Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

 

2024     03          25                                        2024/ШЦТ/129

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “107” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Дид холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 02 дугаар 03-ны өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.Мыг Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн **-**тоот гэрт нь хүргэж өгөхөөр явж байх үедээ өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хохирогчийн эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утас, Хаан банк болон Голомт банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшил тогтоож,

Улмаар хохирогчийн эзэмшлийн Голомт банкны ********** тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 цаг 24 минутад Абсоб нэртэй хүнсний дэлгүүрээс тус дансны гүйлгээний картыг чипээр нь уншуулж 31,600 төгрөгийн худалдан авалт хийж мөн Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сансар худалдааны төвийн АТМ-ээс 200,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, мөн 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий хохирогчийн эзэмшлийн айфоне 11 про загварын гар утас эд хөрөнгийг завшиж хохирогчид 880,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

Хохирогч “эд зүйлээ хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.Мыг гэрт нь хүргэж өгөх үедээ өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хохирогчийн эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утас, Хаан банк болон Голомт банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшил тогтоож, хохирогчийн эзэмшлийн картыг ашиглан 31,600 төгрөгийн худалдан авалт, банкны АТМ-ээс 200,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогчийн эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утас зэрэг эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Симээ сэргээгээд дансны хуулгаа харахад 231,600 төгрөг гарчихсан байсан. Айфоне 11 про загварын гар утас хар саарал өнгөтэй, гадуураа хар өнгийн кэйстэй, кэйс дотор Голомт болон Хаан банкны карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйл байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

"...Би бэлэн гар утас, 2 ширхэг виза карт, иргэний үнэмлэх, 231,600 төгрөгийг авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Гэрч Г.Төмөрчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Карт уншуулсан цагаар нь дэлгүүрийн камерыг үзлээ. Хар өнгийн куртиктай залуу омо бок, кекс, зайрмаг 3 ширхэг, Edeka шоколад зэрэг эд зүйл аваад цэнхэр өнгийн Голомт банкны картаар гүйлгээ хийсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

 

Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

 Яллагдагч Б.Дийн “...Б.М миний утас руу залгаж Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах 3 байрнаас ирээд аваач, би архи уучихсан байна гэж хэлсэн. Үүний дагуу өөрийн эзэмшлийн **-*** УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ганцаараа Дэнж багийн 3 байрны гадна очоод Б.Мыг машиндаа суулгасан. Тухайн үед Б.Мыг нэг залуу гаргаж өгөөд машинд суулгахдаа түүний айфоне 11 про загварын  гар утсыг надад өгсөн. Гар утсыг надад өгөхдөө Б.М ахын гар утас шүү гэж хэлж өгсөн... Б.М ах хашаа руугаа ганцаараа орсон. Гэртээ хариад машинаасаа буух үед Б.Мын гар утас надад байгаа гэдгйг харсан. Маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.М миний утас руу залгаж миний гар утсыг харсан уу гэхээр нь би машинд байж магадгүй үзээд хэлнэ гэж хэлсэн. Удалгүй Б.Мтай уулзахдаа гар утас нь надад болон машинд байхгүй гэж худлаа хэлсэн... Голомт банкны виза картыг ашиглан хүнсний дэлгүүрээс 31,600 төгрөгийн худалдан авалт хийсэн... АТМ-ээс 200,000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Голомт банкны ********** тоот дансны хуулга /хавтаст хэргийн 13 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Нотлох баримтаар тогтоогдсон “Б.Дид итгэмжлэн хариуцуулсан хохирогч Б.Мын Айфоне 11 про загварын гар утсыг авч, тухайн гар утастай хамт байсан Голомт банкны виза картыг ашиглан дэлгүүрээс 31,600 төгрөгийн худалдан ават хийж, тухайн картнаас АТМ ашиглан 200,000 төгрөгийг бэлнээр авч хохирол учруулсан” хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  Хохирогч Б.М нь Б.Доор гэртээ хүргүүлэхээр дуудаж ирүүлсэн, улмаар хохирогчийг машинд суулгасан хүн Б.Дид хохирогчийн гар утсыг хэлж түүнд өгснийг хохирогчийн эд хөрөнгийг түүнд итгэмжлэн хариуцуулсан байна гэж, итгэмжлэн хариуцсан этгээд болох Б.Д бусдын эд хөрөнгө буюу хохирогч Б.Мын эд зүйлийг буцаан өгөлгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах эрхийг өөртөө бий болгож хохирогчийн виза картнаас мөнгө авч ашигласан тус тус үйлдлийг хууль бусаар эзэмшил тогтоож хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан байна гэж тус тус үзнэ.

 

Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч Б.М нь“...шүүх хуралдаанд оролцохгүй, миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо гомдолгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба шүүгдэгч Б.Д нь хохирчийн түүнд итгэмжлэн хариуцуулсан эд зүйл болох Айфоне 11 про загварын гар утас болон, Голомт банкны виза карт, Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, бэлнээр 231,600 төгрөгийг хохирогчид тус тус буцаан өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад  төлөх төлбөргүй байна гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Дийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Дид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        4. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР