Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2021/00052/И |
Дугаар | 181/ШШ2021/01329 |
Огноо | 2021-07-06 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2021/01329
2021 07 06 181/ШШ2021/01329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.О ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10 830 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ОО ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОО ХХКнь А.Мтай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. А.М зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг бүрэн төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 05 сарын 23-ны өдөр дуусгавар болсон. Зээлийн 1 сарын хүү 480 000 төгрөг бөгөөд 12 сарын хүү 5 760 000 төгрөг төлөх ёстойгоос А.М нь 930 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-д заасныг зөрчсөн буюу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, фидуцийн гэрээгээр шилжүүлсэн Киа фронтери маркийн 36-31 УНР улсын дугаартай автомашины үнэ зээлийн төлбөрийг төлж хүрэхгүй тул фидуцийн хөрөнгийг шаардахаас татгалзаж, буцаан шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. ОО ХХКнь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хэдий ч уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр юм. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч А.Маас үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 4 830 000 төгрөг, нийт 10 830 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ё-тай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Зээлийн гэрээ”, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулан 6 000 000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнд фидуцийн зүйл болох Киа фронтери маркийн 36-31 УНР улсын дугаартай автомашиныг өгмөөр байна. ОО ХХКнь надтай гэрээ байгуулж байхдаа эрсдэлээ тооцох ёстой байсан. Зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр график тогтоосон боловч эргэн төлөлтийн графикийг шүүхэд гаргаж өгөөгүй байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОО ХХКнь хариуцагч А.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 830 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ОО ХХКнь А.Мыг зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 4 830 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А.М эс зөвшөөрч, зээлийн төлбөрт автомашиныг шилжүүлсэн гэх үндэслэлээр маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
ОО ХХКнь А.Мтай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №209/ЗГ дугаартай “Зээлийн гэрээ” бичгээр хийж, 6 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-гээр Киа фронтери маркийн 36-31 УНР улсын дугаартай автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авчээ. /хх-4-6х, 58-62х/
Уг “Зээлийн гэрээ”-г Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэн хийсэн, зээлийн гэрээний 4.2-д зээлийг хэрэглээний зориулалтаар ашиглахаар зааж, 4.4-д зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлдүүлэгчид төлөх, 6.1.4-д зээлдүүлэгч зээлийн зарцуулалт, ашиглалтыг хянах, 8.2.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлаж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр зааснаас гадна зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-гээр Киа фронтери маркийн 36-31 УНР улсын дугаартай автомашиныг “ОО” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байгаа зэргээс үзэхэд талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ”, “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулсан байна.
Зээлдүүлэгч “Оч олшрох” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” болох нь компанийн дүрэм /хх-63-66х/ болон улсын бүртгэлийг гэрчилгээ /хх-3х/-гээр тогтоогдож байна.
Иймд ОО ХХКнь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхийнхээ хүрээнд хуульд заасан журмаар зээлийг олгоогүй байх тул 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №209/ЗГ дугаартай “Зээлийн гэрээ”, мөн өдрийн №209/ФГ дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлбөр бус байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан.
ОО ХХКнь А.Мд 6 000 000 төгрөгийг 2018.05.23-ны өдөр бэлнээр олгожээ. /хх-7х/
Хариуцагч А.М нь зээлийн төлбөрт 930 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-1х/
Иймд “ОО” ХХК-иас шилжүүлсэн 6 000 000 төгрөгнөөс А.Мын төлсөн 930 000 төгрөгийг хасч, үлдэх 5 070 000 төгрөгийг А.Маас гаргуулж “ОО” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 760 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д зааснаар хариуцагч А.Маас 5 070 000 /таван сая далан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ОО” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 760 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ОО” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 230 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 96 070 /ерэн зургаан мянга далан/ төгрөгийг гаргуулж “ОО” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА