Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2021/00325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Мт холбогдох

Барилгын тулаас төмөр ашиглуулсаны хөлс 49 850 000 төгрөг, 605 ширхэг барилгын тулаас төмөр тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Х би 2017 оны 08 дугаар сарын 14-нд иргэн Т.Мын хүсэлтээр (өөр барилга дээр ашиглахаар төлөвлөж байсан) барилгын тулаас төмөр /сапуд/-нөөс 1000 ширхэгийг Т.Мт хөлслүүлсэн билээ. Эдгээр сапудыг инженер С.Гантулгаар хүргүүлсэн буюу хүлээлгэн өгсөн юм. Нэг ширхэг сапудыг нэг өдрийн хөлслөх үнэ 100 төгрөг байдаг бөгөөд энэ үнээр тохиролцсон болно.

Эд хөрөнгө хөлслөгч Т.М нь манай барилгын тулаас төмрийг одоог болтол хүлээлгэн өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл барилгын тулаас төмөр авч хэрэглээд 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааны хөлс төлбөрийг тооцвол 65 340 000 төгрөг болж байна. (605x100=60500x1080 хоног=65 340 000 төгрөг). Гэвч барилга нь өөрөө улирлын шинжтэй, Т.Мтай найзын хувьд барилгад ашигласан хугацааг хэсэгчлэн тооцож, эд хөрөнгө ашигласны хөлс 49 850 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн үлдэгдэл 605 ширхэг Солонгос сапудаа нэхэмжилж байна. Т.Маас барилгын тулаас төмөр болон хөлс төлбөрөө авах талаар удаа дараа утсаар хэлж ярьсан боловч үр дүнд хүрээгүй хугацаа алдаж өдийг хүрсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаанд огт ирээгүй учраас шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан тайлбартаа: ...Иргэн Ж.Х нь 2020 оны 05 дугаар сард тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, Т.Мт холбогдуулан сапуд болон сапудаа ашиглуулсны хөлс төлбөр гаргуулах-аар өргөдөл өгсөн байдаг. Гэвч Т.М нь эвлэрүүлэн зуучлагчаас удаа дараа урьсан боловч хүндэтгэх шалтгаангүй ирээгүй ба хуульд заасан 60 хоногийн хугацаа нь дуусаж, өргөдлийг буцаасан юм. Үүний дараа буюу 2020 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гарган өгч, иргэний хэрэг үүссэн боловч шүүхийн дуудсанаар хариуцагч мөн л ирээгүй ба захирамж гарч албадан ирүүлэх ажиллагаа хийгдсэн. Үүнээс хойш хариуцагч нь товлогдсон шүүх хуралдаан бүрт хүсэлт гаргаж, улмаар хэргийг шийдвэрлэх ажиллагаа маш олон удаа хойшлуулсан. Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болохыг Т.М мэдмэгцээ 605 ширхэг сапудыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байсан.

Иймд нэхэмжлэлийн 605 ширхэг Солонгос сапуд гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс заасан мэргэжлийн байгууллагын үнэлгээ хийлгэх шаардлагагүй тул энэ талаар ажиллагаа хийлгэх ямар нэгэн хүсэлт байхгүй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд: Хөлслүүлэхээр өгсөн хугацаа, төлөх үнэ хөлс, шаардлага зэргийг хоорондоо яаж тохиролцсон болохыг тодорхой болгох гэжээ. Энэ харилцаа бол Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41.1, 43.1.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэг, 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсэг, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгийг буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа, хэлцлийн шинжийг тус тус хангаж байгаа болно.

Түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээ нь бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинжтэй боловч түрээсийн гэрээний хувьд шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг нь олж авах эрхтэй байдаг. Харин эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь хөлслөгчийн ашиглах хэрэгцээг хангах зорилготой байдаг. Тиймээс барилгын тулаас буюу сапудаас ямар нэгэн үр шим гарахгүй (төмөрнөөс сүү гарахгүй, түүнийг ашиглан бензин тос, масло гаргахгүй), зөвхөн хариуцагчийн барилгад бетон бэхжүүлэх зорилгоор ашиглагдсан нь тодорхой юм. Иймд энэ нь эд хөрөнгө хөлслөх гэрээ, хэлцлийн шинжийг бүрэн хангаж байгаа болно. Талууд иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар хөлслүүлсэн, хөлсөн авсан байдаг. Учир нь барилга угсралт, бетон цутгалтын хуваариас хамаарч тогтоосон болов уу. Мөн хуулийн 296 дугаар зүйлд зааснаар сапудыг Т.М үргэлжлүүлэн ашигласаар байгааг Ж.Х татгалзаагүй байдаг юм.

Барилгын тулаас төмөр буюу сапуд хөлслөх зах зээлийн хамгийн доод ханш нь 2017-2020 онд нэг өдрийн нэг зуун төгрөг байсан. Энэ үнэ бол нийтэд илэрхий бөгөөд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид бичигдээгүй хууль гэж хэлж болохоор дагаж мөрдөгддөг ханш юм. Нийтэд илэрхий, хүлээн зөвшөөрөгдсөн энэ ханшийг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн эхний тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн зах зээлийн үнэ ханшийн баримтыг шүүхэд хүргүүлсэн болно.

Хариуцагч Т.М бусдын эд хөрөнгийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр авч гурван жил төлбөртэй ашиглаж энэ хугацаандаа 5-7 давхар гурван орон сууцыг барьж ашиглалтад оруулчхаад хөлс төлбөрөө төлөхгүй гэж татгалзаж, сапуд тулаасыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэн өгч буцаан авах боломжгүй болгож төөрөгдүүлсэн, хугацааг санаатайгаар сунжруулж байсан зэрэгт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Ж.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ж.Х нь хариуцагч Т.Мын хүсэлтээр 1000 ширхэг тулаас төмрийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр хөлслүүлсэн байдаг. Тухайн асуудал нь хэн хэнийхээ итгэлцлэлийн үндсэн дээр бий болсон. Т.М нь Ж.Хаас барилгын тулаас төмрийг ашиглуулаач гэсэн. Гэтэл Т.М ашигласан хугацааныхаа хөлсийг зах зээлийн үнийн хамгийн доод хэмжээгээр нь өгөөрэй гэж талууд харилцан тохиролцсон. Энэ нөхцөлийг Т.М хүлээн зөвшөөрсөн учраас тухайн цаг хугацаандаа хүлээж авсан байдаг. Түүнээс хойш Т.М нь барилгын тулаас төмрийн ямар нэгэн байдлаар буцааж өгөх сэтгэл, санаачилга гаргаагүй явсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Хөлслүүлсэн үнэ тодорхойгүй гэж байна. Энэ нь нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан маш олон баримтуудаар тогтоогдож байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч яагаад үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж 150 төгрөгөөр хөлс төлөх гээд байгааг мэдэхгүй байна. Иймээс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны хөлсийг хэсэгчлэн тооцуулсан. Өвлийн улирлыг хасаж тооцсон. 4-9 саруудад ашигласан хөлсийг л нэхэмжилж байгаа. Шүүхэд анх иргэний хэрэг үүссэний дараа хариуцагч барилгын тулаас төмөр авч хэрэглэсэн хугацааны мөнгөө төлнө гэсэн хариу тайлбар гаргаж байсан. Гэтэл өмгөөлөл, хууль зүйн туслалцаа аваад төлбөрийг төлөхгүй гэж байгаад өнөөдрийг хүртэл гайхаж байна гэв

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.М миний бие 2017 оны 08 дугаар сард 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлэхдээ иргэн Ж. Хаас 1000 ш сапуд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түрээслэн авч, хэрэглэснээс хойш 2018 оны 06 дугаар сард барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа тус барилга дээрээс Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын барилга руу ******* /*******/, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын барилга руу ******* /*******/, Богд сумын соёлын төвийн барилга руу ******* / *******/нар нэхэмжлэгч Ж.Хт хэлсэн гээд тус тус авч явцгаасан. Миний бие болон нэхэмжлэгч сапуд авч явсан хүмүүс бүгд найз нөхөд танилууд тул өгч явуулсан болно.

Иймд миний өөрийн түрээсэлсэн 1000 ш сапудны тооцоо 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд /ашиглаагүй 10-р сарын 20-ноос 05 дугаар сарын 01 хүртэлх улирлын чанарын хоногийг хасаж /нийт түрээсийн төлбөрөөс манайхаас авсан газ, тоосгоны үнийн дүнг хасаж төлбөрийг төлөх болно.

2018 оны 07 дугаар сарын 01-нээс хойшхи сапудны түрээсийг *******, *******, *******-аас тооцож гаргуулах, үлдэгдэл нэхэмжилсэн 605 ш сапудыг *******, ******* /Өлзийт, Богд сумд руу авч явсан/ нэхэмжлэгч Ж.Хт өгөх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: ...нэхэмжлэгч нь анх нэхэмжлэхдээ эд хөрөнгө хөлслөгч Т.М нь манай барилгын сапуд буюу барилгын тулаас төмрийг одоог болтол хүлээлгэн өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл сапуд авч хэрэглээд 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааны хөлс төлбөрийг дунджаар 65 340 000 төгрөг болж байна. (650x100=60500x1080 хоног=65 340 000 төгрөг) гэсэн атлаа ...барилгад ашигласан хугацааг хэсэгчлэн тооцож, эд хөрөнгө ашигласны хөлс 49 850 000 төгрөг нэхэмжилж байна. гэж хэрхэн ямар тохиролцоо, тооцоогоор дунджаар тооцсоныгоо ...найзын нөхдийн хувьд... ямар тооцоогоор нэхэмжлэлийн дүнг гаргаж ирсэн нь ерөөс ойлгомжгүй бөгөөд ямар ч хууль зүйн үндэслэлгүй байгааг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна.

Нэхэмжлэлд дурдсанчлан ...найзын нөхдийн хувьд... нэхэмжлэгч Ж.Х нь 2013 онд аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа ажилгүй болчхоод миний барилга барьсан хашаанд ямар ч хөлс, түрээсгүйгээр бүтэн жил блокны үйлдвэр ажиллуулж үйлдвэрлэхдээ, манай блокны машины /поддон/ 130 ширхгийг авч ашиглаад одоо хүртэл буцаан өгөөгүй байсан зэргээ харгалзан үзэж сапудаа ашиглуулж, дээр нь 1 ширхэг нь 350 төгрөгийн үнэтэй тоосго 4000 ширхэгийг, мөн 2 барилгын дээвэр дээр ашигласан газын үнэ 2170000 төгрөг бүхий газ авсныг би өнөөдрийг хүртэл 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зуны хэдхэн сар ашигласан 1000 ширхэг төмөр тулаасны хөлс л гэж дотроо тооцож явсан бөгөөд хэрэв өнөөдөр би ийм асуудал хөндөгдөж байгаа бол харилцан тооцоо хийж эд хөрөнгө хөлсөлсний төлбөр төлөх тооцоо гарвал төлнө гэдгээ л илэрхийлсэн юм. Түүнээс биш тэгж нарийн үнэ хөлс ярьж, гэрээ хэлцэл хийж ажилласан ч юм биш. Баянхонгорын барилгынхны жишгээр бие биедээ илүү байгаагаасаа болон ашиглаагүй юмаа харилцан ашиглуулж ирсэн жишгээрээ л явсан.

Гэтэл нэхэмжлэгч нь өөрт нь ав гэж хэлсэн Д.*******, н.******* нараасаа авч чадаагүй тулаас төмрөө надаас нэхэж, ашиглаагүй хугацааны хөлс-ийг өөрөө дур мэдэн үнэ тогтоож нөхөж нэхэж байгааг ойлгохгүй байна. Үнэхээр л өөрт нь тийм их хэрэгтэй байсан юм бол өөрийнх нь хэлснээр 100 гаруй сая төгрөгийн зардал гаргаж байхаар 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд эд хөрөнгө хөлсний гэрээний үүргийн гүйцэтгэлээ шаардаж, хөлслүүлсэн эд хөрөнгөө биет байдлаар хүлээлгэж өгөхийг шаардахгүй юу хийж байсан бэ гэдэг нь асуулт тул түүнийгээ нотолчих баримт ч гаргаж өгч чадахгүй байна. *******д ч өг гэж өөрөө ч утсаар яриагүй, харин түүний инженер нь л ирж *******, ******* нарын нэгэн адил Хтай ярьчихлаа, танай дээр байгаа тулааснаас ав гэж байна. гээд л ирээд аваад явсан ш дээ. Баялаг орд-ын ******* 380 ширхэгийг Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын барилга руу, ******* Богд сумын Соёлын төвийн барилга руу гээд л мөн л Хүрэлээтэй ярьчихлаа чам дээр байгаагаас ав гэлээ. гэж хэлээд хуваагаад авч явснаас хойш нэг газар, нэг хонхор байж л байдгийг түмэн олон мэдсээр байхад энэ олон жил чимээгүй явчхаад өнөөдөр л гэнэт ухаан орсон юм шиг 3 жилийн түрээсийн төлбөр нэхээд босоод ирж байгааг гайхаж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлд тулгуурлаад нэгдүгээрт найз нөхөд учраас өгсөн, хамгийн доод талын үнэ 100-150 төгрөг байдаг гэж байна. Тулаас төмрийг нэгийг нь 100 төгрөгөөр хөлсүүлнэ гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн ямар нэгэн баримт хэрэгт огт байхгүй. Үүнийгээ нотлох баримт гаргаж өгөхгүй гэж байгаа бол бусад холбогдох этгээдүүдээс нь гаргуулах тухай хүсэлтийг миний бие гаргасан. 100 гэдэг тоог үндэслээд шүүх ямар нэгэн шийдвэр гаргах боломж бололцоо ямар байх вэ, Хоёрдугаарт түр хугацаагаар ашиглуулахаар өгсөн гэж байна. Түр хугацаа гэж яг хэдий хугацаа гэж ойлгохыг нотлох баримт мөн хэрэгт байхгүй. 3 жилийг түр хугацаа гэж ойлгож болох уу, Шаардлага тавиад байхад өгөхгүй байсан гэж байна. Тухайн асуудлаар шүүхэд хандахаас өмнө ямар шаардлага тавьж байсан гэдгийг нотлох баримт хэрэгт байдаггүй. Зах зээлийн үнийн хамгийн доод ханш гэдэг. Зах зээлийн үнийг хэрхэн яаж тодорхойлсон нь тодорхой бус. Хамгийн сүүлийн баримт гэвэл шүүгчийн захирамжаар хөрөнгийн үнэлгээний газраар дүгнэлт гаргуулсан байсан. Хөрөнгийн үнэлгээний байгууллага нь аливаа эд зүйлийн зах зээлийн үнийг тодорхойлох эрхтэй байгууллага биш. Дүгнэлтийг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал.

Төлбөр нэхээд байгаа нэг бүрийн нэгжийн үнэ хэд вэ гэдэг нь тодорхойгүй, хэдий хугацаанд гэдэг нь мөн тодорхойгүй. Үлгэрээр асуудлыг шийдэх эрх шүүхэд байхгүй. Хэрвээ шийдвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна... гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолсон хангалттай нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа нь шүүхийн шийдвэр гаргах боломж бололцоог үгүй хийж байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Хаас Барилгын тулаас төмөр ашиглуулсны хөлс 49 850 000 төгрөг, 605 ширхэг барилгын тулаас төмөр тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Т.Мт холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 605 ширхэг барилгын тулаас төмөр гаргуулах шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн Барилгын тулаас төмөр ашиглуулсны хөлс 49 850 000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, мөн 605 ширхэг барилгын тулаас төмөр гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ж.Х нь Барилгын тулаас төмөр ашиглуулсны хөлс 49 850 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ ...нэг тулаас төмрийг зах зээлийн доод ханшаар буюу нэг хоногийн 100 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тулаас төмрийг хүлээлгэн өгснөөс хойш нийт 3 жил ашиглуулсан боловч барилгад ашигласан хугацааг нь тооцож, төлбөрийг нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Хариуцагч Т.М нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбараа ...миний өөрийн түрээсэлсэн 1000 ширхэг барилгын тулаас төмрийн тооцоо 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд /ашиглаагүй 10-р сарын 20-ноос 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх улирлын чанарын хоногийг хасаж/ нийт түрээсийн төлбөрөөс манайхаас авсан газ, тоосгоны үнийн дүнг хасаж төлбөрийг төлөх болно гэж гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбарын үндэслэлээ өөрчилж, гэрээ байгуулаагүй, төлбөр төлөх талаар тохиролцоогүй, найз нөхдийн хувиар үнэгүй ашиглахаар тохиролцсон, төлбөр төлөхгүй гэж маргажээ.

Талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл, хариуцагч Т.М нь өөрийн бариулж буй орон сууцны барилгад ашиглахаар 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1000 ширхэг барилгын тулаас төмрийг нэхэмжлэгч Ж.Хаас шилжүүлэн авч, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх /ашиглаагүй 10-р сарын 20-ноос 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх улирлын чанарын хоногийг хасаж/ хугацаанд ашигласан үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч талууд хоорондоо бичгээр гэрээ байгуулаагүйн улмаас гэрээний ямар харилцаа үүссэн болох, барилгын тулаас төмрийг төлбөртэй ашиглуулахаар хоорондоо тохиролцсон эсэх нь маргааны зүйл болсон байна.

Мөн хариуцагч Т.М нь Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдсан, 29 айл, 18 авто машины зогсоол бүхий, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад оруулсан[1] барилгыг барихад зориулж, нэхэмжлэгч Ж.Хаас 1000 ширхэг барилгын тулаас төмрийг авсан, тус Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-д дурдсанаар барилгын захиалагч нь Т.М гэх боловч шүүхэд гаргасан тайлбарт ...өөрөө барилга барих зөвшөөл байхгүй болохоор барилгын ажил гүйцэтгэгчээр нь Би Эйч Энд Ди ХХК-ийг оруулсан болохоос барилгыг өөрөө бариулсан гэж тайлбарласан, Ж.Х, Т.М нарын хэн аль нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаа эрхэлж, бусдад худалдан борлуулдаг талаар маргаангүй, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна.

Үүнээс үзвэл, хариуцагч Т.М-ыг ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулахдаа буюу орон сууцны барилга барихад зориулж нэхэмжлэгч Ж.Хаас 1000 ширхэг тулаас төмрийг авсан гэж үзэхээр байх ба ингэхдээ зах зээлийн доод ханшаар барилгын тулаас төмрийг ашиглуулахаар амаар тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч шүүхэд гаргасан 2 удаагийн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн тул нэгэнт амаар тохиролцсон хэлцлийг үндэслэн төлбөр нэхэмжилж буй энэ тохиолдолд түүний гаргасан тайлбараар тэдгээрийн хооронд барилгын тулаас төмрийг зах зээлийн доод ханшаар ашиглуулахаар тохиролцсон гэж үзнэ.

Иймд хариуцагч талын хариу тайлбарын үндэслэлээ хожим өөрчилсөн ...найз нөхдийн хувьд, үнэ төлбөргүй ашигласан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, амаар тохиролцсон энэ хэлцлийн хувьд хариуцагч өөрөө төлбөрийг нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн байхад төлбөртэй ашиглуулахаар амаар тохирсоныг гэрчлэх гэрч байхгүй, бичгийн баримт байхгүй гэх үндэслэлээр тэдгээрийн хооронд үүссэн бодит харилцааг үгүйсгэх боломжгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх учиртай, хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Шүүхээс хариуцагч Т.Мт 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан, шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй болохыг тайлбарласан, үүний дараа тэрээр шүүхэд гаргасан тайлбарууддаа 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх төлбөрийг төлнө гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Нөгөөтээгүүр хариуцагч Т.М нь аж ахуйн үйл ажиллагаа буюу ашиг олох зорилготой орон сууцны барилгыг барихдаа барилгын тулаас төмрийг ашигласан үйл баримтыг үгүйсгээгүй тул зах зээлийн доод ханшаар ашиглуулахаар тохиролцсон хэлцэл хийгдсэн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Ж.Х, хариуцагч Т.М нар нь нэг талаас аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж, барилгын тулаас төмрийг эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэх, нөгөө талаас зах зээлийн доод ханшаар төлбөрийг төлөхөөр хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон байх тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний шинжтэй харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж тайлбарлан мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасныг үндэслэн гэрээний хугацаа тодорхой бус хугацаагаар сунгагдаж 3 жил ашиглуулсаны хөлс нэхэмжилж, мөн амаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний харилцаа байгаа гэж тайлбарлажээ.

Тухайн эд хөрөнгийг ямар зорилгоор ашиглуулах онцлогоос нь хамаарч түрээсийн гэрээ, эсхүл эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг ялгах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Т.М нь ашиг олох зорилготой орон сууцны барилгыг барих үйл ажиллагааг явуулах зориулалтаар, уг үйл ажиллагааг явуулах нөхцөл шаардлагыг хангасан барилгын тулаас төмрийг барилга байгууламжийг барихад ашигласан байдал нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, түрээсийн гэрээ нь түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон ашиг орлого олоход зориулж, тодорхой хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, түрээслэгч гэрээний зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон ашиг олох зорилгоор ашигладаг.

Дээр дурдсанаар талуудын гаргасан маргаагүй тайлбараар хариуцагч Т.М нь ашиг олох, бусдад худалдах зорилгоор орон сууцны барилгыг барьж, тус барилгыг барихдаа барилгын тулаас төмрийн ашигтай байдлыг нь гаргаж ашиглахаар нэхэмжлэгч Ж.Хаас шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

Гэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4-д зохицуулсан.

Зохигчид барилгын тулаас төмрийг түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй тул түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул нэхэмжлэгч Ж.Х нь гэрээний дагуу төлбөр шаардах эрхгүй байна.

Хэдийгээр хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Ж.Х нь түрээсийн зүйлийг буцаан авсан боловч гэрээний нөгөө тал болох хариуцагч Т.М нь түрээсийн зүйлийг ашигласан хөлсийг төлөөгүй учраас бусдын эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын дагуу төлөх үүрэгтэй.

Учир нь, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааг зохицуулсан ба энэ харилцаанд өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн зохицуулалт мөн хамаарна.

Хариуцагч Т.Мын хүлээн зөвшөөрснөөр барилгын тулаас төмрийг эзэмшиж, ашиглаж байсан 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд /ашиглаагүй 10-р сарын 20-ноос 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх улирлын чанарын хоногийг хасаж/ барилгын тулаас төмрийн зах зээлийн үнэ нэг өдрийн түрээслүүлэх үнэ 100-110 төгрөг байсан болох нь шүүхээс томилсон шинжээч Энх-Нахиа ХХК-ийн үнэлгээний тайлангаар[3] тогтоогдсон, уг дүгнэлттэй хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ж.Х нь зах зээлийн доод ханш болох нэг өдрийн 100 төгрөгөөр нэг бүрийн үнийг тооцон нэхэмжилсэн нь тухайн үеийн зах зээлийн ханшаас хэтрээгүй байх тул хариуцагчийг дараах байдлаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэстэй байна.

Үүнд: 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд, ашиглаагүй 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх улирлын чанартай хоногийг хасаж тооцоход:

2017 оны 08 дугаар сарын 15-31-ний өдөр хүртэл 17 хоног

2017 оны 09 дүгээр сард 30 хоног

2017 оны 10 дугаар сард 20 хоног

2018 оны 05 дугаар сард - 31 хоног

2018 оны 06 дугаар сард - 30 хоног, нийт 128 өдрийн хугацаанд хариуцагч Т.М нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй, бодитоор ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй учир гэрээний төлбөр гэж тохиролцсон зах зээлийн доод хэмжээгээр төлбөрийг тооцоход 12 800 000 төгрөгийн /128 өдөр*1000 ширхэг барилгын тулаас төмөр*нэг барилгын тулаас төмрийг нэг өдөр түрээслүүлэх үнэ 100 төгрөг/ хэмжээгээр нэхэмжлэгч Ж.Х нь барилгын тулаас төмөр түрээслүүлсэний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч Ж.Х нь 3 жилийн хугацаанд түрээслүүлсэн гэж хугацааны талаар маргах боловч хариуцагч Т.Мын 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд /ашиглаагүй 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх улирлын чанарын хоногийг хасаж/ ашигласан гэх хариуцагчийн тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хариу тайлбарыг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул барилгын тулаас төмрийг ашиглуулсан хугацааг талуудын маргаагүй дээрх хугацаагаар тооцох нь зүйтэй.

Хэдийгээр хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1000 ширхэг барилгын тулаас төмрөөс 605 ширхэгийг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч энэ бүх хугацааны туршид түүнийг барилгын тулаас төмрийг ашигласан гэж үзэх боломжгүй, үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс Сапуд/барилгын тулаас хөлслүүлэх тухай гэх баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж, гэрээ байгуулагдсан гэдгийг нотолно гэж мэтгэлцсэн ч уг гэрээнд талууд гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж заасантай нийцэхгүй.

Мөн хариуцагч Т.М нь түрээсийн зүйлийг ашигласан байдлаа өр авлагадаа авсан гэж тайлбар гаргасан боловч зохигчдын дунд өр авлага үүссэн гэрээ, нотлох баримт хэрэгт байхгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул хариуцагч тус тайлбараа нотолж чадаагүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч барилгын тулаас төмрийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг эсэх, бусад этгээдэд түрээслүүлж орлого олсон, бусдаас түрээсэлсэн эсэх нь энэ хэрэгт ач холбогдолгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоход хамааралгүй, бусдад түрээсэлдэггүй, бусдаас түрээслээгүй болох нь Т.Мт түрээсэлж болохгүй гэсэн ойлголт биш тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Х нь Барилгын тулаас төмөр ашиглуулсны хөлс 49 850 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн нотолж чадаагүй тул нотлогдсон хэмжээгээр тооцон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Х нь 12 800 000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул хариуцагч Т.Маас барилгын тулаас төмрийг ашигласан хугацааны 12 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М нь итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу 605 ширхэг барилгын тулаас төмөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ж.Хын нэхэмжлэлтэй, Т.Мт холбогдох, Барилгын тулаас төмөр ашиглуулсаны хөлс 49850000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Т.Маас барилгын тулаас төмөр ашигласан 12 800 000 /арван хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хт олгож, тус нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Ж.Хын нэхэмжлэлтэй, Т.Мт холбогдох 605 ширхэг барилгын тулаас төмрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ж.Х татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Маас 254850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хт олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ