Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2017/0034

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би Э.Н-гийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/609 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянбулаг сумын сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Баянбулаг сумын сургуулийн захирал Э.Н-гийг чөлөөлсөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/609 дугаар захирамжийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/173 дугаар захирамжаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

 Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Э.Н нь Баянбулаг сумын 4 дүгээр багт оршин суудаг. 2016 оны 1 дүгээр сараас тус сумын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс аймгийн Засаг даргын 609 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Улмаар ажлаас халагдсантай холбогдуулан аймгийн Захиргааны хэргийн шүүх, Төрийн албаны зөвлөлд өргөдөл, нэхэмжлэл гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс аймгийн Засаг даргын А/173 дугаар захирамжаар буцаад сургуулийн захирлаар ажиллах болсон. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гагасан өргөдөл, нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ Миний бие Э-ын Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/609 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянбулаг сумын сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож дараах хүсэлтийг гаргаж байна.

Хариуцагч тал нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн талаар шүүхэд хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт ирүүлжээ.

Мөн миний төлөөлүүлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ажилдаа эргэж орсон талаар дурдсан байна.

Хариуцагчийн ирүүлсэн нотлох баримт, бусад хүсэлтээр гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй,  сөргөөр нөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрхтэй бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно..” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/609 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Баянбулаг сумын сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыгхариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь хүлээн зөвшөөрсөн тухайгаа, нэхэмжлэгч Э.Н нь ажилдаа эргэн орсон, нэхэмжлэлээ буцаан татах тухайгаа, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э ...хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү... гэж хүсэл зоригоо тус тус бичгээр илэрхийсэн бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Э.Н-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/609 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянбулаг сумын сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ц.СУВДМАА