| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн ...... сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ..... сумын ..... багийн .... тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан, .... овогт ........-ын М, регистрийн дугаар ............
Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ..... сумын ....... багийн нутаг “.......” гэх газарт байрлах засмал зам дээр 0000 УНӨ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, автомашины урд сууж явсан Ц.П.-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
- Хохирогч Ц.П-ийн “...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.М бид хоёр хонины бэлчээр дээр таараад тэр газраа 1 шил архи хувааж уугаад, хонь тогтуун байхаар нь сумын төв явсан юм. Тэгээд сумын төв орж дэлгүүрээс 1 шил архи аваад, буцаад ...гэр рүүгээ засмал замаар явж байгаад, яасныг нь мэдэхгүй, цагаан манан болоод нэл цас болоод нэг мэдсэн чинь хээр хэвтэж байсан. Тэгсэн Г.М намайг яаж байна гэхээр нь даараад байна гэж хэлэхэд миний дээрээс дээл авч ирж тавьсан. ...Удалгүй намайг эмч нар үзээд, шууд сумын эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж хоноод маргааш өдөр нь ...... явж нэгдсэн эмнэлэгт үзүүлээд, ...маргааш нь түргэний машинаар -гаас явсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт очоод, зураг авахуулсан. Тэгсэн зургаар нуруу хугаралттай, түнх хугаралттай гэсэн онош гарсан. Тэгээд хэд хоног эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хагалгаанд орж нуруу, түнхээ хадуулсан. Хагалгаанд орчихоод гарч ирээд, эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос ...... сумд ирж хоноод маргааш өдөр нь хөдөө гэртээ ирсэн. ...Г.М 1 шил архи гаргаж ирснийг бид 2 хувааж уусан. Бид их согтоогүй ...Тухайн үед Г.М өөрийн машинаа жолоодож явсан. Миний биеийн зүүн хөлийн өвдөг хавдаж, хөхөрсөн. Нуруу ууц хэсгээрээ хугарсан, зүүн талын хөлийн дунд чөмгөний толгой буюу түнх хугарсан байсан. Би ...... сум болон ******* сумын нэгдсэн эмнэлэгт тус бүр 1 хоног эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн. Нуруу, хөл, өвдөг зовуурьтай байна. Би гарч орохдоо 2 суга таягтай явж байна. Надад ослоос болж нийт 3.000.000 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,
- Гэрч Д.Д-ын “...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай сумын цагдаа над руу залгаад Завхан аймгийн ........ сумын ...... баг ...... орчимд осол гарсан байна. Манайх одоо гарч байна танайх яаралтай яваарай гэж хэлээд би сувилагч А, бага эмч Ж нарын хамт тухайн дуудлагын дагуу очиход Приус-20 маркийн машин засмал замын хажуу талд дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай осолдсон, машинд хүн байхгүй, П-ийг замын хажууд хэвтүүлээд дээлээр нь хучсан, М хажууд нь зогсож байсан. Ц.П-ийг очиж үзэхэд зүүн хөлөө хөдөлгөхгүй, өвдөлт ихтэй, даралт нь ихэссэн байсан бөгөөд өвчин намдаах тариа хийж, даралт буулгах эм уулгаад эмнэлэг рүү тээвэрлэж ирсэн. Түүний зүүн хөл түнх хэсгээр гэмтсэн байсан тул аймгийн нэгдсэн эмнэлэгт танилцуулж, өвчтөнийг тээвэрлэхээр шийдвэрлээд, маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж хүргэсэн. Аймгийн эмнэлэгт рентген зураг аваад, түнхний толгой хэсгийн хугаралтай байна. Манай эмнэлэгт эмчлэгдэх боломжгүй гээд аймгийн нэгдсэн эмнэлгийн машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжүүлж мэс заслын эмчилгээ хийлгэсэн. Мэс засалд орсноос хойш 1 сар орчмын дараагаар П сумандаа буцаж ирсэн бөгөөд манай эмнэлгийн хяналтад одоо хүртэл байгаа. ...М би автомашиныг жолоодож явсан юм гэж байсан. ...М-ын баруун чихний дээд хэсэг зүсэгдэж язарсан, гарын бугалга хэсэг нь хөхөрч цус хурсан, гарын сарвуунууд нь шалбарсан зүсэгдсэн шархтай байсан. Ц.П, Г.М нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэн хэнээс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Б-ын “...Хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай дүү Ц.П 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд эмнэлэг дээр ирчихсэн байна гэхээр нь очиход Г.М-тай хамт Приус маркийн автомашинтай явж байгаад Завхан аймгийн .... сумын ..... багийн нутаг ...... орчимд осолд орчихсон гэж байсан. Би осол болсон газарт нь очиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Ц.П-ийн түнх болон нуруу нь хугарсан гэж байсан бөгөөд Завхан аймгийн ******* сумд хүргэгдээд, аймгаас Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн. Би эмнэлэг дээр очиж уулзахдаа, хэн машин жолоодож явсан юм, яагаад осолд орчихсон юм бэ гэхэд Г.М автомашиныг жолоодож явсан гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
- Монгол Улсын Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Д-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0000 дугаартай “... 1. Ц.П-ийн зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн шаантаг хэлбэрийн хугарал, хиймэл хүзүү суулгах мэс заслын дараах байдал, бүсэлхий нурууны 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/,
- ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын эрхлэгч, доктор Ph.D, дэд профессор, техникийн шинжээч И.Б, “Тээврийн салбар”-ын ахлах багш, доктор Ph.D, дэд профессор, Н.М, “Тээврийн салбар”-ын ахлах багш Г.У нарын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00000 дугаартай “... 1. Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн 0000 УНӨ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.
2. 0000 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ... -ыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
3. Уг осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай байна.
4. Энэ асуулт нь техникийн шинжээчийн мэдлэгийн хүрээнд хамрагдахгүй байна.
5. 0000 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна.
6. Зам тээврийн ослоос өмнө ямар нэгэн эвдрэл, гэмтэл байсан эсэхийг тогтоох зорилгоор автомашинд оношилгоо хийхээр хандсан боловч, боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс тухайн осол хэрэгт автомашины гэмтэл хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийн урд талын суудалд зорчиж явсан иргэн Ц.П-ийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн шаантаг хэлбэрийн хугарал, хиймэл хүзүү суулгах мэс заслын дараах байдал, бүсэлхий нурууны 5 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.М тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Г.М-ын согтолтыг “Аlcоtest 6820” багаж ашиглан шалгахад 2,56% буюу архи уусан байв.” гэсэн тэмдэглэлээр /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/ тогтоогдсон байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл “...үнэмлэхийн дугаар 000000, жолооч болсон огноо 2013-11-23, үнэмлэх олгосон огноо 2020-01-10, үнэмлэхийн төлөв эрх хасагдсан, эрх хасах: Завхан, ....., Зөрчлийн тухай хуулийн 14.7-3.1, 2023-03-31” /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/-ээр шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.М-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.П-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд шүүгдэгч 3,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч Ц.П-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүгдэгчээс одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Г.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .....-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Г.М-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ