| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Улсын яллагч Ц.*******
Шүүгдэгч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******т холбогдох 2423000000057 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд: Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар:/
Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу *******4 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.******* нь *******4 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******4 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 78 дугаартай шийтгэвэр болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ буюу *******4 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Д.*******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон гэрч П.ы "... Би *******4 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт замын эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэх хугацаанд Даюун маркийн, улсын дугааргүй, улбар шар өнгөтэй мотоциклийн жолооч хамгаалах малгай өмсөлгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд тухайн жолоочийг зогсоож шалгахад, жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртсэн, тухайн жолоочийн жолоодож явсан Даюун маркийн, улсын дугааргүй, улбар шар өнгөтэй мотоциклийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-217/-д заасны дагуу түр саатуулж, жолоочийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор драйгер багаж үлээлгэж, шалгах гэхэд жолооч Д.******* нь драйгер багаж үлээхгүй би өөрийн хүсэлтээр цусны дээж өгнө гэхээр нь тус сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Б.гээр цусны дээж авхуулсан...” гэсэн мэдүүлгээр болон Д.*******ыг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг нотолсон Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******4 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай “ Д.*******ын гэх цусанд 1,2 промилл спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн химийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******4 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүчинтэй болсон байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.
Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн“ гэмт хэргийн шинж болгон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно “ гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Д.******* нь *******4 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эрхээ хасуулсан бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасагдсан гэдгийг мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* “шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан учраас түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзэхгүй. Иймд Д.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичигт зааснаас үзвэл хүчин төгөлдөр болох гэдэг нь хүчинтэй болох гэдэг үгтэй адил ойлгогдохоор тайлбарласан болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэдэг нь тухайн шийдвэрээр тогтоосон шийтгэл давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих хүртэл хугацаанд хүчинтэй үйлчилнэ гэсэн ойлголт бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэр нь гомдол гаргах хугацаанд хууль зүйн үр дагаврыг үүсгэнэ. Харин гомдол гаргасан тохиолдолд уг үр дагавар түдгэлзэнэ гэж ойлгоно.
Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэл оногдуулсан шийтгэвэр хүчин төгөлдөр болоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 15 /арван таван/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.*******т *******4 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ