| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0164/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/190 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Янга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/190
2024 5 29 2024/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-улсын яллагчаар Э.Уянга,
-шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овгийн Д-н Т-д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Увс аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Батлан хамгаалах туслах нийгэмлэг байр 22 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, З овгийн Д-н Т /РД: ОИ74050818/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь ххх аймгийн ***** сумын ***** дугаар багийн нутаг “*****” гэх газарт байх З.Б-ын гэрт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн К.С-г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь шалны модоор цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Т нь: “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ унтаж байхад шөнө 02:00 цагийн үед манай хажуу айлын хүн утсаар яриад согтуу хүмүүс Б-г зодоод байна, та салгаад өгөөч гээд над руу утсаар ярьсан. Б 2022 онд манайд ажилд орсон. Би ахалж ажилладаг юм. Ажилд орсноос нь хойш 6 билүү 7 сарын дараагаас эхлээд эхнэр нь надад найзууд нь ирээд архи уугаад байна, унтаж амраахгүй байна гээд хэлдэг байсан. Боос асуухаар найзууд ирсэн, тэгсэн, ингэсэн гэдэг. 2023 онд эхнэр нь салаад явсан. Манайд хүмүүс ирээд Б-ыг дээрэлхээд, гэрт архи уугаад байх юм, Б манай найзууд гээд ерөөсөө юм хэлэхгүй байна гэж байсан. Б-ын нэр дээр бичүүлээд дэлгүүрээс архи дарс авхуулдаг болсон байхаар нь даргад хэлээд хуучин ажлын байрнаас нь гаргаад өөрийнхөө хажуу байрандаа авсан. 2023 оны 12 дугаар сард У прокурор дээр бас Б-н нэг хэрэг ирсэн. Хүмүүс гэрт нь орж ирж дээрэлхэж архи уугаад байхаар нь манай ажлын бас нэг залуу өмөөрч муудсан хэрэг гарсан байсан. Би “*****” амралтын механик бөгөөд зохион байгуулагчийг хавсран гүйцэтгэдэг. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Быг 3 залуу зодоод байна, би салгаж дийлэхгүй байна гэхээр нь би очсон чинь нэг нь надтай зөрөөд өнгөрсөн. Бын гэр цоожтой дотроос нь түгжсэн байсан. Манай урд талын орц руу 3 залуу яваад орчихоор нь араас нь очоод дүү нар харьцгаа, ажлын байранд яагаад байна гэсэн чинь хоёр нь гараад явчихсан, нэг нь надтай маргах гээд байсан. Тэгээд гурвуулаа гарч явснаа нөгөө айл руу эргээд очсон. Тэгэхээр нь би очоод айл руу орж яах гээд байгаа юм гэсэн чинь манай гэр хол байдаг, би энд хоночихъё гэхээр нь тухайн үедээ орхичихсон. Өглөө 9 цагт ажилдаа ирээд байж байсан чинь Б залгаад өчигдрийн залуучууд манайд дахиад ирсэн байна гэхээр нь би гэрт нь яваад орсон чинь тэр казах залуу том өрөөнд нь орон дээр нь гуталтайгаа тамхи татаад хэвтэж байсан. Тэгээд би чамайг яв гэж хэлээ биз дээ гээд хөл рүү нь нэг өшиглөөд, шалны модоор цохисон. Тухайн үед миний буруу гээд гараад явсан. Нүд нь хөхөрсөн байхаар нь би цагдаа дуудах уу гэсэн чинь өө яахын зүгээр гэсэн. Орой нь ээж нь над руу залгаад ирж уулз гэсэн” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Д.Т нь **** аймгийн ***** сумын ***** дугаар багийн нутаг “*****” гэх газарт байх З.Б-ын гэрт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн К.С-г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь шалны модоор цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-16 тал/,
-Хохирогч К.С-гийн “...Өглөө нөгөө Б-ынд ороод сууж байтал ***** амралтын дэд дарга гэх ах орж ирээд шууд намайг цохиж элэгдээд шал угаадаг төмрөөр намайг толгой дал нуруу руу цохиж орон дээр унасан чинь нөгөө төмөр ишээрээ өлгөж баруун нүд рүү цохиж гэмтээсэн...” /хх-ийн 05-09 тал/ гэж,
-Гэрч Б.Н-н “...С орж ирээд тамхи татаад байж байтал Б ах Т даргатай орж ирсэн. С би чамайг энд байж болохгүй, явахгүй яасан юм бэ гээд өвдгөөрөө гуяруу нударч шал угааж байсан угаагчийн ишээр нүд рүү цохисон...” /хх-ийн 10-11 тал/ гэж,
-Гэрч З.Б-ын “...Т дарга ороод чамайг би шөнө энүүгээр байж болохгүй гэж зөндөө хэлсэн биз дээ гээд хөөгөөд С гэх залууг нүд рүү нь шал угаагчийн бариулаар нэг удаа цохисон тэгсэн нөгөө залуугийн нүд хавдаж хөхөрчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
-Шүүгдэгч Д.Т-ын сэжигтнээр өгсөн “...Маргааш нь ажил дээр ирчхээд байж байтал Б над дээр ирээд нөгөө урд шөнийн согтуу залуучууд манайд орчихсон байна гэхээр нь дагуулаад гэрт нь орсон чинь нөгөө залуучууд гэрт муухай хувцастайгаа ор дэрэн дээр гарчихсан тамхи татчихсан байхаар нь миний уур хүрч муу ч сайн ч энэ чинь айл гэр гээд нөгөө шөнө яваад байсан залууг юм. би цохисноо хүлээн зөвшөөрнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №3152 дугаартай “...Б.С-н биед тархи доргилт, дух, баруун дээд, доод зовхи, баруун гарын ядам, дунд хуруу, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд зовхи, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун дээд зовхи, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-19 тал/ зэрэг болон шүүгдэгч Д.Т-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Т нь ххх аймгийн ***** сумын ***** х дугаар багийн нутаг “*****х” гэх газарт байх З.Б-ын гэрт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн К.С-г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь шалны модоор цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэн.
ххх аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Т-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Т нь хохирогч К.С-г үл ялих зүйлээр шалтаглан цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Т-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Т нь хохирогч Б.С цохиж, зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Уянгаас: “Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С биед тархи доргилт, дух, баруун дээд, доод зовхи, баруун гарын ядам, дунд хуруу, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд зовхи, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун дээд зовхи, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.С нь мөрдөн байцаалтын шатанд 330.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтаар 270.000 төгрөгийн баримт байх тул, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Д.-Т-аас 270.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С-д олгож,
Эрүүгийн *****хххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Д-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч З овгийн Д-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Д-н Т-д оногдуулсан 600 тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлөхийг үүрэг болгож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч З овгийн Д-н Т-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Таас 270.000 /хоёр зуун далан мянга/ гаргуулж хохирогч К.С-д олгосугай.
6. Эрүүгийн *****хххх дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Т-аас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хххх аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ