| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 131/2021/0327/И |
| Дугаар | 131/ШШ2021/00389 |
| Огноо | 2021-08-06 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2021/00389
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Шунхлайтрейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазарт холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 290 000 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 41 320 925 төгрөг, нийт 331 320 925 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зэвсэгт Хүчний 339 дүгээр анги /цаашид хариуцагч, захиалагч гэж нэрлэх хэсэг байна/ нь тус компани /цаашид нэхэмжлэгч, нийлүүлэгч гэж нэрлэх хэсэг байна/-тай 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ /цаашид гэрээ гэх/ байгуулсан ба захиалагч талын хэрэгцээт, захиалгат автобензин, дизель түлшийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн.
Талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Захиалагч нь гэрээний 4-р зүйлд заасан хугацаанд худалдан авсан автобензин, дизель түлшний төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй, мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт Захиалагч буюу худалдан авагч нь гэрээний 4.1-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлнө гэж тус тус заасан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг болон гэрээний Тусгай нөхцөл-ийн 8 дахь хэсэгт Захиалагч нь тооцоо нийлж барааг хүлээн авсан актыг баталгаажуулж, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн санхүүд хүлээн авсан акт, нэхэмжлэхийг ирүүлж, санхүүжилтийн эрх нээгдсэнээс хойш 10 хоногийн дотор Шунхлай Трейдинг ХХК-ийн ХААН банкны 5038026973 тоот төгрөгийн дансанд хүлээн авсан шатахууны төлбөрийг сард 2 удаа шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу захиалагч нь тухайн сард хүлээн авсан автобензин, дизель түлшний төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлөх үүргийг захиалагч тал хүлээсэн.
Гэвч хариуцагч Зэвсэгт Хүчний 339 дүгээр анги нь гэрээний дагуу үүссэн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, нийлүүлэгч Шунхлайтрейдинг ХХК-ийг хохироосоор байна. Төлбөр төлөх хугацаа хэтрээд бүтэн 1 жил 2 сар гаруй хугацаа өнгөрсөн буюу захиалагч тал гэрээний төлбөр төлөх үүргийн ноцтой зөрчлийг бий болгоод байна. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар бэлтгэн нийлүүлэгч нь гэрээгээр тогтоосон хугацаанд нийлүүлсэн бензин, түлшний төлбөрийг төлөхийг захиалагч талаас шаардах эрхтэй.
Захиалагч талын шахалтаар гэрээнд үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцогдох хүү, алдангийн заалт тусгагдаагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ нь гэрээний нөхцөл, үүрэг хариуцлагын хувьд харилцан тэгш, тэнцвэртэй байх хуулийн зарчим алдагдсан хэлцэл болсон байдаг.
Хариуцагч Зэвсэгт Хүчний 339 дүгээр анги нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 290 000 000 төгрөгийг төлөлгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна. Хариуцагч нь гэрээ байгуулагдсан өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар 30-ны өдрийн хооронд нийт 384 523 861.73 төгрөгийн худалдан авалт хийсэн ба үүнээс 2020 оны 06 дугаар 29-ний өдөр 80 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 523 861.98 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаарх үлдэгдэл дүн 290 000 000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулах, дээрх төлбөр 290 000 000 төгрөгийг төлүүлэх талаар зохих албан бичиг, шаардлагыг хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч буюу захиалагч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, ноцтой зөрчсөн тул 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцалж, улмаар тус гэрээний дагуу гэрээний гүйцэтгээгүй үндсэн үүрэг буюу автобензин, дизель түлшний төлбөр 290 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж буйгаас гадна хариуцагч талын гэрээний төлбөрийн үүргийн ноцтой зөрчлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 41 320 925 төгрөгийг шаардаж байна.
Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгах ёстой талаар хуульчлагдсан. Иргэний хуулийн ерөнхий ангид тусгагдсан гэм хор арилгах нийтлэг журамд зааснаар буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэмээн үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын заалт хуульчлагдсан. Мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог.
Захиалагч нь худалдан авсан бензин, дизель түлшний төлбөрийг гүйцэтгэх гэрээнд заасан хугацааг анхны худалдан авалт хийсэн цагаас хойш хэтрүүлж ирсэн ба нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт 290 000 000 төгрөгийн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг 1 жил 2 сараар хэтрүүлээд байна.
Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд худалдан авсан бензин, дизель түлшний төлбөрийг төлж байсан бол нийлүүлэгч тал тухайн төлөгдсөн төлбөрөөр банкны зээлийн хүү, үйл ажиллагааны зардал, татвар хураамж, цалин хөлс зэргээ төлж, санхүү, бизнес төлөвлөгөө хэвийн явах байсан.
Гэтэл нийт 290 000 000 төгрөгийн төлбөрийн хугацаа 1 жил 2 сараар хэтэрснээр, төлөгдвөл зохих 290 000 000 төгрөгт хамаарах, нэхэмжлэл гаргах өдөр /2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр/ хүртэл нэхэмжлэгчийн зүгээс банкинд төлсөн зээлийн хүүгийн зардал болох 41 320 925 төгрөгийг нийлүүлэгч буюу нэхэмжлэгчийн зүгээс өөр эх үүсвэрээс нэмэлт зардал гарган төлж ирсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь Голомт, ХААН гэсэн арилжааны банкнуудаас жилийн 15.6% /сарын 7.5%/-ийн хүүтэйгээр хариуцагчид нийлүүлэх автобензин, дизель түлшний төлбөрийг зээлж, ОХУ-ын Роснефть компанид импортын төлбөрт төлсөн ба хариуцагчаас гэрээнд заасан хугацаанд төлөгдөх төлбөрийг хүлээн авч, улмаар арилжааны банкууд руу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлөлт хийх ёстой.
Дээрх байдлаар, 290 000 000 төгрөг хугацаандаа төлөгдсөнөөр тухайн төлбөрөөр банкны зээлийн үндсэн төлөлтийг хүүгийн хамт хийх ёстой байтал төлбөр хугацаанд төлөгдөөгүй тул тухайн 290 000 000 төгрөгт хамаарах хүүгийн төлбөр 41 320 925 төгрөгийг хариуцагч гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлж эхэлсэн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэмэлт зардал гарган банкинд төлсөн. Энд банкны зээлийн төлөлт, түүний хүүгийн зардлаас гадна бизнес төлөвлөгөө, санхүүгийн тооцоололд багтдаг татвар хураамж, үйл ажиллагааны зардал, ажилтнуудын цалин хөлс зэрэг төлөвлөгөөт орлого, зарлагад худалдан авагч, харилцагчийн төлбөрийн хугацааны хэтрэлтийн улмаас алдагдал их хэмжээгээр үүсдэг. Эдгээр алдагдлыг нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар "үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал нь хохиролд тооцогддог. Иймд дээрх хэсэгт тайлбарласан банкны зээлийн хүүгийн зардал болох 41 320 925 төгрөгийг хариуцагчийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн гэрээний үүргийн ноцтой зөрчлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэж байна. Уг хохирлын тооцооллыг нэхэмжлэлийн хамт нотлох баримтаар гаргаж өгсөн /Зэвсэгт хүчний 339-р ангид нийлүүлсэн шатахууны тооцоо/. Мөн хохирлын тооцоололд үндэслэл болгосон жилийн 15.6% буюу сарын 1.3%-ийн банкны зээлийн хүүг нотлох зорилгоор нэхэмжлэгчийн арилжааны банкнуудтай байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар хамт гаргаж өгөв.
Иймд, гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 290 000 000 төгрөг, захиалагч талын гэрээний үүргийн ноцтой зөрчлийн улмаас нэхэмжлэгч талд учирсан хохирол 41 320 925 төгрөг, нийт 331 320 925 төгрөгийг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.4, 2.5 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны н/05/05 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоол, Батлан Хамгаалахын сайдын 2019 оны а/134 дугаар тушаал, ЗХЖШ-ын даргын 2020 оны н/23 дугаар Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах тухай тушаал, 2020 оны н/22 дугаар тушаалаар батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах журам-ын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 2020 оны н/35 дугаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтцийн бүтээн байгуулалтын ажил үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний ангиудыг шилжүүлэн байрлуулж, үүрэг гүйцэтгүүлэх тухай тушаал, Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар /2021.01.01-ээс Зэсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар нэртэй болсон/-ын 2020 оны 1/161 дүгээр албан бичиг, Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан АГГ-20/27-26/10 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг удирдлагын баримт бичиг, тушаал, шийдвэрийг үндэслэл болгон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ПК272+300-Д баригдах Зөрлөг- 5 барилга угсралтын ажил, 273+000-д ажиллах бетон зуурмагийн узель, ПК258+534 - ПК282+800-ийн хооронд баригдах 33 ширхэг ус өнгөрүүлэх төмөр бетон хоолой угсралтын ажлыг график төлөвлөгөөний дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж ажилласан.
Дээрх ажлыг гүйцэтгэх бэлтгэл ажил хангах, төлөвлөлтийн ажлын үед 2020 оны 03 дугаар 25-ны өдөр Автобензен, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээг Шунхлайтрейдинг ХХК-тай байгуулсан.
Тус анги нь 2020 оны Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохдоо Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар болон ангийн тендерийн үнэлгээний хорооны мэдэгдлийн дагуу авто болон барилга инженерийн техник, машин механизм, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажлын хувцас, хүнс, хуурай хэрэглэл, ар талын табель, бусад хэрэгсэл, тавилга эд хогшил, шатахуун, тос, тосолгооны материал, тусгай шингэн, хатуу түлш, ажлын байр, сууц, ахуйн зориулалттай контейнер, монгол гэр зэрэг олон тооны эд хөрөнгийг нийлүүлэх 86 аж ахуйн нэгж, байгууллагатай, нийт 156 гэрээ байгуулан ажилласан.
Уг бүтээн байгуулалтын ажил улсын төсвөөс санхүүжих бөгөөд Монголын төмөр зам ХХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газраар дамжуулан санхүүжилт хийгддэг.
Бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх хугацаанд Монголын төмөр зам ТӨХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, бүтээн байгуулалтад оролцож байгаа Зэвсэгт хүчний ангиуд, харилцагч аж ахуйн нэгж, байгууллагуудтай бүх талаар харилцан ажиллаж ирсэн ба улс орны хэмжээнд бий болсон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл, эдийн засгийн хүндрэлтэй байдал зэргээс шалтгаалан бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний ангиуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын гүйцэтгэлийн санхүүжилт бүрэн олгогдоогүй байна.
Үүний нэгэн адил тус ангийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилт бүрэн олгогдоогүй улмаас тус анги өнөөдрийн байдлаар 34 аж ахуйн нэгж, байгууллагад нийт 1,7 тэрбум төгрөгийн өглөгтэй байх бөгөөд Монголын төмөр зам ХХК, Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газраас олгогдох 2,1 тэрбум төгрөгийн хүлээгдэж байгаа ба санхүүжилт хийгдсэн тохиолдолд харилцагч байгууллагуудын өглөгийг барагдуулахаар ажиллаж байна.
Гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцогдох хүү, алдангийн заалт тусгагдаагүй бөгөөд 41 320 925 төгрөгийн төлбөрийг манай байгууллага төлж баригдуулах үндэслэл байхгүй болно.
Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газар санхүүжилтийн эрх нээгээгүй ба бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл санхүүжилт хийгдээгүй байгаа тул Шунхлайтрейдинг ХХК-ны нэхэмжлэлд дурдагдсан 290 000 000 төгрөгөөс тус анги 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 90 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг одоогоор олгох боломжгүй байна. Бид санхүүжилт хийгдсэн тохиолдолд Шунхлайтрейдинг ХХК-д олгох үлдэгдэл төлбөрийг шуурхай барагдуулж, ямар нэгэн маргаан үүсгэхгүй, хохирол чирэгдэл учруулахгүйгээр гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлэх болно.
Иймд одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж төлбөр барагдуулах асуудлаар Шунхлайтрейдинг ХХК-тай зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага үндсэн мөнгө 290000000 төгрөгөөс 90000000 төгрөг бол ороод ирсэн үүн дээр бол маргаан байхгүй. Гэрээний үүргийн 200000000 төгрөгийн үлдэгдэл байгаа хариуцагчийн хариу тайлбар дээрээс гэрээний үүргийн 200000000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас гэрээний төлбөрийн үүргийн ноцтой зөрчлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 41320925 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байгаа шаардлагаа тодотгож тайлбарлая гэж бодож байна. Талуудын хооронд 2020 оны 03-р сарын 25-ны өдрийн Автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байгаа талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 243-261 дугаар зүйлүүдэд заагдсан Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт дээр худалдан авагч, худалдагч нарын аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг нөгөө талдаа төлөх үүрэгтэй байдаг нийтлэг журмаар зохицуулагддаг. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 т зааснаар гэрээний аль нэг тал нь үүргээ үл гүйцэтгэсэн бол гэрээний зөрчил үйлдсэнээс учирсан хохиролоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилсан байдаг мөн хуулийн ерөнхий ангийн 222.4 дэх хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч нь хохирлыг арилгуулахаар хуульчилсан байна.
Бидний зүгээс 41320425 төгрөгийн хохирлыг яаж тооцож гаргасан бэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хуульчилж өгсөн байгаа тэгэхээр бидний зүгээс ямар зардал гарсан бэ гэхээр 339-р анги 2020 оны 03 сараас 2020 оны 6 сарын 30 ны нийтдээ 384 сая төгрөгийн худалдан авалт хийсэн энэ худалдан авалт хийсэн түлшнээсээ нийтдээ 2 удаагийн төлөлт хийсэн байдаг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 80 сая төгрөг, 2021оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14 сая төгрөг хамгийн сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш буюу 2021 оны 06 дугаар сарын 15 ны өдөр 90 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 290 сая төгрөгийг нэхэмжилсэн. Энэ 290 сая төгрөгийг анх гэрээ байгуулагдсанаас хойш 2020 оны 05 сарын 10 наас хойш анхны төлөлт хийгдэх байсан хугацаанаас эхлэн тооцож нэхэмжлэл гаргасан 2021 оны 06 дугаар сарын 7 ны өдрийг хүртэл 1 жил 2 сарын хугацаа хэтэрсэн. Манай компанийн бизнесийн үндсэн бүтэц нь банкнаас зээл авна зээлсэн мөнгөө импортлогч компанидаа шилжүүлнэ ингээд шатахуунаа хүлээж аваад худалдан авагчдадаа нийлүүлээд 339 дүгээр ангидаа гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээд авсан мөнгөө банкиндаа төлж явдаг бизнесийн бүтэцтэй явагддаг. Энд яригдаж байгаа 290 сая төгрөг бүтэн 1 жил 2 сарын хугацаанд төлөгдөхгүй хугацаа хэтэрснээр банкнаас дахин зээл авч 290 сая төгрөгийн хүүгийн зардал нэмэгддэг. Нэхэмжлэлтэй хамт Хаанбанктай байгуулсан Зээлийн болон зээлийн гэрээнд жилийн 15.6 хувийн хүүтэй, сарын 7.3 хувиар хүү тооцсон гэрээ байгуулсан. 339 дүгээр ангийн төлөх ёстой байсан 290 сая төгрөгийг өгөөгүйгээс дахин банкнаас зээл авч жилийн 15.6 хувийн хүү төлсөн байдаг. Тэгэхээр 290 сая төгрөгийн хүүнд төлсөн хохирол болох 41320925 төгрөгийн хохирлыг амссан байна гэсэн үг юм. Иргэний хуулийн 227.3 т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс үүссэн гарсан зардал нь хохиролд тооцдог гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсэн хоногоос үүссэн хохирлын асуудлыг хариуцах үүрэгтэй гэж зааснаар Шунхлайтрейдинг ХХК-нд компанид учирсан хохирол 41320925 төгрөг нийтдээ 241320925 төгрөгийг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Гэрээнийхээ дагуу бол хохирол, алданги гэсэн зүйлүүдийг тусгаагүй байдаг. Манай байгууллага дээр ирүүлсэн албан бичиг дээр танай байгууллагаас гаргасан шахалтаар гэрээнд тусгаагүй гэсэн байдаг. Манайх бол Монголын төмөр замаас санхүүжилт орж ирэхээр үлдсэн 200 сая төгрөгөө төлнө. Харин хохиролд нэхэмжилсэн 41 сая төгрөгийг бол гэрээнийхээ дагуу шийдвэрлэнэ гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК-аас Гэрээний үүргийн гүйцэтгэлд 290 000 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 41 320 925 төгрөг, нийт 331 320 925 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазарт холбогдуулан гаргаж, ...худалдан авсан автобензин, дизель түлшний үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй 1 жил, 2 сарын хугацаа хэтрүүлсэн, үүний улмаас манай компани эргэлтийн хөрөнгөгүй болж, банкнаас авсан зээлээ төлөх боломжгүй болсон тул зээлийн хүүгийн хэмжээгээр тооцож учирсан хохирлоо гаргуулна гэж, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргээ биелүүлж 90 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан, үлдэгдэл 200 000 000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, харин гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд шаардсан 41 320 925 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.
Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн Гэрээний үүргийн гүйцэтгэлд 290 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 90 000 000 төгрөгийг төлж барагдуулсан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, үлдэх 200 000 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хангаж, харин гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 41 320 925 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ-ээр худалдагч Шунхлайтрейдинг ХХК нь гэрээнд заасан автобензин, дизель түлшийг гэрээгээр тохирсон үнэ, хэмжээгээр 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлэх, худалдан авагч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазар нь бэлтгэн нийлүүлсэн барааг хүлээн авснаар санхүүжилтийн эрх нээгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор төлбөрийг сард 2 удаа төлөхөөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаангүй, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгчээс ...нийлүүлэгч талд алданги тооцох эрхийн заалтыг тусгаагүй, ... гэрээний нөхцөл, үүрэг хариуцлагын хувьд харилцан тэгш, тэнцвэртэй байх хуулийн зарчим алдагдсан хэлцэл болсон гэх боловч гэрээний гол нөхцөлийн талаар маргаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 1 137 640 526.93 төгрөгийн үнэ бүхий автобензин, дизель түлшийг нийлүүлж дууссан, нийлүүлсэн барааны нийт төлбөрөөс хариуцагч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазар нь 290 000 000 төгрөгийг төлөөгүй үлдсэн болох нь тогтоогдсон, ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 90 000 000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан, үлдэгдэл 200 000 000 төгрөгийн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь нийлүүлсэн автобензин, дизель түлшний үнийн үлдэгдэл 200 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж, худалдан авсан автобензин, дизель түлшний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазраас 200 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 90 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлийн тус хэсэгт холбогдуулан хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 41 320 925 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 261.1-д заасан урьдчилсан нөхцөл буюу шаардлагыг хангаагүй, гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаан холбоо тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК нь ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, автобензин, дизель түлшийг хариуцагчид нийлүүлэхийн тулд ХААН банк, Голомт банкнаас зээл авч, эргэлтийн хөрөнгийг бүрдүүлсэн, гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ 1 жил 2 сарын хугацаанд биелүүлэхгүй зөрчсөний улмаас зээлээ өөр эх үүсвэрээс нэмэлт зардал гарган төлсөн, иймд 290 000 000 төгрөгт хамаарах нэхэмжлэгчийн зүгээс банкинд төлсөн зээлийн хүүгийн зардал болох 41 320 925 төгрөгийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзсэн хэмээн холбогдох зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор хавсаргажээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардахын тулд нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК-ийн зээлийн хүүд төлсөн төлбөр гэж шаардсан хохирол нь хариуцагчийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой байх ёстой.
Гэтэл ХААН банк болон Голомт банкнаас эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар авсан тус зээлүүдийг нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК-аас гадна Шунхлай ХХК, Шунхлай Петролиум ХХК, Шунхлай Говь ХХК хамтран авсан байх ба уг зээлүүдийг Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазартай байгуулсан гэрээгээр нийлүүлэх автобензин, дизель түлшийг худалдан авахад зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хариуцагч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазар нь гэрээгээр хүлээсэн бэлтгэн нийлүүлсэн барааг хүлээн авснаар санхүүжилтийн эрх нээгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор төлбөрийг сард 2 удаа төлөх үүргээ гүйцэтгээгүй 1 жил 2 сарын хугацаагаар хэтрүүлсэн гэм буруу байх боловч нэхэмжлэгчийн бусад этгээдүүдтэй хамтран авсан банкны зээл нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хохиролд тооцогдох боломжгүй байна.
Иймд хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол гэх 41 320 925 төгрөгийн зардал нь түүний гэм буруугаас шалтгаалсан болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлээр шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. Тиймээс холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус заасныг баримтлан Шунхлайтрейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазарт холбогдох, Гэрээний үүргийн гүйцэтгэлд 290 000 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 41 320 925 төгрөг, нийт 331 320 925 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазраас гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөл зохих 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК-д олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 41 320 925 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Шунхлайтрейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазарт холбогдох, Гэрээний үүргийн гүйцэтгэлд 290 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 90 000 000 /ерэн сая/ төгрөгийг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлж, нэхэмжлэгчид төлж барагдуулсан хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1814555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги УТҮГазраас улсын тэмдэгтийн хураамж 1607950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ