Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0085

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд, гуравдагч этгээд В.Лувсанпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 936 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 936 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.2.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.6.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд В.Лувсанпүрэв давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 304 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 3.3.8-д “Цэргийн албан хаагчид, зэвсэгт хүчинд гэрээгээр ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн хүмүүст үзүүлэх халамж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хөнгөлөлт үзүүлэх тусгайлсан журам боловсруулан хэрэгжүүлэх, цэргийн амралт, сувилал, аялал, жуулчлалын сүлжээ байгуулах”-аар заасан.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Батлан хамгаалах сайдын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр тушаалаар Батлан хамгаалах салбарын “Амралт сувиллын сүлжээ” төсөл батлагдан, энэ төслийн хүрээнд “Круизе интернэшнл” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан “Спейшл интернэйшнл” ХХК-ийн хувьцааг Батлан хамгаалах яам худалдан авсан байдаг. Мөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын холбогдох тушаалаар “МЦЖ” ТӨҮГ /”МЦК” ТӨҮГ/-ын болон түүний харьяа амралт сувиллын сүлжээний бүтэц орон тоог баталсан бөгөөд амралт сувиллын баазуудын цэргийн орон тоонд ажиллах цэргийн албан хаагчид, нягтлан бодогч нарыг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар, энгийн хүмүүсийг “МЦЖ” ТӨҮГ /”МЦК” ТӨҮГ/-ын Ерөнхий захирлын тушаалаар авахаар оруулсан байдаг.

Энэ бүтэц орон тоо болон “Круизе интернэшнл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 дугаар тушаал гарсан. Гэтэл шүүхийн шийдвэрт “Круизе интернэшнл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны шийдвэрийг үгүйсгэсэн байна.

“Круизе интернэшнл” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч Д.Мэндбаяр, А.Батсувд нар нь Нархажид сүмийн лам нар бөгөөд миний бие Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу “Круизе интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж авах гэсэн боловч “Танай Батлан хамгаалах яам Төлөөлөн удирдах зөвлөлөө авсан учир манайх гүйцэтгэх захирлаа авна” гээд маргаан үүссэн. Үүний дараа 2012 оны 05 дугаар сард хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн үүсгэн байгуулагчдын хурлаар компанийн нэрийг “Хаан тайж” ХХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэж, 2 талаас комисс гарган “Хаан тайж” жуулчны баазын хөрөнгийн үнэлгээг дахин хийхээр тохирсон боловч 2012 оны сонгууль болж шийдвэр гаргасан дарга нар солигдож, шинээр томилогдсон дарга асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулснаар гаргасан шийдвэрүүд хэрэгжээгүй.

Миний бие “Хаан тайж” ХХК-ийн дүрмийг боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар компанийн бизнес төлөвлөгөө, бүтэц, орон тоог хэлэлцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар батлуулсан. “Круизе интернэшнл” ХХК /”Хаан тайж” ХХК/-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрүүд болон бусад материалууд Батлан хамгаалах яамны архивт байгаа болно.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Батлан хамгаалах яамны бүтцийн нэгжүүдийн тайван цагийн болон байлдааны цагийн бүтэц, орон тоог батлах, томилох үүргийнхээ дагуу “Круизе интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хурандаа В.Лувсанпүрэв намайг томилсон. Эх оронд аюул тулгарахад “Круизе интернэшнл” ХХК нь үндсэн үүргийнхээ дагуу цэргийн салбар нэгж болон үүрэг гүйцэтгэх учиртай тул Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар цэргийн х үнийг даргаар нь томилсон. Иймд шүүх Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга “Круизе интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох эрхгүй гэж үзсэн нь буруу юм.

Цэргийн албан хаагчид даргын тушаалыг биелүүлэх үүрэгтэй. Хэрэв тушаалыг үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны даргад илтгэж шийдвэрлүүлдэг журамтай. Цэргийн албаны жинхэнэ мөн чанар энэ зарчимд тулгуурладаг бөгөөд энэ нь цэргийн холбогдох хууль дүрмээр зохицуулагдсан байдаг. Гэтэл энэ маргаан нь дээд шатны даргынхаа тушаалыг илтэд үл хүндэтгэн үгүйсгэж, тасралтгүй 30 гаруй жил ажилласан цэргийн албан хаагчийн эрх ашгийг хохироож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04345 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1566 дугаар магадлалыг илт үгүйсгэж байгааг буруу гэж үзнэ.

Иймд хэргийг хянан үзэж, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ нь анх шүүхэд “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын  2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч, шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4064 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын гаргасан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/129 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын  2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/133 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд шүүгчийн энэхүү захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатаас дээрх захирамжаар хүлээн авахаас татгалзсан шаардлагуудыг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гэж тодорхойлон дахин гаргахад шүүх хүлээн авч, хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулж, холбогдох ажиллагааг явуулж, улмаар “Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргад төрийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох эрх олгогдоогүй” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Тодруулбал, шүүх урьд нэхэмжлэлийн 2 шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа ямар учраас эдгээр шаардлагыг дахин хүлээн авч шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийн гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг ямар учраас хүлээн авч шийдвэрлэсэнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсарган, энэ талаар тодруулсны үндсэн дээр маргаан бүхий актуудын үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зөв байна.

Дээрх нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 936 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд В.Лувсанпүрэвээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН