Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01340

 

 

 

 

 

 

 

   2021        07         07                                          181/ШШ2021/01340         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭНС ХХК -д холбогдох

ХХБ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд байрлаж буй ЭНС ХХК-ийг эд хөрөнгийн хамт тухайн оффисын барилгаас албадан гаргуулж, чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

2012.06.29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг ЭНС ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, түүний өмгөөлөгч Ш.Энхтөр шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭНС ХХК болон Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 317115 тоот Зээлийн гэрээ, ЭХ ХХК болон Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 317262 тоот Зээлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗЭГ/20 тоот Зээлийн эрх нээх гэрээ, ЭХ ХХК болон Улаанбаатар хотын банк хооронд байгуулагдсан 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ЗГ0001/080206 тоот Зээлийн гэрээ, 2009 оны 02 дугаар сарын 06- ны өдрийн ЗНГ090206/01 тоот Зээлийн гэрээнүүдээр олгогдсон зээлийн өр төлбөрийн үлдэгдэл болох нийт 20,046,337 ам.долларын төлбөрт тооцож, оффисын барилгыг тус банкны өмчлөлд шилжүүлсэн болно.

Тодруулбал, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, ЭНС ХХК, ЭХ ХХК нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ байгуулж, ЭНС ХХК, ЭХ ХХК нарын нийт 20,046,337 ам.долларын зээлийн өр төлбөрт оффисын барилгыг тооцон, өмчлөх эрхийг Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээний дагуу оффисын барилгыг Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт оффисын барилгыг 2015 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс өмнө буцаан худалдан авах нөхцөлийг тусгасан бөгөөд уг хугацааны дотор ЭНС ХХК-ийн зүгээс оффисын барилгыг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тул 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээ дуусгавар болсон.

Улмаар, тус банкны зүгээс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5/3583 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/4472 тоот, 2016 оны 03 дугаар сарын 01 өдрийн 5/1242 тоот, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/3830 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/2856 тоот, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/6823 тоот, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/3508 тоот, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/1798 тоот албан бичгүүдээр оффисын барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг ЭНС ХХК-д удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тус банкны шаардлагыг биелүүлээгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу 000197358 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ЭНС ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭНС ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, өмгөөлөгч Ш.Энхтөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хамаарал бүхий хуулийн этгээд болох ЭХ ХХК нь уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм.

Тус компанийн хэрэгжүүлж ирсэн уул уурхайн төслүүдээс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “Төмөртэйн гол” УБҮ-ийн төмрийн хүдэр олборлолтын төсөлд “Худалдаа хөгжпийн банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК нар зээлээр санхүүжилт хийж олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн юм. 2009 оны Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа төмрийн хүдрийн гадаад зах зээлийн үнэ огцом унаж ЭХ ХХК-ийн төмрийн хүдэр олборлолтын төсөл эдийн засгийн хувьд ашиггүй болж улмаар банкны зээлийн өр төлбөр хуримтлагдах үндсэн шалтгаан болсон байдаг.

Талууд зээлийн өр төлбөрүүдийн нийт дүнд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15 хаягт байрлах ЭНС ХХК-ийн өмчлөлийн 6 давхар оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ХХБ ХХК-ийн нэр дээр шилжүүлж гэрээнд заасан хугацааны дотор ЭНС ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгээр 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан юм.

Манай компанийн тухайд банкны зээлийн өр төлбөрийн дүнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түр хугацаанд шилжүүлэх, харин гэрээнд заасан үнийн дүнг ЭХ ХХК нь гэрээнд заасан хугацаанаас өмнө банкинд төлж барагдуулах энэ тохиолдолд ЭНС ХХК нь үл хөдлөх хөрөнгөө банкнаас буцаан шилжүүлэн авах үүрэгтэйгээр оролцсон юм.

Өнгөрсөн хугацаанд ЭХ ХХК-ийн зүгээс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 тоот гэрээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор ХХБ ХХК-д удаа дараа бизнесийн болон гэрээний санал хүргүүлсэн талаар бидэнд мэдэгдэж байсан юм.

Манай компани нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ” нь Монгол Улсын Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдийг зөрчиж хийгдсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлүүдийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭНС ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, өмгөөлөгч Ш.Энхтөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:  1. ЭНС ХХК нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 2,610,000.00 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 26 сарын хугацаатай зээлж авсан.

Дээрх зээлийн барьцаанд тус компани нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах бизнес төвийн зориулалттай 5601 м.кв талбайтай 6 давхар барилгыг зээлийн барьцаанд барьцаалуулсан. Өөрөөр хэлбэл бусад зээлдэгчид (ЭХ ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ барьцаанд 11.8 тэрбум төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах ашигт малтмалын ашиглалтын 11426A тоот тусгай зөвшөөрөл болон 6004А, 6005A тоот тусгай зөвшөөрлүүд, Белаз маркийн самосвалууд, харилцах дансны орлого, алтны болон төмрийн хүдрийн борлуулалтын орлого зэрэг зүйлүүдийг барьцаалуулсан)-ийн авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зориулалтаар барьцаанд барьцаалуулаагүй, зөвхөн өөрийн авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулсан байхад нэхэмжлэгчийн зүгээс хууль бус барьцаа хөрөнгийг шилжүүлэн авч улмаар хөрөнгийг албадан чөлөөлүүлэх гэж буй үйлдлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. ЭНС ХХК-ийн холбогдох этгээд болох ЭХ ХХК нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Төмөртэйн гол” төмрийн хүдрийн орд дээр хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн төмрийн хүдрийн нөөц, уулын ажлын нөхцөлийг тогтоон, тогтоосон нөөц ба ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулж, 2008 оноос уг орд дээр хөрс хуулалтын ажлыг эхлүүлэн төмрийн хүдэр олборлож эхэлсэн бөгөөд уг төсөл дээр Худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилт аван ажиллаж байсан. Улмаар уг төслөө цааш нь үргэлжлүүлэн явуулахад эргэлтийн хөрөнгийн санхүүжилт дутагдаж байсан, нөгөө талаар Хятад улсад захиалсан байсан баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж цаг хугацаандаа орж ирээгүй зэрэг хүндрэлүүдтэй зэрэгцэн дэлхийн болон Монгол Улсад эдийн засгийн хямрал эхэлж тус компанийн борлуулалт зогсож, хээл, зээлийн хүүгийн төлбөрөө хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн.

Энэ үед Худалдаа хөгжлийн банкны зүгээс ЭХ ХХК-д хандан "Гадаад зах зээл дээр 500.0 сая ам.долларын бонд босгох гэж байгаа, олон улсын зах зээлээс мөнгө босгоход банкны том зээлдэгч нарын зээл хэвийн байх ёстой, банк зээлийн шалгуур үзүүлэлтээ хангаж байх шаардлагатай байна, танай зээл үүнд нөлөөлөөд байгаа учраас ЭНС ХХК-ийн 5601 м.кв талбайтай 6 давхар барилгыг банкны нэр дээр буцаан авах нөхдөлтэйгээр шилжүүлчих” гэсэн шаардлага тавьсан.

ЭХ ХХК-ийн хувьд олон жил хамтран ажиллаж ирсэн банкныхаа саналыг хүндэтгэн үзсэн, нөгөө талаар зохих хугацаа авч борлуулалтын орлогоороо зээлээ бүрэн төлөх боломжтой гэж үзэж байсан тул ЭНС ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

Дээрх 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г өр төлбөртөө тооцон өгөх, үнэн санаанаасаа банканд шилжүүлэн өгөх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, зөвхөн банкны шахалт, шаардлагын дагуу гэрээ байгуулсан тул энэ гэрээний дагуу шилжүүлэн авсан хөрөнгийн хувьд албадан чөлөөлүүлэх шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Худалдаа хөгжлийн банк нь өмнө нь тус компанийн авсан зээлийг зээл олгох байдлаар хааж ирсэн тохиолдол байгаа. Банкны зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өмнөх зээлийн төлбөрийг зээл олгох замаар төлүүлсэн үйлдэл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2004 оны 459/207 тоот тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын Хоёрдугаар бүлгийн 9-д заасан “Банк, ББСБ-аас олгосон зээл нь чанаргүйд ангилагдсан бөгөөд гэрээнд заасан хугацаандаа төлөгдөөгүй нөхцөлд банк нь тухайн зээлдэгчид шинээр нэмж зээл олгохыг хориглоно” гэсэн заалт, мөн бүлгийн 10-т заасан “Тухайн банк, ББСБ нь зээл, түүний хүүг нэмж зээл олгох замаар төлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн.

4. ЭХ ХХК болон манай компанийн зүгээс Худалдаа хөгжлийн банканд хандан 2012 оноос хойш үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох баяжуулсан төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ унаж, манай улсаас экспортолдог төмрийн хүдрийн баяжмалын цорын ганц худалдан авагч Хятад улсын хил дээрх худалдан авах үнийн бууралт, манай улсын төмөр замын тээврийн тариф буураагүй, тээврийн үнэ тариф өндөр зэрэг нөхцөл байдлын улмаас төлбөрөө төлж чадахгүй байгааг удаа дараа мэдэгдэж, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ”-ний хугацааг сунгах, Төмөртэйн төслийг ашигт малтмал ашиглах 11426A тоот тусгай зөвшөөрөл, УБҮ-ийн 2 шугам, техник тоног төхөөрөмж, уурхайн тосгон, дэд бүтцийн хамт өр төлбөртөө бүрэн шилжүүлэн өгөх хүртэл саналуудыг тавьж байсан боловч банк энэхүү саналуудыг хүлээн авахгүй байгаа үйлдлийг банк зээлдэгчийнхээ өр төлбөртэй байдлыг далимдуулан аргагүй байдалд оруулж, өмч хөрөнгөнд нь хууль бусаар халдсан бас нэг үйлдэл гэж үзэж байна.

5. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байдаг.

Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар дээрх 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар зохицуулсан.

Монгол Улсын Иргэний хуулийн 16 дугаар бүлгийн 3 дахь заалтад зааснаар иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглосон байдаг.

Дээр дурдсаны дагуу банк нь зээлдэгчийг үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахдаа зөвхөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахаар байна.

Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ” нь Монгол Улсын Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдийг зөрчиж хийгдсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлүүдийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг.

Иймд ХХБ ХХК-тай байгуулсан 201 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг ЭНС ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХХБ ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Тус сөрөг нэхэмжлэл нь бодит үнэнд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1. ЭНС ХХК, ЭХ ХХК-иудын 20,046,337 ам.долларын зээлийн үүргийн гүйцэтгэлд 000144373 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө (цаашид “үл хөдлөх хөрөнгө” гэх)-ийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан үйлдэл хуульд нийцэж байгаа тухайд:

Доор дурдах Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Монгол Улсын Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нийцсэн болно.

a. ЭНС ХХК болон Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/115 тоот Зээлийн гэрээгээр олгогдсон 2,610,000 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 3,557,431 ам.долларын төлбөр;

b. ЭХ ХХК болон Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/262 тоот Зээлийн гэрээгээр олгогдсон 6,600,000 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 8,677,684 ам.долларын төлбөр;

c. ЭХ ХХК болон Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗЭГ/20 тоот зээлийн эрх нээх гэрээгээр олгогдсон 3,240,000 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 4,527,738 ам.долларын төлбөр;

d. ЭХ ХХК болон Улаанбаатар хотын банк хооронд байгуулагдсан 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ0001/080206 тоот Зээлийн гэрээ, 2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ЗНГ090206/01 тоот зээлийн гэрээгээр олгогдсон 2,500,000 ам.долларын зээлийн үндсэн үлдэгдэл болон хүүгийн төлбөрт нийт 3,283,484 ам.долларын төлбөр.

ЭНС ХХК, ЭХ ХХК нь 2007-2009 оны хооронд a, b, с, d хэсэгт дурдсан 4 удаагийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэлгүй олон жил болсон бөгөөд 2012.06.29-ний өдөр тооцоо нийлэхэд нийт 20,046,337 ам.долларын өр төлбөртэй байсан тул 2012.06.29-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулан зээлийн өр төлбөрийг хаасан боловч өнөөдөр хүртэл бүтэн 9 жил үл хөдлөх хөрөнгөө буцааж аваагүй, манай үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслэж 17,979,210 ам.долларыг тус банканд өгөлгүй өөрсдөө завшиж манай банкийг ноцтой хохироож байгаа.

Гэтэл, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдэд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах ёстой. Худалдаа, хөгжлийн банк нь Иргэний хуулийн уг зохицуулалтыг зөрчсөн тул тус банктай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж маргажээ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. ”, тус зүйлийн 174.4 дэх хэсэгт “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно. ” гэж зааснаас үзвэл ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах боломжтой бөгөөд гагцхүү тухайн журмыг хуулиар тогтоохоор байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно", 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.” гээд, 41.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.”, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.", 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно.” гэж хуульчилсан.

ЭНС ХХК-ийн 2,610,000 ам.долларын зээлийн үүргийн гүйцэтгэлд Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ЗБ/115 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт барьцаалуулагчийн үүргийг тусгасан байх бөгөөд 4.2.1 дэх заалтад “Банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд энэхүү гэрээний 3.1 -т заасан барьцаалсан хөрөнгийн чанар, үнэлгээг бууруулахгүй байх, түүнчлэн зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд тэдгээрийг Банканд үл маргах журмаар болон ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар шилжүүлэх; ” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт банкны эрхийг тодорхойлсон бөгөөд 5.1.2 дахь заалтад “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ... барьцаалсан /баталгаа гаргасан/ хөрөнгийг өөрийн хамгаалалтад авах буюу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах болон ипотекиж зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах замаар зээлийн үндсэн өр, хүү болон нэмэгдэл хүүний төлбөрийг барагдуулах” гэж тус тус харилцан тохиролцсон байгаагаас дүгнэвэл барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах асуудлыг талууд гэрээнд тусгах замаар хуульд нийцүүлсэн байх тул хууль тогтоомж зөрчөөгүй болох нь тодорхой харагдаж байна.

ЭХ ХХК-ийн 6,600,000 ам.доллар, 3,240,000 ам.доллар, 2,500,000 ам.долларын зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг ЭНС ХХК нь зээлдэгчийн өмнөөс өөрийн хөрөнгөөр хариуцаж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан нь хууль тогтоомж, гэрээний харилцаанд харшлахгүй.

Учир нь, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.12 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ЭХ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг гуравдагч этгээд болох ЭНС ХХК-иар гүйцэтгүүлэх боломжтой юм.

Нэхэмжлэгч нь ЭХ ХХК-ийн зээлийн өр төлбөрийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгэснээс үүсэх авлагыг (төлбөр) ЭХ ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй. Тодруулбал, ЭНС ХХК, ЭХ ХХК, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний үндэслэл хэсгийн (g) “Талууд харилцан тохиролцсоны дагуу Эн Си Пи нъ төлбөр төлөгчдийн Банкнуудад төлөх төлбөрт тооцон оффисын барилгыг (газар эзэмших эрхийн хамт) буцаан худалдан авах эрхтэйгээр А банкны өмчлөх эрхэд шилжүүлэхийг зөвшөөрч байгаа ” гэж, (h) “Эрдэс холдинг нь энэхүү Гэрээний Үндэслэл хэсгийн дээр (b), (с), (d)-d заасан өр төлбөрийг Эн Си Пи-д буцаан төлж барагдуулахыг зөвшөөрсөн, ” гээд, 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт “Оффисын барилгыг Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлснээр Эрдэс холдинг нь өөрийн Банкнуудад төлөх өр төлбөрийг Эн Си Пи-ийн өмнө хариуцан төлж барагдуулна. ” гэж зааснаас харвал ЭНС ХХК нь өөрийн болон ЭХ ХХК-ийн зээлийн өр төлбөрт Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг тооцон Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлж, ЭХ ХХК нь өөрийн зээлүүдийн өр төлбөрийг ЭНС ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Улмаар, Худалдаа, хөгжлийн банк нь ЭНС ХХК, ЭХ ХХК-иуд олгосон зээлийн өр төлбөрт ЭНС ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтад “үүрэг гүйцэтгүүлэгч нъ гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан; ” гэж заасныг үндэслэн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгч нарын үүргийг дуусгавар болгож, зээлүүдийг хаасан.

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тухайд:

ЭНС ХХК нь ЭХ ХХК-ийн дээр дурдсан зээлүүдийн өр төлбөрийг өөрийн хөрөнгөөр барагдуулсан гэдгээс улбаалан хохирлын асуудлыг хөндөж байгаа бол уг хохирлыг ЭХ ХХК-иас нэхэмжлэх ёстой. Гэтэл, харилцан хамаарал бүхий компаниасаа өр төлбөрөө нэхэмжлэхийн оронд зээлийн өр төлбөрөө хаалгасан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж буй явдал нь хууль тогтоомж (үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчим §206.1), цаашлаад гэрээний эрх зүйн харилцааг ноцтой зөрчиж байна.

ЭНС ХХК болон ЭХ ХХК нь хооронд харилцан хамаарал (холбогдох этгээд)-тай хуулийн этгээдүүд юм. Тодруулбал, ЭНС ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Л.Чинбат, Р.Батхишиг http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/28766711, ЭХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Р.Батхишиг http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2655772 буюу хувьцаа эзэмшлийн хүрээнд уг хуулийн этгээдүүд нь Л.Чинбат, Р.Батхишиг хоёр иргэнээс хамааралтай болох нь харагдаж байна.

Хэрэв, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээгээр харилцан тохиролцож, хугацаа хэтрэлттэй зээлүүдийн өр төлбөрөө хаалгаагүй байсан бол өнөөдрийн байдлаар дараах өр төлбөртэй байх байсан. “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр бусад тооцогдсон тохиолдолд 2012.06.01-ний өдрөөс хойш бодогдох нийт хүү болох 45 145 915.57 ам.долларыг ЭХ ХХК, ЭНС ХХК-иудаас нэхэмжлэх болно.

Жич: ЭНС ХХК нь тус банкны өмчлөлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2012 оноос хойш бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тухайн түрээсийн орлогыг банканд шилжүүлээгүй болно. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсийн оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн доод хөлсөөр бодоход ЭНС ХХК нь өнгөрсөн 9 жилийн хугацаанд 17,979,210 ам.долларын орлого олж, тус банканд нэг ч төгрөг шилжүүлээгүй.

3. 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухайд:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг заасан байх ба тус зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; ” гэж заасан байх бөгөөд ЭНС ХХК, ЭХ ХХК, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөх хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. ” гэж, 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж заасны дагуу тоолж эхэлнэ гэв.

                 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч ЭНС ХХК-д холбогдуулан ХХБ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд байрлаж буй ЭНС ХХК-ийг эд хөрөнгийн хамт тухайн оффисын барилгаас албадан гаргуулж, чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ЭНС ХХК нь нэхэмжлэгч ХХБ ХХК-д холбогдуулан 2012.06.29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг ЭНС ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, ЭНС ХХК, ЭХ ХХК, “Л-Ч” ХХК нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ”-г байгуулж, ЭНС ХХК, ЭХ ХХК нарын нийт 20 046 337 ам.долларын зээлийн өр төлбөрт ЭНС ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах, 5601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалттай 6 давхар барилгын өмчлөх эрхийг Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлэх, барилгыг 20 046 337 ам,долларын үнээр А банкны өмчлөлд шилжүүлж, өр төлбөрт тооцон оффиссын барилгын үнийг барагдуулсанд тооцох, А банк нь төлбөр төлөгчдийн Б банкинд төлөх төлбөрийг барагдуулах, ЭХ ХХК нь өөрийн банкуудад төлөх өр төлбөрийг ЭНС ХХК-ийн өмнө хариуцан төлж барагдуулах, ЭНС ХХК нь 2014.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээний үнээр, 2015.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд 6%-иар нэмэгдүүлсэн үнээр барилгыг буцаан худалдан авах эрхтэй байхаар тус тус тохиролцжээ. /хх-10-15х/

Тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө буцаан худалдах авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарч байна.

 

Нэхэмжлэгч дээрхи гэрээний хугацаа дуусгавар болсноор хариуцагчийн эзэмшил хууль бус гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчийг эд хөрөнгийн хамт албадан гаргуулж, чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

 

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ” нэрээр байгуулсан Эд хөрөнгө буцаан худалдах авах болзолтой хийсэн худалдах худалдан авах гэрээ нь, субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн агуулгын хувьд хууль зөрчиж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.

 

Хариуцагч тус гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна, мөн Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасан ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-46 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах журмыг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

ЭНС ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас 2009.10.26-ны өдрийн ЗГ/115 тоот Зээлийн гэрээний дагуу 2 610 000 ам,долларын зээл авч, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах, 5601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалттай 6 давхар барилгыг барьцаалсан /хх-109-114х/ байгаа боловч уг зээлийн төлбөрийн шаардлагыг хангуулахаар зээлдэгчийн өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч Худалдаа, хөгжлийн банк шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ” Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, ЭНС ХХК, ЭХ ХХК, “Л-Ч” ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд гэрээний оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго, гэрээгээр хүлээсэн эрх, үүргүүд, үр дагавар зэргээс үзэхэд уг гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасан хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ”-ний 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6 болон 5.1, 6.1-д заасан нөхцлүүдийг талууд харилцан тохиролцож, тодорхой тусгасан байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийг зээлүүдийн төлбөрийг барагдуулахаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасан ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-46 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ”-г үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ”-ний дагуу талууд ЭНС ХХК, “Эрдэсхолдинг” ХХК нарын банкуудтай байгуулсан зээлийн гэрээнүүдийн зээлийн төлбөрүүдийг төлөгдсөнөөр, зээлийн гэрээний болон барьцаа, баталгаа, батлан даалтын гэрээнүүдийн харилцааг дуусгавар болсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.3-д заасантай нийцсэн байна.    

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх учиртай.

 

Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар, эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу худалдан авсан хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсэх хууль зүйн үр дагавартай гэрээ тул энэ агуулгаар “Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг”-т хамаардаг. Нэхэмжлэгч ХХБ ХХК нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ”-ний дагуу ЭНС ХХК-иас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах, 5601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалттай 6 давхар барилгыг шилжүүлэн авч, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу барилгын хууль ёсны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-с10-15, 25х/

 

Хариуцагч ЭНС ХХК нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээ”-ний 8.3-д заасны дагуу 2015.07.01-ний өдрийг хүртэлх эзэмших эрхтэй байна.

Хариуцагч талын эзэмшил гэрээний үндсэн дээр үүссэн тул тухайн эзэмшлийг угаас хууль бус гэж үзэхгүй, харин хууль ёсны эзэмшлийн эрх зүйн үндэслэл үгүй болсон бол хожим хууль бус болсон гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний 8.3-д зааснаар Худалдаа хөгжлийн банк нь 2015.07.01-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгыг эзэмших, ашиглах эрхийг ЭНС ХХК-д олгосон бөгөөд уг хугацаа дууссанаар буюу 2015.07.08-ны өдрийн 5/3583 тоот албан бичгээр барилгыг бүрэн чөлөөлөхийг барилга эзэмшиж, ашиглаж байгаа ЭНС ХХК, ЭХ ХХК нарт мэдэгдсэн байна. /хх-14 ар тал, 17х/

Хариуцагч ЭНС ХХК-ийн барилгыг буцаан худалдах авах эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан, гэрээнд заасны дагуу эзэмшил ашиглалтандаа байлгах хугацаа дууссанаар хариуцагч ЭНС ХХК-д барилгыг чөлөөлж өгөх үүрэг үүсч, барилгын эзэмшил хууль бус болсон байх тул нэхэмжлэгч ХХБ ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар өмчлөгчийн шаардах эрхийн хугацаа 10 жил байх бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу ХХБ ХХК-д барилгыг чөлөөлж өгөхийг шаардах эрх 2015.07.01-ний өдөр үүссэн тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн 2015.07.08-ны 5/3583 тоот, 2015.11.21-ний өдрийн 6/4472 тоот, 2016.03.01-ний өдрийн 5/1242 тоот, 2016.08.22.-ны өдрийн 5/3830 тоот, 2018.04.26-ны өдрийн 5/2856 тоот, 2018.10.12-ны өдрийн 5/6823 тоот, 2019.06.14-ны өдрийн 3/3508 тоот, 2021.03.18-ны өдрийн 5/1798 тоот албан бичгүүдээр ЭНС ХХК, ЭХ ХХК нарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах, 5601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалттай 6 давхар барилгыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн шаардлага, мэдэгдэл /хх-17-24х/-ийг хүргүүлж байсан байх бөгөөд хариуцагч ЭНС ХХК-ийн 2015.10.22-ны 97 тоот, 2016.03.07-ны өдрийн 35 тоот, 2016.03.24-ны өдрийн 43 тоот, 2016.09.15-ны өдрийн 91 тоот, 2019.04.24-ний өдрийн 19/20 тоот албан бичгүүдээр ХХБ ХХК-д хэлэлцээ хийх санал хүргүүлж байсан боловч талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч ЭНС ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж, ХХБ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс ЭНС ХХК-ийг эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж, барилгыг чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд,

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр, 2012.06.29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг ЭНС ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгах шаардлагыг гаргасан.

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар өмнөх хэсэгт дүгнэсэн болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ХХБ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах, 5601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалттай 6 давхар үл хөдлөх эд хөрөнгөөс ЭНС ХХК-ийг, эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж, барилгыг чөлөөлүгэй.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар ЭНС ХХК-ын 2012.06.29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг ЭНС ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар ХХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, ЭНС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 000 000 /нэг зуун хорин долоон сая/ төгрөг /2021.05.10-ны өдөр төлсөн 27 000 000 төгрөг, 2021.06.28-ны өдөр төлсөн 100 000 000 төгрөг/-ийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2021.05.11-ны өдрийн 5266 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийн төлөх хугацааг нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан 158 163 950 төгрөгийг хариуцагч ЭНС ХХК-иас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч ЭНС ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА