Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 100

 

“Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00811/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 838 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.М-д холбогдох

          “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж авах тухай” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Т Э” ХХК-ний захирал Э.А-аас:

2015 оны 02 дугаар сард Т.М- над дээр ирээд банкнаас хөдөө аж ахуйн зориулалттай зээл авах гэсэн юм, одоо ажиллаж байгаа цайны газраа миний нэр дээр түр шилжүүлээд өгөөч, би зээл аваад буцаагаад жилийн дотор нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би итгээд өөрийн “Т Э” ХХК-ийн нэр дээр байдаг 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай цайны газар болон 414 м.кв талбайтай эзэмшлийн газраа бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Т.М-гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Одоог хүртэл манай компанийг төлөөлөн манай аав Д.Э- Сэлэнгэ аймгийн зарим иргэдэд гутал засвар, оёдол, бариа засал зэрэг үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр түрээслүүлж ажиллаж байна. Уг үйлчилгээний зориулалттай барилгын үйлчилгээний хураамжуудыг тогтмол төлж байгаагийн зэрэгцээ компани газрын төлбөрөө жил бүр тогтмол төлдөг. Харин Т.М- хөрөнгийг жилийн дотор буцаан өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй, бусдад барьцаалан зээл авсан байна. Иймд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ болон  газар  эзэмших  эрх  шилжүүлэх  гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд  хөрөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М-гаас:

Би нэхэмжлэгч Э.А-тай хамтарч машины сэлбэг оруулж ирж дэлгүүр нээх, мөн жижиг дунд бизнес эрхлэхээр харилцан тохиролцож үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон. Үйл ажиллагаа эхлэхэд тодорхой хэмжээний эргэлтийн мөнгө хэрэг болсон тул зээл авах болсон. Ингээд зээл авах болсон учир Э.А- эзэмшлийн газраа бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлж өгсний үндсэн дээр түүнийг Т.Б- гэх хүнд барьцаанд тавьж, 25.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээл авсан. Үйл ажиллагаагаа эхлүүлээд ашиг олохоосоо илүүтэйгээр алдагдалд орж, дампуурахад хүрч, үйл ажиллагаа бүрэн зогссон. Ингэснээр би 50.000.000 төгрөгийг Т.Б-д төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Харин “Т Э” ХХК-ийн захирал Э.А- ямар ч хариуцлага хүлээхгүй, намайг өр төлбөрт оруулж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжилж байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцааж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Э” ХХК-ний Т.М-д холбогдуулан гаргасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж авах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2819 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

“Т Э” ХХК-ний захирал Э.А- хариуцагч Т.М-гийн гуйлтаар ажилд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүднээс өөрийн үйлчилгээний зориулалттай барилга болон эзэмшлийн газраа бэлэглэлийн гэрээгээр Т.М-гийн нэр дээр шилжүүлсэн. Хариуцагч Т.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ нэхэмжлэгч Э.А-тай хамтран ажиллахаар тохиролцсон, өр төлбөрт оруулсан гэж бичсэн нь ор үндэсгүй, нотлогдоогүй бөгөөд Т.Б- гэх хүнд барьцаалан зээл авах гэж байгаагаа мэдэгдээгүйгээс нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө алдахад хүрч, хохирч байгааг шүүх анзаарсангүй. Нэхэмжлэгчийн зүгээс өмчийн халдашгүй байдлаа хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан боловч шүүх хэргийг үндэслэлгүй гэж үзсэн. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь иргэний хуульд зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлээр хариуцагч Т.М- үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авсан. Иймд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэж байх тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

            Нэхэмжлэгч “Т Э” ХХК хариуцагч Т.М-д холбогдуулж тэдгээрийн хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус гэрээ тул эдгээр гэрээнүүдээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Т.М- бид хамтран бизнес эрхлэхээр болж, уг үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлж, зээл авсан бөгөөд одоо зээлийг хамтран төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч “Т Э” ХХК-ийн нэхэмжлэл, хариуцагч Т.М-гийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээнүүдийн зорилго нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх болон эзэмших эрхийг хариуцагч Т.М-гийн нэр дээр болгож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах буюу барьцаалах зорилготой  байсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.  

 Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний агуулга нь бэлэглэгч буюу өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлийг сайн дураараа бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлдэгт оршино.

 Харин тухайн бэлэглэл гэж нэрийдсэн хэлцлээр талууд бусдаас зээл авахад нь барьцаалах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөх  болон эзэмших эрхийг шилжүүлсэн дүр эсгэж хэлцэл хийсэн байна.

Бэлэг хүлээн авагч Т.М- бэлгийг хүлээн авмагц бусдаас тодорхой хэмжээний мөнгө зээлж, бэлэглэлээр хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд барьцаалсан болох нь хэргийн 16-18 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд талуудын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээний зорилго  болон талуудын хүсэл зориг нь бэлэг өгөх бэлэг хүлээн авахад чиглэгдээгүй, эрх шилжүүлэх гэрээнүүдийн зорилго нь бусдаас зээл авахад хөрөнгө барьцаалахад зориулагдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд хамаарна гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зөв гэж дүгнэлээ.

Талуудын хооронд хийгдсэн хэлцлүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болсноор маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрт нөлөөлөхгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 838 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Э” ХХК-ний Т.М-д холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж авах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар нэхэмжлэгч “Т Э” ХХК, хариуцагч Т.М- нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-үүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М-гаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т Э” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНЦЭЦЭГ                   

                                                                                                                  Л.АМАРСАНАА