| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0228/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/225 |
| Огноо | 0024-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бэд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт Очир ундраа ОМЗ ББСБ-ын эзэмшлийн **-**улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг 2,74 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд:
улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасахыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
- Согтуурал шалгасан баримт /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,
- Гэрч Б.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...согтуу жолооч машин мөргөсөн гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Балжиннямын Б.Б гэх иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **-**улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Приус-20 загварын тээврийн хэрэгслийг зогсож байх үед нь мөргөсөн зөрчил гаргасан байсан. Энэ үед Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзэхэд 2023 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн 2,74 хувийн согтолтын зэрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
- Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн өдөр би сэтгэлээр унаад 0,33 литрийн хэмжээтэй архинаас нэгийг ганцаараа уусан. Тухайн архийг ууж дуусгаад дахин дэлгүүр орж архи авахаар **-**улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад явсан. Ингээд Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөнхийн ус хүнсний дэлгүүрийн гадна талын зогсоол дээр машинаа байрлуулаад дэлгүүр рүү орж дахин нэг шилд архи, бэлэн гоймон ус аваад буцаж гарч ирээд машиндаа суугаад ухрах үйлдэл хийж байх үедээ миний тээврийн хэрэгслийн ард зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
- Гэрч М.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…өөрийн эзэмшлийн 39-20 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоол дээр байрлуулж тавиад дэлгүүр рүү орсон. Ингээд дэлгүүр рүү ороод хэсэг хугацааны дараа буцаад гараад ирсэн чинь **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ухрах үйлдэл хийж байхдаа миний машины зүүн хойд хаалга руу мөргөсөн. Энэ үед жолооч нь болох эмэгтэй бууж ирсэн ба архи уусан байдалтай согтуу байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,
- Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хавтаст хэргийн 28-49 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Хавтаст хэргийн 83 дугаар хуудаст авагдсан баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Б нь 0284811 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байна. Иймд Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэх ойлголтод хамаарна.
Шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй, прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Бэд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР