Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Энхчимэг,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Н- түүний өмгөөлөгч Б.Баттөр,

шүүгдэгч Н- түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

гэрч Т.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2302006290355 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын ***-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Баянхонгор аймаг Баянбулаг суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** цагдаа, зохицуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н-.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ны өдөр Ховд аймаг Буянт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, *** гал унтраах автомашины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/2*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Н-.

 

Яллагдагч Н- нь нийтийн албан тушаалтан буюу  цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Н-гийн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Н-гээс өөрийн Хаан банк дахь *** тоот дансанд Н-гийн эхнэр Э-гийн Хаан банк дахь *** тоот данснаас 30,000 төгрөг бэлэн 30,000 төгрөг буюу нийт 60,000 төгрөгийн хахууль авсан,

Яллагдагч Н- нь нийтийн албан тушаалтан буюу  ал унтраах автомашины жолоочоор ажиллах байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээхгүй байж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор  цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эхнэр Э-гийн Хаан банк дахь *** тоот данснаас Н-ийн Хаан банк дахь *** тоот дансанд 30,000 төгрөг, мөн бэлэн 30,000 төгрөг буюу нийт 60,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н- мэдүүлэхдээ:” Намайг Н- гэдэг. 1986 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Тухайн үед би  цагдаа зохицуулагч ажилтай байсан. Би 2008 оны 11 дүгээр сард цагдаагийн курс төгсөөд тэрнээс хойш 2, 3 удаа би давтан дамжаанд сурч байгаад Нямсүрэн ахтай танилцсан. Нямсүрэн ах түүнээс хойш надад нутгаасаа ногоо юм явуулдаг байсан. Тэрнээс хойш найз нөхдийн харилцаатай байж байгаад 2023 оны 02 сарын дундуур байна уу, эхээр байна уу над руу залгаад ах нь найзтайгаа уулзаж байна, хоол унданд орсон чинь мөнгө төгрөг дутчихлаа 100,000 төгрөг байвал өгөөч ээ гээд тухайн үедээ бол би өгөөд за ахаа гээд энээ тэрээ болсон. Тухайн үедээ бол гурав дөрвөн ч удаа сургалтад хамт явж 16 хоног, 7 хоног цуг байсан учраас ах дүү хоёрын харилцаатай болсон. 8  дугаар сарын 17-ны өдөр Д- үүрэг гүйцэтгэж байхад 10 дугаар хорооллоос зогсоогоод авч ирлээ гэх үед нь би үүдэн дээр гарч уулзаад за ах одоо тухайн үед өст хүн өлийн даваан дээр гэж хэлсэн, үнэн. Та зээлсэн мөнгөө өгч авахгүй юм уу гэхэд хоёулаа хэлтсийн үүдэн дээр тухайн асуудлаасаа болж  жоохон маргалдсан. За би нэг удаа юмыг чинь ингээд аваад. Тухайн үед Нямсүрэн ахаас асууж байсан. Та өр мөрөө өгөх үү гэхэд за ахад нь ч одоо мөнгө төгрөгийн асуудал муу байна. За мөнгийг чинь үзээдэхье гээд эхнэрийнхээ утсыг аваад дансанд 30,000 төгрөг байна, бэлэн 30,000 төгрөг байна энийг өгчих үү гэхээр нь за тэгээ гэсэн. Тэгэнгүүт нь би тухайн үед шууд өөрийнхөө дансыг хэлээд өөрийнхөө нэрэн дээр байдаг дансаар шууд авсан. Тэгээд л за зү гээд танилын нүүр халуун он жав ах яалтачгүй гээд л тухайн үед явуулсан үнэн. Тийм л юм болсон байгаа” гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н- мэдүүлэхдээ: “Би 1985 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Балдорж овогтой Нямсүрэн байна. Болсон үйл явдлыг яръя. Гэр бүлийн хүн, хүүхдүүдийн хамт 10 дугаар хороололд байр түрээсэлж амьдарч байгаа. Манай эхнэр сарын өмнө хагалгаанд ороод эмнэлэгт хэвтсэн. Эхнэртээ наадмаар архи ууж явж байгаад жолооны эрхээ хасуулсан гэдгээ хэлээгүй байсан. Тэр өдөр эхнэрээ аваад уулзвар дээр зогсож байгаад Барсаас ногоо авах гээд 1 дүгээр эгнээгээр зүүн гар талдаа эргэхэд ногоон гэрэл асахаар нь 2 дугаар эгнээ рүү орсон чинь замын цагдаа гарч ирсэн. Гарч ирээд регистрийн дугаар наана цаана гээд асуусан. Ах нь эрхээ хасуулсан ийм ийм албанд ажиллаж байсан хүн байгаа юм аа, манай эхнэр бас албанд ажиллаж байсан, хоёр албаны хүн явж байна, ахын дүү явуулчих гэхэд үгүй ээ, дүүрэг дээр очъё, за тэгье, явъя очъё гэсэн. Яваад очсон чинь Н- үүдэн дээр зогсож байсан. Нэг ундаа уугаад зогсож байсан. Танимхайраад гүйж очоод урд нь өртэй байсан болохоор гүйж очоод юу байна миний хөгшөөн, тайван даа өст хүн өлийн даваан дээр гэж Н- хэлсэн. Тэгэнгүүт нь юуны чинь өст хүн өлийн даваан дээр, чи бид хоёр хэзээ ийм болцон юм энээ тэр гэсэн. Д- очоод ийм асуудал гаргасан, ийм ийм хүн шүү энээ тэрээ гээд түлхүүрийг нь өгчхөөд яваад орсон. Нацагаатай би уулзаад наана цаана болсон чинь Н- хэлсэн. Чи чинь архи уух болохоороо хүнээс мөнгө зээлчхээд өгөх болохоороо бүтэн жил болчих юм. Чи өвөл авсан одоо эргээд өвөл болох гэж байна гэдэг асуудал ярьсан. Өгнө ш дээ гээд эхнэртэй хамт цагдаа руу орсон чинь манай эхнэр нойл орно гээд нойл орсон. Тэгээд бид хоёр үүдэнд зогсож байгаад Нацагаа үүднийхээ утасны өрөө лүү гүйгээд орсон. Утасны өрөө лүү гүйж ороод Д-тэй уулзаад хажууд нь бас хоёр албан хаагч байсан. Тэр хоёр албан хаагч ярьж хөөрөөд орсон. Би хаалгаар нь шагайхад гараараа цаашаа бай гээд гараараа заасан. Эхнэр нойлоос гарч ирээд би зөрж нойл руу ороод тэгээд хар сандал дээр нь сууж байсан. Сууж байтал мөнгө цаасаа нэхдэг асуудал яриад наана цаана болоод тэр дээр жоохон маргаан болсон. Би хэлсэн өст хүн өлийн даваан дээр гэж чи бид хоёр ямар хэзээ нэгэн цагт уулзана ш дээ, чи бид хоёр бас нэг дамжаанд нэг оны цэрэг цагдаагийн хүмүүс, курст хамт байсан, хоёрдугаарт би чам руу бас 3-4 уут ногоо явуулж байсан. Ногооныхоо мөнгө цаасыг бол чамаас нэхээгүй шүү, гүзээнд явуулсан хонины махны асуудал байгаа шүү. Гэхдээ бол 500 тариачны удмын хүүхэд тийм учраас би чамаас өр зээл нэхэхгүй, чи миний хөгшин би уг нь ажилтай байсан одоо ийм ийм асуудал болсон. Хөгшин чинь эрхээ хасуулсан гэсэн. Чи эрхээ яагаад хасуулсан юм вэ гэж асуусан. Хөгшин чинь архи ууж явж байгаад албаны машин мөргүүлээд эрхээ хасуулсан гэдэг асуудлаа ярьсан. Бараг л хохь чинь гээд инээгээд ундаагаа уугаад цаашаа эргээд дахиад явсан. Тэгээд тэнд нэлээн байж байгаад эхнэр түлхүүр өгөөдөх гээд машин руу орсон. Н- үүдний өрөөнд байж байгаад дахиад гарч ирсэн. Гарч ирэнгүүтээ чи мөнгөө өгчих юм бол би машин тэрэгтээ бензин хийдэг юм байгаа биз дээ, чи хэдэн сард авлаа одоо өгчихвөл зүгээр байна энэ тэр гээд бид нар ажлынхаа талаар яриад мөнгөний асуудал яриад би гүйгээд гарсан. Гүйж гараад эхнэрийг дуудаад наашаа оръё хоёулаа уулзъя ачуулах юм байна гээд бөөн юм болоод манай он жав байгаа юмаа нэг дамжаанд хамт сурч байсан нэг курс юм байгаа юмаа, Ховдод ажиллаж байхад би бас нэг наана цаана ногоо цагааны асуудал өгч байсан. Гайгүй ээ миний хөгшөөн гайгүй. Манай он жав байгаа юм чинь арай ч аччихгүй байлгүй гэсэн юм яриад тэгж байгаад Нацагаад би хэлдэг байхгүй юу, миний хөгшөөн би чамд юу яая мөнгийг чинь өгье, хөгшин чинь 60,000 төгрөг л байна, эхнэрийн утас надад байгаа, интернэт банкных нь нууц кодыг юу билээ гээд тухайн үед 198507 бил үү миний регистрийн дугаар байдаг байсан. Тэгээд дансыг нь аваад эхнэрийнхээ интернэт банкаар би 30,000 төгрөгийг нь өгөөд бэлэн 30,000 төгрөг гаргаад өгчихсөн. Болсон юм ерөөсөө л энэ. Өгсөн нь үнэн, энэ Н- авсан нь үнэн. Тэгэхдээ энэ бол эрхэм шүүгчээ авлига хээл хахууль гэдэг асуудал биш ээ. Энэ бол ерөөсөө л Н- надаас мөнгөө нэхсэн. Хэрэв зээ хээл хахууль янз бүрийн авилгын асуудал яригдсан бол нууж хааж байгаад янз бүрийн болоод л өгөх л байх. Тэгээд энэ 60,000 төгрөгөөс болоод эхнэр бид хоёр хэрэлдээд, гэрт очоод бас нэлээн юм болоод архичнаараа дуудуулаад тухайн үед манай эхнэр миний эрх хассаныг мэдээгүй байсан. Эрхээ хасуулсан одоо чи яаж амьдрах юм, хүүхдүүдийн мөнгө цаас энээ тэрээ ч гэдэг юм уу янз бүрийн юм яаж амьдрах юм гэдэг асуудал яриад тэр оройжингоо л юм болсон. Оройжингоо юм болоод дээш нь утсаар яриад он жавдаа 60,000 төгрөгийн өртэй байсан 60,000 цаасны өрийг өгчихсөн чинь одоо улаан цайм хэрүүл болоод цааш энэ асуудлыг ахлах дэслэгч рүү ярингуутаа та энэ асуудлыг шийдээд манай гэрт хүрээд ирээч Нацагааг өөрийг нь дагуулаад ирээч энээ тэрээ гэсэн асуудал яриад тэр тэгээд цаашаа яваад дээш нь доош нь утсаар яриад өндрийг нь авхуулна гэдэг юм болсон юм шиг байна. Н- бид хоёр бол өр ширний асуудал байсан. Би өгдөг юмаа өгсөн. Урд нь 2018 онд хүртэл Ховд аймгийн цагдаагийн газарт суманд ажиллаж байхад идэш уушны асуудал, би өөрөө ногоо тарьдаг байсан ногооны асуудал, хүний амьдрал болсон хойно янз бүрийн л юм өгч байсан. Янз бүрийн ч юм гуйж салгаж авч байсан. Журмын хашаанд орсон танил, янз бүрийн бичиг баримт, албаны шугамаар, хувийн шугамаар. Тийм юм болсон юмаа эрхэм шүүгчээ. Өгсөн, авсан нь үнэн. Гэхдээ энэ нь өр л юм байгаа юм. Хэрэв энэ асуудал шүүхийн түвшинд хүрээд ингээд явахаар байсан бол эхнэртэйгээ ярьж хөөрөөд чиний дансаар өгсөн юм чинь чи өгсөн болчих, хүмүүс нь асуух юм бол би мэдэхгүй, цагдаа хуулийн байгууллага биш торгуулийн арга хэмжээ л өгсөн ш дээ би, ингэж л торгодог юм болов уу, хууль дүрэмдээ ийм өөрчлөлт орсон юм болов уу, 60,000 төгрөгийн торгууль өгчихлөө гэсэн юм яриад ингээд аргалбал аргалахаар л байсан. Үнэнээрээ л явсан дээр. Ер нь үнэнээрээ л явсан дээр. Өгсөн үү өгсөн. Нямсүрэн мөнгөө өгсөн тэгээд одоо авсан уу авсан. Өртэй байсан уу өртэй байсан. Тэгээд нэг ийм л юм болчихлоо доо эрхэм шүүгчээ” гэв.

 

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 28е/4332 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /1 дэх хавтаст хэргийн 5-63 дахь тал/

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 28ё/1033 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /1 дэх хавтаст хэргийн 82-113 дахь тал/

 

*** газрын 2023 оны 9 дүгээр сарын ***-ны өдрийн 13/1150 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 137-172 дахь тал/

 

 Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 283-5/834 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /1 дэх хавтаст хэргийн 138-172 дахь тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 234, 242 дахь тал/

 

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13б/3051 дугаартай албан бичиг. /2 дахь хавтаст хэргийн 53 дахь тал/

 

 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28ё-3/555 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /2 дахь хавтаст хэргийн 55-62 дахь тал/

 

Нийслэлийн *** газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13/1286 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /2 дахь хавтаст хэргийн 64-68 дахь тал/

 

Н-оос “Албаны шалгалт явуулж авсан тэмдэглэл”-д “ ... Би зөрчил гаргасан иргэн Н-тэй уулзаж ярилцахад би -нд жолооч хийдэг, хэд хоногийн өмнө албаны машинаа согтуугаар жолоодож яваад онхолдож, жолоодох эрхээ хасуулсан.  Тийм болохоор чи надтай адилхан ахлах ахлагч цолтой алба хаагч байна, надад нэг удаа туслаач. Одоо хүүхдийн хичээл орох сургууль эхлэх гээд байна, би ч гэсэн адилхан цагдаад байсан. Цагдаагийн зовлон жаргалыг мэднэ ш дээ, би чамд 60,000 төгрөг өгье, байгаа нь энэ гээд гуйсан. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар 21 цаг 00 минутад 30,000 төгрөг шилжүүлсэн авсан, мөн бэлнээр 30,000 төгрөгийг авсан. Тухайн иргэнээс авсан мөнгө одоо надад байгаа” гэсэн тайлбар. / 1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/

 

Н-гээс “Албаны шалгалт явуулж авсан тэмдэглэл”-д “ ... Ингээд бэлнээр 30,000 төгрөг, эхнэр Энхтуяагийн *** дугаарын данснаас Н-ийн *** дугаарын дансанд 30,000 төгрөг хийсэн. Тэр хэлэхдээ бэлэн 30,000 төгрөгөөр чинь хоол идчих, машиныг чинь журамласны торгууль гэж бодоорой, харин дансаар авсан 30,000 төгрөгөө нөгөө өрөндөө авлаа, 100 мянган төгрөгөөс 30 мянган төгрөг хасагдсан гэж бодоорой машинаа аваад явж болно” гэсэн” тайлбар. /1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал/

 

Гэрч Т.Д-ийн “... Би 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 00 минутаас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Би 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн орой бол Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 хорооллын авто замын уулзвар дээр ажилласан. ХөД-гөөний эрчим багасгахаар Улз-16 чиглэлд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн.

2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол авто замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийж байхад Н- гэх иргэнийг эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлсэн. Шалгах төхөөрөмжөөр тухайн иргэний регистрийн дугаарыг хийж шалгахад жолоодох эрх нь хасагдсан байсан.

Би тухайн үед яг авто замын голд үүрэг гүйцэтгэж байсан. Нямсүрэн нь тээврийн хэрэгслийг журамлуулахгүй гэсэн. Дахиж торгуулмааргүй байна гэж хэлсэн. Тэр үед замын ачаалал их байсан. Мөн ачигч машин ойрхон байхгүй байсан. Ингээд Нямсүрэнг дагуулаад Цагдаагийн хэлтсийн байранд ирсэн. Энэ үед 20 цаг өнгөрч байсан санагдаж байна. Эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд материал буюу тэмдэглэл үйлдэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Шууд газар дээр нь арга хэмжээ авах боломжгүй байдаг юм. Материал бүрдүүлнэ гэхээр тэмдэглэл үйлдэж зөрчил гаргагчид танилцуулаад гарын үсэг зуруулдаг. Ингээд хэрэг бүртгэгч буюу офицер зохицуулагч Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэр бичиж арга хэмжээ тооцох ёстой.

Нямсүрэн нь өмнө нь цагдаагийн ажилтан байсан юм байна лээ. Манай ажилтан Н-ийг таньдаг юм байна лээ. Намайг хэлтсийн байранд очиход Н- байсан. Нямсүрэн нь манай цагдаа зохицуулагч Н-той ярилцаад байхаар нь Нямсүрэн эрхийн үнэмлэхгүй юм байна, материал бүрдүүлж тэмдэглэл үйлдээрэй гэж хэлчхээд дараагийн ажил үүргээ гүйцэтгэхээр явсан.

Н-, Нямсүрэн хоёр нь нэг нэгнийгээ таниад юм яриад байхаар нь эрхийн үнэмлэхгүй зөрчил шүү тэмдэглэл үйлдээрэй гэж Н-д хэлсэн. Н- өөрөө би тэмдэглэл үйлдье гэж бол хэлээгүй.

Зөрчлийн 2 хуудас хэвлэмэл хуудсыг зөрчил гаргагчаас асууж бөглөөд гарын зураад жижүүрт өгдөг. Уг хэвлэмэл хуудасны хамт зөрчил гаргагчийн бичиг баримт тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өгдөг.

... Нямсүрэнгийн гаргасан зөрчилд тэмдэглэл үйлдээрэй гэж хэлэхэд Н- надад татгалзсан хариу өгөөгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Н- нь Нийслэлийн *** газрын Сонгинохайрхан дүүргийн  Галт түймэр унтраах, аврах *** дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байсан ба 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлийг эрх бүхий байгууллагаас 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр оногдуулж байжээ.

Ингээд шүүгдэгч Н- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Corolla маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд түүнийг  цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч гэрч Т.Д- нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа зогсоон шалгажээ.

Улмаар шүүгдэгч Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явсан зөрчлийг шалгаж тогтоон, зөрчлийг шийдвэрлүүлэх зорилгоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст хүргэсэн ба тухайн үед шүүгдэгч Н- нь хамт суралцаж байсан уг хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч шүүгдэгч Н-той тааралджээ.

Энэ үед цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч гэрч Т.Д- нь шүүгдэгч Н-гийн Замын хөД-гөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдлийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч шүүгдэгч Н-д шилжүүлжээ.

Ийнхүү шүүгдэгч Н- нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээхгүйн тулд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч шүүгдэгч Н-той харилцан тохиролцож, өөрийн эхнэр Э-гийн Хаан банк дахь *** тоот данснаас түүний эзэмшлийн *** тоот данс руу 30,000 төгрөг, бэлнээр 30,000 төгрөг нийт 60,000 төгрөгийг өгчээ.

Үүний дараа шүүгдэгч Н- нь цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч шүүгдэгч Н-д хууль бусаар 60,000 төгрөгийг өгсөн талаараа Нийслэлийн Цагдаагийн Удирдах газарт 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гомдол, мэдээлэл гаргажээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н-, Н- нар нь “... шүүгдэгч Н- нь 100,000 төгрөгийг шүүгдэгч Н-оос зээлсэн байсан, түүнээс 60,000 төгрөгийг буцаан өгсөн” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн бөгөөд дээрх үйл баримтыг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт болж чадахгүй тул өмгөөлөгч нараас гаргасан гэм буруугийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтойгоос гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байхыг шаарддаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь мөн л эдгээр шинжийг хангасан байдаг.

Шүүгдэгч Н-, Н- нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн, шүүгдэгч Н-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Н- гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн  Гал түймэр унтраах, аврах *** дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч”аар ажиллаж байсан болох нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг *** газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13/1286 албан бичгээр тогтоогдсон ба түүнийг нийтийн албанд ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд энэхүү гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль өгсөн, авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч Н-, Н- нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Н- түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуунаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Н-, Н- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар, *** гал унтраах автомашины жолоочоор ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ... нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг ... хасаж” гэж заасан бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсний дагуу шүүгдэгч Н-д “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах” ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н-, Н- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Иймд шүүгдэгч Н-, Н- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Н-оос 60,000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шууд ... хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэргийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйлдсэн” гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, *** гал унтраах автомашины жолоочоор ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Н-, Н- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Н-, Н- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н-, Н- нарт оногдуулсан нийтийн албан тушаалд ажиллах эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хассан, Н-д оногдуулсан *** гал унтраах автомашины жолоочоор ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялуудыг  хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н-оос 60,000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н-, Н- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н-, Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.