Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 86

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

иргэдийн төлөөлөгч: Н.Чулуунбаатар,

насанд хүрээгүй хохирогч: О.Саранцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхбаатар, өмгөөлөгч Ч.Болдбаатар /1054/,

гэрч: Э.Оюундэлгэр, Б.Жаргалсайхан,

шүүгдэгч: Ч.Өлзийтмаа, түүний өмгөөлөгч Ц.Энхболд /0369/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агрут овогт Чойнхорын Өлзийтмаад холбогдох эрүүгийн 2016 2602 0976 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, өнгөлгөөчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч Б.Баасанжав, охин Ө.Оюумаа нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, 2 дугаар гудамж, 8а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШБ 70032106, Агрут овогт Чойнхорын Өлзийтмаа.

 

Шүүгдэгч Ч.Өлзийтмаа нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрийн тойргийн 7-8б тоотод 5 настай зээ охин О.Саранцэцэгийг “хулгай хийлээ” гэснээс буюу үл ялих зүйлээр шалтаглан галын дэгээ төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Өлзийтмаа мэдүүлэхдээ:

Би зээ охиноо “хулгай хийлээ” гэж биш харин өөр шалтгаанаар зодсон. 2016 оны 02 дугаар сарын 26-ны шөнө гэртээ унтаж байтал хамтран амьдрагч Б.Баасанжав “хайрын тэнгэр минь” гэж яриад байхаар нь босоод, гэрлээ асаагаад хартал тэр миний зээ охин О.Саранцэцэгтэй хамт унтаж байсан. Тэгэхээр нь би босоод “чи яахаараа миний охиныг өвөртлөөд унтаж байдаг юм бэ, охиныг яасан бэ” гээд түүнтэй хэрүүл хийсэн. Тэр ер нь намайг байнга доромжилж байдаг юм. Бүүр давраад гэрт маань хүн авчраад хажууд маань доромжилж байна гэж бодтол тэр зээ охиныг маань орондоо оруулсан  байсан. Тэгээд зээ охиноос “юу болсон бэ” гэж асуухад тэр “яагаа ч үгүй” гэж хэлсэн. Дараа нь “Б.Баасанжав ах миний өмд рүү гараа хийгээд байсан” гэсэн.  Үүнээс өмнө Э.Оюундэлгэр охиноо надад орхиод явсан байсан. Б.Баасанжав бид хоёр О.Саранцэцэгийг усанд оруулж байхад бэлэг эрхтэн нь улайсан байсан. Би түүнээс учрыг нь асуухад “аав, ээжийг согтуу байхад дандаа хуруугаа хийдэг, хэлэх юм бол зодно шүү гээд дух руу нясалдаг, шилбэ рүү өшиглөдөг” гэж хэлсэн. Би энэ талаар эгчдээ хэлсэн. Гэтэл үүний дараа Б.Баасанжав охиныг оролдсон үйл явдал болсныг би өөрийн чихээр сонсож, нүдээр харсан. Тэгээд би Б.Баасанжавтай “зээ охиныг маань оролдлоо” гэж хэрэлдэхэд тэр “чи наад үгээ  тэр Эрболддоо хэл” гээд намайг зодсон. Тэгээд би учрыг нь олохоор зээ охиноосоо  “миний охиныг аав нь оролдсон уу, Бааска ах нь оролдсон юм уу” гэж асуухад тэр “мэдэхгүй, би яагаа ч үгүй” гээд хэлэхгүй болохоор нь зодсон. Энэ асуудал оройн 20-21 цагийн үед болж, 22 цагт цагдаа ирсэн. Би нуруу руу нь 3 удаа цохиход нэг нь гар дээр нь оносон байх. Э.Оюундэлгэр гэрт охиноо авчирч үлдээхдээ миний халааснаас 30 000 төгрөг, Б.Баасанжавын халааснаас гар утсыг нь авсан байсан. Үүнээс болоод Б.Баасанжав “чиний хүүхэд хулгайч, би чамайг тэжээж байна” гэж намайг байнга дарамталж, зодсон.

Тэр хэрэг гарсан өдөр манай эгч “миний мөнгө алга болсон байна” гэж надад хэлсэн ба хүүхдүүд О.Саранцэцэгийг “дэлгүүрт том мөнгө бариад ундаа, шоколад авах гээд зогсож байна” гэж хэлэхээр нь О.Саранцэцэгээс “хүний мөнгө авсан уу” гэж асуухад “мөнгө аваагүй” гээд байхаар нь түүнийг гараараа цохиод, “яагаад хүний мөнгө авдаг юм бэ” гээд загнаад өнгөрсөн. Энэ маргаан өдөр 11 цагийн үед болоод өнгөрсөн байсан.

Манай нагац дүү Б.Жаргалсайхан “Б.Баасанжавыг миний зээ охин О.Саранцэцэгийг оролдоод байна гэж дуудлага цагдаад өгсөн бөгөөд намайг зээ охиноо зодсон гэж тэр цагдаад дуудлага өгөөгүй юм.

Тэгээд цагдаа ирээд Б.Баасанжавыг авч явж, би гэртээ үлдсэн. Би О.Саранцэцэгийг галын дэгээ төмрөөр цохиж, хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж, өөрийн бурууг ойлгож байна. Би түүнийг багаас нь эхлэн өсгөж хүмүүжүүлсэн. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.Энхбаатар мэдүүлэхдээ:

О.Саранцэцэг анх төрсөн даруйдаа манайд ирээд 5 сар болоод дараа нь эмээ Ч.Өлзийтмаа дээр очсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлтээр охины онгон хальс нь бүтэн байна гэсэн. Охиныг оролдсон байх магадлалтай боловч энэ үйл явдлыг би хараагүй. Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар намайг О.Саранцэцэгийн асран хамгаалагчаар томилсноос хойш тэр надтай хамт амьдарч байна. Түүний ээж Э.Оюундэлгэрийн эх байх эрхийг хасаагүй. Төрсөн ээж нь хүүхдээ харж анхаарах ёстой гэж бодож байна. Охин одоо эрүүл саруул байгаа тул Ч.Өлзийтмаад холбогдуулан гаргах гомдол, саналгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч-О.Саранцэцэг мэдүүлэхдээ:

Намайг гадаа тоглож байхад эмээ гараараа миний нуруу руу цохисон. Би галын дэгээгээр зодох гэж байгаа байх гэж бодоод тэр үед би айсан. Эмээ намайг ганцхан хэрэг гарсан өдөр л зодсон. Урьд нь зодож байгаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

Ч.Өлзийтмаа нь миний нагац эгч юм. Хэрэг гарсан өдөр намайг гэртээ унтаж байтал манай тэндхийн 2 хүн “О.Саранцэцэгийг, Б.Баасанжав хуруугаараа оролдоод байна” гэж надад хэлсэн. Би О.Саранцэцэгийг гэртээ оруулаад энэ талаар асуухад “тийм” гэж надад хэлсэн. Тэр үед би 88717311 гэсэн дугаараас цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 30 орчим минутын дараа тэд ирсэн. Цагдаагийн газар намайг байлцуулж байгаад охиноос мэдүүлэг аваад, шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Анх дуудлага өгсөн шөнөө би О.Саранцэцэгтэй хамт байж мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш би хамт мэдүүлэг өгөөгүй. Тэр үед О.Саранцэцэг айсан байсан. Гэхдээ уйлаагүй гар хөл дээр нь ганц нэг шалбархай байсан. Тухайн үед цагдаа ирээд О.Саранцэцэгийг гэр рүү нь дагуулж ороход Б.Баасанжав согтуу, Ч.Өлзийтмаагийн архи нь гарсан байдалтай унтаж байсан. Тэгээд цагдаа нар Б.Баасанжавыг аваад явсан. Өмнөх шүүх хуралдааны үеэр надаас архи үнэртэж байна гэсэн болохоор би “архи үнэртүүлчихээд худлаа үнэн юм яриад яах вэ” гэж бодоод мэдүүлэг өгөөгүй юм. Би Ч.Өлзийтмаа эгчийг зээ охин Саранцэцэгийг зодож байхыг хараагүй. О.Саранцэцэг надад “Бааска өвөө намайг хуруу хийгээд оролдоод байсан. Би чамд гоё юм авч өгнө” гэсэн гэж надад хэлсэн. Анх О.Саранцэцэг цагдаагийн газар очоод өөрөө энэ талаар цагдаад хэлж байсан. Би тэр үед нь үүдэн дээр нь зогсож байсан. Намайг О.Саранцэцэгийг шүүх эмнэлэгт үзүүлэхэд нуруу нь улайсан, хөхөрсөн байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Э.Оюундэлгэр мэдүүлэхдээ:

Ч.Өлзийтмаа миний ээж, насанд хүрээгүй хохирогч О.Саранцэцэг миний охин, Б.Энхбаатар миний аав юм. Би хэрэг гарах үед охиныхоо хамт дэргэд нь байгаагүй. Би ихэвчлэн ээж Ч.Өлзийтмаагаараа охиноо харуулдаг ба цэцэрлэгт орсноос нь хойш ээж дээр байгаа юм. Мөрдөн байцаалтын эхний үед охиноосоо болсон явдлын талаар асуухад “эмээ гартаа дэгээ төмөр барьсан байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэгээ төмрөөрөө охиныг зодсон юм байх гэж бодсон. Тэгээд дараа нь лавлаад асуутал “эмээ намайг дэгээ төмөргүй гараараа цохисон” гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад миний найз Гэрэлт-Ирээдүй “Баасанжав охиныг чинь оролдсон юм шиг байна. О.Саранцэцэгийг танай ээж Ч.Өлзийтмаа зодсон байна, чи ирээч” гээд дуудсан. Тэгж энэ хэргийн талаар мэдсэн. Хэрэг гарснаас хойш 8 хоногийн дараа охин маань манайд ирсэн. Тэгэхэд биед нь хөхөрсөн зүйл байгаагүй. Би тэр талаар өөрийн нүдээрээ хараагүй. Миний эх байх эрх хасаагүй тул би цаашид охиноо харж асраад байх боломжтой. Ээж Ч.Өлзийтмаад холбогдуулан гаргах гомдолгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Гарамханд мэдүүлэхдээ:

...Би 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад очиход манай дүү Ч.Өлзийтмаа нь төрсөн охин Э.Оюундэлгэрийн охин 5 настай О.Саранцэцэгийг “хүний ээмэг хулгай хийлээ” гээд галын дэгээ төмрөөр зодсон байна лээ. Маргааш нь манай том хүү шүүх эмнэлэг рүү авч очиж үзүүлэхэд нуруу болон гар луу нь цохисон байсан.

Өмнө нь манай дүү Ч.Өлзийтмааг согтуу тасарч унаад сэрэх хооронд зээ охин О.Саранцэцэгийг нь Ч.Өлзийтмаагийн хамтран амьдрагч Б.Баасанжав өвөртөө оруулчихсан “Хөх тэнгэр минь” гээд үнсээд байж байсан гэж манай төрсөн эгч Сугаржаргалд Ч.Өлзийтмаа нь хэлсэн байсан. Тэгээд Ч.Өлзийтмаа О.Саранцэцэгээс асуухад “манай аав миний боожгой руу хуруугаа хийгээд үнэрлээд байдаг” гэж хэлсэн байсан. Тэгээд бас Бааска ах дараа нь гэрт байхад миний боожгой руу хуруугаа хийсэн гэж хэлсэн байна лээ. Би тэрийг яг хараагүй учраас үнэн худлыг нь мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн эмч нь О.Саранцэцэгийг охидын эмчид үзүүлээрэй гэж байсан гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Баасанжав мэдүүлэхдээ:

...2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хадам эгч Ч.Сугаржаргал, эхнэр Ч.Өлзийтмаа, бид 3 хоёр шил архи уусан. Дараа нь би гэртээ ороод унтаад өгсөн. Манай эхнэр Ч.Өлзийтмаагийн найз Баярмаа урьд өдөр нь ирсэн байсан. Түүнээс 5 000 төгрөг хулгай хийсэн гээд зодсон байна лээ. Тэр үед нь би согтуу унтаж байсан болохоор яг юу болсныг нь мэдээгүй. Харин түүний дараа орой 19 цагийн үед сэрсэн чинь зээ охин О.Саранцэцэг “боожгой хорсоод байна” гэхээр нь би босоод, трусикийг сольж өгөөд байж байсан чинь манай эхнэр Ч.Өлзийтмаа нь сэрээд “манай зээ охиныг оролдлоо” гэж хэлээд, зээ охиноо зодсон бөгөөд “дандаа гай болж байдаг” гэж хэлсэн. Зээ охин О.Саранцэцэг зодуулаад гэрээсээ гарч гүйгээд хажуу айл болох Б.Жаргалсайханы гэрт орсон, Б.Жаргалсайхан нь цагдаа дуудсан. Тухайн үед Ч.Өлзийтмаа согтуу байсан. О.Саранцэцэгийг “хулгай хийлээ” гээд зодохоор нь би салгасан юм. Би О.Саранцэцэгийг жоохон юм болохоор нь их хамгаалж өмгөөлдөг. Ч.Өлзийтмаа нь О.Саранцэцэгийн хаана цохисныг мэдэхгүй, би сайн хараагүй гэжээ. (хэргийн 92 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3077 дугаартай дүгнэлтэд:

1. О.Саранцэцэгийн биед баруун, зүүн дал, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд:

2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Оюундэлгэрийн Саранцэцэг төрснийг бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Өлзийтмаа ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 61, 115 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Өлзийтмааг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, 2 дугаар гудамж, 8б тоотод 5 настай, зээ охин О.Саранцэцэгийг “хулгай хийлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан галын дэгээ төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Өлзийтмаа би төрсөн охин Э.Оюундэлгэрийн охин, өөрийн зээ охин О.Саранцэцэгийг “мөнгө хулгай хийлээ” гэж зодоогүй харин намайг унтаж байгаад сэрэхэд миний хамтран амьдрагч Б.Баасанжав зээ охиныг маань өөрийн орон дээр аваачин, өвөртөлж унтахдаа “Хөх тэнгэр минь” гэж хэлээд үнсэж байхыг би өөрөө сонссон тул зээ охиноосоо “Б.Баасанжав түүнийг оролдсон эсэхийг” асуухад тэр “эмээ би яасан юм бэ, би мэдэхгүй” гээд хэлэхгүй байхаар түүнийг галын дэгээ төмрөөр цохисон гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг зээ охиноо “хулгай хийлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглаж биш харин дээрх хувийн тодорхой сэдэлтээр зодсон гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй ба тэр олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлосон, ичгүүр сонжуур, догшин авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн ялимгүй зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч зээ охиныхоо эсрэг хүч хэрэглэн танхайрсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Шүүгдэгч нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр архи ууж, согтуурсан үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрийн тойргийн 7-8а тоотод 5 настай, зээ охин О.Саранцэцэгийг галын дэгээ төмрөөр цохиж, бие махбодид нь баруун, зүүн дал, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, баруун гарын эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3077 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан ба хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

Иймд шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул Ч.Өлзийтмаа нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заажээ.

Ч.Өлзийтмаа нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 13 хоногийн хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хөнгөн гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэж байна.

Ч.Өлзийтмаа нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, 2 дугаар гудамж, 8а тоотод оршин суудаг нь түүний иргэний үнэмлэхийн  лавлагаагаар нотлогдож байх тул гэмт хэрэг гарсан газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, 2 дугаар гудамж, 8а тоот гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.