| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0500/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/527 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Хохирогч Х.Г , түүний өмгөөлөгч О.Санчирбал,
Шүүгдэгч А.М ,
Шинжээч Б.Ганзориг /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт А ийн М д холбогдох эрүүгийн 2309000001520 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд иргэн Х.Г той үл ялих шалтгаанаар маргалдан, түүний биед шил мэт зүйлээр халдсаны улмаас Х.Г ын эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч А.М нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд иргэн Х.Г той үл ялих шалтгаанаар маргалдан, түүний биед шил мэт зүйлээр халдсаны улмаас Х.Г ын эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Х.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр 21 цагийн орчим Зайсангийн Оргил дэлгүүрээс ажлын газрын хүн болох Ө ыг аваад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын /хаягийг нь сайн мэдэхгүй/ хүргэж өгөхөөр өөрийн машинаар явсан. Тэгээд Шарга морьтын Буурал гэх дэлгүүр өнгөрөөд Ө ын гэрийг өнгөрөөд машинаа зогсоотол гудамжнаас богино үстэй, туранхай, цагаан царайтай, хар өнгийн өмд, цэнхэр эрээн цамцтай залуу машины цонх цохиод “гал байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэтэл Ө ыг харангуутаа “Ө байна” гэж хэлээд машины хаалга онгойлгоод хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, хаанаасаа юм мэдэхгүй гартаа жижиг тонгорог /бор иштэй байсан байх/ гаргаж ирээд миний хөл рүү хэд хэдэн удаа чичилж хатгасан. Тэгэхээр нь би тэр залууд “Ө ын ажлын газрын хүн байна” гэж хэлтэл тэр залуу тоолгүй дахин хутгаараа миний баруун өгзөг болон баруун гарын долоовор хурууг зүссэн ба би тэр залууд гэр бүлтэй гэж хэлээд гуйсан. Тэр залуу Ө ыг манай эгч гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энхэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Ө гэх хүнтэй гагнуурчнаар хамт ажилладаг. Би энхэртэйгээ байр түрээсэлж амьдардаг байсан. Над руу тухайн өдөр хэд хэдэн удаа залгаад “намайг хүргээд өгөөч” гэж гуйсан. Би ажил тараад хүргээд өгье гэж хэлээд орой нь Зайсангийн тэндээс очиж авсан. Тэгээд хаашаа хүргүүлэх вэ гэж асуухад Шарга морьт руу лагер луугаа хүргүүлье гэж хэлсэн. Замдаа явж байтал тасарч, сэрээд байсан. Би арайхийн асуугаад гэрийг нь олоод зогссон. Ирчихлээ гэж хэлсэн. Гэтэл доороос нэг залуу гарч ирээд машины хаалга онгойлгоод хэд хэдэн удаа өшиглөсөн. Өмднийхөө араас хутга гаргаж ирээд чамайг алчихъя гээд над руу дайрсан. Би ажлынх нь газрын хүн байгаа юм гэж хэлсэн. Би гуйж байж энэ хүнийг болиулсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Б.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Зайсангийн Оргил супер маркетын ойролцоо хуучин ажлын газрын хүмүүстэй уулзаад гурвуулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хэчнээн хэмжээтэйг ууснаа санахгүй байна, сөжү болон пиво уусан. Тэгээд орой 21 цагийн үед хуучин ажлын газрын хүн болох Г ын ... дугаарын гар утас руу нь өөрийн гар утсаар залгаад намайг гэрт хүргэж өгөхийг гуйхад Г намайг Зайсангийн Оргил супермаркетаас машинтайгаа ирж аваад бид хоёр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буурал ээж дэлгүүрийн ард талын гудамжинд байрлах миний эзэмшлийн лагерийн байшингийн гадаа ирж зогссон. Тэгээд зогсож байтал манай үеэл дүү М гудамжнаас бид хоёрын сууж байсан машиныг чиглээд ирж байсан бөгөөд тэр үед би машинаас нь буусан байсан. Юунаас болж хэрэлдсэнийг нь би санахгүй байна. Би их согтуу байсан учраас гэр лүүгээ шууд орсон бөгөөд манай дүү М үлдсэн. Би гэртээ ороод байж байтал миний араас орж ирсэн. Бид хоёр хоорондоо гэр дотор ороод хэрэлдсэн. Юу гэж хэрэлдсэн талаараа би тодорхой сайн санахгүй байна. Тэгээд бид хоёр тэнд хоночхоод өглөө гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6986 дугаартай “...Х.Г ын биед баруун сарвуу, баруун өгзөг, гуя, шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 668 дугаартай “...Х.Г ын биед баруун сарвуу, баруун өгзөг, гуя, шилбэний булчин өөхөн эдийг гэмтээсэн нийт 5ш хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлүүд нийтдээ болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 71-73 дугаар тал/,
Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эдгээр зүсэгдсэн, хатгагдсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Ир үзүүртэй зүйлээр дээрх гэмтлийн шинж чанар буюу зүсэгдсэн, хатгагдсан гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна. Нийт 5 ширхэг шарх үүссэн байсан. Анх үзэхэд баруун гарын сарвуунд нэг шархтай, баруун өгзөгний гадна дээд хэсэгт нэг шархтай, гуяны гадна дээд хэсэгт нэг шархтай, ард талд нэг шархтай. Гуянд нийтдээ 2 шархтай байсан. Онолын хувьд мохоо болон ир үзүүртэй зүйл гэж 2 ангилдаг. Мохоо зүйлээр зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл үүсгэдэг бол ир үзүүртэй зүйлээр зүсэгдсэн, хатгагдсан, цавчигдсан зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг. Шилний шинж чанар ямар байснаас хамаарна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-49 дүгээр тал/,
Шүүгдэгч А.М ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай эгч Ө 20 цагийн үед миний ... дугаарын гар утас руу залгаад надад “Зайсанд байна, ирээд авчих” гэхээр нь би эгчид “завгүй байна, таксидаад хүрээд ир, мөнгийг нь өгчихье” гэж хариулсан. Би эгчийг 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь эгч рүү залгатал эгч утсаа авахгүй байсан бөгөөд энэ үед намайг гудамжинд тамхи татаад зогсож байтал хажуугаар Приус 30 загварын машин өнгөрөхөөр нь би тэр машинаас гал авах гээд тухайн машин дээр очиж машины жолоочийн талын цонхийг нь гараараа тогшоод “гал байна yу” гэж асуутал тэр машины жолоодож байсан нэг эрэгтэй хүн сууж байсан ба эсрэг талын суудалд нь эгч Ө архи уугаад, тасарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би “Ө эгч байна шүү дээ” гэж хэлэхэд тэр залуу зугтах гэж байгаа юм шиг надад санагдахаар нь би машиных нь хаалгыг онгойлгоод тэр залууг баруун хөлөөрөө нүүр лүү нь жийх гэтэл оноогүй хажуугаар нь өнгөрсөн. Учир нь тэр залуу цааш зугтаад машиныхаа голын хайрцаг дээр суусан. Тэгээд би үргэлжлүүлээд цээж хэсэг рүү нь 2 удаа баруун хөлөөрөө жийж өшиглөөд, уурлаад тэр залуу руу “юун учиртай хүн юм” гэж асуухад миний өөдөөс ямар нэг зүйл хэлэхгүй, асуултад тодорхой хариулахгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр залуугийн нүүр лүү нь баруун гараараа 2 удаа цохих гээд далайгаад гараа явуулсан. Гэхдээ тэр 2 цохилт тэр залууг оноогүй тул дахин баруун хөлөөрөө цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед тэр залууг ирэхээс өмнө манай эгчийн машин шаварт суусан байсан бөгөөд машиных нь ойролцоо газарт байсан целлодон материалтай шилний хэлтэрхий байсныг нь би эгчийн машиныг шавраас гаргах гэж оролдож байх үедээ газраас аваад халаасандаа хийсэн байсан юм. Учир нь тэр хавьд үлдээчихвэл тэр хавиар явж байхдаа гутланд зоогдчих байх гэж бодсон юм. Тэгээд тухайн халаасандаа байсан 5-8 см орчим урттай, тунгалаг цайвар өнгийн шилний хэлтэрхийг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад тэр залуугийн хөл хэсэг рүү нь далайгаад айлгая гэж бодоод чичтэл тэр залуу 2 гараараа бариад авахаар нь би эргүүлж татаад дахин хөл хэсэг рүү нь чиглүүлээд чичтэл миний урдаас жийсэн. Тэгээд би тэр залуугаас дахин юу болсон талаар асуухад тэр залуу хэлэхгүй байхаар нь би тэр залуугийн баруун гарынх нь эрхий хуруу хэсэгт нь зүсчхээд буцааж барьсан шилээ татаж байгаад баруун бөгс хэсэг рүү нь жинсэн өмдтэй юм чинь цоорчихгүй байх гэж бодоод баруун гартаа шилний хэлтэрхийг барьж байгаад 1 удаа зоож гэмтээсэн. Тэгээд би тэр залуугаас дахин ямар учиртай хүн болох талаар нь асуухад “мэдэхгүй ээ, би ажлын газрынх нь Г байна” гэж хэлэхээр нь би “чи тэр Г юм уу, манай эгч надад утсаа харуулдаг шүү дээ, манай эгч рүү шөнө орой залгаад, юм бичээд байдаг биз дээ” гэтэл тэр залуу “үгүй” гэж хэлээд пээдэлзсэн байдалтай байсан. Тухайн үед би үнэхээр их уурласан байсан бөгөөд тэр залуутай хэрэлдэж байсан ч удалгүй эвлэрээд машинаа унаад яваад өгсөн. Ийм л үйл явдал болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
-дахин өгсөн: “...Би жолоочийн суудлыг өөрийн гартаа барьж байсан шилээрээ 2-3 удаа хатгаж цоолж гэмтээсэн. Өөр тэр машины эд зүйлийг эвдсэн зүйл байхгүй. ...Би үнэлгээний тайланд дурдагдсан өөрийн гэмтээсэн эд зүйл болох жолоочийн суудлын гэмтлийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад эд зүйлсийг нь би гэмтээгээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр тал/,
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.М нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд иргэн Х.Г той үл ялих шалтгаанаар маргалдан, түүний биед шил мэт зүйлээр халдсаны улмаас Х.Г ын эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж үзэж шат шатны прокурорын газарт хүнийг алхаар завдах хэрэг гэж гомдол гаргаж дахин шалгуулахыг хүссэн боловч энэ хэрэг дээр ямар ажиллагаа хийснээрээ шүүгдэгч нь хүнийг алахаар завдсан нь тогтоогдох нь тодорхойгүй байсан. Мөн энэ хэрэг дээр хутга яриад байдаг. Тухайн хутгыг хаанаас олох нь тодорхойгүй байдаг. Байхгүй байгаа зүйлийг олуулах гээд байдаг. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн нөхцөл байдлыг буруугаар ойлгосноос болоод хохирогчид хөнгөн хохирол учруулсан байна гэж үзэж байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэдэг нь шинжээчийн дүгнэлт тайлбараар тогтоогдож байна. Хохирогчоос нэхэмжилж байгаа хохирол төлбөртэй холбоотой баримтуудын хувьд хэргийг шүүхэд шилжүүлэхэд 423.200 төгрөгийн баримт гаргаж өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар нийт 901.100 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Эдгээр баримтаас 80.000 төгрөг болон 20.000 төгрөг, 40.000 төгрөгөөр тус тус шатахуун авсан баримтуудыг хасуулж, 741.100 төгрөгийг мөн яллах дүгнэлт үйлдэхэд гарсан байсан зардал 423.200 төгрөгтэй нийлүүлээд нийт 1.164.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хасуулах саналтай баримтын тухайд хэрэг гарахаас өмнөх баримт байгаа ба мөн машин барих боломжгүй гэсэн атлаа машиндаа шатахуун хийсэн байсан учраас тухайн баримтуудыг хасуулах саналтай байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой 1.450.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Үүнийг нэхэмжилнэ гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр 202.600 төгрөгийн хохирол учирсан учраас шүүгдэгчид ашигтай байдлаар зөрчлийн хэргээр явуулсан байгаа. Ямар засварын газраар үйлчлүүлэх нь хохирогчийн өөрийнх нь асуудал юм. Мөн машины хаалга гажсан асуудал нь шүүгдэгчийн шууд үйлдэлтэй холбоотой гэж үзэх нь учир дутагдалтай байгаа учраас хохирогчийн гаргаж өгсөн машин засварын баримтаас хаалга гажсан баримттай холбоотой засварын үнэлгээний зардлыг хасаж бусад төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Сэтгэцэд учирсан хохирол нь Улсын дээд шүүхээс гаргасан зэрэглэлийн хувьд 2 дугаар зэрэгт хамаарахаар гарсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр мөрдөгдөж байсан. Шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол буюу 2.700.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар санал гаргаж байгаа боловч сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс гаргуулах практикт тогтсон зүйлгүй учраас шүүхийн эрх хэмжээний хүрээнд үлдээж байна...” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, хохирогч нар мэдүүлэг өгсөн. Тухайн үйл баримтын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн этгээд нь тодорхой эх сурвалжийг мэдүүлж чаддаггүй. Хохирогчийн анхны мэдүүлгээр бор иштэй хутга байсан талаар тодорхой дурдсан. Тухайн хутгаар биед нь 5 удаагийн шарх, тээврийн хэрэгсэлд 3 удаагийн гэмтэл учруулсан байсан. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд үл ялих шалтгаан буюу гэм буруугийн шинжийг гуйвуулж оруулж ирсэнд харамсалтай байна. Хохирогч нь хуульд заасны дагуу мэдүүлэг өгч байгаа. Яллагдагч, шүүгдэгчийн хувьд хууль сануулж баталгаа гаргаж байгаа нь хохирогчоос ялгаатай байдаг. Мэдүүлгээр биед нь 5 удаагийн шарх үүссэн нь тус бүртээ хөнгөн гэмтэл гэдгийг шинжээч нь ялгаж хэлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт засан хөнгөн гэмтэл биш юм. Учир нь дээрх нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хэрэг үү эсвэл ...хүнийг санаатай алах гэмт хэргийн сэдэлт зорилгыг тодорхой шалгаж тогтоогоогүй байдаг. Зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт хувийн таарамжгүй үл ялих шалтгаанаас болсон гэж байгаа боловч хохирогчийн мэдүүлгээр ямар нэг шалтгаангүйгээр шууд биед нь халдсан гэж мэдүүлсэн. Түүний Үндсэн хуулиар хамгаалгасан эрх чөлөөнд нь шууд халдсан гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгийг шүүгдэгчийн мэдүүлгээр шууд няцааж байна. Тийм боломж байхгүй. Учир нь хохирогч өөрт учирсан гэмтлээ үнэн зөв мэдүүлсэн. Түүний биед халдаж байгаа шалтгаант холбоо байх ёстой. Тийм шалтгаант холбоо байхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн тээврийн хэрэгслийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа. Дээрх нөхцөл байдал нь хэдхэн төгрөгийн хооронд шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Хохирогчийн зүгээс 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлтэй баримт байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаарх ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Өнөөдрийг хүртэл хохирогч нь хохироод явж байгаа. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.952.300 төгрөг гарсан. Мөн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотойгоор 6.600.000 төгрөг, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардал гарсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Нийт 15.852.300 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Гэхдээ энэ хохирол нь эцсийн байдлаар гараагүй. Өмгөөлөгчийн зүгээс 60 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч А.М нь “...Прокуророос яллаж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн тайлбарыг гаргасан.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6986 дугаар,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 668 дугаар дүгнэлтүүдээр хохирогч Х.Г ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч А.М нь хохирогч Х.Г ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хэрэг үү эсвэл ...хүнийг санаатай алах гэмт хэргийн сэдэлт зорилготой завдсан үйлдэл үү...” гэх дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Г ын биед “...баруун сарвуу, баруун өгзөг, гуя, шилбэний булчин өөхөн эдийг гэмтээсэн...” хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.
Онц харгис хэрцгийгээр гэдэгт “...олон тооны шарх гэмтэл учруулж, хохирогчийг тарчлаан зовоох, шаналгах сэдэл зорилготой, гэмт хэргийг үйлдэж байгаа аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн...” байхыг ойлгоно.
Тус хэргийн хувьд шинжээчийн дүгнэлтээр “...олон тооны шарх гэмтэл...” учруулсан гэх үйл баримт тогтоогдсон ба уг дүгнэлтийг үндэслэн онц харгис хэрцгийгээр гэмт хэрэг үйлдсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу хохирогчийг тарчлаан зовоох, шаналгах сэдэл зорилготой болон ...өс хонзонтой байсан эсэх, ...гэмт үйлдлийн арга нь харгис байсан уу гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч нар анх удаа бие биеэ харсан байх бөгөөд өмнө нь тэдний дунд өс хонзонтой байсан гэх зүйлгүй, ...гэмт хэрэг тухайн цаг хугацаанд бий болсон маргаанаас үүдэн үйлдэгдсэн, аргын хувьд харгис аюултай шинж тогтоогдохгүй байгаа зэргээс харахад онц “харгис хэрцгийгээр” гэх шинжид хамааруулан гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ.
Шүүгдэгч, хохирогч нарын хоорондын маргаан, гэмт үйлдэл нь ...гэмтэл учруулсан үйлдлээрээ төгссөн, ...шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас дээрх гэмт үйлдэл таслан зогсоогдсон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул хүнийг алахыг завдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбалын “...зүйлчлэлийг хүндрүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай...” хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогчийн гаргаж өгсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээ хийлгэсэн гэх зардлын баримттай шүүх танилцахад гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанаас өмнөх 160,000 төгрөгийн баримтыг хохирлоос хасаж, нотлох баримтын шаардлага хангасан 1,164,300 төгрөгийн баримтыг үнэлж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэлд 290,300 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байх тул хохиролд тооцон гаргуулав.
Иймд нийт 1,454,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаас шүүгдэгч нь хохирогчид 500,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 954,600 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилснийг шүүх гаргуулах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.
Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Хууль үйлчилж эхлэхээс өмнө буюу 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг гарсан байх тул Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулах, гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Г нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг дэмжиж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь сонгох санкцтай хэдий ч шүүгдэгчийн хувьд цалин хөлс тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд олон тооны шарх үүсгэж сэтгэл санааны шаналал зовуурь үлдээсэн байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.М ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч А.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт А ийн М ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М ыг 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.М аас 950.600 /есөн зуун тавин мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Г од олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Г нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.М аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН