| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/59 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: П.М нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт П-н М-дд холбогдох эрүүгийн 2427000000054 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"" оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ө аймгийн Ө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Ө аймгийн Ө сумын 1 дүгээр баг """"""" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""""""""""" регистрийн дугаартй, Ц овогт П-н М-д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.М нь 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд Ө аймгийн Х сумын 1 дүгээр баг Ихрийн энгэр гэх газарт байх малчин Б.Ц-н монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн хэрэгсэл болох 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг хулгайлж 560,000 төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.Ц гэх айлаас эд зүйл аваад 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Цид буцааж өгсөн байгаа. Би айлаас нууцаар эд зүйл авсан үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу...” гэв.
Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би """"" сумын 1 дүгээр баг Ихрийн энгэр гэх газарт байх өөрийн гэрээс 6 завхаа мөнгөн эмээлийнхээ мөнгөн хэрэглэлийг хулгайд алдсан. Манай авдарт байсан мөнгөн эмээлийн мөнгөн хэрэглэлийг тасдаад авсан байсан. Би хөдөө гэртээ ганцаараа амьдардаг, хамгийн сүүлд цагаан сар өнгөрөөд шинийн 10-ны үед авдартаа хөөрөг бас бус юмаа хийхэд миний эмээл бүтэн байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авдартаа үстэй дээлээ хийх гээд авдараа онгойлгоход мөнгөн эмээлийн мөнгөн хэрэглэл байхгүй байсан. ...Би гэрээ цоожилдоггүй. Харин гэрээсээ гарах болгонд хаалганыхаа цүүнд нарийнхан урт төмөр шургуулж үлдээдэг, тэгэхгүй бол манай хаалга онгойчихоод байдаг. ...Манай хотонд би ганцаараа, хажууд Гомбосүрэнгийнд М бас ганцаараа байдаг. Өглөө босоод хоюулаа хонь, хонио дагаад л гардаг, заримдаа намайг ирэхэд хониноосоо түрүүлээд ирсэн байдаг байсан. М гэх залуу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот буцах байсан юм. Мал харуулж байгаа айл нь бүлгүй гээд хэд хоног сунгаад байсан юм. Тэгээд М гэх залуу маргааш буцна гэхээр нь би маргааш нь М гэх залуугаас түрүүлээд сумын төв орчихоод ирье гэж Гомбосүрэнгийн ээжид хэлчихээд урд ар дээр байх хэсэг адуун дотор ороод дурандаж байтал М гэх залуу гэрээсээ хөдлөөд зүүн ууланд байх хадат дэлийн доод талд мотоциклоо үлдээчихээд алхаад хадны завсараас нэг юм аваад мотоциклоо унаад сумын төв явдаг замтай нийлээд явахаар нь амдаж зогсоогоод чиний өвөрт юу байгаа юм гаргаад ир гэтэл, уучлаарай Цэвэлээ ахаа ёстой муухай юм боллоо гээд миний хулгайд алдсан эд зүйл болох мөнгөн эмээлийн мөнгөн хэрэглэлийг цэнхэр торонд хийгээд өвөртөлсөн байсан, надад гаргаж өгсөн. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй. Манай айлын Гомбосүрэн мэдэж байгаа, Би Гомбосүрэнд хэлсэн байсан. Надад санал гомдол байхгүй, эд зүйлээ олж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...М гэх залуу 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буцсан бөгөөд урьд өдөр нь буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай дүү Мөнх-Очир эхнэр хүүхдүүдтэйгээ ирж золгоод оройдоо буцсан. Түүний өмнөх өдөр эмээлийн мөнгөн хэрэглэл алга болсныг мэдсэн гэхээр 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн юм байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/,
Гэрч Ч.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэр Х сум 1 дүгээр баг Ихрийн энгэр гэх газар байдаг. Би төв дээр хүүхдүүдийнхээ хамт байдаг, нөхөр Гомбосүрэн адуугаа аваад Өлзийт сумруу отроор явсан. Манай хөдөө гэрт туслах малчин М гэх залуу Цийнхтой хамт манай гэрт өвөлжсөн. М манайд 2023 оны 12 дугаар сарын эхээр ирээд 3 сар ажиллаад явахаар тохирсон байсан. Цийн гэр манай гэр хоорондоо 50м орчим л зайтай. ...Би энэ талаар нөхөр Гомбосүрэн болон Ц нараас мэдсэн. Мг явах гээд сумын төв явж байхад нь амдаж зогсоогоод өврийг нь үзтэл Цийн эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь өвөртлөөд явж байсан гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р хуудас/,
Гэрч С.Гомбосүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Мг танина. Өмнөх жилийн 12 дугаар сараас эхээр би Мтэй холбогдож өвөлжилт хүнд байгаа учир манайд ирж сарын 600,000 төгрөгийн цалинтай туслах малчнаар ажиллах санал тавьж 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тэгээд цас багасахгүй байхаар нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллахаар тохирч байгаад 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр явлаа гээд явсан. Ц гэх хүнийг багаасаа танина, нэг голын хүмүүс байгаа юм. Хэд хоногийн өмнө Ц ах уулзаад ах нь 6 завхаа мөнгөн эмээлийнхээ мөнгөн хэрэглэлийг гэрээсээ алдчихлаа, танай малыг малладаг М авчихсан юм шиг байна, Мг Хархорин сумруу явахад нь замд нь барьж энэ талаар асууна гэж байсан. Тэгээд маргааш нь Мг замд нь тосож уулзаад өврөөс нь хулгайд алдсан эд зүйлээ олсон гээд гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
Гэрч Т.Мөнх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Ц нь миний төрсөн ах юм. Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ц ахынд золголтоор очсон. Тухайн үед Ц ах надад “ эмээлийнхээ мөнгөн хэрэглэлүүдийг гэрээсээ хулгайд алдчихлаа, Гомбосүрэнгийнд малчин хийж байгаа М гэх залууг хардаж байгаа, чи маргааш өглөө эрт хүрээд ирээрэй гэсэн. Би маргааш өглөө нь эрт Ц ахынд очоод түүнийг аваад зүүн зүгт нэг уулын хяр дээр адуу дунд ороод гэрийнх нь зүг хэсэг дуран тавьж суусан. Тэгтэл удалгүй Гомбосүрэн ах надруу залгаад М гэрийн гаднаас хөдлөөд та хоёрыг чиглээд явлаа гэж хэлсэн. М гэх залуу хэсэг явж байснаа хад асга ихтэй уулын энгэрт зогсож хадны завсраар нэг юм авч өвөртлөөд давхичихсан....Яваад очтол Б.Ц ах Мд хандаж хадны завсараас юм авч байхыг ах нь харсан, миний дүү авсан юм аа өгчих гэхэд М өврөөсөө Ц ахын эмээлийн мөнгөн хэрэглэлүүдийг гаргаж өгөөд уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/15 дугаартай “...2 ширхэг мөнгөн эмээлийн баавар, 4 ширхэг мөнгөн эмээлийн даруулга эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 560,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 39-42-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл тайлан /хавтаст хэргийн 15-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч П.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч П.М нь 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд Ө аймгийн Х сумын 1 дүгээр баг Ихрийн энгэр гэх газарт байх малчин Б.Ц-н монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн хэрэгсэл болох 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг хулгайлж 560,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн хохирогч Б.Ц-н мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 25-р хуудас/, гэрч Ч.Амарбаясгалангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р хуудас/, гэрч С.Гомбосүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, гэрч Т.Мөнх-Очирын мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/15 дугаартай “...2 ширхэг мөнгөн эмээлийн баавар, 4 ширхэг мөнгөн эмээлийн даруулга эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 560,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 39-42-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-р хуудас/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл тайлан /хавтаст хэргийн 15-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч П.М нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлджээ.
Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч П.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч П.Мгийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос П.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Мг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хохирогч Б.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч П.Мг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч П.Мг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс цагдан хорих санал гаргаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд нийт 27 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 27 хоногийг яг эдэлсэн хугацаанд оруулан тооцох саналтай. Шүүгдэгч П.Мд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн гэх нөхцөл байдал, өөрийгөө илчилсэн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нөхцөл байдал харагдаж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч П.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч П.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав: Бусад асуудлаар:
Шүүгдэгч П.Мгийн хувийн байдлыг харгалзан 01 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч П.Мгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч П.М нь хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт П-н М-дг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц овогт П-н М-дг 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч П.Мгийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Шүүгдэгч П.М нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА