Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

   2024           01           17                                     2024/ШЦТ/62

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Энхчимэг,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч У- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***-ын Уад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305022041490 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, *** овогт ***-ын У.  

 

Шүүгдэгч У- нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ зочид буудлын 202 тоот өрөөнөөс иргэн Н-гийн эзэмшлийн I phone 14 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 8-11 дэх тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тогтоол. /хэргийн 12 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... У-ын Гэгээ зочид буудлын 202 тоот өрөөнөөс 07 цаг 21 минутад гарч байх үеийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зэргийн үзүүлэлтүүд. /хэргийн 15-16 дахь тал/

 

Хохирогч Н-гийн “... Би 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шөнийн 04 цагийн үед өөрийн найз Д-тэй хорооллын эцэст гудамжинд караокены үүдэнд тааралдсан.

Тухайн үед манай найз нийтийн караокед үйлчлүүлж байсан бөгөөд караоке нь хааж байсан болохоор бүх хүмүүс нь гарч байсан. Ингээд гадаа нь зогсож байтал манай найзын хажуу ширээнд нь сууж байсан гэх 45 орчим насны махлаг эмэгтэй гарч ирээд бид хоёр тухайн эмэгтэйтэй танилцаад юм ярьж байгаад бид гурав нэг газар орж пиво ууж сууцгаая гээд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Гэгээ зочид буудал руу үүрийн 05 цаг 10 минутын үед шар айраг авч ороод сууцгаасан.

Ингээд бид гурав хэсэг шар айраг уугаад юм яриад сууж байтал нөгөө эмэгтэй түрүүлээд унтчихсан. Би найзтайгаа үргэлжлүүлэн шар айраг ууж юм ярьж сууж байгаад 06 цаг 10 минутын үед манай найз Д- нь өглөө 07 цагт хөдөө явах ёстой гээд түрүүлээд гараад явчихсан.

Тэгээд би шар айргаа ууж дуусаад хэсэг унтаад сэртэл миний ширээн дээр байсан I phone 14 pro max загварын гар утас болон миний цагаан өнгийн хавар намрын куртик алга болчихсон, халаасанд нь байсан зүйлсийг орон дээр гаргаад хаячихсан байсан. Тэгээд би уг эмэгтэйг мэдэхгүй болохоор юмаа алдчихлаа гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм.

... Би өглөө босоод буудлын үйлчлэгчид хандан болсон асуудлаа хэлж камерын бичлэг үзтэл хамт байсан эмэгтэй миний цагаан өнгийн куртикийг өмсчихсөн гарч явж байхаар нь би энэ аваад явчихсан байна гэдгийг ойлгосон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дэх тал/

 

“I phone 14 pro max” загварын гар утсыг 4,000,000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн ТХҮ-723/6927 дугаартай дүгнэлт. /хэргийн 29-34 дэх тал/

 

У-ын яллагдагчаар өгсөн “... Миний бие У- нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад тэндээ хэд хэдэн хүмүүстэй нийлж 0,75 литрийн хэмжээтэй Хараа гэх нэршил бүхий архийг гурвуулаа хувааж уусан санагдаж байна. Тухайн үед би Гэмтэл согог судлалын үндэсний төвд асрагчаар ажилладаг байсан юм. Тэгээд 1 шил архиа хувааж ууж дуусгачхаад дахин 2,3 шил архи болон 2 шар айраг нэмж авчраад надтай нийлээд дөрвөн хүн суусан юм.

Тэгээд л ер нь би нэлээд согтолттой болж эхэлсэн. Хэзээ, яаж караокед орсноо бол сайн санахгүй байна. Ямар ч байсан гэнэт л нэг тасраад сэрэхэд караокед ганцаараа шар айраг уугаад сууж байсан юм. Тэгээд сууж байтал над дээр хоёр залуу ирснээ хамт уух уу гэж байхад нь би хүлээн зөвшөөрч тэндээ сууж байгаад тэр хоёр надад хандаж хамт буудал орж үргэлжлүүлж уух уу гэхээр нь би мөн л адил хүлээн зөвшөөрч Гэгээ гэх нэртэй зочид буудлын 2 давхрын нэг өрөөнд орсон юм.

Тэгээд тухайн өрөөн дотроо архи нэмж ууж байгаад тасарсан санагдаж байна. Ямар ч байсан би нэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон байсан. Тэгээд би өглөө сэрээд ичсэндээ шууд гарах гээд гадуур хувцас буюу өөрийнхөө хүрмийг өмсөх гэж байгаад тухайн залуугийн куртикийг өмссөн байснаа маргааш нь над руу цагдаагаас ярьж байна гэхээр нь би мэдсэн юм.

Тэгээд бас нэмж хэлэхэд би тухайн өдөр буудалд өөрийнхөө гар утсыг цэнэглэсэн санагдаж байна. Тэгээд өглөө гарахдаа цэнэглэсэн байсан гар утсаа аваад гарсан. Хүний гар утас байсныг мэдээгүй байсан юм. Тэгээд цагдаагаас дуудахаар нь шууд тухайн хүний гар утсыг болон куртикийг өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52-53 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч У- нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч Н- болон түүний найзтай танилцан улмаар хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ зочид буудлаар үйлчлүүлжээ.

Ингээд тус буудлын 202 тоот өрөөнд орсон ба шүүгдэгч У- нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Н-г унтаж байхад нь түүний өмчлөлийн “I phone 14 pro max” загварын гар утсыг хулгайлан авч гарчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч У- нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н-гийн эзэмшлийн “I phone 14 pro max” загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 14 дэх тал/ тогтоогдсон тул шүүгдэгч У-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгээс шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/606 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар У-ын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У-ыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар У-ад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/606 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 26 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 8 сар 26 хоног хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар У-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар У-ын цагдан хоригдсон 33 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, У- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ