Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/235

 

2024    05           24                                          2024/ШЦТ/235

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 24250015****  дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Д

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вегас баарны гадна хохирогч М.Мыг “...юугаа харсан юм” гэж хэлснээс шалтгаалан маргалдаж, улмаар хохирогчийг цааш явах үед нь хойноос нь очин нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь "духанд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн завжинд шарх, цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

Хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Д нь хохирогч М.Мтай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч М.Мын Орхон аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, /хавтаст хэргийн 4-р тал/,

- Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Vegas бааранд найз Пүрэвээгийн хамт 22 цаг өнгөрч байхад ороод Дижэ /Dj/-гийн хажуу талын ширээнд суугаад хүний 1, 1 лааз пиво авч уугаад 00 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Тэгээд баарны үүдэнд тамхи татаад зогсож байсан чинь хэдэн залуучууд хоорондоо маргалдаж байсан. Тэгсэн нэг залуу нь намайг юугаа харсан юм гэхээр нь би тамхи татаж байна гэсэн чинь айн юу гэнээ чи гээд дуугаа өндөрсгөөд ирсэн. Тэгэхээр нь муудалцаад яах вэ гэж бодоод цуг явсан найздаа явлаа гэж хэлээд хашаанаас гараад 3 дугаар микро талруугаа алхаж байтал араас дуудаад эргээд хартал чи яадаг гэнээ гэснээ толгой хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгэхэд тэд нартай явсан нэг залуу нь болиулж байснаа бүгд нийлээд зодоод унасан намайг 4-5 нийлж зодсон. Манай найзыг бас баарны гадаа хэд хэдэн удаа цохисон байна лээ. Зодуулсаны дараа миний зүүн хацар хавдсан, дух хавдсан, ам ангайхад өвдөөд юм идэхэд хөндүүртэй байсан. Толгой их өвдөж байсан... Надтай эхэлж маргасан залуу нь 22-23 орчим насны дундаж өндөртэй хүн байсан. Бусад хүмүүсийг нь сайн санахгүй байна, харанхуй байсан бас миний юүдэнг доош нь дарж байгаад зодсон болохоор сайн хараагүй. Бичлэгээ үзвэл танина.. Намайг зодож миний биед гэмтэл учруулсан залуу мөн байна. Би яаж таньж байна гэхээр урт үстэй байсан. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд хор уршиг учраагүй... Д.Д надад учруулсан бэртэл гэмтэлдээ эм тарианы мөнгө гэж 300,000 төгрөг өгсөн. Одоо гэрээр эмчилгээ хийлгээд миний биеийн байдал сайжирсан. Одоогоор баримт байхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 27-28, 30-р тал/,

- Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр найз М.Мын хамт Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Вегас бааранд 10 цаг өнгөрч байхад ороод баар хаахаар нь гарч ирээд гадна хаалганы үүдэнд тамхи татаад зогсож байхад хэдэн залуучууд хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгсэн нэг урт үстэй залуу нь үхсэнээ хараад байгаа юм гээд М.М руу орилсон. М.М өөдөөс нь зүгээр тамхи татаад зогсож байна гэсэн чинь юу гэнээ гээд М.М руу дөхөөд ирэхээр нь би М.Мыг татаад явая гээд хашааны хаалгаар гарах гэхэд араас хувцаснаас татаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би найзыгаа аваад явчихая гэсэн чинь М.Мыг урт үстэй залуу нь шууд цохиж аваад эхэлсэн. Тэгсэнээ урт үстэй залуу нь намайг чи муу ногоон үстэй писда гэснээ миний толгойн хэсэгрүү цохисон. Зодоон болоод дуусахад М.М газар хэвтэж байхаар нь босготол уруул нь сэтэрсэн, баруун хэсгийн шанаа нь хавдаад нэлээн том болчихсон байсан. Тэгээд бид 2 Төрийн банк талруугаа яваад нөгөө хүмүүс "Богд гол" баар талруу явчихсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-р тал/,

- Гэрч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...69-28 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай нөхөр Баярмагнайн нэр дээр байдаг. Одоо энэ машин Улаанбаатар хотод байдаг эмэгтэй дүү Баярмаа унаж байгаа. 02 дугаар сарын 08-ны өдөр Норов-Эрдэнэ Эрдэнэтэд байсан. Тухайн өдөр Норов-Эрдэнэ уг тээврийн хэрэгслийг унаж байсан. Тэр өдөр Баярмагнай бид 2 10 цагийн автобусаар Улаанбаатар хотруу явахад бид хоёрыг Норов-Эрдэнэ суулгаж өгөөд машин авч үлдсэн... Манай хүү 2017 онд аваарт ороод тархины хүнд хагалгаанд орж тархиндаа төмөр тавиулж одоо хүртэл эмчилгээ хийлгэж эмчийн хяналтанд байгаа. Заримдаа ярьж байсан юмаа мартах баруун хөл татах, уурлаж бухимдуулж болохгүй гээд бид нар их эмзэг ханддаг. Тухайн үед би тэгэж ярьж байхыг нь сонссон дараа нь би ээждээ хэлчих ямар хүмүүс байсан юм ээждээ хэлчих гээд янз бүрээр хэлсэн санахгүй байна 1 хүүхэд нь надтай цуг 1 дүгээр сургуульд  сурч байсан гэсэн нэрийг нь асуухад хэлэхгүй байна лээ....” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37-р тал/,

- Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цаг болж байхад Д.Д, Өнөболд, Нямка /Нямцэнд/ нартай Их хаадын цуваа хороололд очиж уулзсан. Би тухайн үед өөрийнхөө машинтай явсан. Тэр хэдийг аваад бид хэд бааранд орохоор болоод WAVE нэртэй баар луу очсон. Тэр бааранд орж бүгдээрээ жоохон бүжиглэсэн. Огт архи дарс уугаагүй. Тэр бааранд ороод удаагүй цагийг нь хэлж мэдэхгүй байна, миний бодлоор 23 цагийн үед бид нар Wave баарнаас гарч ирээд Vegas нэртэй баар луу явсан. Тус баараны гадаа очоод машинд Нямка үлдээд Өнөболд, Д.Д бид хэд баарны үүдэн очсон. Баарны үүдэнд очоод би 00-ын өрөө орж бие засчихаад баарны заал руу харахад нөгөө хэд орж ирээгүй байхаар нь баарнаас гарсан. Намайг баарнаас гарахад найз охин видео дуудлага хийсэн. Нэг мэдсэн Д.Д баарнаас гарч ирсэн бололтой нэг залуутай муудалцаад зогсож байсан /гадаа харанхуй байсан болохоор сайн хараагүй/, хажууд Д.Дтай муудалцаж байсан залуугийн хамт явсан найз нь зодоон хийх гээд над руу үүрч явсан цүнхээ шидсэн. Тэгэхээр нь би сандраад нөгөө залууг зүүн гараараа шанаа руу нь мангасдаж зай авсан. Тэгсэн чинь эргээд нөгөө залуу над руу дөхөөд ирэхээр нь цүнхээ ав гээд өгсөн боловч нөгөө залуу дайрах гээд байхаар нь ахиад гар луу нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Энэ үед Нямцэнд ирээд намайг татаж аваад нөгөө залуугаас холдсон. Тэгээд нөгөө хоёр залуугаас бид хэд уучлалт гуйсан. Удаагүй нөгөө 2 залуу яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-40-р тал/,

- Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цаг болж байхад их хаадын цуваа хороололд Норов-Эрдэнэ, Д.Д, Өнөболд бид дөрөв уулзсан. Уулзаад баар орохоор болоод Норов-Эрдэний машинтай барилгачингийн Wave нэртэй баар луу явсан. Тэр бааранд ороод хүн ихтэй байсан учраас гарахаар болсон. Wave баарнаас гараад Vegas баар луу 23 цаг өнгөрч байхад очсон. Бүгдээрээ баарны гадна очоод би машинд үлдээд Норов-Эрдэнэ бие засна гээд баар луу түрүүлээд орсон. Өнөболд, Д.Д хоёр болохоор баарны гадна зогсож харагдсан. Ингээд байж байтал Д.Д баарнаас гарч ирсэн хоёр залуутай муудалцаад хэрүүл хийж байсан. Д.Д хоёр залуутай хэрүүл хийж байхад нь Норов-Эрдэнэ баарнаас гарч ирсэн. Тэгээд нөгөө залуучуудтай Д.Д зодоон хийх гээд байгаа бололтой баарны ертөнцийн зүгээр хойд талд нь байх хашааны хаалгаар гарахаар нь би хойноос нь маргааныг зогсоох гээд очсон. Энэ үед нөгөө маргаан хийсэн 2 залуу болон Д.Дгийн хамт Норов-Эрдэнэ цуг хашаанаас гарсан. Өнөболдыг бол сайн хараагүй, ойр хавьд хараад зогсож байсан байх гэж бодож байна. Намайг нөгөө хэд дээр буюу хашааны гадна явж очиход Д.Д /улаан билүү шар өнгийн үстэй/ нэг залуутай нь зодолдож байсан. Би Д.Дг нөгөө залуугаас салгаад холдуулсан. Холдуулчихаад эргээд хартал Норов-Эрдэнэ нөгөө Д.Дгийн зодолдож байсан залуугийн хамт явсан /цагаан саарал цүнхтэй/ найзтай нь барилцалдаад зогсож байсан. Тэгээд би нөгөө залуугаас нь Норов-Эрдэнийг салгаад согтуу 2 залуугаас уучлалт гуйсан. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн... ” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 42-43-р тал/,

- Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Их хаадын цуваа дээр Д.Д, Норов-Эрдэнэ, Нямцэнд гээд бид 4 22 цагийн үед уулзаад барилгачин ороод Wave гэж баарлуу орох гэж байгаад болиод Vegas руу явсан юм. Vegas баарны гадаа очоод дотогш Норов-Эрдэнэ бид 2 ороод 00-руу нь орчихоод буцаад гарахад гадаа Д.Д 20 орчим насны 2 залуутай маргачихсан зогсож байхаар нь болиулаад салгасан. Тэгсэн хэрэлдэж мууталцсаар байгаад вегас баарны төмөр хашаагаар гараад 3 дугаар микро талруугаа гараад хоорондоо барьцалдаад, цохилцоод байсан. Би төмөр хашааны хаалганы хажууд зогсоод зодоонд оролцоогүй. Тэгээд тэр бид нар буцаад машиндаа суугаад би 6 дугаар микрийн тойрог дээр буугаад үлдсэн... Би зодоон болоход нь байгаагүй болохоор хараагүй. Норов-Эрдэнэ хар цүнх үүрсэн залуутай цуг явсан. Ногоон үстэй залуутай заамдчихсан байсан. Тэгэхээр Д.Д өндөр залуутай зодолдсон байх... Норов-Эрдэнийн машинтай явж байсан Норов-Эрдэнийн машиныг нэрийг нь мэдэхгүй нэг залуу барьж явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-р тал/,

- Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Д ааш зангийн хувьд даруу төлөв хичээл сурлагандаа сайн ажилч хичээнгүй хүүхэд байсан. Одоо ч гэсэн ажил хийж гэр орноо тэжээгээд явж байгаа, хүнд тусархаг, нийтэч хүн юм... Д.Д миний мэдхийн ажлынхантайгаа л хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Харин надтай хамт байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй... Д.Д нь надад хэлэхдээ шоудаж, архи ууж байгаад нэг залууг зодоод гэмтээчихсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-р тал/,

- Яллагдагч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 73-74-р тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаартай “1.М.Мын биед духанд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн завжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 50-51-р тал/,

- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вегас баарны гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 15-23-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Дгийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

 

Шүүгдэгч Д.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч М.М нь “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 500,000 төгрөг авсан.” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Дд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

6. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР