Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Э.Уянга,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

хохирогч Д.Бийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Б.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б О.Эт холбогдох эрүүгийн 2334004340494 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 10 дугаар сарын 15-нд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Б О.Э.     

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч О.Э:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н:

...2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хохирогч н.Буянхишиг ямар байдалтай байна вэ гэвэл бие нь маш муудаж байна. Сүүлийн 20 хоног биеийн байдал маш муудаж байгаа. Шүүгдэгчийн зүгээс би хохирол төлсөн байхад та нар яах юм бэ гэдэг байдалтай байгаад байна. Нэг гэр бүлийг ийм байдал оруулчхаад өнөөдрийг хүртэл н.Буянхишигээс очиж уучлалт гуйгаагүй. Бидэнд хандаж байгаа хандлагыг харахад та үнэхээр муу хүн юм. Бид гэр бүлээрээ шоконд орчихсон. Маш хүнд байдалтай эгч маань үхэж байна. Баярсайхан эмчтэй уулзахад хөлөнд нь мэдээ орно гэж хэлдэг. Халуун усанд маш их дэвтээснээс болж арьс нь хууларч, бие дээгүүр нь юм туураад эхэлсэн. Мөн бөөсдөж эхэлсэн. Дүү нар нь эгчдээ санаа зовоод хаашаа ч явж чадахгүй байна. Бид нар хэвийн амьдралаа бүтэн алдаж байна. Яагаад гэвэл эгч үхэж байгаа учраас. Байцаагч гэмтлийн зэрэг тогтоох гэж байгаа учраас та нар цаанаа сууж бай гээд охиныг хажуудаа суулгаад асуухад охин бүх зүйлийг ярьж өгсөн. өмгөөлөгч Р.Мөнхбаясгаланг би маш муу өмгөөлөгч гэж харж байна. Өөрийнхөө үйлүүлэгчид хуулийг зөвөөр ойлгуулж, хүнээ дагуулаад хоёулаа хохирогчтой очиж уулзъя гэх байтал хуулийг буруугаар тайлбарлаж, үйлчлүүлэгчээ өөхшүүлдэг. Би өмгөөлөгчдийн холбоонд таны талаар гомдол гарна. Өдий хүртэл хугацаанд хүнээ дагуулж очоод хохирогчтой уулзаагүй нь өмгөөлөгчийн буруу гэж үзэж байгаа. Миний эгчийг хоёр хөлөнд эмчилгээ хийлгэж сайжруулахын тулд энэ хэргийг шударгаар шийдэж өгнө гэдэгт итгэж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2334004340494 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч О.Эын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 32-03 УНЕ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 55 дахь км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зорчиж 27-67 УНИ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл, 05-98 УНТ улсын дугаартай Totoya Prius-30 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 27-67 УНИ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-20 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 480 дугаартай... “Б.Т биед зүүн өвдөгт зулгаралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”... гэх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 518 дугаартай... “Э.Эийн биед баруун шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь эмнэлгийн анхан шатны тусламж авч оёдол тавиулсан байгаа тул шархны шинж байдлыг тодорхойлох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 515 дугаартай... “1.Индрагийн биед гэмтэл тогтоогдсонгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар/,

шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 516 дугаартай ... “1.Ц.Бэрүүл мэндэд гэмтэл тогтогдсонгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 517 дугаартай... “Д.Бийн биед зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 10 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал, зүүн 8, 9 дүгээр хавиргануудын зөрөө багатай хугарал, зүүн 6-р хавирганы хугарлын түвшинд уушгины хатгагдсан шарх, цээжний хөндий дэх шингэн хуримтлал / цээжний хөндийд 800 мл орчим цусархаг плеврийн шингэн/, дэлүүний их биеийн баруун хэсэг үүдэвч дайрсан урагдал, нойр булчирхайн сүүл хэсгийн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт /хэвлийн хөндий дэх 600 мл шингэн цус/, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн 2, 3, 4, 5, 6, 7, 10 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10.-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, цээжний хөндий дэх шингэн хуримтлал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11.-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, дэлүүний их биеийн баруун хэсэг үүдэвч дайрсан урагдал, нойр булчирхайн сүүл хэсгийн урагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12.-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР" зэрэгт тус тус хамаарна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална”... гэх дүгнэлт /хх-ийн 75-78 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай... “2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ №517 дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдээс гадна нэмэлт шинжилгээгээр давсагны урд хананы урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдөр мэс заслын эмчилгээ хийгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12.-д "ХҮНД" зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална”... гэх дүгнэлт /хх-ийн 80-84 дүгээр хуудас/,

сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 86 дугаар хуудас/,

Мёнжи /Солонгос эмнэлгийн хариу/ /хх-ийн 144-164 дүгээр хуудас/,

Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэрээх үеийн хяналтын хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын тэмдэглэл, компьютер томографийн шинжилгээ, хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо, рентгэн зураг, эмч нарын хамтарсан зөвлөгөөний тэмдэглэл, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /2-р хх-ийн 1-52 дугаар хуудас/,

“Хос стандарт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 4402 дугаартай... “Toyota Alphard” маркийн 2767 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд зардал 11.175.000 төгрөг, шууд бус зардал 4.050.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон 15.295.000 төгрөг”... гэх тайлан /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

“Хос стандарт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 4397 дугаартай... “Toyota Alphard” маркийн 3102 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд зардал 10.025.000 төгрөг, шууд бус зардал 1.650.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 12.975.000 төгрөг”... гэх тайлан /хх-ийн 101-106 дугаар хуудас/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18927 дугаартай... “Toyota prius 30 маркийн 0598 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд зардал 8.157.000 төгрөг, шууд бус зардал 1.584.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон нийт үнэлгээ 13.316.000 төгрөг”... гэх тайлан /хх-ийн 110-114 дүгээр хуудас/,

“Лэндс” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн... “Хохирогч Д.Бийн Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэж, эдгэрэх боломжтой хүртэл буюу хэвийн байдалд орох хүртэлх эмчилгээний бүх зардлын үнэлгээг нарийвчлан гаргаж өгнө үү? гэсэн боловч бүх зардлыг одоогоор гаргах боломжгүй. Харин одоогоор гаргаж болох эхний зардлууд болох анхан шатны шинжилгээ, үзлэг зэрэг зардлууд нийт 159.523.000 төгрөг гэж дүгнэж байна. Өвчний биеийн байдлаас шалтгаалаад эмчилгээний байдал болон эмчилгээний зардал өөрчлөгдөх боломжтойг мэдэгдэж байна”... гэх тайлан /хх-ийн 135-140 дүгээр хуудас/,

“Лэндс” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн... “Төв аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэ сумын цагдаагийн тасгийн 2334004340494 хэргийн мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчид тавьсан асуулт болох 27-67 УНИ улсын дугаартай "Тоёота Альфард" маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг 31,473,300.00 төгрөг гэж дүгнэж байна.”... гэх дүгнэлт /хх-ийн 169-174 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/88 дугаартай... “Toyota Alphard маркийн 32-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Э нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байна. Toyota Alphard маркийн 27-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Индра нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь шинжээчдэд ирүүлсэн. Тоёота Приус-30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тамир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь шинжээчдэд ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. Тоёота Приус-30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай автомашины жолооч Б.Тамир нь Тoyota Alphard маркийн 32-03 УНЕ улсын дугаартай автомашинтай мөргөлдөхгүйгээр зогсоох арга хэмжээ авах хангалттай хугацаа байхгүй байсан гэж үзэж байна. Toyota Alphard маркийн 32-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Э нь эхний автомашинтай мөргөлдсөнөөс болж автомашинд эвдрэл, гэмтэл учирсан, хүчтэй мөргөлдөлтийн улмаас жолооч нь хэвийн жолоодлого хийх боломжгүй болсон байх магадлалтай тул дараагийн тээврийн хэрэгслийг мөргөхгүйгээр зогсоох боломжгүй байсан гэж үзэж байна. Зам тээврийн ослын дараах автомашинуудын байрлалаас харахад "А" болон "2" дугаартай цэгүүд үндэслэлтэй авагдсан гэж үзэж байна. Шинжээчдэд ирүүлсэн материалаас үзэхэд тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. Уг хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно”... гэх дүгнэлт /хх-ийн 184-186 дугаар хуудас/,

хохирогч Д.Бийн ...Би тухайн өдөр нөхөр Баатарцогт хүү Индра охины хүүхэд болох Энэрэлийн хамтаар Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт байх Саамны амралтруу хүү Индра нь тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог өнгөрч явахад зам тээврийн осол болсон. Тухайн зам тээврийн яг юу болсныг санахгүй байсаар гэнэт эмнэлэгт юу болсноо санахгүй хаана юу хийж байгаагаа санахгүй эмнэлэгт 3 дахь хагалгаандаа орсон талаар мэдээд юу болсныг мэдсэн. Тэрнээс бол 3 дахь хагалгаанаас өмнө нь юу болсон ямар байдалтай байсныг сайн санахгүй мэдэхгүй байна би. Би тухайн үед суудлын бүс хэрэглэж явж байсан. Би тээврийн хэрэгслийн хойд талд сууж явсан болохоор би сайн хараагүй. Би эрүүл байхад зам тээврийн осолд орж одоогоор 4 удаагийн хагалгаанд орж байнгын асаргаатай байнгын хэвтэрт хөдөлж чадахгүй сэтгэл санааны хувьд надад үнэхээр хэцүү байна. Би тухайн зам тээврийн осол гаргасан жолоочид маш их гомдолтой байна. Байнгын өвчин намдаах эм хэрэглэж байнга боолт хийлгэж хөдлөх болгонд маш их өвдөлт мэдэрч хэцүү байна. Хөдөлж чадахгүй байнгын катетартай эмнэлэг рүү явж чадахгүй, уушги устаж маргааш эмнэлэг орж соруулна. Би тухайн тавдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Би байнгын өвчин намдаах эм хэрэглэж байнгын нойрны эм хэрэглэж унтаж байгаа... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн ...Би тухайн хохирогч гэх Дэмбэрэл овогтой Буянхишигийн төрсөн дүү байгаа юм. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох болсон учир нь Наранцэцэг миний бие 13 настайдаа бүтэн өнчин болж Д.Б нь намайг 18 нас хүртэлх хугацаанд миний асран хамгаалагч буюу төрсөн ээжээс өөрцгүй хүн юм. Миний эгч болох Буянхишиг маань намайг тухайн хэрэгт өөрийнхөн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах хүсэлтэй байгаа миний бие ч зам тээврийн осол болсон цагаас хойш байнгын хажууд нь байж асран хамгаалж байгаа учир хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эгч Буянхишиг нь зам тээврийн осол орсон цагаас хойш байнгын хажууд нь асарч байна. Осолд орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл Буянхишигийн нөхөр, хүүхэд, ар гэрийн зүгээс Эрдэнэ-Очир гэх хүний ар гэр лүү гомдол гаргаж ярьж байгаагүй ба Буянхишигийн хүү Индра нь ганцаараа холбогдож байсан. Хүү Индра нь Эрдэнэ-Очир гэх хүн лүү та залгана уу гэж мессеж бичиж утсаар харилцдаг байсан. Эцэст нь эгч болох Буянхишигийн биен байдал хагас үхлүүд байгаа гэж хэлсний учир нь идэж байгаа зүйлийнхээ амтыг мэдэхгүй, идэж, ууж байгаагаа мэдэхгүй, бие засаж байгаагаа мэдэхгүй, биен мөчдөө хөдөлгөж чадахгүй байгаа учир би эгч болох Буянхишигийг хагас үхлүүд гэж хэлж байгаа. Биед нь үүссэн 16 хугарал нь захын мэдрэлийн судаснуудыг тасалсан учир эгчийн мэдрэлийг эмч нар яваандаа сайжирна та нар итгэлтэй тэсвэртэй маш их цаг хугацаа орно гэж эмч нар бид нарт хэлж байна. 2 ах болон ар гэр үр хүүхдүүд нь хичээж байгаа. Миний эгч 70 нас хүрж байгаа Монгол хүний наслалтад 70 нас нь өндөр насанд ордог учир ийм хүнд гэмтэл дэндүү ахадсан гэмтлүүд байна гэж мэргэжлийн эмч нар нь хэлж байна. Миний эгчийн улсад олон жил зүтгэсэн нийгмийн аюулаас хамгаалах яамны ахмад комиссаруудын үр хүүхдүүдийн хичээнгүй зүтгэлээр монголын болон гадаадын эмч нарын зүтгэлээр эмчийгээ амьд үлдээж чадлаа. Гэвч одоог хүртэл эгчийн минь хоёр хөл мэдээгүй биен зүүн тал нь бүрэн мэдээгүй байсаар байна. Маш олон сар хэвтрийн хөдөлгөөнгүй байснаас болж эгчийн минь хоёр хонго 4 см цоорч яс нь матрассанд идэгдэж цус нь доош матрассанд нэвтэрсэн байна. Энэ гэмтэл нь маш хүнд гэмтэл эдгэрэлт маш удаан учир нь аарцагны баруун ёроол бүрэн тасарсан учир тийм амархан бороолохгүй. Хэрэв энэ нь бороолбол эгч маань хөлөө хөдөлгөж сууж чаддаг болно гэж эмч нар хэлсэн. Дөрөв гуравдугаар нугалмыг хадсан хадаас нь нугасны судастай маш ойрхон байгаа учир хөдөлгөж болохгүй хөдөлгөвөл нугас руу хадсан хадаас нь судсыг таслах учраас доод талд 1 жил хэвтэрт байлгах талаар эмч нар хэлсэн. Иймээс миний эгчийн эрүүл мэнд ийм хүнд байхад хэрэгтэн Эрдэнэ-Очир дүү Индрагийн утсыг авахгүй түүнээс хойш нэг цаг нэг өдөр нэг сар холбоо бариагүй учир энэ хүн нь итгэлгүй, хариуцлага, ёс журамгүй хуулийг оошоодоггүй, цаашид эгчийнхээ эмчлэхэд маш их төлбөр мөнгө шаардлагатай болж байгаа тул мөн яаралтай Солонгосын эмнэлэгт үзүүл гэсэн зөвлөгөөтэй байгаа тул иргэн О.Эын монгол улсад бүртгэлтэй эд хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийг битүүлжилж хөдөлгөөн хийх, зарах, шилжүүлэхийг таслан зогсоон хориглож битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү. Маш ихээр гомдолтой буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг эсрэг байр суурьтай байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 27 дугаар хуудас/,

хохирогч Б.С...Э.Э нь манай төрсөн охин бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос манай аав, ээж, төрсөн ах нарын хамтаар Багануур дүүрэг лүү тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орж миний охин Э.Э нь биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Дээрх тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй боловч ах болох Индрад зарж нэрийг нь Индраагийн нэрлүү шилжүүлээгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл нь Индраагийн эзэмшлийнх юмаа. Миний зүгээс охин Э.Эийн эмчилгээний зардалд гаргасан мөнгийг баримтаар гаргаж өгнө. Миний бие гомдолтой байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Г.Б...Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын 06-нд 27.700.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 11.700.000 төгрөгийг бэлнээр өгөөд Таван богд финанс ББСБ-ийн нэр дээр шилжүүлэн үлдэгдэл 16.000.000 төгрөгийн барьцаанд тээврийн хэрэгсэл маань байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг анх авах үед Монгол улсад улсын дугаар авч яваагүй гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан учир ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь үнэлгээгээр 13.316.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Би анх 05-98 УНТ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 27.700.000 төгрөгөөр авч одоо зам тээврийн осол орсны дараа тээврийн хэрэгслийг засуулахгүйгээр зарах гэсэн боловч 10.000.000 төгрөгөөр худалдаж авах талаар мэдсэн. Одоогоор тээврийн хэрэгслийн үнэлгээ болон одоо тээврийн хэрэгслийг засахгүйгээр зарах мөнгөн дүнгүүд нийлээд анх авч байсан үнээс 4.384.000 төгрөгийн зөрүү гарч байгаа учир тухайн зам тээврийн буруутай жолоочоос зөрүү гарч байгаа мөнгөн дүнг гаргуулан авах хүсэлтэй байна. Би тээврийн хэрэгсэл маань зам тээврийн осолд орохоос өмнө хувиараа такси үйлчилгээнд явж амьдрал ахуйгаа залгуулдаг ба 08 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл эрхэлсэн ажилгүй олсон орлогогүй байгаа ба санхүү болон бие сэтгэл санааны хохиролтой байна. Миний бие нэг өдөрт такси үйлчилгээнд явахдаа багадаа 70.000 төгрөгөөс дээш орлоготой байсан учир энэ хугацаанд гарсан санхүү болон сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.С...27-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний манай ах Б.Индра нь аав, ээж, манай охины хамтаар Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь үнэлгээгээр 15.295.000 төгрөгний хохирлын үнэлгээ гарсан. Би анх 27-67 УНИ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийн 15.295.000 төгрөгөөр үнэлгээ гарсан тухайн мөнгөн дүнг нэхэмжилж байна. Одоогоор дээрх зүйлүүдийг нэхэмжилж байна... /хх-ийн 37 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.Э...Д.Б нь эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хөнгөлттэй үнээр эмнэлгийн үйлчилгээ авсан байна. Д.Б нь манай эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд орж 3.000.000 төгрөг, мөн газарт 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэс засалд орж 3.002.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд үзүүлж 48.000 төгрөг, мөн газарт 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үзүүлэн 48.000 төгрөг нийт 6.098.000 төгрөгийн эмчилгээ эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй гаргуулж авсан байна. Тус эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр нийт 6.098.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би дээрх эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр нийт 6.098.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би шүүх хуралд оролцохгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 41 дүгээр хуудас/,

гэрч Б.И...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн саамны сувилалын газарт аав, ээж, дүүгийн хүүхдийн хамтаар хүргэж өгөх гээд 12 цагийн орчим гарцгаасан. Тэгээд тухайн газарлуугаа явах замд буюу Цонжинболдог өнгөрч явахад гэнэт эсрэг урсгалаас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл орж ирэн миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн хэсгийг мөргөх үед тээврийн хэрэгсэл онхолдсон дараа тээврийн хэрэгсэл доош харсан байдалтай тээврийн хэрэгслээс бензин үнэртэж байхаар нь суудлын бүсээ тайлах гэсэн боловч тайлагдахгүй ноцолдож байгаад тайлаад тээврийн хэрэгслээс гарахад тээврийн хэрэгслийн гадна хамт явж байсан дүүгийн хүүхэд, аав, ээжийг дуудаад байж байсан. Тэгээд аав болох Баатарцогт нь тээврийн хэрэгслийн хагарсан цонхоор орон ээжийгээ хайх үед байхгүй болохоор буцаж гарч ирэхэд хамт явсан дүүгийн хүүхэд эмээ энд байна гэхээр нь харсан чинь тээврийн хэрэгсэл онхолдох үед шидэгдээд хажуу талаараа асфальтан замын хойд талын шуудуй хэсэгт хажуу талаараа харсан хэвтэж байсан. Тэгтэл нэг залуу ирээд бие нь гайгүй юу гэж асуухад чи хэн бэ гэхэд би таны хойноос явж байсан тээврийн хэрэгслийн жолооч байна. Эхэлж таныг мөргөчихөөд дараа нь намайг мөргөсөн гэхээр нь цагдаа түргэн дуудаачээ гэж хэлэхэд  нэг залуу ирээд гайгүй юу гэхээр нь чи хэн бэ гэхэд би мөргөсөн машины жолооч байна гэхээр нь би яаж яваад байгаа юм бэ яагаад урсгал сөрсөн юм гэхэд би хөгжмөө оролдож байгаад урсгал сөрөөд мөргөчихлөө уучлаарай гэж байсан. Тэгээд ээжийгээ харж эмнэлэг ирээд түргэний машинтай хамт явж байсан хүмүүсийн хамтаар хөдлөх гэж байхад 2 цагдаа ирэхээр юу болсон талаараа хэлээд эмнэлэг явсан. Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ба дунд талын суудлын зүүн талд Буянхишиг хойд талын суудалд аав Баатарцогт дүүгийн хүүхэд Энэрэл явж байсан. Би тухайн үед 50-55 км хурдтай явж байсан. Би суудлын бүс зүүсэн. Харин зорчигч нар нь зүүсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай дүү болох Сүндэръяа нэр дээр байдаг боловч би тухайн худалдан авсан өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй ба дээрх тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Осол болох үед үзэгдэх орчин нөлөөлөөгүй ээ. Зам тээврийн осолд орсондоо маш их гомдолтой байна... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

гэрч Ц.Б...Би тухайн өдөр эхнэр Буянхишиг, хүү Индра охины хүүхэд болох Энэрэл нарын хамтаар Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт байх Саамны амралтруу хүү Индрагаар тээврийн хэрэгсэл жолоодуулан хүргүүлэхээр явж байсан. Тэгээд Цонжин болдог өнгөрч явж байхад гэнэт тээврийн хэрэгсэл онхолдож би ухаангүй болоод гэнэт сэрэх үед тээврийн хэрэгсэл онхолдож доош харсан байдалтай би тээврийн хэрэгсэл дотор дээш харсан байдалтай нүүрэн дээр шингэн зүйл дусах үед гэнэт сэрээд хажууд сууж явсан охин Энэрэл байхгүй болохоор нь хайтал тээврийн хэрэгслийн гадна эмээгээ дуудаад зогсож байсан. Тэгээд би тээврийн хэрэгслээс мөлхөж гараад эхнэр болох Буянхишигийг хаана байгааг хайтал зорчиж явсан тээврийн хэрэгслээс 8 метр орчим зайд замын хойд талд шороон дээр хажуу талаараа харчихсан хэвтэж байхаар нь эмнэлэг ирэх хүртэл Буянхишигийн хажууд байсаар түргэний тэрэг ирээд Налайхын эмнэлэг рүү явцгаасан. Тээврийн хэрэгсэлд анх сууж хөдлөх үед буюу зүүсэн байсан. Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийн хойд талын сандал дээр Энэрэлийн хамтаар суудлын бүстэй явж байсан. Харин дунд талын суудалд сууж явсан Буянхишиг бүстэй явсан үгүйг сайн мэдэхгүй байна. Индра бол бүстэй явж байсан. Миний бодлоор их л удаан явж байсан хугацаагаар 50 км орчим явж байсан. Хэрэглээгүй байсан. Би тухайн зам тээврийн ослыг яг сайн хараагүй... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

гэрч О.Эын... “Би 2023 оны 08 дугаар сарын 01-ны өглөө Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү хүү Э.Ган-Эрдэнийг авахаар өөрийн Т.Альфарт маркийн 32-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа яваад Багануур дүүрэг орсон. Буцаад 12 цагийн үед Багануур дүүргээс Улаанбаатар хот орохоор хүү Э.Г хамтаар явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд Цонжин болдогын орчин явж байхад машины хөгжим гацаад тооч нь ажиллахгүй байхаар нь хөгжмөө оролдоод явж байгаад анхаарал сарниад эсрэг урсгалд ороод өөдөөс ирж явсан Т.Альфарт болон Т.Приус- 30 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж онхолдуулан зам тээврийн осол гаргасан. Тухайн үед эхний Альфарт маркийн машиныг мөргөөд цааш нь юу болсныг нь санахгүй машин зогссоны дараа машинаасаа буугаад хүүгээ эхлээд буулгасан. Тэгээд нөгөө 2 машин руу очиход Альфарт маркийн машинд сууж явсан нэг эгчийн бие маш муу байсан тэгээд би 103 руу залгаад эмнэлэг цагдаад 2-т мэдэгдсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид 2 эмнэлэгт үзүүлнэ. 70-80км цагийн хурдтай явж байсан. Миний өөрийн буруутай үйлдлээс болсон. Би хөгжим оролдож анхаарлаа сарниулж байгаад ийм асуудал болсон. 2023 оны 3 дугаар сард 30,000,000 төгрөгөөр би худалдаж авсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

гэрч Б.Т... “Би Улаанбаатар хот Хан уул дүүрэг 4 дүгээр хороо М-2 06 тоот ээж Г.Үүрийнтуяа дүү Ү.Билгүүн нарын хамтаар оршин суудаг. 2023 оны 08 дугаар сарын 01 өдөр 11 цагийн орчимд Сүхбаатар аймагт очиж шорлог хийж зарах Улаанбаатар хотоос өөрийн Нагац ах болох Г.Бэзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай Цагаан өнгийн авто машин жолоодон ганцаараа гарч явсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох Чонжинболдог хөшөө өнгөрч доош уруудан 60 км/цаг хурдтай явж байх үед миний урд явж байсан. Цагаан өнгийн Тоёота Алпард маркийн 27-68 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгал буюу өөдөөс нь ирж явсан болох мөн цагаан өнгийн Тоёота Алпард маркийн 32-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт урсгал сөрж тухайн тээврийн хэрэгслийн хажуу талаас нь мөргөж унгаж (хоёр тийш гуйвганаж) миний унаж (жолоодон) явсан болох Тоёота Приус-30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд дугуй хэсэгт мөргөж чигээрээ цааш явсан тэр үед миний машин замаас гарч зогссон. Миний ээжийн дүү болох Г.Бат-Эрдэний машин байгаа юм. 2023 оны 5 дугаар сад худалдан авч байсан. “Таван богд Пинанс” Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Миний толгой эргэж цээж хэсгээр хатгуулж өвдөж байна. Мөн миний унаж явсан машин дотор Попгорни машин /чихэр хийдэг тоног төхөөрөмж/ ачиж явсан тэр зүйл минь хагарч эвдэрсэн. Мөн энэ зам тээврийн ослын улмаас би Сүхбаатар аймагт очиж шорлог хийж зарах боломжгүй болсон тул миний ачиж явсан болох хүний ногоо болон амтлагч, соус гэх зэрэг зүйлсийг би ашиглах боломжгүй болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Э.Г... “Би тухайн өдөр аав Эрдэнэ-Очирын хамтаар Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд 12:46 цагт хөдөлж явж байгаад би Эрдэнэ сум орохоос өмнөхөн нойр хүрээд байхаар нь унтаад явж байтал гэнэт түс тас хийх чимээ гараад сэрээд харахад машинууд хоорондоо мөргөлдсөн байсан. Тэгээд машинаас буугаад засмал замын хажууд зогсож байтал удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл аав бид хоёр явж байсан. Өөр хүн байгаагүй. Би тухайн үед унтаж байхад гэнэт түс тас хийх чимээ гараад босоод харахад машинууд хороондоо мөргөлдсөн байсан. Бид хоёр хоёулаа суудлын бүс бүсэлсэн байсан. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан аав архи уугаагүй. Би тухайн үед судлын бүс зүүж явж байсан болохоор хэвлий хэсэгт бага зэргийн зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... /хх-ийн 56 дугаар хуудас/,

 яллагдагч О.Эын... Өмнө нь ярьсан зүйл дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Зам тээврийн осол гарснаас хойш 27-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогчид 27,500,000 төгрөгийг өгч тээврийн хэрэгсэлд нь 30,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Харин 05-98 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид 4,000,000 төгрөг, жолоодож явсан Тамирт 140,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Зам тээврийн ослын тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлүүдийн үнэлгээг гаргуулах зардлыг бүгдийн би гаргасан. Цаашид гарах эмчилгээний зардлыг өөрийн боломжийн хэмжээгээр барагдуулах болно. Хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна... /хх-ийн 205 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Э.Уянга:

...Шүүгдэгч О.Э нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 32-03 УНЕ улсын дугаартай Тоёота алфард маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын өгөөмөр 1-р багийн нутагт Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн зам дээр Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчиж 27-67 УНЕ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэл, Тоёота приус30 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөсний улмаас зам тээврийн осол гарч 27-67 УНЕ улсын дугаартай Тоёота альфарт маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан н.Буянхишигийн эрүүл мэндэд хүнд хохирол, насан хүрээгүй хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч О.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”  гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч н.Буянхишигт 30 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэд 14.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.С30.000.000 төгрөг тус тус төлж барагдуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас н.Буянхишигийн эмчилгээний зардал 6.098.000 төгрөг төлөгдсөн. Үүнийг шүүгдэгч О.Эоос гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох саналтай байна. Хохирогч Э.Эийн эмчилгээний зардал 6.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь ирээдүйд бий болох зардал тул нотлох баримтын шаардлагыг хангуулж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч Б.Сүндэрьяагийн ажилгүй байсан хугацааны цалин нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 9.159.242 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Б.Солгох нь зүйтэй байна. Б.Изүгээс асаргааны зардалд 4.180.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг хохирогч талаас нэхэмжлэхдээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 1, 2, 3 дугаар сарын асаргааны зардал нэхэмжилсэн. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т “эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа.” гэж заасны дагуу 4.180.000 төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна. Хохирогч Э.Эийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3-р зэрэглэлээр тогтоож талууд харилцан хүлээн зөвшөөрсөн. 3-р зэрэглэлийг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 10 хувь буюу 5.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эд олгох, хохирогч н.Буянхишигийн сэтгэцэд учирсан хор уршгийг 5-р зэрэглэлээр тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч н.Буянхишигт олгох саналыг гаргаж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлыг боломжит байдлаар төлнө гэж мэдүүлж, гэм буруу дээрээ маргадаггүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр гаргасан н.Буянхишигийн цаашид гарах эмчилгээний зардал болох 159.523.000 төгрөгийг шүүгдэгч О.Эоос гаргуулж хохирогч н.Буянхишигт гаргуулах саналыг тус тус гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н:

...Эгчийн ходоодны талыг тайрсан, нойр булчирхайг нь тайрсан. Эгч маань хоолоо идэж чадахгүй байгаа. Австралиас хиймэл хоол захиж авчирч байгаа. Хиймэл хоолны мөнгийг бид нэхэмжлээгүй. Хоолоо идэж чадахгүй байгаа учраас ууж байгаа амин дэмээ биедээ шингээж чадахгүй байгаа. Хоолоо идэж чадахгүй байгаа учраас бие нь тэнхэрч чадахгүй байгаа. Сэтгэцэд учирсан хохирол 5-р зэрэглэлээр 55 000 000 төгрөг тогтоосон байна. Тэр нь бид нарт маш бага мөнгө юм. 12 дугаар сарын 22-оос хойш энэ хүний лавлагааг гаргаж өгсөн. Өгсөн мөнгөө бөөнөөр нь боддог. Сүндэрьяагийн машин Буянхишиг  эгчид огт хамаагүй. Сүүлд нэхэмжилсэн 14 000 000 төгрөгийг ерөөсөө төлөөгүй. Энэ хүн хэргээ хүлээж, ухамсартайгаар ойлгож, би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа байдал харагдахгүй байна. Маш их гомдолтой байна... гэсэн мэдүүлгийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн:

...Гэм буруугийн хувьд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй. Улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Э нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгч талаас хохирогч хамгаалалтын бүс зүүгээгүй гэж байна. Хууль сануулаад хохирогчоос мэдүүлэг авсан. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Шүүгдэгч бол үнэн зөв мэдүүлэг өгөх албагүй. Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт бүс зүүсэн, зүүгээгүй гэж хэлээгүй. “Мэдэхгүй” гэж хэлдэг. Бүс зүүсэн тохиолдолд ингэж унана, бүс зүүгээгүй бол ингэж унана гэж маш нарийн тогтоогдсон ойлголт байхгүй. Хохирогч бүс зүүгээгүйн улмаас ингэж бэртсэн гэдэг талаар хавтаст хэрэгт байхгүй. Одоо энийг ярих цаг нь биш. Анхнаасаа энэ талаараа гомдлоо гаргаад шалгуулах ёстой байсан. “Би хөгжим оролдож явснаас болоод ийм асуудал гарсан” гэж анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл өнөөдөр хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу, хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу ойлгомжгүй зүйл яриад байх юм. Хохирол төлбөрийн хувьд хохирогч н.Буянхишигийн эмчилгээний зардал болон түүний асарч сувилах хугацаанд Б.Сүндэрьяа, н.Индра нарын дутуу авсан цалинг нэхэмжилж байгаа. Энэ хүн ажилтай байсан бол энэ мөнгөнөөс илүү мөнгө олох боломжтой байсан. Шүүхийн шатанд 14 235 971 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Гэтэл шүүгдэгчийн зүгээс давхацсан баримт гэж маргадаг. Бид нарын зүгээс үүнээс илүү мөнгө зарцуулсан. Зарим газрууд нь баримт гардаггүй. Зах дээрээс хонины мах авсан. Хүн хонины шөл ууж байж биеэ тэнхрүүлдэг. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Гадаадад эмчлүүлэх зардлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар урьдчилгаа нэхэмжлэх боломжтой. Энэ их мөнгийг бид нар өөрсдөөсөө гаргах боломжгүй. Энэ нэхэмжилж байгаа мөнгө бол ирэх, очих, очоод зөвхөн оношлуулах зардал. Түүнээс цаашлаад эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулахыг бид мэдэхгүй. Энэ зардлыг улсын яллагчийн зүгээс гаргуулах саналыг гаргасан. Бидний зүгээс дэмжиж байна. Монголд яваагүй, уулзаагүй эмнэлэг байхгүй. Маш олон хагалгаанд орж эрхтнүүдээ тариулсны улмаас олон эрхтний доройтол явагдаж байгаа. Одоо амтлах мэдрэмж нь байхгүй болж байгаа. Насжилт хэдэн жилээр богиноссон. Хамгийн түрүүнд эмчилгээний зардлыг гаргуулаад яаралтай очиж оношлуулаад эмчилгээ хийлгэмээр байна. Хэрэв мөнгө нь илүү гарвал бид авчраад өгнө. Өмгөөлөгчийн зардлыг гаргуулах боломжтой. Талууд харилцан тохиролцоод үүнд маргаагүй. Монгол эмч нар хоёр өөр юм яриад ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй. Ийм учраас яаралтай хохирол төлбөрийг шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Бид нар бодитоор баримт гаргаж өгч нэхэмжлэхгүй бол шүүгдэгчийн зүгээс санаагаараа мөнгө өгдөггүй. Баримтаа өг л гэдэг. О.Э өндөр цалинтай. Сар болгон цалингаасаа мөнгө боломжтой өндөр цалинтай. Буянхишигийн эмчилгээний зардалд 276 278 971 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд эмчилгээний баримт болон Б.Сүндэрьяагийн цалингийн жагсаалттай баримт буюу 14 235 971 төгрөг, гадаадад эмчлүүлэх зардал буюу 159 523 000 төгрөг, Индрагийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ тооцоо нийт 4 180 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ хугацаанд асарч байсан нь үнэн гэсэн эмнэлгийн тодорхойлолт байгаа. Мөн ажил хөдөлмөр эрхлээгүй талаарх нийгмийн даатгалын лавлагаа хэрэгт авагдсан. Буянхишигийн сэтгэцэд учирсан хор уршгийг 5-р зэрэглэлээр тогтоосон. Бид нар хохирогчийг ямар байдалтай байгааг мэдэж байгаа. Сэтгэл санаагаар асар их хохирогч байгаа учраас 99%-р тогтоох нь зүйтэй. Улсын яллагчийн зүгээс 550 000 төгрөг буюу гэм хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтооно гэж байна. Үүнд Иргэний хууль буюу материаллаг хууль яригдана. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон хуулиар буюу 660 000 төгрөгийг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 98 340 000 төгрөгийг нэхэмжилж байна. Э.Эийн хувьд нүүрэндээ 6 оёдол тавиулсан. Үүнийг эмчилгээ хийлгэхийн тулд 6 000 000 төгрөг шаардлагатай. Үүнд дээр сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэглэл тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний буюу 15 173 400 төгрөг, нийт  21 173 400 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Хэн хэн нь бүрэн эдгэрээгүй байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр:

...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс түүний гэм буруу дээр маргахгүй байна. Хэргийн материал авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Хохирогч н.Буянхишигийн хувьд маш хүнд гэмтсэн. Энэ нь хэргийн материал авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Бид нар тэр хүний биеийн байдал, сэтгэл санааны байдал ямар байгаа талаар дүгнэлт хэлж чадахгүй. Сэтгэл санааны шаналал байнга үргэлжилж байгаа. Эмчийн бичгээс харахад маш хүнд хүнд эмчилгээ хийлгэж байсан нь харагдаж байгаа. Осол гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хэвийн хүн зүгээр болох боломжтой. Гэтэл энэ хүний биеийн байдал улмал муудаад байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэчхээд яагаад ганц удаа очиж уулзаад нөхцөл байдлыг өөрөө харж болоогүй юм бэ. Хэрэв өөрөө очоод харсан бол ингэж яриад зогсохгүй. Хохирол төлбөрийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 650 000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Хамгийн чухал зүйл бол эмчилгээний зардал. Бусад иргэний нэхэмжлэгч нарт төлсөн төлбөр н.Буянхишиг гэдэг хүнд хамааралгүй. Шүүгдэгчийн хувьд хүнд гэмтэл авсан хүндээ анхаарлаа хандуулах нь зүйтэй байх. Хүсэх юм бол ямар нэгэн хэмжээгээр төлөөд байх боломжтой. Зээлтэй гэж шалтаг хэлэхгүйгээр ингэж төлнө, ийм байна гээд ярилцвал өөр нөхцөл байдал үүснэ. Бүсээ зүүсэн, зүүгээгүй асуудал дээр маргаад хэрэггүй байх гэж бодож байна. Хохирогч өөрөө хууль сануулж үнэн зөв мэдүүлэг өгсөн. Солонгос эмнэлгийг хэн хэнийхээ боломжийг хараад сонгосон. Тэрнээс биш үүнээс сайн эмнэлэг олон байгаа. Ийм учраас тодорхой хэмжээний зардлыг нь гаргаад өгчихвөл энэ хүний амь насны асуудал яригдахгүй. Хохирлын хувьд өмгөөлөгч Ю.Нямсүрэнтэй байр суурь нэг байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 3 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан. Тухайн зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаас харахад тухайн хохирогч нь явган зорчигч юм уу, эсхүл тээврийн хэрэгслээр зорчиж байсан юм уу, О.Э хаанаас аль чиглэлд явж байсан, осол яаж гарсан бэ гэдгийг бодитойгоор тогтоож чадаагүй. Хэргийн газрын үзлэг дутуу хийж дүгнэлт гаргасан боловч О.Э нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас гэм буруу дээрээ маргахгүй гэсэн учраас техникийн шинжээчийн дүгнэлт дээр маргаагүй. Гэмт хэргийг үйлдсэн боловч хэргийн материалтай танилцахад хохирогч нь хаана сууж явсан, хаана байсан бэ гэдгийг хэргийн газрын үзлэгээр тогтоогоогүй. Хохирогч н.Буянхишигийн сэтгэцэд учирсан хохирлыг 5 дугаар зэрэглэлээр тогтоосон. Гэвч хөдөлмөрийн чадварыг 100 хувь алдсан байх ёстой. Мөн хохирогч Э.Эийн биед хөнгөн хохирол учирсан байхад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 хувь буюу хүнд гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Осол болсноос хойш О.Э нь хохирогч нарт нийт 57 500 000 төгрөгийг төлсөн. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өгсөн төлбөрийн баримтаас үзэхэд нийт 30 300 000 төгрөгийн хохирлоос зарим баримтууд нь өмгөөллийн зардал, цэцэг худалдаж авсан, идэж уух юм авсан баримтууд байдаг. Энэ баримтууд нь нийтдээ 5 000 000 төгрөг гаран төгрөг болж байгаа. Энэ хохирлын асуудлыг хасаж тооцож өгнө үү гэж хүсэж байна. Мөн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 14 087 071 төгрөгийн хохирлын тооцооноос 1 787 000 төгрөг нь хоол ундны зардал байгаа. Яллах дүгнэлтэд заасан хохирлыг О.Эын зүгээс бүрэн төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Бага насны хүүхдийн гоо сайхны хагалгааны зардал 6 000 000 төгрөгийн нэхэмжлэл нь зам тээврийн осолд гоо сайхны төлбөр гаргах боломжгүй. Тухайн гоо сайхны зардал нь санаатай гэмт хэрэг дээр нэхэмжлэгддэг. Зам тээврийн осол нь болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргаагүй. Харин хохирол төлбөрийн асуудал дээр маргаж байгаа. Хохирогч нарын хувьд Иргэний хуулийн 228 дугаар зүйл зааснаар гэм хороо арилгуулах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах эрхтэй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Хэдийн миний үйлчлүүлэгч буруутай байсан ч хохирогч нь бүсээ зүүж явсан бол хохирол нь багасах байсан гэж үзэж байгаа. Иргэний хуульд зааснаар хохирлын хэмжээнд хохирогчийн болгоомжгүй үйлдэл нь нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан гэм хорыг багасгаж болно гэж заасан байдаг. Иймд хуульд заасан үндэслэлээр хэргийн газрын үзлэгийг мөрдөгч бүрэн гүйцэд хийгээгүй. Хэргийн газрын үзлэгийг гүйцэд хийгээгүйн улмаас шинжээчийн дүгнэлт дутуу гараад хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлөх байх гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэсэн тайлбарыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Э:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг  нь ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл эсхүл бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсныг гэмт хэрэг тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон бол материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

 

Тодруулбал: шүүгдэгч О.Э тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”... гэснийг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч О.Э Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Эын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.С, Г.Бнарын эд хөрөнгөд хохирол тус тус учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бээс баримтаар 25.827.705 /хорин таван сая найман зуун хорин долоон мянга долоон зуун тав/ төгрөг, баримтгүй 4.455.600 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга зургаан зуу/ төгрөг нийт 30.283.305 /гучин сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун тав/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч О.Э нь 30.300.000 /гучин сая гурван зуун мянга/ төгрөг, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 6.098.000 /зургаан сая ерэн найман мянга/ төгрөг, нийт 36.398.000 /гучин зургаан сая гурван зуун ерэн найман мянга/ төгрөгийг,

 

мөн иргэний нэхэмжлэгч Б.Сэд хөрөнгөнд учирсан хохиролд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 31.473.300 /гучин нэгэн сая дөрвөн зуун далан гурван мянга/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар хоорондоо тээврийн хэрэгслийг худалдан авч өгөх талаар харилцан тохиролцож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Э иргэний нэхэмжлэгч Б.С30.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг авч өгсөн тул тээврийн хэрэгсэлд учирсан 31.473.300 төгрөгийг,

 

мөн иргэний нэхэмжлэгч Г.Б эд хөрөнгөнд учирсан хохиролд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 13.316.000 /арван гурван сая гурван зуун арван зургаан мянга/ төгрөг нэхэмжилснээс даатгалаас 10.000.000 /арван сая/ төгрөг, шүүгдэгч О.Эаас хоёр удаагийн төлөлтөөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, нийт 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг тус тус төлөгдсөн гэж үзлээ.

 

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Снар эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй бөгөөд шүүхийн шатанд 18 насанд хүрээд гоо сайхны хагалгаанд ороход зарцуулагдах 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг тус тус нэхэмжилсэн.

 

Шүүх насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Снарын нэхэмжилсэн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн эмчилгээний зардлыг ирээдүйд үүсэх эмчилгээтэй холбоотой зардал гэж үзсэн тул мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч О.Эоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Харин шүүхийн шатанд хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н нар баримтаар 14.235.971 /арван дөрвөн сая хоёр зуун гучин таван мянга есөн зуун далан нэг/ төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангаагүй 2.787.622 /хоёр сая долоон наян долоон мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 11.448.349 /арван нэгэн сая дөрвөн зуун дөчин найман мянга гурван зуун дөчин ес/ төгрөгөөс өмнө мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн өмгөөллийн хөлс болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй.” гэснийг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй боловч тухайн өмгөөлөгчийн хөлсийг шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирлын үлдэгдэл болох 11.448.349 /арван нэгэн сая дөрвөн зуун дөчин найман мянга гурван зуун дөчин ес/ төгрөгөөс хасаж, үлдэх 6.448.349 /зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга гурван зуун дөчин ес/ төгрөг дээр хохирогч Б.Бэрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилахтай холбоотой зайлшгүй зардал болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй аргачлалаар бодож тооцсон нөхөн төлбөр 4.180.000 /дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөгийг энэ хугацаанд асарч сувилсан хохирогчийн хүү болох Индраад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасны дагуу хангах нь үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд нөхөн төлбөр болох 4.180.000 /дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөгийг нэмж, 10.628.349 /арван сая зургаан зуун хорин найман мянга гурван зуун дөчин ес/ төгрөг ба үүнээс 1.560.765 /нэг сая таван жаран мянга долоон жаран тав/ төгрөгийг хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н нарт,

мөн хохирогч Б.Б эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэгтэй холбоотой зайлшгүй зардал болох нөхөн төлбөр 9.067.584 /есөн сая жаран долоон мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг асарч сувилсан хохирогчийн охин болох Б.СИргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар тус тус олгох нь зүйтэй байна.

 

Гэхдээ хохирогч Б.Б эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилахтай холбоотой зайлшгүй зардал нөхөн төлбөр 4.180.000 /дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөгийг энэ хугацаанд асарч сувилсан хохирогчийн хүү болох Индраад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасны дагуу олгож шийдвэрлэсэн 4.180.000 /дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөг нь хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н, иргэний нэхэмжлэгч Б.Снарт олгож шийдвэрлэсэн 10.628.349 /арван сая зургаан зуун хорин найман мянга гурван зуун дөчин ес/ төгрөгөнд орж олгогдсон тул н.Индрад олгосон гэж тооцсон болно.

 

Түүнээс гадна хохирогч Д.Бийн эмчилгээний зардалд 6.098.000 /зургаан сая ерэн найман мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон бөгөөд уг мөнгийг шүүгдэгч О.Эоос гаргаж иргэний нэхэмжлэгч Ц.Э /Төв аймгийн Эрүүл мэндийн сан/-д олгох нь зүйтэй гэж,

 

мөн хохирогч Д.Бийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэр хэмжээ нь тавдугаар зэрэглэлээр,

 насанд хүрээгүй хохирогч Э.Эийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэр хэмжээ нь гуравдугаар зэрэглэлээр тус тус тогтсон байх тул шүүх Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралт болох “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг үндэслэн хохирогч Д.Бт 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөгийг, хохирогч Э.Эд 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг,

мөн хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н болон тэдний өмгөөлөгч нар гадаад улсад эмчлүүлэх үзлэг оношлогоонд орох, ирж, очих тийзний зардал 159.523.000 /нэг зуун тавин есөн сая таван зуун хорин гурван мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэснийг үндэслэн хангах боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал: хохирогч Д.Б нь  2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байнгын асаргаа сувилгаа, эмчилгээтэй байгаа бөгөөд биеийн эрүүл мэндийн байдал сайжраагүй, хүнд, нэн яаралтай БНСУ-д үзлэг шинжилгээнд орох, оношлогоо хийлгэх, эмчилгээ болон хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болох нь БНСУ-ын эмнэлэгтэй мэйл харьцсан захидал, тухайн эмнэлгийн хариу явуулсан мэйл, үнийн санал, 2 хүний онгоцны тийзний үнэ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

 Энэ бүгдийн эцэст шүүгдэгч О.Эоос нийт 249.399.349 /хоёр зуун дөчин есөн сая гурван зуун ерэн есөн мянга, гурван зуун дөчин ес/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н нарт 227.083.765 /хоёр зуун хорин долоон сая наян гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Снарт 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Снөхөн төлбөрт 9.067.584 /есөн сая жаран долоон мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Э/Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд/-т 6.098.000 /зургаан сая ерэн найман мянга/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Мөн хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н нар цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа гаргаж ирүүлээгүй тул энэ талаарх баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу шүүгдэгч О.Эоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Эоос гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Э.Уянга:

...Шүүхээс шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  Шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн, хор уршгийг арилгахаа илэрхийлж байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн, цаашид эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тухайн хэрэгт тогтоогдоогүй байх тул ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх” саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас шүүгдэгчээс гаргуулах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н:

...Гомдолтой, одоо хүртэл хэвтэрт байгаа... гэсэн мэдүүлгийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн:

...Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчтай эсрэг байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Өнөөдрийн байдлаар хохирол, хор уршиг бодитоор арилсан уу гэвэл арилаагүй. 57 000 000 төгрөг өгсөн гэж байна. Иргэний нэхэмжлэгч нарын машины мөнгийг төлсөн. Хохирогч н.Буянхишигт тэр машин хамааралгүй. Шүүгдэгчээс 30 300 000 төгрөг авч эмчилгээнд хэрэглэсэн нь үнэн. Гэвч хохирогч хөл дээрээ босоогүй. Хохирол төлбөр төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй. Мөнгө өгөх юм болов уу гэхээр баримт нэхдэг. Энэ хүнийг хохирол төлнө гэдэг итгэхгүй байна. Хэзээ энэ хүнээс мөнгө авч, хэзээ н.Буянхишиг хөл дээрээ босохыг бид мэдэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Бид нар хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй. Хэрэг шүүх дээр ирээд хэдэн сар боллоо. Очиж уулзаад уулзаад, хохирол төлбөрөө яах уу гээд ярилцах боломж байсан. Гэтэл энэ хүний хохирол, хор уршигтаа хандаж байгаа хандлага нь тохирохгүй байна. Хэрэв тэнсэх юм бол бодит байдал нийцэхгүй. Иймд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр:

...Улсын яллагчийн байр суурь, ялын саналыг сонсоход шүүгдэгчийн өмгөөлөгч шиг юм ярилаа. Хохирол, хор уршиг арилсан уу, шүүгдэгчийн байр суурь ямар байгаа вэ гэдгийг харгалзан үзэх ёстой. Өөрөөр хэлбэл ял шийтгэл оногдуулах ёстой. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:

...Бидний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Яллах дүгнэлтэд дурдсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар болгоомжгүй гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс гарах хохирлыг нөхөн төлнө гэдгээ хэлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Улсын яллагчийг ялыг саналыг дэмжиж байна. Хэрэв шүүгдэгчид хорих ял оногдуулбал ажилгүй болно. Ажилгүй болбол хохирол төлбөрийг барагдуулах боломжгүй болно. Хорих ял эдлээд гараад ирсэн хүн та бүхний хохирлыг хэзээ, яаж төлөхийг мэдэхгүй байна. Иймээс энэ хүн ажлаа хийгээд хохирол төлбөрөө барагдуулаад явбал хэн хэндээ тустай болов уу гэж бодож байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Э:

...Би осол гаргасандаа харамсаж байна. Ажлаа хийж байвал тодорхой хэмжээгээр хохирлыг барагдуулна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

  Шүүх шүүгдэгч О.Эт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын зохих хувийг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч О.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг боловч хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Тиймээс эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа энэ нөхцөл байдлыг нь, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч О.Эт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчилсан учраас шүүгдэгч О.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг “гурван жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасаж” гэж өөрчлөн найруулсан.

 

Гэтэл тухайн зам тээврийн осол нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр болсон бөгөөд тухайн цаг хугацаанд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуулийн зүйл заалт дагаж мөрдөгдөж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэснийг,

мөн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэснийг тус тус баримталж шийдвэрлэсэн.

 

Бусад асуудлын талаар:

  Эрүүгийн 2334004340494 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Б.С, Г.Бнарт иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргах хохирол төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

               36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                     зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

 

4. Эрүүгийн 2334004340494 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Б.С, Г.Бнарт иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргах хохирол төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б О.Эоос нийт 249.399.349 /хоёр зуун дөчин есөн сая гурван зуун ерэн есөн мянга гурван зуун дөчин ес/ төгрөг гаргуулж,

хохирогч И овгийн Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч И овгийн Д.Н нарт сэтгэцэд учирсан хохиролд 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөгийг, хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардал 159.523.000 /нэг зуун тавин есөн сая таван зуун хорин гурван сая/ төгрөг, эмчилгээний зардалд 1.560.765 /нэг сая таван жаран мянга долоон жаран тав/ төгрөгийг, нийт 227.083.765 /хоёр зуун хорин долоон сая наян гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг,

насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч И овгийн Б.С нарт сэтгэцэд учирсан хохиролд 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч И овгийн Б.С нөхөн төлбөрт 9.067.584 /есөн сая жаран долоон мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч М овгийн Ц.Э /Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд/-т 6.098.000 /зургаан сая ерэн найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н нарын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 2.787.622 /хоёр сая долоон наян долоон мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

харин насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Снарын гоо сайхны хагалгааны зардал 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг,

мөн хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Н, насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Снарын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг тус тус энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоолоор энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч О.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б О.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.   

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

 9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б О.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН