Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/01381

 

 

 

 

 

 

 

   2021        07         20                                          181/ШШ2021/01381         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж тус шүүхинй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИН  ХК-д холбогдох,

Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн 0002 *** улсын дугаартай Audi А6 маркийн автомашиныг зах зээлийн үнээр худалдан борлуулах зөрүү үнэ 56 265 100 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Пүрэвдорж /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, гэрч Э.Эрдэнэхүү, Э.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч  Г.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Пүрэвдаваагаас Audi A6 маркийн 0002 *** улсын дугаартай автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдан авах зорилгоор ё-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр В13020012401 тоот зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр F13020012401 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж Audi A6 маркийн 0002 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч ИН ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Мөн түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр G13020012401/1 тоот Батлан даалтын гэрээг ИН ХК болон “ЭСУА повер” ХХК-иуд байгуулсан.

Автомашин барьцаалж зээл авсан тул Монгол даатгал ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, автомашиныг 110,000,000 төгрөгөөр үнэлж даатгуулсан. Даатгалын хураамжид 1 320 000 төгрөг төлсөн.

Ковид-19 цар тахлын улмаас хувийн бизнест маань хүндрэл учирч зээлийн төлбөрөө цаг хугацаанд төлөх боломжгүй байдал үүссэн ч 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 7 216 000 төгрөгийг зээлийн хүүд төлж зээлийн төлбөрөө зөрчлийг арилгасан. Гэвч зээлийн төлбөрийг төлөхөд дахин хүндрэл учирсан тул арга буюу эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Audi A6 маркийн 0002 *** улсын дугаартай автомашинаа 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ИН ХК-д автомашин хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Автомашинаа хүлээлгэн өгөхдөө автомашины түргэн борлуулах үнийг 80 000 000 төгрөгөөр тогтоосон.

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлдүүлэгч ИН ХК-иас  автомашиныг худалдан борлуулж чадахгүй байгаа тул миний бие Ж.Сыг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор худалдан борлуулах, эс борлуулбал түр борлуулах үнээр худалдахыг мэдэгдсэн. Ердөө 3 хоногийн хугацаа өгсөн байсан ч автомашиныг 80 000 000 төгрөгөөр иргэн н.Мөнхгал худалдан авахаар болж, энэ тухай ИН ХК-д мэдэгдсэн. н.Мөнхгал ИН ХК дахь зээлийн үлдэгдэл дүн болох 53 734 900 төгрөгийг эхний ээлжид төлж автомашиныг чөлөөлж авъя, мөнгө бүрүүлэхэд бага зэрэг хугацаа хэрэгтэй 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор мөнгө бэлэн болно гэснийг ИН ХК-д дамжуулж түр хүлээхийг хүссэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр н.Мөнхгал ИН ХК дээр зээлийг үлдэгдэл дүнг төлж, автомашиныг авахаар очтол автомашиныг худалдан борлуулсан тул зээлийн үлдэгдлийг суутгаж үлдсэн 2 орчим сая төгрөгийг миний данс руу шилжүүлэх гэхэд би эрс эсэргүүцэж, уг мөнгийг хүлээн аваагүй.

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хавьцаа миний бие тээврийн зөрчлийн шийтгэлийн хуудас хүлээн авсан. Уг шийтгэлийн хуудас дээр 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулах байсан 0002 *** улсын дугаартай Audi A6 автомашин 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зам тээврийн зөрчил гаргасан, уг машины эзэмшигчээр миний бие Ж.С хэвээрээ байсан тодорхой болсон. Өөрөөр хэлбэл ИН ХК-ийн автомашиныг 80 000 000 төгрөгөөр иргэн н.Мөнхгалд худалдах боломжтой байсан ч худалдаагүй, бусад этгээдэд илт бага үнээр худалдаж надад хохирол учруулсан. Зээлдүүлэгч ИН ХК нь фидуцийн зүйлийг биет байдлаар өөрийн хадгалалт хамгаалалтад шилжүүлэн авснаар түүнийг захиран зарцуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болсон. Нөгөө талаас зээлдүүлэгч нь захиран зарцуулах эрх буюу фидуцийн зүйлийг худалдан борлуулах эрхийг хэрэгжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчийн эрх ашиг, сонирхлыг харгалзан үзэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл фидуцийн зүйлийг зах зээлийн үнээр худалдан борлуулах үүрэг хүлээдэг. Гэвч зээлдүүлэгч нь автомашиныг зах зээлийн үнээр буюу 110 000 000 төгрөгөөр худалдан борлуулах ёстой боловч энэ үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй, илт бага үнээр худалдсаны улмаас 56 265 100 төгрөгийг хохирлыг надад учруулсан.

 Иргэний хуулийн 159.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 186.1. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1. “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.1.7 “үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг бие даан өөрийн сонгосон хэлбэрээр захиран зарцуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна”, 5.1 “үүрэг гүйцэтгэгч нь фудуцийн зүйлийг зах зээлийн бодит үнээр нь даатгуулна гэж заасан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Сын нэмхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.С нь хамтран зээлдэгч Г.Алтжингийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай байгууллагаас В13020012401 дугаар зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийн зээл авч, 0002 *** улсын дугаартай Audi A6 маркийн автомашиныг эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх үүрэгтэй боловч, уг үүргээ зөрчиж 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 7 216 000 төгрөгийн нэг удаагийн төлөлтөөс өөр эргэн төлөлт хийгээгүй болно.

Мөн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эргэн төлөлтөөс хойш 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус сарын 28-ны өдөр хүүний төлөлт болох 15 000 000 төгрөгийг төлж хэвийн болгоно, хэрэв төлөлт хийгээгүй тохиолдолд автомашиныг танай байгууллагад хүлээлгэн өгөх болно хэмээн бичгээр хүсэлтээ илэрхийлсэнд манай байгууллагад хугацаа тохирсон байдаг. Гэвч нэхэмжлэгч нь тогтсон хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгч нь автомашин хураах ажиллагаанд саад учруулж, автомашиныг нуух, холбоо барихгүй байх зэрэг гэрээний үүргээ зөрчсөн үйлдлүүд гаргаж, зээлээ төлж барагдуулах хугацаа өгөхийг хүсэж, худалдан борлуулах ажиллагаанд саад учруулан нэлээдгүй хугацаа алдсан. Ингээд зээлдэгч зээлээ төлж барагдуулахгүй, төлөлт хийхгүй гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр автомашиныг хураан авсан. Автомашин хураан авсан өдөр зээлдэгчээс автомашиныг худалдан борлуулахыг зөвшөөрч, худалдан борлуулсан зөрүү төлбөрийг Б.Энхбаатар гэх хүний 5025349807 тоот дансанд шилжүүлж, зээлийг хааж өгнө үү хэмээн хүсэлтээ бичгээр илэрхийлсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ н.Мөнхгал гэх иргэнд 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирсон байсан тухай, мөнгө бүрдүүлэхэд хугацаа хэрэгтэй хугацаа хүссэн тухай дурдсан байна. н.Мөнхгал гэх иргэн нь манай байгууллага дээр Ж.Сын зээлийг шилжүүлэн авч, өөр дээрээ зээл гаргуулах хүсэлт  гаргаагүй, зээл хүсч анхны шатны зээлийн судалгаа нь буцсан болно.

Иймд манай байгууллагаас зээлдэгчид 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлдүүлэгчид фидуцийн зүйл болох автомашиныг түргэн борлогдох үнээр зарах болсныг мэдэгдсэн.Учир нь фидуцийн зүйл болох Audi A6 маркийн автомашин нь дизель түлшээр ажилладаг. Монгол улсад унахад тохиромжгүй, сэлбэг, ялангуяа явах эд ангийн хөдөлгүүрийн сэлбэг, хэрэгслүүд ховор, үнэтэй байдаг зэрэг шалтгаануудаар үнэ зах зээлийн нь үнэ нь унаж худалдан авах сонирхолтой иргэд маш бага байдаг. Иймд манай байгууллагаас тус автомашиныг түргэн борлогдох үнээр Л.Болорцэцэг гэх иргэнд 55 123 000 төгрөгөөр борлуулсан.

Автомашиныг түргэн борлогдох үнээр борлуулж, зээлийг хаах үеийн зээлийн үлдэгдэл дүн нь 53 734 900 төгрөг байсан ба автомашин борлуулсан дүнгийн зөрүү болох 1 388 246 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг үүсэн.

Гэвч нэхэмжлэгч нь тус зөрүү дүнг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан тул манай байгууллага өглөгийн дансанд бүртгэлтэй байгаа болно. Иймд манай байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1 388 246 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч “ИН” ХК-д холбогдуулан фидуцийн гэрээгээр шилжүүлсэн 0002 *** улсын дугаартай Audi А6 маркийн автомашиныг зах зээлийн үнээр худалдан борлуулах зөрүү үнэ 56 265 100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Ж.С нь Д.Пүрэвдаваагаас Audi A6 маркийн 0002 *** улсын дугаартай автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдан авах зорилгоор ИН ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр В13020012401 тоот “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №F13020012401 тоот “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулж Audi A6 маркийн 0002 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч ИН ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. Мөн “ЭСУА повер” ХХК нь ИН ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр G13020012401/1 тоот “Батлан даалтын гэрээ”-г байгуулж, Ж.Сын зээлийн төлбөрийн үүргийг нөхөн гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх-5-12х/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зээлдэгч Ж.С нь “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зөрчиж, 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 7 216 000 төгрөгийн нэг удаагийн төлөлтөөс өөр төлөлт хийгээгүйгээс зээлдүүлэгч ИН ХК нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр автомашиныг хураан авсан, Ж.С нь автомашиныг хураан авсан өдөр автомашиныг худалдан борлуулахыг зөвшөөрч, худалдан борлуулсан зөрүү төлбөрийг Б.Энхбаатар гэх хүний 5025349807 тоот дансанд шилжүүлж, зээлийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байна.

Талууд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийн үүргийг хангуулахаар фидуцийн зүйлийн зээлдүүлэгч бодитойгоор гаргуулан авсан, фидуцийн зүйлийг худалдсан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч ИН ХК-ийг фидуцийн зүйлийг зах зээлийн үнээр худалдан борлуулах үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу автомашиныг худалдан авсан үнээс зээлийн төлбөрийг хасч, үлдэх 56 265 100 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч ИН ХК нь эс зөвшөөрч, маргаж байна.

 

Хариуцагч ИН ХК нь фидуцийн зүйл болох Audi A6 маркийн 0002 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020.10.07-ны өдөр иргэн Л.Болорцэцэгт 55 123 200 төгрөгөөр худалдаж, түүний өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-68-80х/

 

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №F13020012401 тоот “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-ний 3.2.5-д “Фидуцийн зүйлийг худалдан борлуулснаас олсон орлого нь Үүрэг гүйцэтгэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг /зээл түүний хүү болон нэмэгдүүлсэн хүү, фидуцийн зүйлийг шилжүүлэн авах, хадгалах, хамгаалах, захиран зарцуулахтай холбогдон гарах зардал болон гэрээ, зээлийн гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс шаардах бусад төлбөр/-ээс илүү гарсан бол илүү гарсан зөрүүг Үүрэг гүйцэтгэгчид буцаан олгох” үүргийг Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээхээр заажээ.

Мөн гэрээний 3.1.7-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийн бие даан өөрийн сонгосон хэлбэрээр захиран зарцуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Ийнхүү захиран зарцуулснаас олсон орлого нь Зээлийн гэрээний үүргийг бүрэн хангаж, илүү гарсан бол Үүрэг гүйцэтгэгчид буцаан олгох, хэрэв дутсан бол дутсан дүнгээр Үүрэг гүйцэтгэгчээс шаардах /Гэрээний 1.2 дахь хэсэгт заасан үнэлгээг үл харгалзан/”,-ийг Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхээр заажээ.

Эдгээр заалтаас дүгнэхэд талууд фидуцийн зүйлийг худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

Үүрэг гүйцэтгүүлэгч ИН ХК нь фидуцийн зүйлийн бие даан өөрийн сонгосон хэлбэрээр захиран зарцуулахаар гэрээнд заасан ч гэсэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу тухайн зүйлийн шинж чанарыг харгалзан аль болох зардал багатай, шударгаар борлуулах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй.

 

Гэрээний 3.1.6-д фидуцийн зүйлийг гаргуулан авсан тохиолдолд гэрээний 1.2-д заасан үнэлгээг суурь үнэлгээ болгох боловч шаардлагатай гэж үзвэл уг үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй уялдуулан өөрчлөхөөр заасан байна. Гэрээний 1.2-д фидуцийн зүйлийн үнийг 50 000 000 төгрөг гэж тодорхойлсон байх боловч үүнийг тухайн үеийн автомашины үнэ гэж үзэх боломжгүй байна. Учир нь: тухайн автомашиныг 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр 110 000 000 төгрөгөөр худалдан авсан, тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээ 110 000 000 төгрөгөөр хийгдсэн зэргээр үгүйсгэгдэж бана. /хх-11-12, 26-34х/

 

Хариуцагч ИН ХК нь 2020.09.25-ны өдөр Ж.Ст автомашиныг зээлдүүлэгчтэй тохиролцсон үнээр 2020.09.28-ны өдрийн дотор худалдахыг мэдэгдэж, тус хугацаанд худалдаагүй тохиолдолд автомашин хүлээлцэх актын 3.1.а-д заасны дагуу зах зээлд түрэн борлогдох үнээр худалдахыг мэдэгдсэн байна. /хх-57х/

Автомашин хүлээлцэх актанд “түрэн борлогдох үнэ”-ийг бичээгүй /хх-53х/ боловч Ж.Сын 2020.09.09-ны өдөр ИН ХК-д гаргасан хүсэлтэд “...Уг автомашиныг зах зээл дээр түргэн борлогдох үнэ тохиролцон 80 000 000 /наян сая/ төгрөгт тооцон шилжүүлж өгч байгаа бөгөөд ...” гэж бичсэн байх тул талуудыг автомашин хүлээлцэх үедээ автомашины зах зээл дээр түргэн борлогдох үнийг 80 000 000 /наян сая/ төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч ИН ХК нь автомашины зах зээл дээр түргэн борлогдох үнийг 80 000 000 /наян сая/ төгрөгөөр тохиролцоогүй, тухайн автомашины зах зээлд түргэн борлогдох үнэ 80 000 000 төгрөг биш байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Хариуцагчийн шүүхэд гаргасан Unegui.mn сайтын 2021.05.21-ний болон 2021.05.23-ны өдрийн автомашин зарах зарыг /хх-58х-59х/ фидуцийн зүйлийг худалдан борлуулах үеийн зах зээлийн үнийг тодорхойлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Ж.С нь тухайн автомашиныг 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр 110 000 000 төгрөгөөр худалдан авсан, иргэн Т.Мөнхгал 2020 оны 10 сарын эхэнд автомашиныг 80 000 000 төгрөгөөр худалдан авах хүсэлтээ ИН ХК-д илэрхийлсэн /хх-96-99х/ зэргээс үзэхэд автомашины тухайн үед 80 000 000 төгрөгөөр худалдан борлогдох боломжтой байсан гэж үзэхээр байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч ИН ХК-ийг фидуцийн зүйлийг зах зээлд түргэн борлогдох үнэ 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Ж.Ст хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.С нь автомашины зах зээл дээр түргэн борлогдох үнийг 80 000 000 /наян сая/ төгрөгөөр тохиролцсон тул хохирлыг 80 000 000 төгрөгөөс зээлийн төлбөр 53 734 900 төгрөгийг хасч 26 265 100 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч ИН ХК-иас 26 265 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ст олгож, нэхэмжлэлээс үлдэх 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ИН ХК-иас 26 265 100 /хорин зургаан сая хоёр зуун жаран таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ст олгож, нэхэмжлэлээс үлдэх 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 276 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИН ХК-иас 289 275 /хоёр зуун наян есөн мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулж Ж.Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА