Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

2024          5          29                                         2024/ШЦТ/191   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Оюунчимэг хөтлөн,

улсын яллагчаар төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор Б.Мөнхтайван, 

иргэдийн төлөөлөгч Т.Оюун,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг /0079 ү/д/,

шүүгдэгч Ш.Б түүний өмгөөлөгч Р.Батцогт /0516 ү/д/  нарыг оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М овогт Ш-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай, 2 хавтаст хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын дээд шүүхээс ирүүлснийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М овогт Ш-н Б /*******/ регистрийн дугаартай **** аймгийн **** суманд 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дун боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт ***** аймгийн ****** сумын ***** дугаар баг х гудамжны **** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, гэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар.

Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *** аймгийн ****** сумын ***** дугаар баг ****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-тай маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дахь цус алдалт/400мл/ бүхий гэмтэл учруулан хүний амь насыг хохироосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үнсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ***** аймгийн ******** сумын ***** х дугаар баг *****  ххх тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б “мах, чанана, чанахгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний түүний зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, “цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дэх цус алдалт /400мл/” бүхий гэмтэл учруулан хүнийг алсан үйл баримт буюу хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт.

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ш.Б нь “Тухайн үед хутгыг нь булаацалдаж ноцолдож байхдаа хутгалсан гэж мэдүүлж байсан ч би хутгыг нь булааж аваад талийгаачийг босож ирэх явцад нь хутгалсан” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Х.Б: “Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны орой тэнд идэш хийсэн юм. Орой 22:00 цаг өнгөрч байхад явсан. Намайг явснаас хойш болсон хэрэг. Би хэрэг гарах үед байгаагүй” гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “ ***** аймгийн ******** сумын ***** х дугаар баг ***** гудамжны **** тоотод 2022 оны 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Х-н Б /РД:********/ нь гэртээ хутгалуулсан байдалтай нас барсан байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харилцаа холбооны хэрэгслээр мэдээлснийг 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв.” гэжээ./хх-01 тал/,

 Уг мэдээллийн дагуу ***** аймгийн ***** сумын Цагдаагийн хэлтсийн МБХ-ийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оюунболдын “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “ ....хоймор хэсэгт байх авдрын таг онгорхой, дээр нь бурхан ном бусад эд зүйл байна. Авдрын амны газраар хивс дээр баруун цээж хэсгээ дагуулж нугалсан, нүүр 1 хэсэг эгц дээшээ харсан байрлалтай, нүүр, гар, цээж хэсэгт нэлэнхүйдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүний цогцос байв.” гэжээ. /хх-02 тал/,

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-6 тал/ ,

 Хэргийн газарт үзлэг хийх явцдаа хураан авсан “бор өнгийн иштэй ажлын хэсгийн гадаргууд улаан хүрэн өнгийн бохирдолтой, хар өнгийн нунтаг бохирдолтой хутганаас дээж авч, цус илэрсэн эсэх Илэрсэн цус нь талийгаач Х.Б-н цусны бүлэгтэй тохирсон эсэхийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 161 дугаартай дүгнэлтэд “ шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн, ...илэрсэн цус нь В/III/бүлгийн харьяалалтай байна.” гэж, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 хх-ийн 85,86 тал/,

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжилгээний 244 дугаартай дүгнэлтэд “цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүдэд “... зүүн мөрний товгороос  доош 3 см-т 4.4*1.2 см зүсэгдэж нэвтэрсэн шархтай, шархны мөр хэсэг нь 8 цагийн чигт, шархны ир хэсэг нь 1 цагийн зүгт байв. Чамархай хэсэгт 2*0.2 см шархтай байв.” гэж,

 Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад... цээжний зүүн талын хөндийд 400 мл орчим цусархаг шингэнтэй байв. Зүүн эгэм, зүүн 2-р хавирганы завсар нэвтэрсэн шарх, зүүн эгэмний артер, венийн судас зүсэгдэж тасарсан.” гэж тус тус тэмдэглэгдэж, дүгнэлтэд “Х.Б-н биед эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, биед шарх гэмтэл тогтогдлоо....гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл,...талийгаач Х.Б нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүүн артер, венийн судас тасарч цус алдаж нас баржээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт  болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 62-71 тал/,

-шүүх эмнэлгийн шинжилгээний 244 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Н.Туяа өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлэхдээ“2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №432 дугаартай Ц.Бадрал, Б.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг санал зөрөөгүйгээр гаргасан. Нэгдүгээрт талийгаач Х.Б-н цогцост цусанд 7,1 промилл спиртийн агуулж илэрсэн байх ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөхгүй, хоёрдугаарт талийгаачийн нойр булчирхайн сүүл хэсэгт цус харвалттай байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цус харвалт нь спиртийн зүйл их хэмжээгээр хэрэглэх, мөн нойр булчирхайн үрэвсэл өвчний үед үүснэ, гуравдугаарт талийгаач Х.Б нь цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дэх цус алдалт /400 мл/-н улмаас нас барсан гэх дүгнэлтийг гаргасан.... ...уг гэмтлийг авснаас хойш тодорхой богино хугацаанд амьд байх боломжтой, урт хугацаанд амьд байх боломжгүй...Эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй.Нойр булчирхайн цус харвалт гэдэг нь спиртийн зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд, аль эвсэл нойр булчирхайн цочмог үрэвсэл болсон тохиолдолд цус харвадаг. Цусанд 7,1 хувийн промиллийн спиртийн агууламж нь үхэлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй... Хутганы чиглэл дээрээс доош чиглэлтэй байсан...Энэ нь давхралдаж унах явцад үүсэхгүй... өөр зулгаралт байгаагүй тул шууд нэг л удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлд /

  -Мөрдөн шалгаах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б- ын “Талийгаач Х-н Б нь миний төрсөн ах бөгөөд бид нар эцэг, эхээс 6-лаа төрж өссөн. Талийгаач Х.Б нь огт хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй, эхнэр хүүхэдгүй, бид нарын хамгийн том ах хүн байсан бөгөөд ***** аймгийн ******** сумын *****х  х дугаар баг, ***** тоотод өөрийнхөө хашаа байшинд ганцаараа амьдардаг байсан. Би хамгийн сүүлд талийгаач ахтайгаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уулзсан бөгөөд би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19-20 цагийн үед талийгаач ахынхаа гэрт Улаанбаатар хотоос идшээ хийхээр ирсэн. Би эхнэр Э-тай хамт ирсэн бөгөөд намайг ирэхэд талийгаач ах гаргах адууг хашаанд бариад бэлдчихсэн хажууд нь нутгийн Н, Б буюу Б 3 байсан. Бид нар нийлээд манай идшийг гаргасан бөгөөд би адуугаа гаргуулж аваад 22 цаг өнгөрч байхад явсан. Ард талийгаач ахтай хамт Б үлдсэн бөгөөд адуу хийж байхад хар М ирсэн байсан бөгөөд тэр 3 архи уугаад үлдсэн. Тэр 3 адуу хийлцэж байхдаа л дундуур нь гэр лүү орж гараад архи уугаад байсан. Харин Н болохоор адуу унагаалцаж өгчхөөд дундаас нь намайг явахаас өмнө явсан. Намайг анх ирэхэд л ахын гэр дотор ширээний доор 2 архины шил байсан болохоор би ахыг уучихсан байгаа юм байна даа гэж бодож байсан. Яг хэзээ нь хэнтэйгээ ямар архи уусныг бол мэдэхгүй байна. Би архи аваачиж өгөөгүй, явахдаа өөрийнх нь хэлсэн дэлгүүрийн гэр Д гэсэн данс руу 20000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгтэл өнөөдөр өглөө буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 09-10 цагийн орчимд юм болов уу над руу миний төрсөн дүү А утсаар ярьсан, Дараагаар нь том эгч У над руу утсаар яриад ахыг гэртээ нас барсан байна гэж хэлсэн. Манай адууг гаргаж байх хугацаанд бол талийгаач болон тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж муудалцсан асуудал огт байхгүй. Бүгд зүгээр л хоорондоо юм яриад адуу гаргацгаасан. Харин бага зэрэг архи уусан байсан. Талийгаач ах Н 2 бол насаар чацуу нэг төгсөлтийн 2 багаасаа нэгнийгээ мэднэ. Хар М бол насаар дүү боловч нэг доор зэргэлдээ гудамжинд өссөн, дандаа л манай ахын гэрээр орж гараад явж байдаг. Б бас насаар нэлээн дүү ч гэсэн бас л ахын гэрээр орж гараад явж байдаг залуу байгаа юм. Манай талийгаач ах маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Ер нь бол эмнэлэгт ч гэсэн хэвтэж байгаагүй. Бие сайтай хүн байсан. Талийгаач ах маань ер нь бол архи уучихдаг байсан. Ганцаараа амьдардаг болохоор хүмүүс орж гараад хамт уугаад байдаг юм шиг байна лээ. Би тэр болгон хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна.Болсон асуудлыг үнэн зөвөөр шийдэж буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийн хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 11-12 тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Г-н ”...2022 оны 12 сарын 8-ны өдөр ******** сумын *****өөс дэлгүүрээс хүнсний зүйл авах зорилгоор 14 цагийн орчим ирсэн.... тэгээд дүү Г-нд ороход Хар М гэж хочилдог М архи уугаад сууж байсан..надад хэлэхдээ Х.Б-г зүрхний калап нь хаагдаад нас барсан гэнээ хоёулаа очих уу? гэж асуусан тэрнээс хутга барьж байгаад барьсан хутгыг нь булааж авах гээд ноцолдож байгаад хутгалсан талаараа юм яриагүй.” гэсэн  мэдүүлэг /1 хх-ийн 31 тал/,

-Мөрдөн шалгаах ажиллагааны явцад гэрч Б.О-н “...2022 оны 12 сарын 7-ны орой 23 цаг 22 минутад .... дугаараас миний утас руу залгаад Аниа эмнэлгийн утас мэдэх үү? гэсэн яасан гэхэд хажуугаас нь нэг хүн аваад эмнэлгийн дугаар мэдэх үү? гэхээр нь би шууд дуугаар Х.Б байна гэж таньсан. ...Хар М хүн хутгалчихлаа гэсэн... тэр утас миний төрсөн ахын хүүхэд Г-н дугаар..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14 тал/,

-Мөрдөн шалгаах ажиллагааны явцад гэрч Х.О-н “..12 сарын 8-ны өдөр 09 цаг 50 минутын орчим Т эмнэлэг дээр ирээд тэнд хүн цус нөжиндөө баригдчихсан хэвтэж байна гэсэн....******** сумын эрүүл мэндийн *****ийн жижүүр ажилтай байсан... очиход Х.Б нь байшингийнхаа хойд өрөөний гол хэсэгт газарт нүүр хэсэг дээшээ харсан, нэлэнхүйдээ нүүр гар, цээж хэсгээрээ цус болсон баруун гараа зүүн эгэм дээрээ тавьсан байдалтай нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19 тал/,

-Мөрдөн шалгаах ажиллагааны явцад гэрч Х.Б-н “...Тэгж хар Мөнхөө болон талийгаач 2 мах чанах чанахгүй гэж ярьж байгаад Х.Б ах мах чанана гээд хутга авсан хар М хутгыг нь авах гээд тэр 2 ноцолдож байгаад Б ах хойшоо хөл алдаад унасан, тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд М Б ахын зүүн эгэм хэсэг рүү хатгачих шиг болсон. Гэр ойрхон тул ороод Г-н утсаар эмнэлгийн дугаар О эгчээс асуухад мэдэхгүй гэсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-28 тал/,

-Мөрдөн шалгаах ажиллагааны явцад гэрч Д.Д-н “...12 сарын 8-нд Ш.Б-н дүү Б над руу 10 цаг 12 минутад яриад та хаана байна, Б ахын гэрээр ороодхооч, цаадах чинь хэрэг *****өгт холбогдчихсон юм шиг байна гэсэн гэрт нь очиход байхгүй гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь орж гал түлчхээд буцаад гарах гэтэл цагдаатай таарахад Ш.Б хайгаад явж байсан. Гэтэл над руу 11 цаг 49 минутад залгасан би Б ахтай архи уусан уу? нас барчихсан байна, очиж учраа олооч гэхэд утсаа тасалчихсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24 тал/,

-Мөрдөн шалгаах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Н.Г “12 сарын 7-ны орой 23 цаг өнгөрч байхад гаднаас Х.Б ах халамцуухан орж ирээд ахын дүү ахдаа нэг утсаар яриулаач О аниа руугаа залгачих гэсэн...О Аниад нөгөө хар М ах нэг хүнийг хутгалчихлаа гэсэн. Би ойлгохдоо хар М ах хэн нэг хүнийг хутгалчихсан юм болов уу? л гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 22 тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Т-н “.2022 оны 12 сарын 8-ны өглөө 08 цаг 40 минутын орчим...Б ахын гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй, өөрөө хоймор хэсэгтээ толгой нь цонх руугаа харсан байдалтай нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан, дуудахад хөдлөхгүй байсан би шууд сумын цагдаа дээр ирж мэдэгдээд дагуулж очоод үзүүлсэн. ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 17 тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад сумын хэсгийн төлөөлөгч Д.Батхуягийн“8-ны өглөө манай сумын Т ах утсаар яриад ах нь Д хайж байгаад Б ахын гэрт орлоо тэгсэн чинь Б ах нил цус болчихсон газар хэвтэж байна. би ойртсонгүй, нэрээр нь дуудсан хөдлөхгүй байна .. Манай цагдааг очоод аваад яваарай гэсэн,” гэсэн мэдүүлэг /2-р хх 2 тал/,

-Шүүх шинжилгээний үндэсний газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 432 дугаартай дүгнэлтэд “ Х.Б-н цусанд 7.1 промилл спиртийн агууламж илэрсэн байх ба согтолтын хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөхгүй, Талийгаачийн нойр булчирхайн сүүл хэсэгт цус харвалттай байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй... талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дахь цус алдалт/400мл/-н улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт    /1 хх- 225-228 тал/,

-шинжээчийн 244 дугаартай дүгнэлт гарсан шинжээч И.Ганболорын “эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалд шарх гэмтлүүд учирсан байна...амь насыг аврах боломжгүй, Учир нь артер венийн судас тасарсан байсан. Нас барсны дараа нойр булчирхайд цус харвалт үүсдэг. Нойр булчирхайн сүүл хэсэгт үүссэн цус харвалт үхэлд хүргэхгүй.” гэсэн мэдүүлэг / 1 хх-220 тал/

 -***** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээчийн 31 дугаартай “Ш.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй....үнэн зөв мэдүүлэг өгөх...хэрэг хариуцах чадвартай “ гэсэн дүгнэлт /1хх- 80-82 тал/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газар ***** аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн гарын хээний мөр илрүүлэх 31 дугаартай “Гарын мөр нь Л-н Н-н зүүн гарын дунд хурууны өндөгний дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 233-235 тал/зэрэг нотлох баримтаар хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон.

 

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б нь: “тухайн үед хутгыг булаацалдаж ноцолдож байхдаа хутгалсан гэж мэдүүлж байсан ч би хутгыг аваад талийгаачийг босож ирэх явцад нь хутгалсан. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд шинжлэн судалсан нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн үйл баримт гэм буруугийн талаар маргаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих зүйл заалтыг хэрэглэх байр суурьтай байсныг шүүх эрх зүйн дүгнэлт хэсэгт няцаан үгүйсгэсэн болно.

 

3.Оролцогчийн эрхийн хязгаарлалт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

4.Эрх зүйн дүгнэлт

***** аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ш-н Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах" гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч оршуулгын зардал 32.000.000 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг: “Улсын яллагчийн санал, дүгнэлтийг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг оршуулгын зардал төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарах нь зүйтэй ч оршуулгын зардлыг нөхөн төлсөн нь хүний амь насыг юугаар ч үнэлшгүй. Маш их гомдолтой байна. Хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Ш.Б-н өмгөөлөгч Р.Батцогт: “Улсын дээд шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг асуудлыг дурдсан байсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох оршуулгын зардлыг ар гэрт нь өгсөн Энэ удаад шүүх ял шийтгэл оногдуулахдаа сэтгэл санаа хямарсан байсан байдлыг нь харж үзээсэй гэж хүсэж байна... Улсын дээд шүүх хүний хувийн байдлыг буруу дүгнэсэн гэж хэлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэжээ гэж хэлсэн. Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүх одоо ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн санал дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч Б.Оюун нь: "шүүдэгч Ш.Б-г "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай" гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Учир нь,

Амь хохирогчийн зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, “цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дэх цус алдалт /400мл/” бүхий гэмтэл  учруулсан үйлдэл нь хууль бус бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохыг түүнийг хүсэж, өөрийн хүсэл зоригоор ухамсартайгаар тухайн үйлдлийг хийжээ.

Тодруулбал, шүүгдэгч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ би хутгыг булааж авах гэж булаацалдаж байгаад өнхрөөд ойчиход санамсаргүйгээр зүүн эгэм рүү нь нэг удаа хутгалчихсан.”....ноцолдож байгаад давхраараа ойчих явцдаа хутгалчихсан.” гэж/1-хх-42-43 тал/ “би алъя гэж санаатай алаагүй” гэж, /2-хх-73-75 тал/ хэргийн үйл баримтын талаар маргаж мэдүүлдэг боловч шүүх хуралдаанд “хутгыг булааж аваад талийгаачийг босож ирэх явцад нь хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэж /шүүх хуралдаанд/ “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

Түүнийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг гэрч Х.Б “ ноцолдож байгаад Б ах хойшоо хөл алдаад унасан, тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд Хар М  хутгаар Б ахын зүүн эгэм хэсэг рүү  хатгачих шиг болсон” гэх мэдүүлэг /1-хх-27-28 тал/, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн шинжээчийн  244 дугаартай дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Н.Туяагийн “ амь хохирогчийн биед үүссэн шархны чиглэл, уг гэмтэл нь дээрээс доош чиглэлтэй, өөр зулгаралт байгаагүй, тул нэг л удаагийн үйлчлэлээр үүссэн. Хутганы ир дээрээс доош чиглэлтэй байсан... хэрвээ дарж унагаасан бол хутганы нэмэлт зүслэг зэрэг гарна... яг нэг зүслэг байсан. амь насыг аврах боломжгүй” гэх мэдүүлгээр/2 хх-79-80 тал/ давхар нотлогддог тул шүүгдэгч Ш.Б нь амь хохирогчтой үл ялих зүйлээс болж маргасан, улмаар түүнийг хөл алдаад унасан/довтолгоо үргэлжлээгүй байхад/ босох үед нь зүүн эгэм тус газарт нь нэг удаа хутгалсан үйлдэл нь ухамсартай бөгөөд хүсэж хийсэн үйлдэл байна.

Энэ үйлдлийг ухамсартайгаар  хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний амь насыг шууд хохироосон гэж үзнэ.

 

Хүний амь нас хүнд гэмтлийн улмаас хохирдог, ялангуяа амь насанд аюултай хүнд гэмтлийн учруулсны улмаас хүн нас барсан буюу Ш.Б нь амь хохирогчийн зүүн эгэм тус газарт нь хутгалсан үйлдэл нь  /эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалд шарх гэмтлүүд учирсан байна../ амь хохирогчийн “насыг аврах боломжгүй, артер венийн судас тасарсан гэмтлийн улмаас цус алдаж нас барсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт /нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан” шинжийг бүрэн хангасан бөгөөд тус хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйчлэлийн хувьд тохирчээ.

Иргэдийн төлөөлөгч Т.Онон нь: “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэж үзсэн бөгөөд шүүх хуралдаанд өөрийн гаргасан дүгнэлтийг бичгээр гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан болно. Иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.

Шүүхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.Б-г ”Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг.

Улсын яллагчаас гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шүүх хуралдаанаар амь хохирогчийн оршуулгын хууль ёсны төлөөлөгчид гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргуулах зардалгүй” гэсэн дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нараас “нэхэмжлэх зүйлгүй” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн "хохирол" гэж,

мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хүний амь нас хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол хор уршигтай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.       

Хавтаст хэргийн 163-207 дугаар талд хохирол, хор уршигтай холбоотой оршуулгын зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-аас гаргаж өгсөн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч нараас: “ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн ар гэрээс нөхөн төлсөн 32.000.000 төгрөгийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Б тооцон гаргах гэм хорын хохирлын асуудал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

1.Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас:Шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 537 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна” гэх дүгнэлт гаргасныг,

Амь хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг: “Улсын яллагчийн санал, дүгнэлтийг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг оршуулгын зардал төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарах нь зүйтэй ч оршуулгын зардлыг нөхөн төлсөн нь хүний амь насыг юугаар ч үнэлшгүй...Маш их гомдолтой байна. Хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт: “Улсын дээд шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг асуудлыг дурдсан байсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох оршуулгын зардлыг ар гэрт нь өгсөн Энэ удаад шүүх ял шийтгэл оногдуулахдаа сэтгэл санаа хямарсан байсан байдлыг нь харж үзээсэй гэж хүсэж байна... Улсын дээд шүүх хүний хувийн байдлыг буруу дүгнэсэн гэж хэлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэжээ гэж хэлсэн. Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүх одоо ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн санал дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж,

 

Шүүгдэгч Ш.Б-с: “Гэм буруугаа хүлээж байна. Маш их гэмшиж байна” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд хэлэв.

              

2.Эрүүгийн хариуцлага.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 110 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 112/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 115/ зэргээр түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүх Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино гэсэн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн үйлдэгдсэн гэмт хэргийн шинж /гэмт хэргийн улмаас нөхөн сэргээгдэх боломжгүй хор уршиг учирсан/, нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Шүүх шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан санал дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /Хэдийгээр хор уршиг хэзээ ч арилахгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зан үйлтэй холбоотой хохирол 32.000.000 төгрөг нөхөн төлсөн/ хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх тогтоож, шийдвэрлэлээ.  

       

 Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт “Шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт ” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах.” санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 Учир нь:     

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагаа явцад 3 удаа өгсөн мэдүүлэгтээ /1хх-42-43, 104,105 тал, 2хх-73,75 тал/ хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж, “хутгыг булаацалдах явцдаа өнхөрч ойчих явцдаа санамсаргүйгээр зүүн эгэм рүү нь нэг удаа хутгалсан”, мөн “хутгыг авах гэж байгаад ийм асуудалд орсон” гэж, мөн “хутгыг нь булаацалдаж байгаад унах явцдаа дүрсэн байсан” гэж хэргийн үйл баримтын талаар маргаж мэдүүлдэг боловч зөвхөн мөн өдрийн шүүх хуралдаанд “ талийгаачийг босож ирэх явцад хутгалсан. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэж “ “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар хүлээн  мэдүүлсэн  нь,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар буюу “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрдөггүй “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар маргадаг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

Тодруулбал:

Тухайн үйл баримт 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ***** аймгийн ******** сумын ***** х дугаар баг *****  ххх тоотод Ш.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Х.Б “мах чанах, чанахгүй” гэж маргалдаж улмаар түүний зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн  судасны тасрал,  цээжний хөндий дахь цус алдалт бүхий гэмтэл учруулсан үйл баримт /хүнийг алах/ тогтоогдсон бөгөөд,

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй өөр өөр өгсөн мэдүүлгүүд /дээр дурдсан/ мөн хэргийн үйл баримтыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөөний 09 цаг 30 минутад Цагдаагийн байгууллагад гомдол мэдээллийг /гэрч Т нь сумын эмч Х.Одончимэгт “хүн цус нөжиндөө баригдчихсан гэртээ хэвтэж байна.” гэсэн дуудлага/ өгдөг ба хэрэг учралын газарт үзлэгийг мөн өдрийн 14  цаг 17 минутаас 15 цаг 58 минутад хүртэл явуулдаг бөгөөд тухайн үед гэрч Б.Г-д шүүгдэгч Ш.Б нь “амь хохирогч Х.Б-г гэртээ зүрхний клап нь хаагдсан юм шиг байна лээ” гэж хэлсэн нь гэрчийн мэдүүлэгт /гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал няцаагддаг./ тусгагдсан байдаг тул түүнийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж, “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж,

Мөн амь хохирогчийн оршуулгын зан үйлийн зардалд “32.000.000 төгрөгийг төлсөн”-ийг учруулсан хохирлоо нөхөн төлсөн”  гэж тус тус дүгнэж /хүний амь хохирсон нь нөхөн сэргээгдэх боломжгүй хор уршиг учирсан/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх үндэслэлээр ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах тухай санал, улсын яллагчийн “хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг тус тус үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

       

Гурав. Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 537 /таван зуун гучин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн  1 ширхэг хутга бор өнгийн куртка 1ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ***** аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгах зүйтэй байна.

 

Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

         

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Ш-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ш-н Б-ийг 13 /арван гурав/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-д  Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-ийн цагдан хоригдсон 537 /таван зуун гучин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор өнгийн куртка 1ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ***** аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 7. Хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг төлсөн болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор ***** аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОТГОНЖАРГАЛ

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА

                       ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН