Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2021/00371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Игийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,

Хариуцагч: *******,

Хариуцагч: *******,

Хариуцагч: *******т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт нийт 14 666 514 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа хариуцагч ******* болон түүний Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 оноос хойш сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна. Баянхонгор сумын 2-р цэцэрлэгт 1999-2007 он хүртэл багш, 2007-2015 онуудад 3-р цэцэглэгт багш, 2007-2015 онуудад цэцэрлэгт багш, арга зүйч, 2015 оны 01 сарын 05-ны өдрөөс 2017 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор сумын 5-р цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байгаад хууль бус ажлаас чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006, давж заалдах шатны 221/МА2019/0278, дээд шатны шүүхийн 263 тогтоолоор 2021 оны 01 сарын 05-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Миний бие 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан хугацааны цалин 3 014 476 төгрөгийг буцаан авсан. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор сумын 3-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Миний нэг сарын цалин 1 240 670 төгрөг, нийт 9 сар 2 хоногийн мөнгө 11 077 278 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 3-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсан хугацааны буюу 12 сарын цалингийн зөрүү 3.589.236 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин 11 077 278 төгрөг, Баянхонгор сумын 3-р цэцэрлэгт ажиллаж байсан цалингийн зөрүү 3 589 236 төгрөг, нийт 14 666 514 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.И нь ажилгүй байсан хугацааны цалин болох 11 077 278 төгрөг, Баянхонгор сумын 3 цэцэрлэгт ажиллаж байсан цалингийн зөрүү болох 3 589 236 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Б.И нь Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар бүлгийн багшаар түр томилогдон ажиллаж 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2- заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно..гэж заасан. Б.И нь ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа 3 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан тул ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүүг олгох боломжгүй байна. Учир нь 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа эрхлэгчийн цалинтай тэнцэх хэмжээний цалинг авч ажилладаг байсан нь 3 дугаар цэцэрлэгийн цалингийн тооцооны картнаас харах боломжтой байна. Иймд Б.Игийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******т холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин 11 077 278 сая төгрөг, Баянхонгор сумын 3-р цэцэрлэгт ажиллаж байсан цалингийн зөрүү болох 3 589 236 төгрөг, нийт 14 666 514 төгрөг гаруулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн ******* миний бие оролцож байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2021/00173 дугаар шийдвэрт Б.И нь Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ буюу Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/774 дүгээр захирамжаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүртлээ 2018 оны 05-07 саруудад 704472+755078+755078=2214628 /дундаж цалин/ 2.214.628:3=738.209 төгрөг, 738.209:20 /сарын дундаж ажпын хоног/ =36.910 /нэг өдрийн цалин/ цалинтай байсан гэж тодорхойлогдож байна.

Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл буюу Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар томилогдох хүртэл ажлын 113 хоног, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Б.И бүлгийн багшийн ажлаас чөлөөлөгдөж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 89 хоног, нийт 202 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг буруутай этгээдээс гаруулах нь зүйтэй байна. 

Иймд Б.Игийн ажилгүй байсан хугацааны ажлын 202 хоногийг нэг өдрийн 36910 төгрөгөөр тооцон 7.455.820 төгрөгийг *******ас гаргуулах нь зүйтэй гэж үзэв гэжээ.

Б.И нь 2019 оны 04 дүгээр сарын 01 -ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Б/39 дүгээр тушаалаар бүлгийн багшаар түр томилогдон ажиллаж, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан ба Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.

Аймгийн Засаг даргаас Б.Игийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хариуцах боломжгүй байна. Учир нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, тус нэмэлт 2020 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасны дагуу сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгчийг сумын Засаг дарга томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Дээрх заалтын дагуу Б.Иг Баянхонгор сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эгүүлэн томилох боломжтой байсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл томилоогүй байгаа нь аймгийн Засаг дарга түүний тамгын газрын зүгээс хариуцах боломжгүй юм.

Иймд Б.Игийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Игийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир холбогдох баримт материалыг хавсралтаар хүргүүлж байгааг хүлээн авч танилцана уу гэжээ.

Нэхэмжлэгч Б.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль бус шийдвэрээр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Үүний дагуу 3 шатны шүүхээр орж ажилдаа эгүүлэн томилогдох шийдвэр гарсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулан авсан. 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 5 сарын цалинг, мөн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд 3 дугаар цэцэрлэгт түр орон тоон дээр багшаар ажиллаж байсан бөгөөд энд ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3.589.236 төгрөг нэмж нэхэмжилж байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны 4 сар 2 хоногийн 11.777.278 төгрөг, нийт 14.666.514 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 14.616.514 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Нэхэмжлэгчийг 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад ******* 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/774 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлснийг хууль бус болохыг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр тогтоогдож байна. Уг шийдвэр нь 3 шатны шүүхээр явж баталгаажсан байгаа тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн хэрэгт Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон захирамж байгаа учир зэрэг нотлох баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх үндэслэлтэй. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу хэдийгээр сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцохоор байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 2018 оны 10 дугаар сард ээлжийн амралттай, 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдөөд ажилласан хугацааны цалин бага бодогдсон зэрэг эргэлзээтэй байх тул 2018 оны 1-7 дугаар сар хүртэл тогтвортой авсан цалинг үндэслээд түүний 2018 оны 5, 6, 7 дугаар сард авсан дундаж цалингаар тооцож ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар дээрх хугацаанд олговол зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон нөхөн бичил хийлгэхийг даалгаж өгнө үүгэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн ЗДТГ болон Баянхонгор сумын ЗДТГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 14.666.514 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй хэрэгт оролцож байна. Б.И нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар томилогдох хүртэл хугацаанд нийт 113 хоног, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Б.Иг бүлгийн багшаас чөлөөлж, 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 89 хоног, нийт 202 хоногийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргах талаар манай байгууллагаас тайлбар хүргүүлсэн байгаа. Б.И нь ажилгүй байсан хугацааны 202 хоногийн цалинг тооцоод 7.455.820 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс шийдсэн байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан бөгөөд 3 дугаар цэцэрлэгт 1 жилийн хугацаанд ажилласан байдаг. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/2 дугаар захирамжаар Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхэгчийн ажилд эгүүлэн томилсон байдаг. Баянхонгор аймгийн ЗДТГ-аас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг хариуцах боломжгүй учир нь Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг Баянхонгор сумаас томилж чөлөөлөх эрхтэй байсан. Баянхонгор сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээнд 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс нэхэмжлэгчийг цэцэрлэгийн эрхлэгчээр томилох боломжтой байсан. Иймээс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин ******* болон ЗДТгазар хариуцахгүй харин өмнөх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хариуцна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.И нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 3 дугаар цэцэрлэгт багшаар ажилласан байдаг. 2019 оны 9 дүгээр сарын өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд ажиллаж байх хугацаандаа ТҮБД-4 гэх шатлалаар 820.000 төгрөг, мөн 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 8 сар ажиллахад Засгийн газрын 472 дугаар тогтоолоор цалингийн сүлжээ шинэчлэгдэж, ТҮБД-4-4 буюу 886.286 төгрөгөөр цалин авсан байдаг. Энэ хүний 2019 онд 4 сар багшаар ажилласан цалин нь эрхлэгчийн цалингийн зөрүү 291.200 төгрөг, 2020 онд 8 сар ажилласан, эрхлэгчийн цалингийн зөрүү 629200 төгрөг, нийт 920400 төгрөгөөр цалингийн зөрүү үүсэж байгаа. Ажилгүй байсан хугацаа бол 2019 оны 4 дүгээр сараас 8 сар хүртэл, 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны нийт цалин бол 8.432.211 төгрөгийн цалингийн зөрүү үүсэж байна. Иймээс нэхэмжлэл бодит бус мөнгө дүн зөрүүтэй байна. Боловсролын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанаас хойш Баянхонгор сумын Засаг даргын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилдог болсон. Энэ хуулиар бол аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар урьд ажиллаж байсан цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажилд эгүүлэн томилсон захирамжаар Л.Оюунтуяа гэх хүнийг эрхлэгчээр томилсон байдаг. Энэ хуулиар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилох, чөлөөлөх эрх нь олгогдсон болохоор 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг хариуцнагэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч *******, түүний Тамгын газар, тус аймгийн Баянхонгор сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт нийт 14 666 514 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Б.И нь ажилгүй байгаагүй, энэ хугацаанд өөр ажил эрхэлж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан, харин шүүх хуралдааны явцад хариу тайлбарын үндэслэлээ өөрчилж, ...3 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байх хугацааны цалин болон цалингийн зөрүү хэмээн шаардаж буй олговрыг хүлээн зөвшөөрөхгүй, ажилгүй байсан бусад хугацааны цалинтай тэнцэх олговрыг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

Шүүхээс талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай шийдвэрээр Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б.Иг цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас халах тухай Б/774 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б.Иг урьд эрхэлж байсан Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 014 0476 төгрөгийг олгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, ийнхүү Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Б.Иг ажилд нь эгүүлэн томилсон боловч шүүхийн гарснаас хойш ажилд томилох хүртэлх ажилгүй байсан хугацаанд хамаарах олговрыг олгоогүй үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүх ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын ажилгүй байсан бүх хугацаа гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарах тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх бөгөөд ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчснийг шүүх дүгнэж, ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Б.И нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй байна.

Гэхдээ нэхэмжлэгч Б.И нь ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар тодорхойлох боловч уг хугацаанаас Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд багшаар ажиллаж байсан хугацааг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх бөгөөд энэ үндэслэлээ ...цэцэрлэгийн багшаар ажиллаж байх үедээ бага цалин авсан тул цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 3 589 236 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарласан.

Ийнхүү нэхэмжлэгч Б.И нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан цалин олговорт 11 077 278 төгрөг, мөн Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт багшаар ажиллахдаа бага цалинтай ажил хийж байсан үндэслэлээр цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 3 589 236 төгрөг гаргуулах-аар шаарджээ.

Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд дээрд дурдсанчлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.Иг хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгох нь зүйтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Игийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалингийн[1]дунджаар тогтоовол нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 34335 /(704472+755078+755078):3= 738209, 738209:21.5[2]=34335/ төгрөг байна. Улмаар ажилгүй байсан гэж нэхэмжлэгчийн маргаж буй 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 192[3] өдрийн хугацаагаар тооцоход 6 592 320 төгрөг гарч байна.

Үүнээс Боловсролын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т өөрчлөлт оруулж, сумын Засаг даргад цэцэрлэгийн эрхлэгчийг томилох бүрэн эрхийг олгосон, тус хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсантай холбогдуулан нэхэмжлэгч Б.Иг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Баянхонгор сумын Засаг дарга томилох үүрэгтэй байсан гэж үзэх тул тус хугацаанд хамаарах 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 2 918 475 /85 өдөр*34335 төгрөг/ төгрөгийн олговрыг Баянхонгор сумын Засаг даргаас /түүний Тамгын газраас/, харин үлдэх хугацаа болох 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 3 673 845 /107 өдөр*34335 төгрөг/ төгрөгийн олговрыг *******ас /түүний Тамгын газраас/ гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасныг үндэслэн дээрх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* болон Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт даалгав.

Харин нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин олговрын хэмжээг өөрөөр тодорхойлохдоо 11 077 278 төгрөг гэх боловч хэрхэн тооцоолж, ямар үндэслэлээр дундаж цалин хөлсийг тодорхойлон гаргаснаа тайлбарлаж чадахгүй, холбогдох баримтын үндсэн дээр тооцооллоо нотлохгүй байх ба шүүх хуралдаанд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгч Б.Игийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг түүний 2018 оны 5, 6, 7 дугаар саруудад авч байсан цалингаас тооцсон, зохигчид хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй. Учир нь зохигчдын тайлбарласнаар 8, 9, 10 саруудад нэхэмжлэгч Б.И нь ажлаас чөлөөлөгдөж, буцаад томилогдон ажиллаж байсан гэх ба энэ хугацааны цалин эргэлзээтэй, өөр хоорондоо зөрүүтэй байсан болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.И нь ...цэцэрлэгийн багшаар ажиллаж байх үедээ бага цалин авсан тул цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 3 589 236 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа ...цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан хугацааны цалингаасаа бага цалин авч байсан тул зөрүүг гаргуулна гэх боловч хэрэгт авагдсан Б.Игийн цэцэрлэгийн багшаар ажилласан хугацаанд авсан цалин хөлсний тооцооны картаас үзэхэд Б.И нь өндөр цалин авч байсан болох нь тогтоогдож байх ба шүүх хуралдаанд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна.

Иймд бага цалин авч байсан тул цалингийн зөрүүг гаргуулах гэх үндэслэлээр цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 3 589 236 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Игийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 592 320 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8 074 194 /11 077 278 - 6 592 320= 4 484 958 + 3 589 236/ төгрөгт холбогдох олговрыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан ...нэхэмжлэгч өөр ажилд орсон учраас ажилд томилоогүй, өөр ажил эрхэлж байсан учраас тухайн хугацааны цалинг олгохгүй, ... ажил цалгардах гээд байсан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ... бага цалинтай ажил хийж байсан бол цалингийн зөрүүг нь олгох ёстой юм гэх тайлбаруудын тухайд,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй.

Ажилгүй байх хугацаандаа ажилтан өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн нь хууль бус шийдвэр гаргасан ажил олгогчийг нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болох ёсгүй бөгөөд ажилтан ажил олгогчийн буруугаар ажилгүй байх хугацаандаа өөр байгууллагад ажиллаж олсон цалин орлогыг буруутай шийдвэр гаргасан ажил олгогч өөрийн төлөх ёстой дундаж цалин хөлсөнд суутган тооцох үндэслэлгүй юм. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Б.И нь өөрийн санаачлагаар ажилгүй байсан нийт хугацаанаас цэцэрлэгт багшаар ажилласан хугацааг хасаж тооцсон хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн бүр заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нараас шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2 жил орчим биелүүлээгүй үндэслэлээ ...нэхэмжлэгч өөр ажилд орсон учраас ажилд томилоогүй, ... ажил цалгардах гээд байсан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч нь өөр ажил албан тушаалд хөдөлмөр эрхэлж буй нь, эсхүл тухайн байгууллагын ажил цалгардах эсэх нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй болохыг анхааруулах шаардлагатай байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ...бага цалинтай ажил хийж байсан... гэх ойлголт нь хариуцагч өөрөө тухайн байгууллагад өөр ажилд томилон ажиллуулж, бага цалинтай ажил хийлгэж байсан бол зөрүүг олгох тохиолдолд хамаарах болохоос өөр газарт нэхэмжлэгч ажиллаж, цалин авсан нь энэ ойлголтод хамаарахгүй, өөр байгууллагад ажиллаж, цалин авснаараа хууль зөрчсөн шийдвэрийн улмаас шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор-ыг олгохоос чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Энэхүү шүүхийн шийдвэрээр аймгийн болон сумын Засаг даргаас нөхөн олговрыг гаргуулан шийдвэрлэж буй нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг төрөөс гаргуулж буй ойлголт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буюу тухайн албан тушаалыг эрхэлж байсан холбогдох этгээдээр буцаан төлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч *******ас /түүний Тамгын газар/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 673 845 /гурван сая зургаан зуун далан гурван мянга найман зуун дөчин төв/ төгрөгийг, *******ас /түүний Тамгын газар/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 918 475 /хоёр сая есөн зуун арван найман мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Ид нийт 6 592 320 /зургаан сая таван зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин/ төгрөгийн олговрыг олгож, нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин болон цалинтай тэнцэх олговрын зөрүү гэх нийт 8 074 194 /найман сая далан дөрвөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу хариуцагч нар нь тус бүр төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч *******, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт тус тус даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, түүний Тамгын газараас 73732 төгрөгийг, Баянхонгор сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 61646 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ