Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1002

 

186/2020/0279/Э

 

 

 

 

 

      2020           08            13                                        2020/ДШМ/1002    

 

Г.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Г.Даваахүү,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Г.О-д холбогдох эрүүгийн 1811007080332 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О-,

 

Г.О- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ж-гийн хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завъяа зэргийг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, нийт 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт Гоошчийн О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын 36.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завъяа зэргийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 7 хоног буюу /7*15=105.000/ төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгөөр тогтоож, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.О-аас 18.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Ж-д, 3.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Хатанбаатарт тус тус олгож,  шүүгдэгч Г.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Г.О-д оногдуулсан ялын төрөл хэмжээ нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Үүнд: шүүгдэгч Г.О- нь хохирогч Н.Ж-гаас “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завъяа зэргийг нь залилан авч 36.000.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогчид 18.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий иж бүрэн хэт хутга, хос шаазан арслан зэргийг хүлээлгэн өгсөн. Харин 18.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн завъяаг хүлээлгэн өгөөгүй. Түүнд учруулсан 18.000.000 төгрөгийн, мөн иргэний нэхэмжлэгч Ц.Хатанбаатар нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байхаас гадна өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй байна. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцээгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Шийтгэх тогтоол дахь “...Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж...” гэсэн дүгнэлт нь хэт ерөнхий байхаас гадна шүүгдэгч Г.О-ын үйлдсэн гэмт хэргийн бодит байдал, түүнд ял оногдуулахад нөлөөлөх нөхцөл байдлууд буюу үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, учруулсан хохирол нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээгээгүй зэрэг байдлуудтай нийцээгүй, шүүх шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчингүй болгуулж, шүүгдэгч Г.О-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Г.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаж, цагаатгах байр суурьтай оролцож байсан. Гэтэл анхан шатны  шүүхээс гэм буруутай гэж дүгнэлт хийсэн. Би өөрийн үйлчлүүлэгчдээ давж заалдах санал тавьсан боловч “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, давж заалдах гомдол гаргахгүй” гэсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Г.О- хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал,

 

Прокуророос Г.О-ыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ж-гийн хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завъяа зэргийг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, нийт 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Г.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 7 хоног буюу /7*15=105.000/ төгрөгийг хасаж, эдлэх ялыг 345.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.

 

          Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,  түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйлд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсийг оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын 36.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 21.000.000 төгрөг гаргуулан хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгах, энэ шийдвэр нь тухайн этгээдэд торгуулийн ял оногдуулснаар биелэгдэх боломж багатай байдалд хүргэж байгаа нь хохирогчийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Г.О-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.О-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН