| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0174/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/172 |
| Огноо | 2024-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/172
2024 04 22 2024/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Тулга нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 24250016****дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч байсан хохирогч Ц.Эг “... хүүгээ аваад явах гэлээ, хамт жаахан байсангүй” гэж маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүзүүнд цус хуралт, цээж, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д.Бг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд:
улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй...” гэсэн,
шүүгдэгч “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.Этай маргалдан улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Д.Б миний утас руу залгаж, мартын 8-ны баярын мэнд хүргээд хүүтэйгээ өнөөдөр уулзмаар байна. Хэд хоногоос Өмнөговь аймагт байх ажилдаа явлаа гэж хэлэхээр нь орой уулзаарай гэж хэлсэн. Би 18 цагийн үед гэртээ ирээд найз Мөрөнгийн утас руу залгаж, мартын 8-ны баярын мэнд хүргэхэд “манай гэрт хүрээд ирэх үү, би очоод авах уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй Мөрөн манай гэрийн гадаа ганцаараа ирэхээр нь би бага хүү Тэнгисийн хамт машинд суугаад Мөрөнгийн гэрт очсон. Мөрөнгийн гэрт ороход Д.Б, Мөрөнгийн нөхөр Тулгаа, Түвдэндорж гэх залуу эхнэрийнхээ хамт сууж байсан. Бид нар бүгдээрээ 0,75 литрийн 3 шил архи уусан. Харин Түвдэндорж нь миний бие өвдөөд байна, би архи уухгүй гэж хэлээд ганцаараа уугаагүй. Би орой 23 цаг өнгөрч байхад гэртээ харилаа гээд хүү Тэнгисийг дагуулаад явах гэхэд Д.Б нэлээн согтчихсон чамайг явуулахгүй, энд хамт унтана гэхээр нь би үгүй гэж хэлчихээд Түвдэндоржид хандан хүү бид хоёрыг гэрт хүргээд өгөөч гэж хэлэхэд танай нөхөр уурлаад байна гэж хэлээд хүргэж өгөөгүй. Тэр үед Д.Б яагаад Түвдэндорж чамайг хүргэж өгөх ёстой юм бэ, явах гээд байгаа юм бол машинд суу би хүргээд өгнө гэж хэлээд хүү Тэнгисийг аваад өөрийн **-**улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд суусан... Д.Б ертөнцийн зүгээр баруун тийш гудамжаар явж байгаад уулсын урд талын жалганд машин зогсоосон... Д.Б араас гүйж ирээд миний үснээс зулгааж машин руугаа чирсэн. Би машинд суухгүй гэхэд миний хөл, өгзөг хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байгаад машинд суулгаад хөдөлж, гудамжаар явж байгаад өөр нэг гудамжинд очиж зогссон. Би машинаас нь дахиж буугаад явах гэхэд Д.Б гарч ирээд миний үснээс зулгааж, цамцны захаар хоолойг маань боож, нүүрэн тус газарт гараараа цохисон. Газар унагаагаад машин руугаа чирсэн. Энэ үед харалдаа хашаанд байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарч ирээд Д.Бг надаас холдуулж цагдаад дуудлага өгнө гэхэд Д.Б хүү Тэнгисийг аваад машинаа унаад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
- Хохирогч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэл ямар нэгэн гэм хор учраагүй. Сэтгэцэд гэм хор учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
- Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “нөхөр маань хамт архи уусан. Архи уусан айлаас гарахад машиндаа суулгаад энэ гудамжинд зогсож зодчихоод хүүг маань аваад зугтаачихлаа” гэж хэлсэн... Хохирогч эмэгтэйн үснээс зулгаасан байдалтай, арзайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
- Хохирогч **-**ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Б нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад ороод ирнэ гэж хэлээд байшингаас гарсан. Хэсэг хугацааны дараа Д.Б Ц.Э нар орж ирээд дахиад жоохон сууж байгаад Ц.Э гэртээ харилаа гэсэн. Би такси дуудахад Д.Б нь өөрийнхөө Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг асааж эхнэр Ц.Э болон хүүгээ суулгаж манай хашаанаас гараад явсан. Би дуудлагын таксыг цуцалсан. Д.Б, Ц.Э нарын араас Долгор, Түвдэндорж нар гэртээ харилаа гээд явсан. Манай гэрт ямар нэгэн хэрүү маргаан зодоон болоогүй... 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.Э миний утас руу залгаж “... танай гэрээс гарсны дараа Д.Б намайг гэрт оруулахгүй байсан. Намайг цохисон, би цагдаа дуудлага өгсөн” гэж хэлсэн. Нарийн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 299 дугаартай “...1. Ц.Эгийн биед хүзүүнд цус хуралт, цээж, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
- Д.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би мэдүүлэг өгөхгүй, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Б, хохирогч Ц.Э нар гэр бүлийн харилцаатай байсан болох нь хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Д.Б нь хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн маргааны улмаас, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн харилцаатай Ц.Эгийн үснээс зулгааж хөл, өгзөг хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, хоолойг боож, нүүрэн тус газарт гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүзүүнд цус хуралт, цээж, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Д.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Бгийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Э нь “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүнд хохирол учирсан, шүүгдэгч хохирогчид хохиролд одоогоор өгсөн зүйлгүй, хохирлоо нэхэмжилбэл төлнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогч Ц.Э өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Бг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Э өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР