Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/224

 

2024     05          20                                          2024/ШЦТ/224

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 24250004**** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Б

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Сувд хотхоны 06 дугаар давхарт хохирогч М.М.У-ыг зүй бус үг, хэллэгээр доромжилсон шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар хохирогчийг үсдэж, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.Төгөлдөр: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар “би хохирогчийн хамрыг цохисноо хүлээн зөвшөөрнө, гэхдээ би бас тухайн үед зодуулсан, миний үснээс татсан, хохирогчийн үс биш байсныг нөхөр нь эхнэрийн үснээс ийм их унагаасан мэтээр мэдүүлэг өгсөн” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж оролцсон ба хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн болно.

 

Хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн боловч шүүгдэгч нь шүүхийн шатанд хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул шүүхээс шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж, ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын яллагч хавтаст хэргээс:

- Хохирогч М.М.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрөө дуудаад нөхөр намайг ирж аваад гэрлүү явж байтал Мөнхбат ахын гэрт шагнал, бэлэг дурсгалын зүйлээ мартчихсан маргааш нь амралтын өдөр учир авч амжихгүй байх гэж бодоод буцаад Мөнхбат ахын гэрлүү явсан. Тэгээд Сувд хотхон руу орох гэж байх үед гадаа нь Т.Б, Солонго таарчихсан. Тэр хоёр манай нөхөр бид хоёрыг янхан, гичий дуудлагаар ирсэн, та хоёр эхнэр нөхөр биш, та нар шалдан хэвтэж байсан биздээ гэх мэтчилэн доромжлоод байсан. Сувд хотхоны 6 давхар луу гараад Мөнхбат ахын хаалгыг тогших үед хаалга онгойлгохгүй байсан. Тэгээд Мөнхбат ахын хаалганы гадаа зогсож байтал Т.Б, Солонго нар нь хүрч ирээд намайг өдөөд хэл амаар доромжлоод байсан учир би Т.Бг үсдэж унагаасан. Тэр үед намайг Т.Б миний хамар луу цохичихсон, юугаар цохисныг харж амжаагүй. Би уурлаад Т.Бг унагаагаад өшиглөсөн. Тэр үед дээд давхраас Баттулга бууж ирсэн. Баттулга ах бууж ирээд Солонго, Т.Бг авч явах гэсэн ч Т.Б Солонго нар нь яваагүй. Тэгээд нөхөр бид хоёрыг явах гэхээр лифтийг Т.Б гараараа дараад явуулахгүй байсан... Миний хамар хугарч, баруун зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Бас зүүн талын хөмсөг хавдартай байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Гэмт хэргийн улмаас сэтгэцэд хохирол учраагүй, би сэтгэцэт учирсан хор хохирлыг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 32, 34 дүгээр тал/,

- Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 цагийн үед гар утас дуугарч миний эхнэр М.У нь чи Сувд хотхоны 605 тоотоос ирээд аваарай, би ажлынхантайгаа байж байх үед гаднаас үл таних хоёр эмэгтэй орж ирээд жоохон зөрчил маргаан үүсгэх гээд байх шиг байна гэж хэлсэн. 04 цаг 45 минутад би Сувд хотхон дээр очоод М.У-ыг аваад гэр лүүгээ явж байх үедээ гэнэт 605 тоотод шагнал хэрэгцээт зүйлсээ мартаад Сувд хотхоны гадаа машинаа байрлуулж, Сувд хотхоны гадаа үүдний хэсэгт байрлах шатан дээр Т.Б, Солонго нар тамхи татсан байдалтай байсан. Т.Б, Солонго нар М.У-ыг дуудан зогсоож, наад цуг яваа залуу чинь хэн бэ ? гэж асуусан. М.У энэ та нарт хамаагүй гэж хэлэх үед Т.Б, Солонго нар энэ чиний явалддаг залуу юм байна, М.У чи бол хар залуугаараа санаатай бацаан, Т.Б М.У-ыг 3 удаа дараалан пизда гэж дуудсан. Тэр үед М.У-ын сэтгэл түгшсэн байдал ажиглагдсан. Би Т.Б, Солонго нарт би М.У-ын нөхөр байгаа юм. Би 605 тоотоос өөрсдийн эд зүйлээ аваад яриад буцаад явлаа гэж хэлтэл. Т.Б, Солонго нар нь чи бол нөхөр нь биш даварчихсан хар пизда нар байна. Чи бол явалддаг залуу нь юм байна, сайхан шаах юмаа, даварчихсан, муу хар пизда вэ гэж хэлсэн. Би 605 тоотоос эд зүйлс шагналаа аваад гэрлүүгээ явмаар байна, хүүхдүүд гэртээ уйлж байгаа гэтэл, Т.Б Солонго нар нь 605 тоот руу чинь цуг орж учрыг нь олий гэж хэлсэн. Бид нар лифтээр өгсөж байх үед Т.Б, Солонго нар нь М.У руу орчин үеийн жоохон бацаан даварчих юм, чи хөөе юу хийж яваа залуу вэ? гэх мэтээр хэлсэн. 6 давхарт гарч ирээд би Т.Б, Солонго нарт ахиж хандаж нөхөр нь байгаа юм 605 тоотоос эд зүйлсээ аваад явлаа гэж хэлтэл, Солонго нь чамайг нөхөр нь гэж яаж батлах юм бэ? Сайхан шаах юм аа муу пизда нар гэж хэлсэн. Намайг батлах хүмүүс бол М.У-ын ажлын хамт олон байгаа юм гэж удаа дараа учирлан хэлсэн... Тэгээд гадаа нь байж байх үед Т.Б, М.У-ыг чи муу гичий яасан даварчихсан гичий вэ гэж хэлээд миний хажуугаар гараад М.У-ыг эхэлж цохисон. Тэгээд зодоон эхэлж, би тэд нарыг мөргөлдөөд тэмцлийг сааруулаад болиулах үед Т.Б нь ахиж хурцаар доромжилсон. Тэр үед М.У-ын хамраас их хэмжээний цус гарсан. Тэр үед үсээ самнаад дууссаны дараа саманд үлддэг хэмжээний үс М.У-ын гарт байсан. М.У-ын хамрын цус тогтохгүй маш их удсан. Энэ хугацаанд ахин зодоон үүсэх гээд байсан учир би тэд нарыг дунд орж хаалт хийж байсан. Солонго би нуруундаа наалтгүй учир чамайг ална гэж хэлсэн. Солонго нэг залуу руу утсаар яриад дуудсан, утсаар ярьж дуусаад миний зүү мөрөн дээр баруун гараа давуулаад барьж байсан утсаараа М.У-ын зүүн хөмсөгний эхлэл хэсэг дээр маш хүчтэй цохисон... ” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

- Гэрч Б.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай компани шинэ жил болж бид нар гадуур тэмдэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тус өдрийн орой Сувд хотхоны 6 давхрын 605 тоотод тус захирал Мөнхбат, манай найз Түвшинбаяр, борлуулагч Номин-Эрдэнэ, борлуулагч М.У, бид нар хүрч ирсэн, хэдэн цагийн үед ирсэн талаар санахгүй байна. 605 тоотод архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн ямар нэртэй архи дарс уусан талаар бол санахгүй байна. Гаднаас Баттулга, түүний эхнэр Солонго, найз нь гэх Т.Б нар гаднаас орж ирсэн. Баттулга нь тус Сувд хотхоны 10 давхарт амьдардаг юм. Тэгээд бид нар архи дарс уусан. Солонго, Т.Б нар гаднаас орж ирээд Номин-Эрдэнэ, М.У нар луу үг шидээд бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Би ядраад нойр хүрээд байсан учир хажуу талын өрөө рүү ороод унтаад өгсөн. 2023 оны 12 дугаар 23-ны өдөр 14 цагийн үед ажил дээр ирэхэд Баттулга надад М.У, Т.Б, манай эхнэр тэд нар хоорондоо маргалдаж зодолдоод цагдаа ирч авч явсан гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар бөөндөө суугаад ойр зуурын юм яриад архи, дарсаа уугаад суусан. М.У Солонгын хажууд суучихсан эгчээ би таныг хүндэлдэг шүү гэх мэтчилэн юм яриад байсан. Солонгоо М.У, Номин-Эрдэнэ лүү муухай хараад эгчирхээд байх шиг байсан. М.У, Номин-Эрдэнэ нар явлаа гэсэн чинь Солонгоо та хоёр үхсэнээ маяглаад байгаа юм гэх мэтчилэн үг хаяад байсан. Тэгээд Баттулга, Солонго, Т.Б нар гараад явсан. 10 минутын дараа түлхүүрээ мартчихаж гээд гадуур хувцастайгаа манайд буцаад ороод ирсэн. Анх бол гадуур хувцасгүй манайд орж ирсэн. Баттулга манай Сувд хотхоны 10 давхарт амьдардаг юм. Тэгээд түлхүүрээ аваад буцаад гараад явсан. М.У нөхрөө утсаар дуудаад нөхөр нь М.Уаг ирж аваад гарсан. Би тэгээд унтаад өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.У, Т.Б, Солонго нар маргалдаж манай байрны 6 давхрын корторт зодолдсон гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

- Гэрч Л.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын шинэ жил 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 00 цаг 40 минутын үед дуусаад байгууллагын зарим ажилчид үргэлжлүүлэхээр болж караоке орсон боловч хаалттай байсан учир Мөнхбат ахын гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Сувд хотхоны 6 давхарт 605 тоотод очиж шинэ жилийн баяраа үргэлжлүүлсэн юм. Тухайн 605 тоотод Мөнхбат, Үнэнбат, Мөнхбатын ахын найз болох Түвшинбаяр, М.У бид хэд байсан. Тэнд би 0.5 литрийн 2 ширхэг Cass нэртэй пиво уусан. 605 тоотод ирэхээсээ өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд ирсэн. Бид нар хоорондоо ойр зуурын юм яриад уугаад сууж байтал гаднаас Т.Б, Солонго түүний нөхөр Баттулга нар гаднаас орж ирсэн. Т.Б, Солонго нар нь М.Уаг дээрэлхсэн өнгө аястай, үг үйлдэл гаргаад байсан. Ууж сууж байгаад Т.Б Солонго нар 605 тоотоос гараад явсан. М.У нөхөр лүүгээ залгаад ирээд авчих гээд М.У манай нөхөр гадаа ирчихлээ гээд 605 тоотоос гараад явсан. Төд удалгүй хаалганы гаднаас хүмүүс хоорондоо маргалдаад байгаа чимээ гараад байсан. Маргааш нь би М.У, Т.Б нар хоорондоо зодолдсон гэж сонссон...” гэсэн мэдүүлэг, /хавтатс хэргийн 43 дугаар тал/,

- Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд удаагүй манай нөхөр орж ирээд Мөнхбат ах ажлыхантайгаа гэртээ шинэ жилээ үргэлжлүүлж байна гэсэн. Т.Б, Баттулга бид гурав 6 давхрын 605 тоот руу ороход Мөнхбат, М.У, Номин-Эрдэнэ, Үнэнбат нар ууж байсан. Т.Б бид гурав тухайн хүмүүстэй нийлж ууж суусан. 605 тоотод ороход Номин-Эрдэнэ, М.У нар сууж байгаа нь надад болон Т.Бд их таагүй мэдрэмж төрүүлсэн. Учир нь Мөнхбаттай манайх гэр бүлийн найзууд Т.Б нь Мөнхбаттай үеэлүүд Мөнхбаттай ойр дотно болохоор 2 эмэгтэй хүн шөнө оройн цагаар гэр бүлтэй хүнтэй архи ууж байгаа нь таалагдаагүй. Тэгээд тухайн хоёр эмэгтэйтэй түр тар хийсэн. М.У-ын үйл хөдлөл үг яриа нь надад таалагдаагүй. Бид нар архи уугаад халчихсан, бие биенээ үг хэлээр доромжилсон. 605 тоотоос хэдэн цагийн үед гарсан санахгүй байна. 605 тоотоос гараад дээшээ өөрийн гэр болох 10 давхарт байрлах 1001 тоот руу ороод Баттулга үлдээд би Т.Бг унаанд суулгаж өгөх гээд байрны гадаа тамхилаад байж байтал М.У нөхөртэйгээ хүрээд ирсэн. М.У намайг угаасаа ийм хүүхэн юм байна гээд салаавч гаргаад байсан. Т.Б бид хоёр ахиж хэрэлдээд буцаж байр луу ороод 6 давхарт гараад ирсэн. 6 давхарт М.Утай Т.Б бид хоёр маргалдаад муудалцаад зодолдож эхэлсэн. Хэрхэн яаж хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Би биендээ гар хүрсэн асуудал байгаа. Би нөхрөө гэрээсээ буугаад ир гэсэн манай нөхөр 10 давхраас 6 давхар луу бууж ирсэн. Бид нар М.У, түүний нөхөртэй маргалдаж ойлголцож чадаагүй цагдаа нар дуудсан учир тэд нарыг явуулахгүй гээд лифтний хаалга дарж зогссон. Миний биед бэртэл гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дугаартай “1.М.М.У-ын биед зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 51-53 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “1.М.У-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 105 дугаартай “1.Т.Бгийн биед баруун шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай “1.Т.Бгийн биед баруун шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 71-72 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дугаартай “1.Г.Солонгын биед баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 77-78 дугаар тал/,

- Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Сувд хотхоны 06 дугаар давхарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 19-26 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13/2026 тоот албан бичиг, Сэтгэцэт учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар, /хавтаст хэргийн 82-87 дугаар тал/,

- Яллагдагч Т.Бгийн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 106 дугаар тал/ ,

- Орхон аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 42/03-2716 тоот албан бичиг /хавтаст хэргийн 117 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Т.Б нь хохирогч М.Утай маргалдаж, улмаар хохирогчийг үсдэж, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал" бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч М.М.У-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.М.У-ын: “...Тэгээд Мөнхбат ахын хаалганы гадаа зогсож байтал Т.Б, Солонго нар нь хүрч ирээд намайг өдөөд хэл амаар доромжлоод байсан учир би Т.Бг үсдэж унагаасан. Тэр үед намайг Т.Б миний хамар луу цохичихсон, юугаар цохисныг харж амжаагүй... Миний хамар хугарч, баруун зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Бас зүүн талын хөмсөг хавдартай байсан...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч А.Сумъяабатын: “...Тэгээд гадаа нь байж байх үед Т.Б, М.У-ыг чи муу гичий яасан даварчихсан гичий вэ гэж хэлээд миний хажуугаар гараад М.У-ыг эхэлж цохисон. Тэгээд зодоон эхэлж, би тэд нарыг мөргөлдөөд тэмцлийг сааруулаад болиулах үед Т.Б нь ахиж хурцаар доромжилсон. Тэр үед М.У-ын хамраас их хэмжээний цус гарсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Ү-ын: “...Солонго, Т.Б нар гаднаас орж ирээд Номин-Эрдэнэ, М.У нар луу үг шидээд бага зэрэг маргалдаад байх шиг байсан. ...2023 оны 12 дугаар 23-ны өдөр 14 цагийн үед ажил дээр ирэхэд Баттулга надад М.У, Т.Б, манай эхнэр тэд нар хоорондоо маргалдаж зодолдоод цагдаа ирч авч явсан гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.М-ын: “...Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.У, Т.Б, Солонго нар маргалдаж манай байрны 6 давхрын корторт зодолдсон гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Н-ийн: “...Т.Б, Солонго нар нь М.Уаг дээрэлхсэн өнгө аястай, үг үйлдэл гаргаад байсан. Ууж сууж байгаад Т.Б Солонго нар 605 тоотоос гараад явсан. М.У нөхөр лүүгээ залгаад ирээд авчих гээд М.У манай нөхөр гадаа ирчихлээ гээд 605 тоотоос гараад явсан. Төд удалгүй хаалганы гаднаас хүмүүс хоорондоо маргалдаад байгаа чимээ гараад байсан. Маргааш нь би М.У, Т.Б нар хоорондоо зодолдсон гэж сонссон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.С-ын: “...6 давхарт М.Утай Т.Б бид хоёр маргалдаад муудалцаад зодолдож эхэлсэн. Хэрхэн яаж хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Би биендээ гар хүрсэн асуудал байгаа. Би нөхрөө гэрээсээ буугаад ир гэсэн манай нөхөр 10 давхраас 6 давхар луу бууж ирсэн. Бид нар М.У, түүний нөхөртэй маргалдаж ойлголцож чадаагүй цагдаа нар дуудсан учир тэд нарыг явуулахгүй гээд лифтний хаалга дарж зогссон. Миний биед бэртэл гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Сувд хотхоны 06 дугаар давхарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13/2026 тоот албан бичиг, Сэтгэцэт учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар болон шүүгдэгч Т.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч М.М.У-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.Бгийн хохирогчийг нүүрэн тус газарт цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч Т.Б нь хохирогч М.М.У-ын нүүрэн тус газарт нь  цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээ шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч Т.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М.У-ын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч М.У нь “Т.Бд гомдолгүй, Т.Бгийн шүүх хуралдаанд ар гэрийн хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Бг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч М.У нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгч Т.Б нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.Бг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Т.Б нь  энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.У нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР