Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1004

 

105/2020/0935/Э

 

 

 

 

        2020         08            13                                        2020/ДШМ/1004    

 

Д.Ц-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Мөнхтуяа,

хохирогч Б.Бямба,

шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1068 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Бямба, шүүгдэгч Д.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ц-ад холбогдох эрүүгийн 1806064291001 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц-,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Д.Ц- нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн П.Даваадуламын “Наран” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэхээр тохирч, П.Даваадуламаас хүлээн авсан Пос машины орлого, зарлагын картнаас 1.888.610 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан;

2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулж байх үедээ иргэн Б.Бямбаас итгэмжлэн хариуцуулсан “Жи мобайл”, “Юнител”, “Мобиком”-ын нийт 631.800 төгрөгийн нэгж, иргэн Ц.Болормаагаас итгэмжлэн хариуцуулсан 943.050 төгрөгийн үнэ бүхий тамхийг тус тус завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ц-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг, “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц-аас 3.463.460 /гурван сая дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран/ төгрөг гаргуулан хохирогч П.Даваадуламд 1.888.610 /нэг сая найман зуун наян найман мянга зургаан зуун арван/ төгрөгийг, хохирогч Б.Бямбад 631.800 /зургаан зуун гучин нэгэн мянга найман зуун/ төгрөгийг, хохирогч Ц.Болормаад 943.050 /есөн зуун дөчин гурван мянга тавин/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Д.Ц-ад авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь миний эрх зүйн байдал болон хувийн байдлыг дордуулж хорих ангийн дугаарыг буруу бичсэн. Мөн манай ар гэрийн байдал хүнд. Гэр бүлийн хүн Н.Оюун-Эрдэнэ нь нуруу нугасны хүнд гэмтэлтэй, хугаралтай, хэвтрийн дэглэмтэй, насанд хүрээгүй хоёр охинтой. Бага охин О.Энхзул нь нялхын савны хавдар оноштой, зовиур шаналал ихтэй учраас байнга эмчилгээ хийлгэдэг. Том охин О.Ариунзул нь 17 настай, одоо 4 сартай жирэмсэн бөгөөд эмчийн хяналтдаа орж чадахгүй байна. Ар гэрийн маань хүмүүсийн сэтгэл санаа маш тогтворгүй байдалтай байна. Намайг мэргэжилгүй, ажилгүй, урьд ял шийтгэл эдэлсэн гэж мөн 445 дугаар хорих ангид ял эдлүүлэхээр тогтоол гаргасан нь сэтгэл санааны хувьд хүнд цохилт болж байна.

Би урьд ял шийтгэл эдлэж байгаагүй бөгөөд 2007 онд 1 жилийн тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Энэ хэрэгт хамааралгүй 13 жилийн өмнөх тэнсэнгийн ялыг одоо сөхөж хувь хүний байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Би дахин ийм алдаа гаргахгүй. Өөрийн гэм бурууг хүлээж, маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Бямба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Д.Ц-ад энэ хэрэг явдлаас өмнө буюу 2015 онд гар утасны нэгж борлуулахаар тохирч 595.600 төгрөгийн нэгж өгсөн боловч хувьдаа завшиж сураггүй алга болсон. Энэ талаар цагдаад гомдол гаргаж Д.Ц-ад холбогдох эрүүгийн 201525001354 дугаартай хэрэг үүсгэж шалгаж, тодорхой хугацааны дараа олж тогтоон миний дээрх хохирлыг дутуу барагдуулсан бөгөөд хохирлыг гүйцээж барагдуулалгүй тус хэргийн мөрдөгч хэргийг хаахаар Чингэлтэй дүүргийн прокурорт өгснийг хянаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1026 тоот мэдэгдэх хуудсаар хэргийг дахин шалгуулахаар цагдаагийн 2 дугаар хэлтэст буцаасан. Уг хэргийн талаар цагдаагийн хэлтэст удаа дараа очиход “хариуцсан мөрдөгч нь алга байна” гээд сүүлдээ хэрэг яасан нь тодорхойгүй болсон. Иймд Д.Ц-ад 2015 онд залилуулсан хохирлын үлдэгдэл болох 130.000 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Мөн энэ хэргийн шүүх хуралдаан болж шийдвэр гараад 20 хоног болж байхад хохирол барагдуулах талаар Д.Ц-ын ар гэр, өмгөөлөгч нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийн талаар маргасан боловч үүнийг авч хэлэлцээгүй. Учир нь, П.Даваадуламын дэлгүүрийг түрээслэхээр тохирч пос машинаас нь мөнгө авсныг хулгайн гэмт хэрэг гэж зүйлчилснийг буруу гэж үзэж байна. Зээл хөөцөлдөөд пос машинд мөнгө орсон байх гэж бодоод пос машинаас мөнгө авсан. Энэ үйлдлийг буруу зүйлчилсэн гэж гэм буруугийн талаар маргасан. Хохирогч Б.Бямбаас 2015 онд нэгж аваад мөнгийг нь буцаан өгөөгүй хэрэг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад эзэн холбогдогч нь олдоогүй үндэслэлээр хаасан бөгөөд дүүргийн прокуророос 2016 оны  12 дугаар сарын 19-ний өдөр сэргээсэн байсныг хамтад нь шалгалгүй орхисон. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд мэдэгдсэн боловч эрүүгийн хэргийн дугаар, нэр нь мэдэгдэхгүй байна гэх үндэслэлээр авч хэлэлцээгүй. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа учир хамтад нь шалгуулмаар байна. ...” гэв.

 

Прокурор П.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч П.Даваадулам нь Д.Ц-ад дэлгүүрээ түрээслүүлэхдээ пос машин болон дэлгүүрийн барааг өгсөн. Д.Ц- нь пос машинд байгаа мөнгийг авсан нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл гэж үзэж байна. Д.Ц-ад нийт 3 хэрэг нэгтгэгдэн шалгагдаж байсан бөгөөд өөр дүүрэгт, өөр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгагдаж байгаа талаарх лавлагаа, мэдээлэл гараагүй. Хохирогч Бямбын хэлж байгаа асуудал шийдвэрлэгдээгүй болох нь харагдаж байна. Энэ асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх боломжтой. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Ц- нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн П.Даваадуламын “Наран” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэхээр тохирч, П.Даваадуламаас хүлээн авсан пос машины орлого, зарлагын картнаас 1.888.610 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан;

2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулж байх үедээ иргэн Б.Бямбаас итгэмжлэн хариуцуулж, заруулахаар өгсөн “Жи мобайл”, “Юнител”, “Мобиком”-ын нийт 631.800 төгрөгийн нэгжний үнийг буцааж өгөлгүйгээр, мөн иргэн Ц.Болормаагаас итгэмжлэн хариуцуулж, заруулахаар өгсөн 943.050 төгрөгийн тамхины үнийг буцааж өгөлгүйгээр тус тус завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Болормаагийн “...Цэрэнжаргалд өмнө нь хэд хэдэн удаа тамхи заруулахаар өгч, цаг тухай бүрт нь тооцоо нийлж мөнгө төгрөгөө авч байсан болохоор итгэж найдаад нийт 943.050 төгрөгийн тамхи заруулахаар өгсөн. ... Дараа нь тооцоо хийхээр очиход Цэрэнжаргал нь уг ТҮЦ-ээ түрээслэхээ больчихсон байсан.  …” /хх 11/,

 

хохирогч П.Даваадуламын “...Д. Ц- гэх 32 настай, эмэгтэй нөхрийн хамт манай дэлгүүрийг 2.600.000 төгрөгийн барааны хамтаар сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон түрээслэх болсон. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би дэлгүүрийн пос машинд 10.000.000 төгрөг уншуулан 5 дугаар сарын 29-ний өдөр орлого орохоор нь авна гэж бодоод орхисон байсан боловч 5 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед манай пос машины картнаас нийт 1.888.610 төгрөгийн зарлага 5 удаагийн гүйлгээгээр гарсан болохыг банкин дээр очиж дансаа шалгахдаа мэдсэн. ...” /1хх 131/,

 

хохирогч Б.Бямбын “...2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр нэг зүс таних эмэгтэй надтай уулзаад “та нэгж зараад яваад байдаг хүн мөн үү? би энд нэг ТҮЦ түрээслэн ажиллуулж байгаа юмаа надад нэгж өгч заруулж болно шүү дээ” гэхээр нь би тэр эмэгтэйтэй танилцаад долоо хоногт нэг удаа тооцоогоо хийж байхаар тохироод нийт 631.800 төгрөгийн нэгж шилжүүлсэн. ...” /2хх 22-23 64-65/,

 

гэрч Ш.Алтанхуягийн “...манай эхнэр Ц.Болормаа тамхи бөөний үнээр аваад хүмүүст зардаг. ...Тэгээд явж байгаад Цэрэнжаргал гэх хүнтэй танилцаад бараагаа өгсөн. ...ТҮЦ-ийг нь өөр хүн ажиллуулж байсан. Гайхаад ажиллаж байсан хүнээс эзнийх нь /96601097/ дугаарыг авч асуухад Цэрэнжаргал манай ТҮЦ-ийн цонхыг хагалаад явсан байсан гэж хэлсэн. ...” /1хх 12-13/,

 

гэрч М.Энхтуяагийн “...Би Д.Ц- болон Оюун-Эрдэнэ гэх хүмүүсийг танина. Би 2-3 жилийн өмнө ТҮЦ түрээслүүлнэ гэсэн зар тавьж, зарын дагуу Д.Ц- ярьж түрээслэхээр болсон. ...Тэгээд байж байтал нэг өвөө над руу залгаад “танай ТҮЦ-ний цонх хагархай байна, яаралтай хүрээд ир” гэхээр нь би явж очсон. Тэр өвөө Д.Ц- гэх хүүхэнд нэгж зарсан, тэр нэгжний мөнгөө авахаар ирсэн боловч цонх нь хагархай байсан тул над руу залгасан гэсэн. Д.Ц- тэр өвөөгөөс нэгж худалдаж авахдаа бид нарын байгуулсан түрээсийн гэрээг харуулж байгаад нэгж авсан байсан. ...” /2хх 67-68/,

 

Д.Ц-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би ТҮЦ түрээслээд 2018 оны 6 дугаар сард ажиллагаа явуулж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа хүмүүсээс тамхи болон нэгж зээлээр авч болдог гэж сонсож байсан тул Бямба гэх хүнээс 500.000 төгрөгийн нэгж зээлээр аваад мөнгийг нь эргүүлж өгөөгүй. Мөн тамхи зээлээр олгодог хүнээс 900.000 төгрөгийн тамхи зээлээр авсан боловч мөнгийг нь эргүүлж өгөөгүй. ...Би пос машины картнаас дэлгүүрийн орлогоо авахаар болсон. Уншуулахад мөнгө орчихсон байхаар нь 1.888.000 төгрөгийг аваад үрээд дуусгасан. ...” /2хх 1-2, 86-87/ гэх мэдүүлгүүд, “

 

Капитал” банкны депозит дансны хуулга /1хх 124/, зарлагын баримт /1хх 23-24/,таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 55-62, 2хх 71-83/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хорих ял болгон өөрчлөн, “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх. ...” талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Бямба нь “...Д.Ц-ад 2015 онд заруулахаар өгсөн нэгжний үлдэгдэл мөнгө болох 130.000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасан бөгөөд хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан 2015 онд заруулахаар өгсөн нэгжний үлдэгдэл мөнгө болох 130.000 төгрөгтэй холбоотой асуудлын талаар шалгасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх энэ талаар хэлэлцэж шийдвэр гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Д.Ц-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ц-ын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Б.Бямбын гаргасан “...Д.Ц-ад 2015 онд заруулахаар өгсөн нэгжний үлдэгдэл мөнгө болох 130.000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1068 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Д.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай. ...” гэснийг “...шүүгдэгч Д.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хорих ял тус тус оногдуулсугай. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-ад оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-ад оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Бямбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасан болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН