Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Энхчимэг,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***-ы О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305028161732 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүрэг *** хороо Зүүн наран *** гудамж *** тоотод оршин суух, *** овогт ***-ы О.

 

Шүүгдэгч Б.О- нь 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 7 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Flamingo шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан О-ийн сандал дээр үлдээсэн байсан цүнхнээс I phone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,125,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 37-43 дахь тал/

 

Дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 44-47 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 48 дахь тал/

 

Хохирогч О-ийн “... Би 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө өөрийн найз болох Бямбажавын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Flamingo шөнийн цэнгээний газар луу шөнийн 00 цагийн үед орсон. Шөнийн цэнгээний газарт 0,5 литрийн шилтэй Сэнгүр нэртэй шар айраг хоёрыг уусан. Тэгээд би шөнийн цэнгээний газарт орохдоо гар утсаа хийгээд орсон ба шөнийн цэнгээний газарт байхдаа гар утсаа цүнхэндээ үзэхэд байсан. Тухайн үед 02 цаг болж байсан.

Би тухайн үед шөнийн цэнгээний газарт байхдаа гар утсаараа нэг удаа facebook ороод буцаагаад цүнхэндээ хийсэн ба цүнхнийхээ цахилгааныг тал татаад орхичихсон байсан.

Тэгээд шөнийн цэнгээний газарт бүжиглэж байгаад гэртээ харихаар болоод шөнийн цэнгээний газраас гарах гэтэл миний гар утас байхгүй болсон байсан.

Тухайн үед 04 цаг болж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд маргааш өглөө нь Flamingo шөнийн цэнгээний газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 20-22 насны хар цамцтай, өтгөн буржгар үстэй, хар өмдтэй, 170-173 см орчим өндөртэй үл таних залуу миний цүнхийг ухаад гар утас аваад өмднийхөө зүүн талынхаа арын халаасанд хийгээд гарч байгаа нь харагдсан. Тухайн үед 03 цаг орчим болж байсан. Хяналтын камерын цагт тэгж бичигдсэн байсан.

Би алдсан гар утсаа 2022 оны 10 дугаар сард 1,200,000 төгрөгөөр авч байсан. Миний алдсан гар утсыг үнэлгээний газар 1,125,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би үнэлгээтэй санал нийлж байгаа учир тухайн мөнгөөр хохирсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дахь тал/

 

Гэрч О.М-ийн “...Тэгээд Flamingo шөнийн цэнгээний газарт ортол хүнтэй байсан болохоор жоохон бүжиглээд ганц, хоёр шар айраг ууя гэж ярилцаад Flamingo шөнийн цэнгээний газраас хүн хүний нэг, нэг шил шар айраг аваад бүжиглээд байж байсан. Тэгтэл Отгонтөгс ирээд манай ах шөнийн цэнгээний газарт ороод ирлээ, эндээс гараад харьцгаая гэж хэлсэн.

... Отгонтөгс хар малгатай цамц, хар өмд болон саарал өнгийн пүүзтэй явж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дахь тал/

 

Гэрч О.Т-ийн “... Тэгээд маргааш өглөө нь facebook чатаар чат бичээд би өчигдөр Flamingo шөнийн цэнгээний газраас гар утас хулгайлчихсан, гар утас зардаг газар хаагуур байдаг юм бэ гэж асуугаад байсан. Би тэгэхээр нь яах гэж хүний гар утас авсан юм гэж хэлсэн. Орой нь над руу залгаад би гар утсыг нь 50,000 төгрөгөөр сэлбэгэнд өгчихлөө гэж хэлсэн.

... манай ах ирчихлээ шөнийн цэнгээний газраа гаръя, харья гэж хэлээд шөнийн цэнгээний газраас гарцгаасан. Би гар утас авсан талаар нь мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дэх тал/

 

Дамно ХХК-ны 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн БГ2-23-1225 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хэргийн 23-26 дахь тал/

 

Б.О-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбай орж М-, Т- хоёртой гар бөмбөг тоглосон. Бид нар тоглож байгаад CU дэлгүүр орох гэж байгаад больсон. Т- өнөө орой гарч шөнийн цэнгээний газар орж шоудах уу гэсэн.

... Тэгээд тэр шөнийн цэнгээний газарт ороод дахиад 2 шил шар айраг уугаад бүжиглэсэн. Би бүжиглэж байгаад ширээн дээрээ суусан чинь миний доор нэг цүнх уначихсан байсан. Тэр цүнхийг би газраас авч сандал дээр тавьсан. Тэгсэн цүнхний хажууд газарт I phone 11 маркийн гар утас хэвтэж байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд би хэсэг бүжиглэж байгаад бид гурав шөнийн цэнгээний газраас гараад такси бариад гэр гэрлүүгээ явсан. Маргааш нь өглөө нь гараад тэр гар утсыг Тэди төв дээр очиж 50,000 төгрөгөөр зарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 77 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.О-, өөрийн найз О.М-, О.Т- нарын хамтаар 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг 7 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Flamingo шөнийн цэнгээний газарт үйлчлүүлжээ.

Ийнхүү үйлчлүүлэх явцдаа тус шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан О-ийн цүнхнээс I phone 11 маркийн хулгайлан авч 1,125,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.О- нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О-ийн эзэмшлийн I phone 11 маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 50 дахь тал/ тогтоогдсон тул шүүгдэгч Б.О-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ы Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-өд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ