Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/185

 

2024    04          25                                           2024/ШЦТ/185

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 242500000*** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г

 

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **-**улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 1.64 хувийн согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Гг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Батбаатар: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс улсын яллагч:

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

- Согтуурал шалгасан баримт /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- Албан хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/

- Гэрч Ш.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөр хотхоноос хотын төв рүү явах замд хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 1,64 хувийн согтолттой байсан... 2023 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

- Гэрч Д.Агиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Амрах гээд байж байтал танихгүй дугаар залгаад танай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдааг баригдсан та нөхрөө ирж авна уу гэхээр нь би Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хивсний үйлдвэрийн баруун талд байрлах шунхлай колонк дээр очсон...Манай нөхөр гаднаас орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй орж ирсэн. Авч орж ирсэн Сэнгүр пиво ганцаараа гэртээ ууж харагдсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар  тал/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 57 дугаар тал/,

- Б.Гд холбогдох бүртгэлийн 478 дугаартай зөрчлийн материалын хуулбар /хавтаст хэргийн 45-52 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн **-**улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан баримт, албан хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Гд холбогдох бүртгэлийн 478 дугаартай зөрчлийн материалын хуулбар, 

- Гэрч Ш.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөр хотхоноос хотын төв рүү явах замд хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 1,64 хувийн согтолттой байсан... 2023 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Агиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Амрах гээд байж байтал танихгүй дугаар залгаад танай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдааг баригдсан та нөхрөө ирж авна уу гэхээр нь би Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хивсний үйлдвэрийн баруун талд байрлах шунхлай колонк дээр очсон...Манай нөхөр гаднаас орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй орж ирсэн. Авч орж ирсэн Сэнгүр пиво ганцаараа гэртээ ууж харагдсан... гэх мэдүүлэг болон шүүгдэгч Б.Гүгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Хавтаст хэргийн 32 дугаар хуудаст авагдсан баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байна. Иймд Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй, прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 таван сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгч Б.Г нь “торгох ялыг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Гд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Гд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР