Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

 

   2024           01           15                                     2024/ШЦТ/55

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч Г.Т түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***-ийн Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205031490147 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймаг Ховд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  *** ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***  хороо *** байр *** тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, *** овогт ***-ийн Т.

 

Шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 140,000,000 төгрөгөөр Mercedes benz G class 350 маркийн автомашиныг чинь худалдаж авъя, мөнгөн дүнгийн 15,000,000 төгрөгөнд Hyundai Starex маркийн автомашин өгөөд үлдэгдэл 125,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор өгье” гэж хуурч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Н.Б-гийн эзэмшлийн Mercedes benz G class 350 маркийн тээврийн хэрэгслийг залилан авч 87,667,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Н.Б-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14, 26 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч П.Ч-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/, гэрч Д.Т-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/, гэрч З.С-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал/, Худалдах худалдан авах гэрээ /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/, Итгэмжлэл /1 дэх хавтаст хэргийн 32-33, 35-36 дахь тал/, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №38 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 78-80 дахь тал/, Дамно ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №БГ1-23-285 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 34-38 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Т нь хүний үндсэн эрх, эрх чөлөө болох өмчлөх эрхэд халдаж Н.Б-гийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар “ ... Түмэнжаргал надад өгөх ёстой мөнгөнийхөө оронд бараа материал өгч хохирлыг минь барагдуулсан байгаа” гэж мэдүүлсэн /2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Г.Тын эзэмшлийн арилжааны банкууд дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 131 дугаартай тогтоолыг, мөн түүний өмчлөлийн Ү-2204096593 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 13 хороо 14 хороолол Энхтайваны өргөн чөлөө 113 байр 78 тоот орон сууцны зориулалт бүхий 48,35 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн, Ү-2204097871 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 16 хороо 16 хороолол Дамдинбазар гудамж 61а байр 19 тоот орон сууцны зориулалт бүхий 69,12 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Т-ыг 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т-ыг торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Г.Т-ын эзэмшлийн арилжааны банкууд дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 131 дугаартай тогтоолыг, мөн түүний өмчлөлийн Ү-2204096593 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг *** хороо *** хороолол Энхтайваны өргөн чөлөө *** байр *** тоот орон сууцны зориулалт бүхий 48,35 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн, Ү-2204097871 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг *** хороо *** хороолол Дамдинбазар гудамж *** байр *** тоот орон сууцны зориулалт бүхий 69,12 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ