| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/116 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/116
2024 03 19 2024/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Хохирогч Б.Ж,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 23250031****** тоот хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч С.Нын хүдэр тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн **-**улсын дугаартай Шакмэн /Shacman/ маркийн тээврийн хэрэгслийг унаж Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт хангай” түлээний захын зогсоол дээр аваачин тээврийн хэрэгслийн түлшний савнаас 344 литр дизель түлш завшиж 1,221,200 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Базарсад гэх айлд хамт архи ууж байсан хохирогч Г.Гын самсунг А34 загварын гар утасны өмчлөх эрхийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч шилжүүлэн авч 990,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 4.08 хувийн согтолттой үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булаг баг, 14-5 тоотод оршин суух Э.Оийн гэр дотор хохирогч Б.Жыг "унтаж амармаар байна, агсархаа боль" гэсэн шаардлага тавьсны улмаас түүнийг унагаж мөргөн, гараараа цохиж эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Ж дээр би очоод миний буудалд авсан байсан архийг бид 4 очиж авч ирээд хоёр, хоёр уусан. Тэгээд унтахаар хэвтэцгээж би Э.Оийг оролдсон. Тэгж байтал намайг унтуулсангүй, Э.Оийн хүүхдийг загналаа гэж Б.Ж босч ирэхээр нь би барилдая гээд унагаагаад тэгээд алгадсан, бас намайг барьчихаад тавихгүй байхаар нь тавиулах гээд мөргөсөн нь үнэн. Миний буруу, уучлалт хүсч байна, хохирлыг төлж барагдуулна. Г.Гын утасны хувьд тэднийд байж байтал цэргийн найз залгаад миний утасны цэнэг дууссан учир найздаа зам зааж өгөхөөр утсыг нь аваад гарсан. Найзтай уулзтал айлд оччихоод ирье гэхээр нь хамт яваад архи хувааж уугаад гараад хамт явж байхдаа найзын машинд утсыг нь цэнэглэсэн байсныг найз аваад явсан. Нэгэнт хүний утсыг би авч явсан нь үнэн, хэргээ хүлээж байна. С.Над учруулсан хохирлын хувьд 8-р сарын дундуураас эхэлж сарын 2.500.000-3.000.000 төгрөгний цалин авахаар ярилцаж машиныг нь барих болсон. Би цалин бага байсан учир 8 сарын 28-29-ний үед болих тухайгаа хэлэхэд гуйгаад байсан. 9-р сарын 02-03-нд шилжих шөнө бороотой байсан ба Дорнодын Баяндүүрэн рүү ажиллахаар болсон байсан тул өөр жолооч авахаар явж байгаад дугуйгаараа юм дайрч дугуйгаа хагалаад тэр чигээр нь явж байгаад түлээний захын тэнд аваачиж тавьсан. Тэгээд урьдчилгаа цалин 500.000 төгрөг авсан, үлдэгдэл цалинг өгөхгүй байх гэж бодоод бензинийг нь авч хүнд зарсан нь үнэн. Өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж,
Хохирогч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “Би хамраа эмчлүүлмээр байна. Тухайн үед Э.Оийнд очоод пиво ууж байтал Г.Г ирсэн. Г.Г надад архи байгаа гээд гарч яваад тал шил архи авч ирсэн. Уг архиа ууя гэхээр нь би маргааш өглөө ажилтай, амрахаар хэвтсэн. Хэвтэж байхад амраахгүй байхаар нь болиоч гэхэд намайг хамар руу мөргөөд чих рүү хавсарч алгадахад би ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа сэргээд цагдаад дуудлага өгсөн. Цагдааг ирэх үед надаас уучлалт гуйж байсан. Би эмчилгээ хийлгэх 1.800.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж тус тус мэдүүлсэн ба
шүүгдэгч Г.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд “Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэсэн байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс:
Хохирогч С.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...**-**улсын дугаартай “SHACMAN” маркийн тээврийн хэрэгсэл одоогийн байдлаар Хаан банкны нэр дээр бүртгэлтэй байгаа ба би уг тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр урьдчилгаа 30 гаран сая төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг Хаан банкнаас 36 сарын хугацаатай зээлээр нийт 155 сая төгрөгөөр худалдаж авсан. Зээлийн төлөлтөө би бүрэн төлж дууссан байгаа удахгүй тээврийн хэрэгслээ нэр дээрээ шилжүүлж авна. Зээлийн гэрээ, зээл төлж дууссан талаарх баримтыг хэрэгт гаргаж өгнө. Уг тээврийн хэрэгслийн банк буюу түлшний саванд нийт 400 литр түлш ордог. Тухайн өдөр **-**улсын дугаартай “SHACMAN” маркийн тээврийн хэрэгслийг хүлээн авах үед баруун урд талын дугуй дотор хэсгээрээ хагарсан байсан ба дугуйг запас дугуйгаар сольж хөдлөх гэтэл рулын 2 ширхэг шарнер хөдөлгөөн орж руль салгалаад ашиглах боломжгүй болсон байсан мөн хагарсан дугуйг нөхүүлэх гэтэл дахин ашиглах боломжгүй болсон байсан би бодохдоо дугуйгаараа ямар нэгэн зүйл мөргөж хагархай дугуйтай нь явсан байна гэж бодож байгаа...2 ширхэг рулын шарнер сэлбэгийг “Баянтал” багт үйл ажиллагаа явуулдаг хүнд машин механизмын сэлбэг зардаг Хорлоо гэх хүнээс 60,000 төгрөгөөр зээлээр авчихсан байгаа мөнгийг төлөөгүй байгаа. Дугуй шинээр худалдаж авч чадаагүй өмнө хэрэглэж байсан өөр хуучин дугуйг түр тавиад ашиглаж байгаа. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө цагийн үед надтай хамт том тэргээр тээвэрт явдаг Б.Баярмагнайгийн гар утас руу Г.Г өөрийн ******** дугаарын утаснаас “машин чинь Хангай захын зогсоол дээр байгаа түлхүүр нь зүүн талын дугуйны тормоз нь дээр байгаа” гэж мессеж бичсэн байсан ингэж би тээврийн хэрэгслээ олж авсан юм. Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 02-ны 21 цагийн үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 5 дугаар постын гадаа ойролцоогоор 350 орчим литр түлштэй хүлээлгэн өгсөн. Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны 14 цагийн үед банканд байсан үлдэгдэл түлшинд дээр нэмж 300 литр түлш авахад тээврийн хэрэгслийн банк дүүрсэн үүнээс хойш би 16 км зайтай 5 удаагийн ресс буюу 80 км зайнд хүдэр тээвэрлэсэн. **-**улсын дугаартай “SHACMAN” маркийн тээврийн хэрэгслийн тухайд ачаатай үедээ 100 км 100 литр түлш зарцуулдаг, хоосон үедээ 100 км 40 литр түлш зарцуулдаг. Нэг рессийн тал буюу 8 км нь ачаатай явна 8 км хоосон явдаг. Ингээд бодоход 40 км ачаатай явахад 40 литр, 40 км хоосон явахад 16 литр нийт 56 литр түлшийг хүдэр тээвэрлэх үед зарцуулж үлдэгдэл 344 орчим литр түлштэй би Г.Гт хүлээлгэн өгсөн. Тэгэхэд тээврийн хэрэгслээ хүлээн авахад ямар түлшгүй түлшний савыг нь хоосолсон байсан мөн тээврийн хэрэгсэл асахгүй байсан. Би “Зэс Эрдэнэ” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа “Ашид тамгат тайж” ХХК-ын захирал Д.Эрдэнэбулган гэх залуутай амаар хэлцэл байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 8а овоолгоос “Зэс Эрдэнэ” ХХК-ын үйлдвэрийн хашаа хүртэл Хүдэр тээвэрлэх ажлыг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэж байна цаашид 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүдэр тээвэрлэлт хийх юм. Түлшний тухайд “Ашид тамгат тайж” ХХК-ын захирал Д.Эрдэнэбулган нь “Зэс Эрдэнэ” ХХК-тай гэрээ байгуулж түлшээ авдаг юм. Би “Зэс Эрдэнэ” ХХК-аас авсан түлшнийхээ ажлыг өөрөө түлш худалдаж авч бүрэн хийж гүйцэтгэсэн тул түлшний мөнгийг би Г.Гээс нэхэмжилж байна. Би Г.Гт **-**улсын дугаартай “SHACMAN” маркийн тээврийн хэрэгслийг 142,466 км заалттай хүлээлгэн өгсөн Буянт хангай түлээний захын гадаа хүлээн авахад 142,501 км заалттай л хүлээн авсан тэгэхээр Г.Г ердөө 35 км явсан болж таарч байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10-р тал/
- Гэрч Б.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Гийг танина. Миний бие Г.Гийг 2023 оны 08 дугаар сарын сүүлээс мэдэх болсон надтай хамт С.Н гэх хүний **-**улсын дугаартай “Shacman” маркийн ачааны тээврийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 8а овоолгоос “Зэс Эрдэнэ” ХХК-ын үйлдвэрийн хараа руу хүдэр тээвэрлэж байсан юм. Г.Г 2023 оны 09 дүгээр сарын 02-ны **-**улсын дугаартай “Shacman” маркийн ачааны тээврийн хэрэгслийг С.Н ахаас хүлээж аваад 1 удаа л хүдэр тээвэрлэсэн тэгээд машинтайгаа алга болчихсон би өөрийнх нь ******** дугаарын гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны 01 цаг өнгөрч байхад миний гар утас Г.Г өөрийнхөө дугаараас залгаад би С.Н ахын машины урд талын дугуйг нь хагалчихлаа гэж хэлсэн хаана байгаа талаар асуухад Баянцагаан багт байна гэж хэлсэн тэгээд би яваад очъё яг хаана байгаа газрыг нь асуухад гар утсаа салгаад дахиж утсаа ерөөсөө утсаа аваагүй би С.Н ахын хамтаар Баянцагаан багийн нутаг дэвсгэрээр шөнөжин хайсан боловч олдоогүй. Үүрээр 06 цагийн үед миний гар утас руу Г.Г өөрийнхөө дугаараас “С.Н ахын машин нь Хабитатын модны захын хашааны гадаа байгаа түлхүүр нь зүүн талын 1-р дугуйны цап нь дээр тавьчихсан байгаа гэсэн мессеж ирсэн үүний дагуу С.Н ах, Мөнхсайхан нарын хамтаар бид гурав очиход баруун урд талын дугуй хагарсан, банканд нь түлш байхгүй хоосон, машин нь асахгүй байсан. Тэгээд бид нар 40 литр түлш авчирч машиныг нь асааж клонк орсон. Машиныг нь асаагаад явах үед баруун урд талын дугуйгаар нь юм мөргөсөн бололтой рулын 2 ширхэг тайг шарнер нь хөдөлгөөн орчихсон руль салгалаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р тал/
- Гэрч Д.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Н гэж хүнтэй 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрйн хооронд хүдрийн баяжмал тээвэрлүүлэх гэрээ байгуулж С.Нын 1 тооны хово маркийн машин Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хашаанаас Зэс Эрдэний хувь” ХХК-ийн хашаа руу хүдрийн баяжмал тээвэрлэж байсан. Хүдрийн баяжмал тээвэрлэхэд шаардлагатай дизель түлшийг Зэс Эрдэнийн хувь ХХК-иас тээврийн хэрэгслийн жолооч, эздэд өгдөг байсан. Яг энэ хэрэг болоод машинд нь байсан дизель түлш алга болоод асуудал үүсэх үед С.Н баяжмал тээвэрлэх ёстой байсан дизель түлшийг өөрөөсөө гаргаж хүдрийн баяжмалаа тээвэрлэсэн. Бидний хооронд ярилцаж тохиролцсон тээрийн асуудал дээр ямар нэгэн асуудал үүсээгүй. Хүдрийн баяжмал хэдэн удаа зөөнө гэж "Зэс Эрдэнийн хувь" ХХК-с дизель түлш авсан. Яг тэр тоогоороо л дизель түлшээ зөөж, надаас хэдэн удаа явсан тооцоогоо авсан. Тийм учраас энэ хохирол, төлбөрийг С.Нтай л ярих байх. "Ашид тамгат тайж" ХХК, "Зэс Эрдэний хувь" ХХК нартай ямар нэгэн хамаарал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р тал/,
- Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн “...Миний бие 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын 3,000,000 төгрөгөөр цалинжихаар С.Н ахаас **-**улсын дугаартай "Shacman" маркийн тээврийн хэрэгслийг хүлээн авсан. С.Н ах бид машиныг нь 12 цагийн хугацаатай ээлжилж барьдаг байсан. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед шиг санагдаж байна С.Н ахаас **-**улсын дугаартай "Shacman" маркийн тээврийн хэрэгслийг хүлээж аваад 1 удаагийн рес хийж хүдэр тээвэрлэсэн. Тэгээд би Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг руу явж жолооч авахаар явсан юм замдаа явж байхдаа Яргуйт багийн яг хэддүгээр гудамж гэдгийг хэлж мэдэхгүй байна Эрдэнэт дэлгүүрийн зүүн талын гудамжинд газар босоогоор зоочихсон байсан арматурын төмөр дайрчихсан тэгтэл машины баруун урд талын дугуй хагарчихсан тэгээд би хагарсан дугуйтайгаа хий нь гарахаас өмнө Их залуу багийн "Буянт хангай" түлээний захын зогсоол дээр очсон. Зогсоол дээр зогсож байтал цагаан өнгийн портер маркийн машин ирээд хадланд явах гэж түлш зарах уу гэсэн тэгэхээр нь би тухайн портерын жолоочид эхлээд 80 литрийг хугацааны дараа дахиж сав авчраад 100 литр түлш худалдаж авсан. Тэгээд би **-**улсын дугаартай "Shacman" маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг зүүн талын дугуйны дотор талд тавиад хамт тээвэрт явдаг Баярмагнайгийн гар утас руу мессеж бичиж үлдээсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-р тал/
- Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/09 дугаартай “...нэг литр дизель түлшний үнэлгээ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 3550 төгрөг болж байна гэх” шинжээчийн тайлан /хавтаст хэргийн 39-43-р тал/,
- Хохирогч Г.Гын “мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн төрсөн өдрөө найз нарын хамтаар Эрдэнэт зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн тэмдэглэн өнгөрүүлээд тэгээд маргааш өглөө нь босоод миний утас руу Базарсад фейсбүүкийн чатаар залгаад мэнд хүргээд чи хаана байгаа юм би гэртээ байна чи манайд хүрээд ир гэхээр нь 11 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байсан би тоотыг нь санахгүй байна. Намайг очиход Базарсад болон Г.Г хоёр архи уугаад сууж байсан тэгсэн дахин архи согтууруулах ундаа авч ууя гээд Базарсад бид хоёр дэлгүүр гарч 1 шил Аураг 0,75 граммын савлагаатай архийг аваад буцан Базарсадын гэрт ирээд бид гурав архиа хувааж уугаад дуусгаад байж байтал Г.Г миний гар утсаар хүнтэй яриад байсан. Тэгээд архи дуусахад Г.Г миний утсаар яриад гарч яваад буцаж орж ирээд яваад өгчихсөн. Би араас нь өөрийнхөө дугаар болох ******** дугаар руу залгасан мөн Г.Гийн дугаар болох ******** дугаар руу залгахад авахгүй байж байгаад 19 цаг байна уу 20 цагийн үед холбогдсон чинь хороололд буудалд байна гэхээр нь чи утас өгөөч гэсэн чинь утсаа тасалчихсан. Дахин холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин холбогдоход дэлгүүрт 2 шил архинд тавьчихсан байгаа би одоо Булган аймагт явж байна би орой Эрдэнэт очино тэгэхээр утсыг чинь аваад өгчихье гэж хэлсэн боловч холбогдох боломжгүй байсаар байгаад өдийг хүрсэн. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мобикомоос зээлээр авч байсан. Миний гар утас Самсунг А34 загварын сааранл өнгөтэй гадуураа ямар нэгэн гэргүй утас байсан. Миний утсыг хэрэглэж байхыг бол би харсан. Миний гар утсаар бол яриад гэрээс орж гараад яваад байсан. Тухайн үед би согтолтын зэрэг өндөртэй байсан тэгэхэд Г.Г утсаар яриад өгье ч гэлүү тэгж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135-р тал/
- Мобиком корпорац ХХК-ний 2023- оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/9767 дугаартай “...имей кодтой утсанд 99171151, 2023 оны 12 дугаар сарын 07 08:45:24, Хүрэлсамбуу Ганбат...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 199-р тал /
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-ОРХ/8512 дугаартай “..Самсунг А34 загварын гар утас 1 ширхэг 990,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хавтаст хэргийн 148-154-р тал/
- Эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчил шалган шийдвэрлэх явцад цугларсан согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, гомдол, хүлээн авсан тэмдэглэл,/хавтаст хэргийн 216-217-р тал /
- Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө би ажлаасаа буугаад хамтран амьдарч байгаа эмэгтэй болох Нандинцэцэгийн гадуур явж байгаад орой 22 цаг 30 минутын үед Э.О, Наранцэцэг рүү яриад манай гэрт ирээд бид гуравтай ханиндаа хоночих гэхээр нь Э.Оийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 14-5 тоотод очоод байж байтал гаднаас Г.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн өдөртөө 1 шил тал архи гаргаж ирээд намайг цуг ууя гээд байсан. Тэгэхээр нь би архинаас 2 удаа хийж өгснийг уучхаад маргааш өглөө нь ажилтай байсан учраас Нандинцэцэгийн хамтаар амрах гээд хэвтсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа би архи уумаар байна гээд том өрөөнд нь гэрэл унтраалттай байхад уурлаж гэрэл асаагаад Э.Оийн хоёр хүүхдүүдийг унт гэж загнаад тэгээд Э.О болон Нандинцэцэнг нарыг янхан, пиздагаар нь дуудаж унтуулахгүй агсам тавиад байсан чинь Э.Оийн хоёр хүүхэд уйлаад байхаар нь би босож ирээд Г.Гийг унтаж амар гэсэн амрахгүй улам орилоод байхаар нь Нандинцэцэг утсаа гаргаж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэхэд гар утсыг нь булааж авах гээд байхаар нь би Г.Гийг унтуулах санаатай тайвшруулах гэтэл Э.О рүү дайрч босож ирээд хоол хий мөн хоёр хүүхдийг нь унт гэж дахин дахин орилж байснаа надтай бөх барилдах гээд бид хоёр хэсэг зууралдаж байхад намайг орон дээр унагаад намайг бооход Нандинцэцэг ирээд салгасан чинь Г.Г намайг босгож ирээд дахин газар унагааж миний хамар руу мөргөчихсөн, тэгтэл миний хамраас их хэмжээгээр цус гарахад Э.О цаас авч ирээд цус тогтоож байхдаа Г.Гт би зүгээр явлаа гэхэд Г.Г над руу дөхөж ирээд миний хоёр чих рүү хоёр гараараа нэг удаа алгадчихсан. Үүнээс хойш юу болсон талаар би санахгүй байна... хүн амрах гэж байна ш дээ, чи зүгээр амар аа гэж хэлсний төлөө миний хамар болон чих рүү цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 225-226-р тал /
- Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Ж босож ирээд чи зүгээр амарчхаач наад хоёр хүүхдээ айлгаад эмэгтэй хүмүүсийг хүртэл арай л хэлээд байгаа юм биш үү гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж байснаа хоёулаа ер нь эр хүн шиг барилдчих уу гээд Б.Жтай ноцолдож байгаад Б.Жыг унтах гэж байсан орон дээр унагаад боосон чинь Б.Жын царай хөхрөөд ухаан алдах гэж байгаа юм шиг болоод эхлэхээр нь Э.О бид хоёр чи хүн аллаа гэж хэлээд би Г.Гийг татаад босгоод Б.Жын мөн босгосон чинь Г.Г дахиж Б.Жыг унагаж байгаад хамар руу нь мөргөчихсөн. Тэгсэн чинь Б.Жын хамраас цус ихээр гараад тогтохгүй байхад Э.О цаас аваачиж өгөөд Б.Ж цус тогтоох гээд зогсож байхдаа одоо больёо би явлаа гэсэн чинь Г.Г дөхөж очоод хоёр чих рүү нь хоёр гараараа алгадаад чамайг эндээс гардаг юм бол араас чинь гараад гүйцээчихнэ шүү гээд зууралдаад байхаар нь би түрүүлж гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 223-224-р тал/
- Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Г согтуу орж ирээд өврөөсөө 1 шил тал архи гаргаж ирээд Б.Жыг цуг ууя гээд 2 удаа Б.Жд хийж өгсөнг нь уучхаад унтлаа маргааш өглөө эрт ажилтай гээд Б.Ж, Нандинцэцэг хоёр амрахаар хэвтээд гэрлээ унтраагаад Г.Гийг би хүүхдүүдийн хажуугаар хэвтчих гээд хэвтүүлсэн чинь Г.Г босож ирээд би архи уумаар байна гээд гэрэл асаагаад намайг хоол хийж өг гээд мөн миний хоёр хүүхдийг унт гэж загнаад байхаар би “чи яасан даварчихсан амьтан бэ чи намайг хоёр хүүхэдтэй гэхээр дарамтална гэж бодоо юу гэсэн чинь Нандинцэцэг бид хоёрыг Янхан, гичий, пяздагаар дуудахаар нь Нандинцэцэг чи угаасаа цагдаагаас зугтаж яваа биз дээ би чамайг цагдаад чинь дуудаж өгнө гээд утсаа гаргаад иртэл Нандинцэцэгийн утсыг шүүрч авах гэтэл Б.Ж босож ирээд чи зүгээр амарчхаач наад хоёр хүүхдээ айлгаад эмэгтэй хүмүүсийг хүртэл арай л дэндүү үгээр хэлээд байгаа юм биш үү гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж байснаа хоёулаа ер нь барилдчих уу гээд Б.Жтай ноцолдож байгаад Б.Жыг унтах гэж байсан орон дээр унагаад боосон чинь Б.Жын царай хөхрөөд ухаан алдах гэж байгаа юм шиг болоод эхлэхээр нь Нандинцэцэг бид хоёр чи хүн аллаа гэж хэлээд салгасан чинь Г.Г дахиж Б.Жыг унагаж байгаад хамар руу мөргөчихсөн. Тэгсэн чинь Б.Жын хамраас цус ихээр гараад тогтохгүй байхад би 00 цаас аваачиж өгөөд Б.Ж цус тогтоох гээд зогсож байхдаа одоо больё би явлаа гэсэн чинь Г.Г дөхөж очоод хоёр чих рүү нь хоёр гараараа алгадаад чамайг эндээс гардаг юм бол ална шүү гээд зууралдаж байхад Нандинцэцэг нуучихсан байсан утсаа аваад гараад цагдаа дуудчихсан... Нандинцэцэг болон манай хоёр хүүхдийг өмөөрсөн болохоор Г.Г Б.Жыг цохиж, зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 229-230-р тал/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 154 дугаартай: “... Б.Жын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 235-236-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүдэгч Г.Г 2023 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө С.Нын хүдэр тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн **-**улсын дугаартай Шакмэн /Shacman/ маркийн тээврийн хэрэгслийн түлшний савнаас 344 литр дизель түлш завшиж 1,221,200 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 11 сарын 01-ний өдөр Г.Гын самсунг А34 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хууран авч 990.000 төгрөгний хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн Б.Жыг зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч С.Нын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Нын “...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 02-ны 21 цагийн үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 5 дугаар постын гадаа ойролцоогоор 350 орчим литр түлштэй хүлээлгэн өгсөн. ...Тэгэхэд тээврийн хэрэгслээ хүлээн авахад ямар түлшгүй түлшний савыг нь хоосолсон байсан мөн тээврийн хэрэгсэл асахгүй байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Баярмагнайгийн “...Г.Г 2023 оны 09 дүгээр сарын 02-ны **-**улсын дугаартай “Shacman” маркийн ачааны тээврийн хэрэгслийг С.Н ахаас хүлээж аваад 1 удаа л хүдэр тээвэрлэсэн тэгээд машинтайгаа алга болчихсон би өөрийнх нь ******** дугаарын гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны 01 цаг өнгөрч байхад миний гар утас Г.Г өөрийнхөө дугаараас залгаад би С.Н ахын машины урд талын дугуйг нь хагалчихлаа гэж хэлсэн хаана байгаа талаар асуухад Баянцагаан багт байна гэж хэлсэн тэгээд би яваад очъё яг хаана байгаа газрыг нь асуухад гар утсаа салгаад дахиж утсаа ерөөсөө утсаа аваагүй би С.Н ахын хамтаар Баянцагаан багийн нутаг дэвсгэрээр шөнөжин хайсан боловч олдоогүй. Үүрээр 06 цагийн үед миний гар утас руу Г.Г өөрийнхөө дугаараас “С.Н ахын машин нь Хабитатын модны захын хашааны гадаа байгаа түлхүүр нь зүүн талын 1-р дугуйны цап нь дээр тавьчихсан байгаа гэсэн мессеж ирсэн үүний дагуу С.Н ах, Мөнхсайхан нарын хамтаар бид гурав очиход баруун урд талын дугуй хагарсан, банканд нь түлш байхгүй хоосон, машин нь асахгүй байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Эрдэнэбулганы “...С.Н гэж хүнтэй 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрйн хооронд хүдрийн баяжмал тээвэрлүүлэх гэрээ байгуулж С.Нын 1 тооны хово маркийн машин Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хашаанаас Зэс Эрдэний хувь” ХХК-ийн хашаа руу хүдрийн баяжмал тээвэрлэж байсан. Хүдрийн баяжмал тээвэрлэхэд шаардлагатай дизель түлшийг Зэс Эрдэнийн хувь ХХК-иас тээврийн хэрэгслийн жолооч, эздэд өгдөг байсан. Яг энэ хэрэг болоод машинд нь байсан дизель түлш алга болоод асуудал үүсэх үед С.Н баяжмал тээвэрлэх ёстой байсан дизель түлшийг өөрөөсөө гаргаж хүдрийн баяжмалаа тээвэрлэсэн. ...тийм учраас энэ хохирол, төлбөрийг С.Нтай л ярих байх. "Ашид тамгат тайж" ХХК, "Зэс Эрдэний хувь" ХХК нартай ямар нэгэн хамаарал байхгүй” гэх мэдүүлэг,
- Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин Д.Мягмарсүрэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/09 дугаартай “...нэг литр дизель түлшний үнэлгээ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 3550 төгрөг болж байна гэх” шинжээчийн тайлан болон шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Г.Гын А-34 загварын гар утсыг хууран авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Гын “...Г.Г миний утсаар яриад гарч яваад буцаж орж ирээд яваад өгчихсөн. Би араас нь өөрийнхөө дугаар болох ******** дугаар руу залгасан мөн Г.Гийн дугаар болох ******** дугаар руу залгахад авахгүй байж байгаад 19 цаг байна уу 20 цагийн үед холбогдсон чинь хороололд буудалд байна гэхээр нь чи утас өгөөч гэсэн чинь утсаа тасалчихсан. Дахин холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин холбогдоход дэлгүүрт 2 шил архинд тавьчихсан байгаа би одоо Булган аймагт явж байна би орой Эрдэнэт очино тэгэхээр утсыг чинь аваад өгчихье гэж хэлсэн боловч холбогдох боломжгүй байсаан байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг,
- Мобиком корпорац ХХК-ний 2023- оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/9767 дугаартай “...имей кодтой утсанд 99171151, 2023 оны 12 дугаар сарын 07 08:45:24, Хүрэлсамбуу Ганбат...” гэх албан бичиг,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-ОРХ/8512 дугаартай “..Самсунг А34 загварын гар утас 1 ширхэг 990,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан болон шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчил шалган шийдвэрлэх явцад цугларсан согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, гомдол, хүлээн авсан тэмдэглэл,
-Хохирогч Б.Жигмидлхамын “...намайг орон дээр унагаад намайг бооход Нандинцэцэг ирээд салгасан чинь Г.Г намайг босгож ирээд дахин газар унагааж миний хамар руу мөргөчихсөн, тэгтэл миний хамраас их хэмжээгээр цус гарахад Э.О цаас авч ирээд цус тогтоож байхдаа Г.Гт би зүгээр явлаа гэхэд Г.Г над руу дөхөж ирээд миний хоёр чих рүү хоёр гараараа нэг удаа алгадчихсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Нандинцэцэгийн “...Б.Ж босож ирээд чи зүгээр амарчхаач наад хоёр хүүхдээ айлгаад эмэгтэй хүмүүсийг хүртэл арай л хэлээд байгаа юм биш үү гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж байснаа хоёулаа ер нь эр хүн шиг барилдчих уу гээд Б.Жтай ноцолдож байгаад Б.Жыг унтах гэж байсан орон дээр унагаад боосон чинь Б.Жын царай хөхрөөд ухаан алдах гэж байгаа юм шиг болоод эхлэхээр нь Э.О бид хоёр чи хүн аллаа гэж хэлээд би Г.Гийг татаад босгоод Б.Жын мөн босгосон чинь Г.Г дахиж Б.Жыг унагаж байгаад хамар руу нь мөргөчихсөн. Тэгсэн чинь Б.Жын хамраас цус ихээр гараад тогтохгүй байхад Э.О цаас аваачиж өгөөд Б.Ж цус тогтоох гээд зогсож байхдаа одоо больёо би явлаа гэсэн чинь Г.Г дөхөж очоод хоёр чих рүү нь хоёр гараараа алгадаад чамайг эндээс гардаг юм бол араас чинь гараад гүйцээчихнэ шүү гээд зууралдаад байхаар нь би түрүүлж гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Оийн “...Г.Г дахиж Б.Жыг унагаж байгаад хамар руу мөргөчихсөн. Тэгсэн чинь Б.Жын хамраас цус ихээр гараад тогтохгүй байхад би 00 цаас аваачиж өгөөд Б.Ж цус тогтоох гээд зогсож байхдаа одоо больё би явлаа гэсэн чинь Г.Г дөхөж очоод хоёр чих рүү нь хоёр гараараа алгадаад чамайг эндээс гардаг юм бол ална шүү гээд зууралдсан...” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 154 дугаартай: “... Б.Жын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, болон шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч Г.Г нь иргэн С.Нын машинаар ээлжээр нүүрс тээвэрлэж, хөлс авахаар тохирч хамтран ажиллаж байсан нь хохирогч шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг С.Нын эд хөрөнгийг тухайн цаг үед итгэмжлэн хариуцсан этгээд мөн байсан гэж үзнэ.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан төлөх, хариу төлбөр огт хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч С.Нын түүнд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг буюу машины түлшийг нууцаар авч зарж борлуулан мөнгийг нь өөртөө авсан, мөн утсаар ярьчихаад өгье гэж хуурч хохирогч Г.Гын А-34 загварын гар утсыг авч буцаан өгөхгүй байх зорилгоор авсан нь тус тус хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул үүнийг хууль бусаар хүний өмчлөх эрхэд халдсан байна гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хууль зүйн дүгнэлтээр шүүгдэгч Г.Гт итгэмжлэн хариуцуулж өгсөн тээврийн хэрэгслийн түлшний савнаас 344 литр дизель түлш завшиж 1.221.200 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг завшсан гэмт хэргийн шинжийг, мөн утсаар яриад өгье гэж хохирогчийг хуурч утсыг нь өөртөө шилжүүлэн авч 990.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул уг хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Гийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн хохирогч нарт учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодид буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Хохирогч Б.Жын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Гийн цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Жыг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ хянах чадваргүй байдал, шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Г.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Ж эмчилгээ хийлгэнэ 1.800.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч хохирлын талаар баримт шүүхэд ирүүлээгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогч С.Над учирсан 1.221.200 төгрөгний хохирол, хохирогч Г.Гад учирсан 990.000 төгрөгний хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Гийг хохирогч С.Н, Г.Г нарт төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч Г.Г нь “хохирол төлбөрөө төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг барагдуулна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ээж маань хагалгаанд орох гэж байгаа нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг ял оногдуулахад харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тогргох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Гт оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хассугай.
7. Шүүгдэгч Г.Г нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Б.Ж нь энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Г.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР