Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/562

 

 

 

 

 

 

 

 

 2024            05           10                                        2024/ШЦТ/562

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч ***, өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “***” ОНӨААТҮГазарт ачигч ажилтай, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 252 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялы тэнсэж, хянан харгалзаж байсан.    

 

Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд *** дүүргийн *** хороо, ***ын автобусны буудлын баруун талд ***тай маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд *** дүүргийн *** хороо, ***ын автобусны буудлын баруун талд ***тай маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн “2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим *** хорооллоос ***ын тойрог гэх автобусанд суухад миний автобусны картны мөнгө дууссан байсан. Тэгээд жолоочоос нь гуйж суусан. Автобусанд зорчиж явсан зүс таних залуу халамцуу надад хандан “Картаа цэнэглээд явахад яадаг юм” гээд намайг ***ын тойрог дээр буух үед араас буусан. Хүрч ирээд миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед миний 1-р шүд унасан, 2-р шүд суларсан. Би харилцан зодолдоогүй. Би 0,75 хэмжээтэй 2 шил архи уусан байсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Надад нэхэмжлэх төлбөрийн баримт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 13 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4277 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***гийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, 2-р шүдний сулрал, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлиийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ***гийн биед хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн биед хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй “...гомдол санал байхгүй” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч *** нь цаашид эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй” болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмуудад нийцсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд баталж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч *** нь цаашид эрүүл мэндтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Оролцогчид шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР