Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 97

 

“С Д” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00228/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “С Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Э-ад холбогдох

          “9.386.759,48 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

           Нэхэмжлэгч “С Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Д.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгээс:

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар Д.Э- нь “С Д” ХХК-ийн Дархан салбарын захирлаар томилогдон менежментийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хариуцагч Д.Э- ажлын хариуцлага алдан сар бүр санхүү, тайлан бүртгэлийн хэлтэстэй тооцоо нийлэлгүй 9.386.759,48 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан. Уг хохирлыг барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан боловч хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаа хүлээлцээгүй байна. Иймд 9.386.759,48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Д.Э-аас:

Би 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “С Д” ХХК-ийн Дархан салбарын захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед өвчтэй байсан бөгөөд ажлаа хүлээлгэж өгөхөөр төв оффист очсон боловч нягтлан бодогч 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор тайлан өгөх ёстой гээд ажил хүлээж аваагүй. Тухайн үед Улаанбаатарт удаан байх боломжгүй байсан учраас нягтлан бодогчид бүх материалуудаа үлдээгээд Дархан хотод буцаж ирсэн. Гэтэл тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч нь ажлаас гарсан, миний үлдээсэн баримтууд байхгүй гэсэн хариу өгсөн. Би анх ажилд томилогдоход “С Д” ХХК-аас нягтлан бодогч, санхүүгийн шинжээч нар ирж ажил хүлээлгэн өгсөн. Ингэхдээ 3.507.994,07 төгрөгийн оффист хэрэглэгдэж байсан тавилга тоног төхөөрөмжийг хүлээн авч, гарын үсэг зурсан. Харин “С Д” ХХК-д өмнө нь ажиллаж байсан хүний хүлээн авсан даатгалын баталгааг авсан болохоос надад гардан тоолж хүлээлгэж өгөөгүй. Иймд “С Д” ХХК-ийн нэхэмжилж буй мөнгөнөөс даатгалын баталгааны мөнгө болох 750.000 төгрөг, мөн даатгалын менежер байсан н.М-н зээлээр хийсэн “Д Е У” ХХК-ийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 400.000 төгрөгийн гэрээг хүчингүй болгох хүсэлт өгч цуцалсан учир даатгал хийгдээгүй мөнгийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 3.537.139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 5.849.620,48 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.140 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 71.544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “С Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын 4 ширхэг, нийт 145.871 төгрөгийн хураамжтай гэрээнүүд, бараа материалын үлдэгдлийн даатгалын 5 ширхэг, нийт 50.000 төгрөгийн даатгалын хураамжтай гэрээнүүд хийгдсэн гэдгийг хариуцагч Д.Э- үгүйсгээгүй байхад гэрээнүүд хэрэгт авагдаагүй байна гэдэг дан ганц үндэслэлээр, мөн 18 ширхэг гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байгаагүй бөгөөд жолоочийн албан журмын даатгалын мэдээллийн нэгдсэн сүлжээ болох МИИС системийн бүртгэлээс хэвлэгдэн гарсан “С Д” ХХК-ийн дардас бүхий гэрээнүүд байсан. Жолоочийн даатгалын гэрээ нь МИИС системд бүртгэгдэж хийгддэг тул бүртгүүлэхгүйгээр хийх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс МИИС системд бүртгэгдсэн байгаа гэрээ хийгдсэнийг нотлох боломжгүй гэж үзэж эдгээр 18 гэрээний хураамж 677.823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Ц.Б-тэй байгуулсан гэрээний даатгалын хураамж 106.177 төгрөгийг, “Э С” ХХК-тай байгуулсан гэрээний 106.177 төгрөгийг шилжүүлсэн байхад уг даатгалын хураамжийг давхардуулан нэхэмжилсэн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, хэргийн нотлох баримтыг буруу дүгнэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж 1.007.771 төгрөгийг хасаж шийдвэрлэж гэснийг өөрчилж хариуцагч Д.Э-аас даатгалын хураамж 4.544.910 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “С Д” ХХК хариуцагч Д.Э-ад холбогдуулан 9.386.759 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Д.Э- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Хариуцагч Д.Э- “С Д” ХХК-ийн Дархан салбарын захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан байх бөгөөд энэ хугацаанд 122 даатгалын гэрээ байгуулж, даатгалын нэгдсэн программд бүртгэж, даатгалын хураамж нийт 4.544.910 төгрөг байгууллагад төлөөгүй тул уг төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэгч “С Д” ХХК шаардлага гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар нэхэмжлэгч “С Д” ХХК байгууллагад учруулсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч Д.Э- хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад байгууллагад учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн даатгалын 122 гэрээний 18 гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын 4 гэрээ, бараа материалын үлдэгдлийн даатгалын 5 гэрээ хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэг бүр нь 9.900 төгрөгийн үнэтэй 75 гэрээний баталгаат хуудас дутаасан талаарх баримт, байгууллагын нэр дээр Мобиком ХХК-аас гар утас зээлээр худалдаж авсан болон түүний 7, 8, 9 дүгээр сарын төлбөрийн баримт, салбарын үйл ажиллагааны зардалд зарцуулсан 2.420.506 төгрөгийн баримт, даатгалын хураамжийн төлбөр 1.527.123 төгрөг дутуу төлсөн тухай баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч Д.Э- иргэн Ц.Б-тэй байгуулсан гэрээний даатгалын хураамж 27.900 төгрөг, Энсандасервис ХХК-тай байгуулсан даатгалын хураамж 106.177 төгрөгийг тус тус шилжүүлсэн байхад нэхэмжлэгч тал давхардуулан нэхэмжилсэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч “С Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “С Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.757 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

          

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                  С.ОЮУНЦЭЦЭГ       

                                                                                                                 Л.АМАРСАНАА