| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
2024 04 02 2024/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн 24250010**** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-19 дүгээр байрны урд зам дээр хохирогч О.Ан **-**улсын дугаартай тоёота кроун 210 маркийн тээврийн хэрэгслийг асаалттай байхад завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Цг “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд:
улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Хохирогч “эд зүйлээ хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь О.Ан эзэмшлийн **-**улсын дугаартай тоёота кроун 210 маркийн тээврийн хэрэгслийг асаалттай байхад завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч О.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлаасаа 16 цаг 10 минутад буугаад өөрийн эзэмшлийн Тоёота Кроун 210 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр гэрлүүгээ явж байсан. Тэгээд өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-19 дүгээр байрны урд талд ирээд зогсоолд байрлуулах гэсэн боловч байрны урд зогсоол сул зогсоол байхгүй болохоор байрны арын зогсоолд тээврийн хэрэгслээ зогсоох гээд хөдлөөд явж байтал мөнгөлөг саарал өнгийн Тоёота РАВ4 маркийн **--*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед тухайн тээврийн хэрэгсэл нь миний тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хаалганы доод талд дугуй хэсгээрээ миний машиныг шүргэчихсэн. Тэгсэн РАВ4 жолооч бууж ирэхээр нь би мөн адил машинаасаа буугаад тойроод хартал яах ч аргагүй шүргэчихсэн байхаар нь чи миний шүргэцэн байна гэсэн чинь зүгээрээ наадах чинь зүгээр байна гэхээр нь үгүй ээ та шүргэцэн байна хоёулаа хурдхан шиг тохирчихъё гэхэд үгүй ээ наадах чинь зүгээр байна гээд байж байхад хажуунаас хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй хар өнгийн өмдтэй, саарал өнгийн куртик өмссөн согтуу гэмээр залуу ирээд юун сүртэй юм бэ чи өөрөө Кроун уначихаад гэснээ миний зүүн талын шанаа хэсэгрүү 1 удаа цохиж, миний энгэр хэсгээс хоёр гараараа боож байгаад замын хашлагаруу түлхээд унагахад РАВ4-ийн жолооч бууж ирээд бид хоёрыг салгасан чинь тухайн залуу намайг ална гээд хөөгөөд байхаар нь би байр тойрч зугтаад байрны урд талд байх "ЖЭМ" дэлгүүрийн хажууд ирсэн чинь намайг гүйцэхээ болиод буцаад миний машин байсан зүг рүү явчихаар нь араас нь дагаад очтол РАВ4 хөдлөөд явчихсан мөн намайг хөөж байсан залуу миний машинд сууж, жолоодоод цааш байрны ард байх 21 дүгээр цэцэрлэгийг чиглээд явж байснаа цэцэрлэгний хашааны наана байсан өндөр ургаа модыг миний машинаар мөргөж зогсоод бууж ирэнгүүтээ байрны ар талаар тойроод зугтчихсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн" гэх мэдүүлэг,/хх-ийн 16-17-р, 20-21-р тал/
- Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн өдөр би Орос сургуулийн хоккейн талбайгаас ач охиноо 8 дугаар сургуульд волейболын бэлтгэлд явна гээд хүргэж өгөх гээд явж байсан. Тэр үед 8 дугаар сургууль руу явдаг зам нь зэмт багийн 1-19 дүгээр байрны урдуур сүлжиж гардаг.Тэр үед мөнгөлөг өнгийн улсын дугаарыг нь бол санахгүй байна. Тоёота кроун 210 маркийн машин миний урсгалд ороод ирэхээр нь би замаа чөлөөлөөд баруун гар тийш эргэж зай тавьж өгөх үйлдэл хийж байтал Кроуны жолооч шахаж орж ирээд миний зүүн талын урд дугуйг ирээд өөрөө шүргэчихсэн. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад хоорондоо ярилцаад зогсож байсан чинь хаанаас ч юм нэг согтуу эрэгтэй хүн гарч ирээд "Чи муу кроун уначихаад юун сүртэй юм. Наадах чинь дөнгөж дугуйн нь шүргэцэн л байна ш дээ.” Гээд зогсоод байсан. Харин Кроуны жолооч болохоор цагдаа дуудъя хоёулаа цагдаагаар шийдье гэсэн чинь нөгөө согтуу залуу Кроуны жолоочийг цохиж аваад барьцалдаад зогсоод байхаар нь согтуу залууг салгаад авсан чинь Кроуны жолооч замын эсрэг талруу буюу урагшаа гүйгээд гарчихсан. Тэгсэн согтуу улам араас нь хөөгөөд нилээн цаашлаад Жэм дэлгүүрийн зүг рүү явчихсан. Тэр хооронд замын түгжрэл үүсээд хүмүүс уурлаад байхаар нь би тэндээ замаа чөлөөлөөд яваад өгсөн. Цаашаа юу болсон талаар бол мэдэхгүй байна. Дээрээс нь хүүхдийн бэлтгэлийн цаг нь тулчихсан байсан болохоор яараад яваад өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал /
- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байгаад хоёр маргалдаад зогсож байхаар нь нэг хүнийг нь өмөөрөх гэж байгаад хөгшин хүн явуулаач гэж маргалдаж байгаад хүний машин авч унаад юм мөргөчихсөн гэж байсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р тал/
- Орхон аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын 2024 оны 02 дугаар сарын 14-ны 03 дугаартай “урд талын бамфер хамгаалалт хагасан, кузов, бүхээг муу, хөдөлгүүрийн хаалт цөмөрсөн, урд нүүр хагарсан” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 38-44-р тал/,
- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны 3201 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 50-53-р тал/,
-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Цгийн бусдын автотээврийн хэрэгслийг унаж явсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдсан, хохирогчийн автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах байдлаар авч явсан идэвхитэй үйлдлээр илэрч, Б.Ц өөрийнхөө үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж, мөн уг автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүй өөрийн болгох гэсэн зорилгогүй, түр унасан байдлыг уг эд хөрөнгийг завших зорилгогүй авч явсан байна гэж тус тус үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж шүүгдэгч хохирогчийн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй, завших зорилгогүй авч яван, өмчлөгч, эзэмшигчид хохирол учруулсан эсэхээс үл хамааран гэмт хэргийн шинж хангагддаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм.
Иймд шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ц бусдын автотээврийн хэрэгслийн хууль бусаар авч явахдаа уг автомашинаар мод мөргөж, автомашины эзэмшигч О.Ад 9.530.000 төгрөгний хохирол учирсан ба хохирогч О.А “...шүүх хуралдаанд оролцохгүй, миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Цг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Цгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц шүүхээс оногдуудлсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР