Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/518

 

               

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэг, мөн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Э т холбогдох эрүүгийн 2309033450123 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Б г хамтран амьдарч байх хугацаандаа 2022 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх зуслангийн байшиндаа, 2023 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ, 2023 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа, 2023 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх зуслангийн байшиндаа, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах нисэх онгоцны буудалд, 2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...  тоот гэртээ бие махбодид нь халдаж зодох үйлдлийн аргаар байнга зодсон,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...  тоот гэртээ Н.Б г “архи ууж бусадтай завхайрсан” хэмээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Г.Э  нь 2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...  тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Б гийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаар гадуур явж байхад нөхөр Э  нь миний утас руу 6 удаа залгасан байхаар нь би тухайн үед эргүүлээд залгахад “Чи хаана хэнтэй банзалдаад, янхандаад яваад байгаа юм, чамайг орж ирэнгүүт чинь ална” гэхээр би “М тэй явж байна” гэхэд “тэгвэл яриул” гэсэн. Тэгээд би утсаараа М тэй яриулахад “Ямар залуутай яваад байгаа юм бэ та хоёр, наадхыг чинь ирэхээр нам цохиж ална” гэж хэлсэн. Би одоо удахгүй очлоо гээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа би 22:00 цагийн үед гэртээ харих үед наашаа ороод ир гээд унтлагын өрөөндөө намайг дуудахаар нь яваад ортол ямар ч үгийн зөрүүгүй нүүрэн тус газарт цохиод авахаар нь нэг хэсэгхэн миний ухаан балартаад хамраас цус гарсан. Тэгээд Э  гараад явсан. Би хэсэг уйлж сууж байгаад жаахан тайвширсны дараа цагдаагийн байгууллагад хандсан. ...Маш их гомдолтой байна. Хамраа янзлуулж эмчлүүлэх шаардлагатай. Эмнэлгийн баримт бичгүүдийг гаргаж өгнө. Сэтгэл санааны хохирол тогтоолгох, мөн эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж байгаа тул мөнгө төгрөгөө буцааж авах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар тал/,

 

Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15:00 цагийн үед Б  над руу утсаар яриад “өнөөдөр эртхэн тараад харья” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн ба ажил дээрээ 18:00 цаг хүртэл шатар тоглож байгаад өнөөдөр эртхэн шиг харья гэсэн мөртлөө яасан юм бол гэж бодоод Б гийн утас руу хэд хэдэн удаа залгасан чинь утсаа авахгүй байсан. ...21:00 цагийн үед залгахад утсаа аваад би хотын төвд найз М гийн хамт караокед байна гэхээр нь би хаана байдаг караоке юм гэхэд нөгөө найз хүүхэн нь утсыг нь аваад “өө сайн байна уу, бид хоёр хотын төвд нэг караокед дуулж зовлон жаргалаа хуваалцаад сууж байна” гэхээр нь би “хоёр эмэгтэй хоёулахнаа караокед байна гэж юу байсан юм, яг хаана байдаг караоке юм, хэлээдэх” гэсэн чин утсаад таслаад алга болсон. ...эхнэр Б гийн өрөөнд яваад ортол унтах гээд орон дээр хувцсаа тайлаад шал согтуу сууж байхаар нь би уурандаа хаагуур тэнэж яваад ирсэн янхан бэ гэж хэлээд нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэр нь хамрыг нь цохиж таараад цус нь гарсан. Тэгээд баашилж орилоод үлдсэн. Тийм ч их хүчтэй цохиогүй. Би өстэй хүний цусыг гаргачих юм бол сайн байдаг гэсэн дээр үеийн дом байдгийг санасан ба салахын өмнө сайн ч хэрэг боллоо гэж бодсон. ...би Б гийн архидан согтуурсан болохоор хашраах гэж нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. ...2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 22 сая төгрөгийг Б гийн данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 дугаар тал/,

-түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хоёр зүйл ангиар буруутгаж байгаа. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Цохисон нь миний буруу....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14287 дугаартай “...Н.Б гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/,

 

Хохирогч Н.Б гийн Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /хх-ийн 7-9 дүгээр тал/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Н.Б  нь эрсдэлийн “өндөр” зэрэгт байгааг тодорхойлсон тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Уянгын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн аюулын зэргийн үнэлгээ тогтоосон тэмдэглэл /хх-ийн 24-26 дугаар тал/,

 

... ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04/1384 дугаартай Цагдаагийн ерөнхий газарт хандаж гаргасан албан тоот /хх-ийн 3 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай: “...Г.Б гийн сэтгэцэд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэмт хэргээс шалтгаалан сэтгэл түгшилт хүндэвтэр, гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн үргэлжлэх хугацаа нь хувь хүний онцлог цаашдын сэтгэл заслын болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээний үр дүнгээс хамаарна. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлын үнэлгээг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжтой. Хохирлын хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйлийн илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 97-99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.Э  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Б г хамтран амьдарч байх хугацаандаа 2022 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх зуслангийн байшиндаа, 2023 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ, 2023 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа, 2023 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх зуслангийн байшиндаа, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах нисэх онгоцны буудалд, 2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...  тоот гэртээ бие махбодид нь халдаж зодох үйлдлийн аргаар байнга зодсон,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...  тоот гэртээ Н.Б г “архи ууж бусадтай завхайрсан” хэмээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэг, мөн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн. Шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах байр суурьтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяраас: “...Прокурорын гэм буруугийн талаар сонслоо. Миний үйлчлүүлэгч дэлгэрэнгүй ярьсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Нэг удаа алгадсанаас болж хамрын гэмтэл учирсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэсэн асуудал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Дан ганц хохирогчийн мэдүүлгээр яллаж болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хавтас хэрэгт байгаа баримтыг харахаар 2016, 2017 оны гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлтийг хавсаргасан байсан. Нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хэний буруутай үйлдлээс болж Н.Б д гэмтлийн зэрэг учруулсан нь тодорхой бус. Зөрчлийн баримт хавсаргасан байсан. Г.Э ыг буруутай гэдэг үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авагдсан зүйл байхгүй. 2018-2023 оны хооронд Н.Б д ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоолгож байсан эсэх лавлагаа авагдаагүй байсан. Бүртгэл ч байхгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар ямар нотлох баримт шаардах вэ гэхээр хохирогчийн гомдол, мэдүүлэг байх ёстой. Г.Э  хувьд зөрчлийн арга хэмжээ авхуулсан болон гэмтлийн зэрэгтэй холбоотой шүүхээр ял шийтгэгдсэн баримт хавсаргагдах ёстой болов уу гэж бодож байна. Тийм баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нотлох баримт байхгүй. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогч гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэсэн байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14287 дугаар дүгнэлтээр хохирогч Н.Б гийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Н.Б гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар хэсэгт: “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж заажээ.

Хохирогч Н.Б , шүүгдэгч Г.Э  нар нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” буюу эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Э ыг дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Прокурорын газраас шүүгдэгч Г.Э ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Б г хамтран амьдарч байх хугацаандаа 2022 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх зуслангийн байшиндаа, 2023 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ, 2023 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа, 2023 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх зуслангийн байшиндаа, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах нисэх онгоцны буудалд, 2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...  тоот гэртээ бие махбодод нь халдаж байнга зодсонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдоно.

Түүнчлэн уг гэмт хэргийн бүрэлдэхүүний байнга гэсэн шинжийг хангахад ижил шинжүүдээс давтагдаж буй шинжүүдээр гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогчийг 2022 оны 12 дугаар сард, 2023 оны 01 дүгээр сард, 02 дугаар сард, 6 дугаар сард,  11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө зодсон гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэрэгт цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай албан бичиг, холбогдох баримт авагдсан байна. 

Дээрх баримт, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт 5.129.800 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Э аас 5.129.800 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б д олгохоор шийдвэрлэв.

Мөн Хууль зүй дотод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” батлагдсан.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай...” тогтоол гарсан.

Хохирогч Н.Б гийн эрүүл мэндэд “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “Хөнгөн” гэмтэлд сэтгэцийн эмгэгийн зэрэглэл “Хоёрдугаар” зэрэглэлд багтаасан байна.  

Уг аргачлалд нөхөн төлбөрийн хэмжээг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.

Шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эмчилгээ хийгдэж байгаа байдал, эдгэрэлт, хохирогчийн зовуурь, бие, эрүүл мэндийн байдлыг харгалзан хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтээр нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан/-г 550.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.500.000 төгрөгөөр тогтоов.

Иймд шүүгдэгч Г.Э аас нийт 10.629.800 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг харгалзаж үзнэ үү. Улсын яллагч 2,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Миний үйлчлүүлэгч сэтгэцэд учирсан хохирол болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46-47 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овогт Г.Э ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Г.Э аас хохиролд 5.129.800 /таван сая нэг зуун хорин есөн мянга найман зуу/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5.600.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Б д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН