Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 958

 

2020           7              30                                      2020/ДШМ/958                              

 

Д.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 819 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Д.Дд холбогдох 1811031670855 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-ийн Д, , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт й, /

 

Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны 1112в тоот хашаанд байсан Д.Чийн эзэмшлийн 68-32 ТӨВ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64,400 төгрөгийн үнэлгээ бүхий иргэн Д.Чийн иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийг нууцаар хууль бусаар авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Цайз” салбараас түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2,965,000 төгрөгийг авч, нийт 3,029,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бөхөл овогт Дүвжирийн Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Дд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ды урьд цагдан хоригдсон нийт 33 хоногийг хорих ял эдлүүлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Сувд-Эрдэнэ бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн прокурорын газраас Д.Д нарт холбогдох эрүүгийн 201719000294 дугаартай, Найданпэлжээтэй бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаас иргэдийн 5 тооны үхрийг хулгайлж 1 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Д.Дыг бусадтай бүлэглэн мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, шүүгдэгч Д.Дыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөн түүнд 4 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Дд анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн байна. Учир нь, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаас сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хорих ял шийтгэнэ” гэж ялын доод хэмжээг “хоёр жилээр” тогтоосон зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, хуулийг илт буруу хэрэглэж, ял шийтгэл оногдуулсан гэж үзэх нөхцөл тогтоогдсон ба энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэл болсон байна.

Иймд Д.Дд холбогдох эрүүгийн 1811031670855 дугаартай хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 819 дугаартай Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны 1112в тоот хашаанд байсан иргэн Д.Чийн эзэмшлийн 68-32 ТӨВ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64,400 төгрөгийн үнэлгээ бүхий иргэн Д.Чийн иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийг нууцаар, хууль бусаар авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Цайз” салбараас түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2,965,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 3,029,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 819 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

            Шүүгдэгч Д.Ды урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Дыг Л.Найданпэлжээтэй бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаас иргэн П.Баярбилэгийн өмчлөлийн 1 тооны үхэр, М.Энхжаргалын өмчлөлийн 1 тооны үхэр, С.Бямбын өмчлөлийн 3 тооны үхэр, нийт 5 тооны үхрийг хулгайлж, бусдад 1 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Дд 4 жилийн хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсаныг “хуулийг илт буруу хэрэглэсэн” гэж үзээд Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, ...” гэж, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ... хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоож болохоор хуульчилсны дагуу Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дыг урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, 2 жилээр ял хойшлуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх нэмж нэгтгэсэн шийтгэх тогтоол хүчингүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 819 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Түүнчлэн ялтан Д.Д нь Баянзүрх дүүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 819 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаа эдэлж байгааг дурдах нь зүйтэй байх бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буйтай холбогдуулан түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.4, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 819 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

          2. Хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Д.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ