХХК /цаашид Зөвлөх гэх/ нар ...байгуулсан байх бөгөөд гэрээний нэг талыг Г.А гэж үзэх боломжгүй, харин Г.У нь охин Г.Ад зориулсан үйлчилгээ авах зорилгоор хүсэл зоригоо илэрхийлэн үйлчилгээний талаар тохиролцож ГҮБ ХХК-тай гэрээ байгуулсан байна.
Гэрээ байгуулсан субъектүүд болох Г.У, ГҮБ ХХК нарын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Харин хэлцлийн агуулгын хувьд хууль зөрчиж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.
Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.
Хариуцагч ГҮБ ХХК-ийн захирал Б.Даваасүрэн нь “Зөвлөх үйлчилгээний хүрээнд бид гэрээнд дурдсан сургалт болох SAT шалгалтад бэлтгэх, TOEFL шалгалтад бэлтгэх, Коллежед орох эсээ (өөрийн сургуульд орохыг хүссэн өргөдөл) бичих, Шүүмжит сэтгэлгээгээр бичих чадварт суралцах, Коллежийн аппликешн процесс хийх ажлуудад зөвлөгөө үзүүлэхээр тохиролцсон” гэж тайлбарлаж байх бөгөөд уг гэрээг англи хэлний боловсрол олгох зорилготой сургалтын гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч тал нь хариуцагчийг мэргэжлийн боловсрол олгох, сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг баримтаар нотлоогүй тул хариуцагч ГҮБ ХХК-ийг Боловсролын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрхи үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Иймд нэхэмжлэгч Г.Уын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2019 дугаартай “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 26 730 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч ГҮБ ХХК-ийн захирал Б.Даваасүрэн нь “Нэг жилийн чөлөөтэй байх үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Ажлын зуучлал (Лхамур ХХК), Орчлон сургууль дээд очиж яриа хийх” зэрэг үйлчилгээг үзүүлэхдээ ажлын хөлс авахаар нэхэмжлэгч Г.Утай тохиролцоогүй, гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал нь уг ажлыг үндсэн ажлын хүрээнд зайлшгүй хийх шаардлагатай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-д заасны дагуу Г.Уд хөлс төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч ГҮБ ХХК-иас нэг жилийн чөлөөтэй байх үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад 5 000 000 төгрөг, ажлын байранд зуучлахад 1 000 000 төгрөг, Орчлон сургууль дээр очиж ярилцлага хийхэд 2 000 000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрхи үндэслэлээр ГҮБ ХХК-ийн нэхэмжлэгч Г.Уас нэмэлт ажлын зардал 8 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Уын ГҮБ ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2019 дугаартай “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 26 730 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн хариуцагч ГҮБ ХХК-ийн нэхэмжлэгч Г.Уас нэмэлт ажлын зардал 8 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 675 төгрөгийг, ГҮБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА