Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/187

 

2024          5          29                                       2024/ШЦТ/187

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Г.Солонго /томилолтоор/,

-шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн Б-н Г-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ***** дүүргийн хх дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай,

Урьд:  

Дүүргийн Эрүүгийн хэргийн 4 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Б овогт Б-ын Г /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн үед ***** аймгийн *****хх сумын нутаг дэвсгэр “*****” гэх газарт иргэн Д.Ч-н эзэмшлийн хх-хх УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хамт архи уусан Ц.Б-тай маргалдаж улмаар түүний хоолойг боож, нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...баруун доод 4 дүгээр шүдний булгарал, доод уруулд шарх, хүзүү, баруун эгэм, зүүн чихэнд цус хуралт, дух, уруул, зүүн хөмсөгт зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Гнь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

 

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн үед ***** аймгийн *****хх сумын нутаг дэвсгэр “Баян даваа” гэх газарт иргэн Д.Ч-н эзэмшлийн хх-хх УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хамт архи уусан Ц.Б-тай маргалдаж улмаар түүний хоолойг боож, нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...баруун доод 4 дүгээр шүдний булгарал, доод уруулд шарх, хүзүү, баруун эгэм, зүүн чихэнд цус хуралт, дух, уруул, зүүн хөмсөгт зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

-Хохирогч Ц.Батсайханы “...***** аймгийн *****хх сумын нутаг дэвсгэрт Цонжинболдог хөшөөний урд замд явж байх үед хойно сууж явсан манай сумын зүс таних Г гэх залуу миний араас хоолой боож миний нүүр хэсэг рүү 3-4 удаа гараар цохиж байсан. Ингээд бид гурав ***** аймгийн *****хх сумын төв дотор орж ирээд Д гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гадна буугаад, би гэрлүүгээ явсан...” /хх-ийн 07-08 тал/ гэж,

-Гэрч Д.Ч-н “...Миний дэргэд буюу урд суудал дээр сууж явсан хөгшин настай хүн хойш эргэн харж суугаад барьцалдаад байсан. Би тэр үед жолоо барьж явсан учраас хараагүй урагш замаа харсан байсан...” /хх-ийн 14-16 тал/ гэж,

-Шүүгдэгч Б.Г-н сэжигтнээр өгсөн “...Би тэр үед Батаа ахын өмсөж явсан дээлийн зах хэсгээс нь араас нь татаж байгаад Батаа ахын нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон юм. Ингээд  дахин бид хоёр зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

***** аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №73 дугаартай “...Ц.Б-ны баруун доод 4 дүгээр шүдний булгарал, доод уруулд шарх, хүзүү, баруун эгэм, зүүн чихэнд цус хуралт, дух, уруул, зүүн хөмсөгт зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад 5% нөлөөлнө. /хх-ийн 27-28 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Гүррагчаагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн үед ***** аймгийн *****хх сумын нутаг дэвсгэр “*****” гэх газарт иргэн Д.Ч-н эзэмшлийн хх-хх УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хамт архи уусан Ц.Б-тай маргалдаж улмаар түүний хоолойг боож, нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...баруун доод 4 дүгээр шүдний булгарал, доод уруулд шарх, хүзүү, баруун эгэм, зүүн чихэнд цус хуралт, дух, уруул, зүүн хөмсөгт зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэн.

 

***** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Г-н холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Б-г үл ялих зүйлээр шалтаглан цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Г-н холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Б-г цохиж, зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.Солонго: “Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаанд хохирогчийн зүй бус үйлдлээс мөн шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ны “баруун доод 4 дүгээр шүдний булгарал, доод уруулд шарх, хүзүү, баруун эгэм, зүүн чихэнд цус хуралт, дух, уруул, зүүн хөмсөгт зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд “надад гомдол санал байхгүй” /хх-н 11 тал/ гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогч Ц.Б гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-н Г-д оногдуулсан 600 тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлөхийг үүрэг болгож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай. 

 

4. Шүүгдэгч Б овгийн Б-н Г-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогч Ц.Б гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч Б.Г-с гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *****  аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ц.ОТГОНЖАРГАЛ