Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/211

 

2024     05           14                                          2024/ШЦТ/211

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Хохирогч Ц.Б,

Шүүгдэгч Я.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Сд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Я.С

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Я.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу явах чиглэлд Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газарт Лексус 250 маркийн **-***улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан иргэн Б.Зтай урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 2 дугаар шүдний булгарал, уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22-23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан бууз” хоолны газарт хохирогч Ц.Бтай шалтгаангүйгээр маргалдан гараараа нүүр, толгой хэсэгт цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүнийг “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйлгүйгэсэн тайлбарыг,

Хохирогч Ц.Б “хохиролд 1,200,000 төгрөг авсан, үлдэгдэл 800,000 төгрөгийг өгнө гэсэн, хамартаа эмчилгээ хийлгэж дуусаагүй байгаа” гэсэн тайлбарыг,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс:

- Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг 13 минутад манай нөхөр над руу залгаад цагдаагийн газарт ирчихсэн байна, би хүнд зодуулсан. Бөөнөөрөө нийлээд намайг дээрэлхээд байна гэхээр нь гэрээсээ гараад цагдаагийн газарт ирэхэд манай нөхөр ганцаараа сууж байсан… Хамар нь муруйчихсан байж байхаар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт очоод рентген зураг авахуулаад зургийг нь харахад хамар нь хугарчихсан, баруун тал руугаа муруйчихсан байсан. Тэгээд яг юу болсон талаар нөхрөөсөө асуухад ажлынхаа хүмүүстэй гадуур архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад гэр рүүгээ харих гэж явж байгаад хуучин хамт ажилладаг байсан хүнтэйгээ таараад хоол идүүлэх гэж хоол захиалаад сэрээ авах гээд боссон чинь үл таних хүн манай нөхрийн хамар руу цохиод авсан байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,

- Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дугаар тал/,

- Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Шинэбаярыг Хаан бууз руу дагуулж ороод хоол авч өгсөн. Тэгтэл Шинэбаяр хоолоо гараараа идээд байхаар нь босоод халбага авч өгөх гээд тек дээр очтол урдаас үл таних хүн хамар болон баруун талын чих рүү хэд хэдэн удаа гараараа цохихоор нь би яаж байгаа юм бэ чи гэж хэлэхэд тэр залуу чи над руу муухай харсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хаан буузны эмэгтэйг цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд цагдаа дуудсан. Тухайн үед миний хамарнаас цус гарсан. Нэгдсэн эмнэлэг дээр очиж хамрынхаа рентген зургийг авахуулахад хугаралтай байна гэсэн онош гарсан. Одоо хамар битүүрч толгой бага зэрэг өвдөж байна...Би  тухайн үед бага зэргийн согтолттой байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

- Гэрч Д.Эрдэмдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Хаан бууз хоолны газар орж Ц.Б хуучны танил гэх хүнд хоол авч өгсөн. Тэгтэл тэр залуу авч өгсөн хоолыг гараараа идээд байхаар нь Ц.Б сэрээ авч өгөх гэж босоод тек рүү явсан. Тэгтэл текний урд танихгүй залуу Ц.Бын нүүрэн тус газарт гараараа цохиход Ц.Б хамраа дараад доошоо тонгойсон. Тэр үед Хаан буузны хамгаалагч очиж салгасан. Удалгүй цагдаа ирээд Ц.Быг цохисон залуу болон Ц.Быг хамт авч явсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

- Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хаан бууз хоолны газарт хувиарт ээлжтэй байсан ба орой 22 цаг өнгөрч байхад гаднаас 3, 4 согтуу залуучууд орж ирээд хоолоо захиалаад суусан. Тэгтэл тэр эрээн куртиктэй өндөр залуу босоод тек рүү ирэхээр нь би текны хажуу талд сууж байгаад тэр залуу дээр очоод суудал дээрээ сууж бай манайх үйлчилгээний байгууллага гэж хэлтэл тэр залуу за гээд буцаад суудал руугаа явж байтал гаднаас өндөр саарал цамцтай залуу, настай ах, настай эгч, хар цамцтай хүүхэнтэй дөрвүүлээ орж ирсэн. Тэгээд эрээн цоохор куртиктэй залуу гаднаас орж ирсэн саарал цамцтай залуу хоёр зөрөлдөхдөө хоорондоо маргалдаж эхлэхээр нь би салгасан. Тэгээд тухайн саарал цамцтай залуу цаана очоод сууж байтал эрээн цамцтай залуу нөгөө залууг үгээр өдөж эхэлсэн. Тэгтэл саарал цамцтай залуу суудлаасаа босож ирээд шууд цохисон…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

- Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Цохисон гэх эрэгтэйтэй уулзахад наад залуу чинь өөрөөсөө болж надад нэг удаа цохиулсан гэж хэлсэн. Тэгээд цохиулсан гэх эрэгтэй нь гомдолтой гэж хэлсэн учир цохисон болон цохиулсан эрэгтэй хоёрыг аваад цагдаагийн газарт хүлээлгэн өгч дараагийн газар руу явсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

- Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Цохисон гэх эрэгтэйтэй уулзахад наад залуу чинь өөрөөсөө болж надад нэг удаа цохиулсан гэж хэлсэн. Тэгээд цохиулсан гэх эрэгтэй нь гомдолтой гэж хэлсэн учир цохисон болон цохиулсан эрэгтэй хоёрыг аваад цагдаагийн газарт хүлгэн өгч дараагийн газар руу явсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Хаан бууз ороод би кассны хэсэгт хоол захиалах гээд зогсож байхад нэг өндөр залуу Я.Стай маргалдаж байхаар нь би салгах гээд зогсож байсан. Цаанаас Я.С сандал дээр сууж байгаад босож ирээд цохисон. Тэр хоёрыг салгаад зогсож байхад хамгаалагч ирээд хамт салгаж байхад Я.Сд цохиулсан залуу цагдаа дуудсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

            - Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаартай “…Ц.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.”  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

- Яллагдагч Я.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тухайн өдрийн орой Хаан бууз дотор миний барьж явсан хоол билүү цайг Ц.Б нь надтай зөрөхдөө шүргэж асгахаар нь уучлалт гуйгаад ширээний ар талд сууж байсан чинь гараад ир гэж дуудаад байхаар нь босож очоод зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дүгээр тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дугаар тал/,

- Хохирогч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт замд хөдөөх ээр явж байгаад өмнө барилдаад хоёр удаа давсан чи энэ насандаа барахгүй гэж хэлэхэд Я.С нь уурласан ба явж байсан машинаа зогсоогоод машинаас буугаад зодолдохоор болж машины гадаа зодолдсон. Би хоёр нэгнийхээ нүүр рүү гараараа хэд хэдэн удаа буюу олон удаа цохилцсон. Миний үүдэн дээд хоёр шүд унасан, зүүн нүд орчим хөхөрч хавдсан, хэл шархалсан, уруулын дотор тал язарсан. Харин Я.Сд ил харагдах гэмтэл шарх учраагүй байх тэгээд бид хоёр зодолдохоо больсон. Я.С нь хотод очоод шүдийг чинь хийлгэж өгнө гэхээр нь цагдаад дуудлага өгөөгүй. Улаанбаатар хотод ирээд Я.Сд шүдээ янзлуулж авмаар байна гэхэд чадахгүй цагдаад ханд гэхээр нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар руу утсаар холбогдоход хол байгаа учир өөрийнхөө байгаа газрын цагдаагийн байгууллагад ханд гэсний дагуу цагдаад хандсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/,

- Гэрч Р.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.З, Я.С нар муудалцаад машинаас буугаад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт хөдөө зодолдсон гэж Тарвачамба надад хэлсэн ба намайг унтаж байхад сэрээсэн. Тарвачамба бид хоёр тэр хоёрыг салгасан. Б.Зын үүдэн дээд хоёр шүд нь унасан. Хэл нь хазагдсан юм шиг болсон байсан ба зүүн нүд нь хөхөрсөн байсан. Я.Сын ил харагдах байдал зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар тал/,

- Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөнххаан сумаар дамжин явах замд бие засах гээд зогссон. Тэгээд зогсоод машинаас буухдаа Я.С, Б.З  хоёр муудалцаад байсан. Надаас бусад нь согтуу байсан... Гадаа Б.З, Сарууд хоёр зодолдоод эхлэхээр нь би машинаасаа бууж очоод салгасан. Б.Зын үүдэн шүд нь уначихсан, Я.Сыг цохичихлоо гээд байж байсан. Я.Сын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-112 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7115 дугаартай “…Б.Зын биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 2 дугаар шүдний булгарал, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.гэх дүгнэлт /хавтаст хэргийн 114-115 дугаар тал/,

- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 391 дугаартай албан тоот,  хавсралт /хавтаст хэргийн 131-156 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Ц.Б, шүүгдэгч Я.С нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэцгээв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Я.Сын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Я.С нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагч нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Я.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газарт иргэн Б.Зтай маргалдаж, улмаар нүүр хэсэгт цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 2 дугаар шүдний булгарал, уруулд язрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22-23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан бууз” хоолны газарт хохирогч Ц.Бтай шалтгаангүйгээр маргалдан гараараа нүүр, толгой хэсэгт цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд хугарал” бүхий гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.

 

Шүүгдэгч Я.С нь хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт нь:

- Гэрч С.Аийн “…2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг 13 минутад манай нөхөр над руу залгаад цагдаагийн газарт ирчихсэн байна, би хүнд зодуулсан. Бөөнөөрөө нийлээд намайг дээрэлхээд байна гэхээр нь гэрээсээ гараад цагдаагийн газарт ирэхэд манай нөхөр ганцаараа сууж байсан… Хамар нь муруйчихсан байж байхаар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт очоод рентген зураг авахуулаад зургийг нь харахад хамар нь хугарчихсан, баруун тал руугаа муруйчихсан байсан. Тэгээд яг юу болсон талаар нөхрөөсөө асуухад ажлынхаа хүмүүстэй гадуур архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад гэр рүүгээ харих гэж явж байгаад хуучин хамт ажилладаг байсан хүнтэйгээ таараад хоол идүүлэх гэж хоол захиалаад сэрээ авах гээд боссон чинь үл таних хүн манай нөхрийн хамар руу цохиод авсан байсан…” гэх мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

- Хохирогч Ц.Бын “…Тэгтэл Шинэбаяр хоолоо гараараа идээд байхаар нь босоод халбага авч өгөх гээд тек дээр очтол урдаас үл таних хүн хамар болон баруун талын чих рүү хэд хэдэн удаа гараараа цохихоор нь би яаж байгаа юм бэ чи гэж хэлэхэд тэр залуу чи над руу муухай харсан биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Э-ийн “…Хаан бууз хоолны газар орж Ц.Б хуучны танил гэх хүнд хоол авч өгсөн. Тэгтэл тэр залуу авч өгсөн хоолыг гараараа идээд байхаар нь Ц.Б сэрээ авч өгөх гэж босоод тек рүү явсан. Тэгтэл текний урд танихгүй залуу Ц.Бын нүүрэн тус газарт гараараа цохиход Ц.Б хамраа дараад доошоо тонгойсон...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.М-ын “…Тэгээд эрээн цоохор куртиктэй залуу гаднаас орж ирсэн саарал цамцтай залуу хоёр зөрөлдөхдөө хоорондоо маргалдаж эхлэхээр нь би салгасан. Тэгээд тухайн саарал цамцтай залуу цаана очоод сууж байтал эрээн цамцтай залуу нөгөө залууг үгээр өдөж эхэлсэн. Тэгтэл саарал цамцтай залуу суудлаасаа босож ирээд шууд цохисон…” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.О-ийн “…Цохисон гэх эрэгтэйтэй уулзахад наад залуу чинь өөрөөсөө болж надад нэг удаа цохиулсан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Б-ийн “…Цохисон гэх эрэгтэйтэй уулзахад наад залуу чинь өөрөөсөө болж надад нэг удаа цохиулсан гэж хэлсэн. Тэгээд цохиулсан гэх эрэгтэй нь гомдолтой гэж хэлсэн учир цохисон болон цохиулсан эрэгтэй хоёрыг аваад цагдаагийн газарт хүлгэн өгч дараагийн газар руу явсан…” гэх мэдүүлэг, 

- Гэрч Д.Т-ын “…Хаан бууз ороод би кассны хэсэгт хоол захиалах гээд зогсож байхад нэг өндөр залуу Я.Стай маргалдаж байхаар нь би салгах гээд зогсож байсан. Цаанаас Я.С сандал дээр сууж байгаад босож ирээд цохисон…” гэх мэдүүлэг,

            - Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаартай дүгнэлт,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,

 

Шүүгдэгч Я.С нь хохирогч Б.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт нь:

- Хохирогч Б.Зын “…Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт замд хөдөөх ээр явж байгаад өмнө барилдаад хоёр удаа давсан чи энэ насандаа барахгүй гэж хэлэхэд Я.С нь уурласан ба явж байсан машинаа зогсоогоод машинаас буугаад зодолдохоор болж машины гадаа зодолдсон. Бид хоёр нэгнийхээ нүүр рүү гараараа хэд хэдэн удаа буюу олон удаа цохилцсон. Миний үүдэн дээд хоёр шүд унасан, зүүн нүд орчим хөхөрч хавдсан, хэл шархалсан, уруулын дотор тал язарсан. Харин Я.Сд ил харагдах гэмтэл шарх учраагүй байх тэгээд бид хоёр зодолдохоо больсон…” гэх мэдүүлэг, 

- Гэрч Р.Сүхтөмөрийн “...Б.З, Я.С нар муудалцаад машинаас буугаад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт хөдөө зодолдсон гэж Тарвачамба надад хэлсэн ба намайг унтаж байхад сэрээсэн. Тарвачамба бид хоёр тэр хоёрыг салгасан. Б.Зын үүдэн дээд хоёр шүд нь унасан. Хэл нь хазагдсан юм шиг болсон байсан ба зүүн нүд нь хөхөрсөн байсан. Я.Сын ил харагдах байдал зүгээр байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Таравчамбын “...Мөнххаан сумаар дамжин явах замд бие засах гээд зогссон. Тэгээд зогсоод машинаас буухдаа Я.С, Б.З  хоёр муудалцаад байсан. Надаас бусад нь согтуу байсан... Гадаа Б.З, Сарууд хоёр зодолдоод эхлэхээр нь би машинаасаа бууж очоод салгасан. Б.Зын үүдэн шүд нь уначихсан, Я.Сыг цохичихлоо гээд байж байсан. Я.Сын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг, 

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7115 дугаартай дүгнэлт, Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 391 дугаартай албан тоот,  хавсралт болон өөрийн гэм бурууг хүлээж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Шүүгдэгч нь бусдын бие махбодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчи нарын биед халдаж, идэвхтэй үйлдлээрээ зориуд хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг тодорхойлсон байна.

 

Я.С нь хохирогч  нартай таарамжгүй харилцаанаас үүссэн маргааны улмаас, шууд санаатай үйлдлээр, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Я.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч Я.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б, Б.З нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан бөгөөд хохирогч Б.З нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч Я.Сыг хохирогч Б.Зт төлөх төлбөргүй гэж, хохирогч Ц.Б нь хохиролд 1,200,000 төгрөг авсан, одоо 800,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн тул шүүгдэгч Я.Саас 800,000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Бт олгохоор шийдвэрлэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулж, 5 сар хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

Хохирогч Ц.Б “ямар нэгэн саналгүй” гэсэн,

Шүүгдэгч Я.С “миний буруу..” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Я.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч Я.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Я.Сын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Я.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсандүрс бичлэгийн хуурцаг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Я.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Я.Саас 800,000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч  Ц.Б олгож, хохирогч Б.Зт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

           6. Шүүгдэгч Я.С нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүүрсний бичлэг бүхий хуурцгийг  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР