Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2017/0005/З |
Дугаар | 111/ШШ2017/0035 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 111/ШШ2017/0035
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын
зарим хэсгээс татгалзсаныг, нэхэмжлэгч,
хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Н.Б нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Боловсрол соёл, урлагийн газрын дарга нарт тус тус холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 9 сарын 21-ний өдрийн 506, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар захирамжууд, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд ажиллаж байсан Боловсрол, соёлын газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойшхи цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас надад учирсан хохирол болох нотариатын зардал 8000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 500.000 төгрөг, нийт 508.000 төгрөгийг төрөөс гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.М нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэг талаас хариуцагчийг төлөөлж Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.М, нөгөө талаас нэхэмжлэгч болох Н.Б бид дараахи байдлаар харилцан ярилцаж эвлэрэв.
А/. Эвлэрсэн байдал: Иргэн Н.Б би тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан дараах шаардлагуудыг гаргасан билээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нарт холбогдуулан:
1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 9 сарын 21-ний өдрийн 506 тоот захирамжийг хүчингүй болгуулах,
2. Урьд ажиллаж байсан Боловсрол, соёл, урлагийн газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд буцаан тогтоолгох,
3. Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цалин гаргуулах,
4. Тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас учирсан хохирол гаргуулах,
5. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 сарын 24-ны өдрийн А/65 тоот захирамжийг хүчингүй болгох,
6. Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 1 сарын 24-ний өдрийн 24 тоот тушаалыг хүчингүй болгуулах,
7. Ажилд авахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох утга бүхий 7 шаардлагатай нэхэмжлэл гаргасан.
Б/. Нэхэмжлэгч болон хариуцагч тал харилцан ярилцаад хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрыг төлөөлж дарга М.М нь "Урьд ажиллаж байсан Боловсрол, соёл, урлагийн газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд буцаан тогтоолгох тухай, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг харгалзан үзэж:
1. Н.Б-г Боловсрол, соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажилд жинхэлж авах, цалинг өмнө нь ажиллаж байсан цалингийн шатлал буюу ТЗ 5-5 дахь шатлалаар цалинжуулж, өмнө нь олгож байсан зэрэг дэвийн нэмэгдэл 22 хувь, төрийн Захиргааны алба хаасны нэмэгдэл 15 хувь, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдэл 15 хувь нийт 52 хувийг бууруулахгүйгээр үндсэн цалингаас гадна олгохоор зөвшөөрсөн.
В/. Нэхэмжлэгч Н.Б нь "Хүүхэд гаргасан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэл, бусад холбогдох шимтгэлийг төлж байсан, нөгөө талаар Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын бүтэц орон тоо өөрчлөгдөж, Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний сул орон тоо бий болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж:
1. Хариуцагч талаас тавьсан: Боловсрол, соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажилд орох, цалинг өмнө нь ажиллаж байсан цалингийн шатлал буюу ТЗ 5-5 дахь шатлалаар цалинжуулж, өмнө нь олгож байсан зэрэг дэвийн нэмэгдэл 22 хувь, төрийн Захиргааны алба хаасны нэмэгдэл 15 хувь, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдэл 15 хувь нийт 52 хувийг бууруулахгүйгээр үндсэн цалингаас гадна авахаар болж харилцан эвлэрсэн.
Г/. Н.Б нь шүүхэд гаргасан дараах шаардлагуудаас тус тус татгалзаж байна Үүнд:
1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 9 сарын 21-ний өдрийн 506 тоот захирамжийг хүчингүй болгуулах,
2. Тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас учирсан хохирол гаргуулах,
3. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 сарын 24-ний өдрийн А/65 тоот захирамжийг хүчингүй болгох,
4. Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 1 сарын 24-ний өдрийн 24 тоот тушаалыг хүчингүй болгуулах,
5. Ажилд авахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох гэсэн шаардлагуудаасаа тус тус татгалзсан болохоо энэхүү хэлцлээр илэрхийлж байна.
Д/. Талууд харилцан ярилцаад "Урьд ажиллаж байсан Боловсрол, соёл, урлагийн газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд буцаан тогтоолгох тухай, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагуудыг авч үзэж энэ хэлцлийн Б, В дугаарт заасан байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн болно.
Энэхүү эвлэрсэн тухай хэлцлийг харилцан сайн дураараа байгуулсан.
Цаашид Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга болоод нэхэмжлэгч Н.Б нар нь хамтран ажиллаж Баянхонгор аймгийн Боловсролын байгууллагын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах, харилцан бие биедээ тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллах, хэн нэгнийхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахаар бол урьдчилан заавал мэдэгдэх зарчмыг мөрдлөг болгон ажиллахаар тохиролцон энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 9 сарын 21-ний өдрийн 506, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар захирамжууд, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд ажиллаж байсан Боловсрол, соёлын газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойшхи цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас надад учирсан хохирол болох нотариатын зардал 8000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 500.000 төгрөг, нийт 508.000 төгрөгийг төрөөс гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Б, хариуцагч М.М нар “урьд ажиллаж байсан Боловсрол, соёлын газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойшхи цалинг нөхөн гаргуулах” шаардлагын хүрээнд харилцан буулт хийж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, өмнө нь ажиллаж байсан цалингийн шатлал буюу ТЗ 5-5 дахь шатлалаар цалинжуулж, өмнө нь олгож байсан зэрэг дэвийн нэмэгдэл 22 хувь, төрийн Захиргааны алба хаасны нэмэгдэл 15 хувь, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдэл 15 хувь нийт 52 хувийг бууруулахгүйгээр үндсэн цалингаас гадна олгохоор зөвшөөрсөн, Н.Б-г Боловсрол, соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар болсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахааргүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 506, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар захирамжууд, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас учирсан хохирол гаргуулах, ажилд авахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” шаардлагуудаасаа татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр гарган, илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3, 68.4 дэх хэсгийг баримтлан Н.Б-гийн нэхэмжлэлтэй, Боловсрол соёл, урлагийн газрын даргад холбогдох “Урьд ажиллаж байсан Боловсрол, соёлын газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойшхи цалинг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг баримтлан Н.Б-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Боловсрол соёл, урлагийн газрын дарга нарт тус тус холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 506, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар захирамжууд, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас учирсан хохирол гаргуулах, ажилд авахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг Н.Бүнчинсүрэнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүүзахирамжийн гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН