Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 119/ШШ2022/0031

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д овогтой Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э

Хариуцагч: ОА-ийн ХХҮГ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б нарын хоорондын

“Д.Т-т халамжийн тэтгэвэр тогтоож өгөхийг ОА-ийн ХХҮГ-т даалгах, тэтгэвэр авах эрх үүссэн буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш авах байсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2022/0029/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.Т нь ОА-ийн ХХҮГ-т холбогдуулан “Д.Т-т халамжийн тэтгэвэр тогтоож өгөхийг ОА-ийн ХХҮГ-т даалгах, тэтгэвэр авах эрх үүссэн буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш авах байсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

            2. Д.Т нь халамжийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ халамжийн байцаагчид гаргасан бөгөөд тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн тул ОА-ийн ХХҮГ-ын даргад гомдол гаргаж, тус газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/777 тоот албан бичгээр “Д.Т-т халамжийн тэтгэвэр тогтоон олгох боломжгүй” гэсэн хариуг хүргүүлсэн. /Хавтаст хэргийн 34-37 дахь тал/

            3. Үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-т зааснаар эрх бүхий албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн. Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

5. Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Д овогтой Т миний бие 55 настай өндөр настан иргэн юм. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандсан. Гэтэл “Танд манай байгууллагаас тэтгэвэр өгөх боломжгүй, нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолго” хэмээн “Эрх үүсээгүй тодорхойлолт” хийж өгсөн.

Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Халамжийн байцаагчтай уулзаж, тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгсөн. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын шимтгэл 10 жилээс доош төлсөн хүнд халамжийн тэтгэвэр тогтоохоор болсон тул тэтгэвэр олгох боломжгүй гэж хариу өгсөн тул дээд шатны албан тушаалтанд буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл гаргасан. Гэвч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/777 тоот албан бичгээр халамжийн тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсээгүй эмэгтэй 55 нас болон түүнээс дээш настай иргэн халамжийн тэтгэвэр авах эрхтэй” гэж зохицуулсан. Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тодорхойлолт гаргаж өгсөн байхад тэтгэвэр олгохгүй гэж байгаа нь хууль хэрэгжүүлж ажиллахгүй миний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна” гэжээ. /Хавтаст хэргийн 1 дэх тал/

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэрт гарах гээд материалаа бүрдүүлж өгсөн. Тэгэхэд 04 дүгээр сарын 08-нд албан ёсоор материалаа бүрдүүлж өг гэсэн. Тэгээд 04 дүгээр сарын 08-нд материалаа бүрдүүлж Нийгмийн даатгалын хэлтэст очиход Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гэсэн эрх үүсээгүй тодорхойлолт хийж өгсөн. Нийгмийн даатгал дээр 56 нас хүрч байж тэтгэвэр тогтоолгох юм байна гэсэн. Учир нь 56 нас хүрээгүй 55 настай бол халамжийн хэлтсээс тэтгэвэр авах ёстой юм байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно” гэсэн хууль байна. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “эрэгтэй 60 настай, эмэгтэй 55 настай бол ийм иргэнд халамжийн тэтгэвэр олгоно” гэсэн байдаг. Энэ хуулийн дагуу нийгмийн халамж дээр очиж уулзсан. Тэгэхэд манайд өнөөдрөөс эхлээд Нийгмийн даатгал, хөдөлмөр халамжийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаал гарсан. Энэ тушаалаар 10 жилээс дээш жил ажилласан иргэнд халамжийн тэтгэвэр олгохгүй гэсэн. Миний бодлоор хуулиас илүү эрх мэдэлтэй хамтарсан дарга нар байдаг юм уу, ингэж иргэнийг хохироох үндэслэл байдаг юм уу гэж шүүхэд гомдол гаргасан. Гол нь хараар цагаан дээр бичээд хууль нь хэрэгжээд явж байгаа, хуульд өөрчлөлт ороогүй байгаа. Нийгмийн халамж болон хөдөлмөр халамжийн үйлчилгээний дарга нарын хамтарсан тушаал хуулиас илүү хүчинтэй байдаг эсэх талаар шүүхэд гомдол гаргасан.

Хариуцагч талыг хуулиа баримтлаад Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1-т заасныг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх заалтдаа 10-аас дээш жил ажилласан хүнд нийгмийн халамжийн тэтгэвэр олгох боломжгүй гэдгийг албан ёсоор хуулинд зааж өгөхгүй яасан юм. Тийм байсан бол би маргах зүйл байхгүй. Өнөөдөр 56 нас хүрсэн байж нийгмийн даатгалаас тэтгэвэр олгохоор байна. Манай эхнэр 2023 оны 07 сараас Нийгмийн даатгалаас албан ёсны хувь тэнцүүлсэн тэтгэвэртээ хамрагдах юм байна. Түүнээс өмнөх жилийн тэтгэврээ халамжаас авах ёстой. Гэтэл халамжийнхан нугалаа гаргаж байгаа юм уу яаж байгаа юм. Хуулиа хэрэгжүүлэхгүй хоёр даргын хамтарсан тушаал гээд явж байгаа. Энэ тушаалаа баримталж байна гээд иргэн хүнийг хохироож байгаа. Яг цаашлаад тодруулаад судлаад үзэхээр олон иргэн хохирсон байна. Ажилчид нь хүртэл хохирсон байгаа.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст тодорхойлолт гаргаж өгсөн. Миний ирэх шалтгаан Нийгмийн даатгалын хэлтэс ийм бичиг хийж өгсөн учраас 55 настайдаа нийгмийн халамжийн тэтгэврээ авах юм байна, өмнө нь хүмүүс авч байсан гэсэн. Хамтарсан тушаал гарахаас өмнө болон гарснаас хойш энэ тушаал хэрэгжихгүй явсаар байгаад одоо 2022 оны 04 дүгээр сарын 08-нд гэнэт хэрэгжих болсон. Тэгвэл өмнө нь тушаал гараад бүх халамжийн асуудлыг зогсоосон бол би тийшээ очихгүй байсан. Мөн Нийгмийн даатгалаас надад тодорхойлолт гаргаж өгөхгүй байсан байх. Та 56 нас хүрээд Нийгмийн даатгалаасаа ирж тэтгэврээ авна гэсэн бол би дахин дахин ингэж явахгүй. Хамгийн гол нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хуулийг яагаад зөрчөөд хамтарсан тушаалыг илүүд үзэж байгаад гайхаж байна” гэв.

7. Хариуцагч ОА-ийн ХХҮГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын хамтарсан А112/161 дугаартай тушаалаар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тодорхойлолтын загварыг баталсан. Уг тушаалын 1 дүгээр хавсралтад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан шимтгэл төлсөн хугацааг хангасан боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзол хангаагүй тохиолдолд тодорхойлолт гаргаж өгөхгүй байхыг зааж өгсөн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох насны болзол нь Д.Т-ийн хувьд 56 нас 3 сар буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр эхэлж, нийгмийн даатгалын сангаас хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох боломжтой болно.

Дээрх асуудлаар Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/210, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09/402 тоот зөвлөмжид “Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ... заасан заалтыг хэрэгжүүлэхдээ ... хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох, ажилласан 10 жилийн шаардлага хангасан тохиолдолд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоон олгохгүй” гэж тус тус дурдсаныг манай байгууллага хэрэгжүүлэн ажилласан” гэжээ. /Хавтаст хэргийн 13-14 дэх тал/

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний нэхэмжлэлтэй танилцаж тодорхой түвшинд уулзаж, ярилцсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаал нь “Эрх үүсгээгүй тодорхойлолт” гаргаж өгөхдөө ийм зүйлийг баримтлаарай гэсэн тушаал. Түүнээс биш хуулиас давсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн дурдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах үүсээгүй дараах иргэнд” гэж байгаа. Үүсээгүй тодорхойлолтыг яаж өгөх вэ? гэхээр хоёр ерөнхий газрын даргын хамтарсан тушаал гарсан. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт бол насны хязгаар нь эрэгтэй 60, эмэгтэй 55 гэж байгаа. Үүнийг манайх ингэж ойлгоод ийм тайлбарыг Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн. Хамтарсан тушаалд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан шимтгэл төлсөн хугацааг хангасан боловч тэтгэвэр тогтоолгох насны болзол хангаагүй тохиолдолд тодорхойлолт гаргаж өгөхгүй” гэж зааж өгсөн. Манайх үүнийг баримтлаад мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хоёр удаагийн зөвлөмж, чиглэл ирсэн. Энэ тушаалыг хэрэгжүүлж ажилла гэсэн. Тэгэхээр манайх Орхон аймагт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний чиг үүргийг Монгол улсын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа ийм байгууллага. Тэгэхээр манайх яг одоо дээд газраас ирүүлсэн зөвлөмж, чиглэл мөн хоёр газрын даргын хамтарсан тушаалыг хэрэгжүүлж ажиллаж байгаа байгууллага юм.

Яагаад нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сан гэсэн хоёр ангилалтай иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгодог вэ? гэхээр нийгмийн халамжийн сан Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэглээ бүхий иргэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох тусгайлсан үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг нийгмийн халамжид хамруулсан байдаг. Тэгэхээр тодорхой хугацаанд буюу 10-аас дээш жил ажилласан хүмүүс нийгмийн даатгалын сангаасаа тэтгэвэр, тэтгэмжээ авдаг. Үүнээс богино хугацаанд ажилласан эсхүл огт ажиллаагүй, хөгжлийн бэрхшээлтэй, тодорхой өвөрмөц хэрэглээ бүхий иргэдэд зориулагдсан сан нь халамжийн сан байгаа. Тэгэхээр эх үүсвэр нь өөр. Нийгмийн халамжийн сангийн тухай дахин хэлэхэд зөвхөн улс болон орон нутгийн төсвөөс санхүүждэг. Нөгөө талд Нийгмийн даатгалын сан нь тодорхой хугацаанд ажил эрхэлж байгаа мөн сайн дурын хэлбэрээр тодорхой хугацаанд шимтгэл хуримтлуулаад тэрийгээ тодорхой хугацааны дараа эргүүлж хүртдэг зарчмаар явагддагаараа хоёр өөр ялгаатай сан. Ялгаатай сан учраас хугацааг нь зааж өгсөн. Өргөн агуулгаараа ойлгох юм бол 10-аас дээш жил ажилласан хүн Нийгмийн даатгалын сангаасаа тэтгэвэр, тэтгэмжээ аваад явна. Мөн хуулийн өөрчлөлттэй холбоотой насны босго нь өөрчлөгдсөн. Тэтгэвэр тогтоолгох гэж байгаа хүнд ийм бэрхшээлтэй зүйл гарч байгаа. Манай тохиолдолд Д.Т-т бол 56 нас 3 сар хүрч байж тэтгэвэр авах эрх нь нээгдэхээр байгаа. Нийгмийн даатгалын хэлтсээс “Эрх үүсээгүй тодорхойлолт” авчихсан. Мөн эрх үүсээгүй гэдэг тодорхойлолтоо авсан учраас нэхэмжлэгч тал энэ маргааныг гаргасан. Хоёр даргын хамтарсан тушаалыг биелүүлээгүй гэдгээр Нийгмийн даатгалын хэлтэс дээр асуудлууд байгаа. Үүнээс болоод иргэн, манай байгууллага хоёрын хооронд зөрчил гараад байгаа нь ийм учиртай” гэв.          

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.Т-ийн ОА-ийн ХХҮГ-т холбогдуулан гаргасан “Д.Т-т халамжийн тэтгэвэр тогтоож өгөхийг ОА-ийн ХХҮГ-т даалгах, тэтгэвэр авах эрх үүссэн буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш авах байсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй” гэж зааснаар халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой болзол, шалгуур, нөхцөлийг хангасан, зайлшгүй төрийн халамж, үйлчилгээ шаардлагатай иргэнд үзүүлэхэд халамжийн үйлчилгээний зорилго оршино.

            3. Нийгмийн халамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна: 5.1.1.нийгмийн халамжийн тэтгэвэр”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид “тэтгэвэр” гэх/-ийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно: 12.1.1. эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн;” гэж халамжийн тэтгэвэр тогтоох нас болоод бусад болзол, шалгуур, нөхцөлийг тодорхойлсон.  

            4. Нийгмийн халамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан халамжийн тэтгэврийг тогтооход “эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн байх” насны болзлоос гадна “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй байх” гэсэн шалгуур нөхцөлийг хуульд заасан.  

            5. Нэхэмжлэгч Д.Т нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандахад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 88 дугаартай “Эрх үүсээгүй тодорхойлолт”-ыг түүнд олгосон. Үүнээс дүгнэхэд Д.Т нь 15 жил 5 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч байна. /Хавтаст хэргийн 3 дахь тал/

            6. Нийгмийн даатгалын хэлтсээс “Эрх үүсээгүй тодорхойлолт” олгосон нь нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоох шууд үндэслэл болохгүй, хуульд заасан болзол, шаардлагыг хангасан нөхцөлд халамжийн тэтгэврийг тогтоох нь хуульд нийцнэ. 

            7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, 5-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр олгох шалгуур нөхцөл, насны болзлыг тодорхойлсон.

            8. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар 15 жил 5 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч нийгмийн даатгалын сангаас шимтгэл төлсөн хугацаандаа хувь тэнцүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бөгөөд хуулиар энэ эрхийг баталгаажуулсан.

            9. Нийгмийн халамжийн тухай хуульд заасан халамжийн тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй буюу 10-аас доош жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авах боломжгүй ахмад настан эсвэл нийгмийн даатгалын шимтгэл огт төлж байгаагүй ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний нэг хэлбэр юм.

            10. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар шимтгэл төлж, ажилласан хугацаанд ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй иргэн Д.Т-т халамжийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан ОА-ийн ХХҮГ-ын шийдвэр хууль зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дахь заалтуудыг баримтлан Д.Т-ийн ОА-ийн ХХҮГ-т холбогдуулан гаргасан “Д.Т-т халамжийн тэтгэвэр тогтоож өгөхийг ОА-ийн ХХҮГ-т даалгах, тэтгэвэр авах эрх үүссэн буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш авах байсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ