Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч А.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***-ын Цид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305008381042 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 24-ний өдөр УлаанБ- хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Энхмон төмрийн үйлдвэрт ажилладаг, ам бүл 1, *** аймаг *** сум *** баг *** оршин суух бүртгэлтэй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *** овогт ***-ын Ц.

 

Шүүгдэгч А.Ц- нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гарьд нэртэй биллиардын газарт байхдаа тухайн газраар үйлчлүүлж байсан хохирогч ***-ын өмчлөлийн биллиардын ширээн дээр түр тавьсан байсан Samsung A80 загварын 400,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч ***-ын “... Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарьд нэртэй биллиардын газар тэмцээн болоод би тэр тэмцээнд оролцсон. Тэгээд тэмцээн тэр өдрийнхөө 21 цагт дууссан. Тэгээд тэмцээнд түрүүлсэн хүмүүс тэр дотроо архи уусан.

Тэгээд би тэндээсээ гарах гэж байгаад үүдэнд хүнтэй маргалдаад гартаа барьж байсан гар утсаа би ширээн дээр тавиад нөгөө залуутайгаа маргалдаж байж байгаад бид хоёр учраа олоод гарах гээд ширээн дээр тавьсан гар утсаа авах гэсэн чинь миний гар утас байгаагүй. Тэгээд тэр хавиар хайгаад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан.

Би гар утсаа 2021 оны 9 дүгээр сард хорооллын Тэди төвөөс 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч М.Д-ын “... 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд би өөрийн ажил болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ноён төгрөг нэртэй ломбардад сууж байхад гаднаас 30 орчим насны зүс таних залуу орж ирээд гар утсаа барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн ба улмаар би тухайн залуугийн барьцаанд өгөх гэж байгаа гар утсыг үзэж шалгахад шаргал өнгийн Samsung A80 загварын гар утас байсан бөгөөд ажиллагаа нь хэвийн байсан. Тэгээд ч тухайн залуу өмнө нь манай барьцаалан зээлдүүлэх газар удаа дараа мөнгөн гинжээ барьцаанд тавьж байсан болохоор нь би юм бодолгүй 150,000 төгрөгт барьцаанд авсан.

Тухайн залуу өөрийнхөө бичиг баримттай явж байсан бөгөөд ВВ91122610 Доржбат овогтой Т- гэх залуу өөрөө байсан. Би өмнө нь тухайн залуугийн эд зүйлсийг бас барьцаанд авч байсан учраас зүс танина. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/

 

Ноён төгрөг ХХК-ны барьцаат зээлийн гэрээ. /хэргийн 20 дахь тал/

 

Гэрч Д.Т-ын “... Би тухайн үед дөрвөн найзын хамт биллиард тоглож байхад Цээгий гэх залуу надад нэг гар утас байна, мөнгөний хэрэг болчхоод ломбардад тавих хэрэг байна гэхээр нь бид хэд чи өөрөө тавиач гэхэд надад бичиг баримт алга байна, ах та бичиг баримтаараа тавиад өг гээд гуйгаад байхаар нь би уг гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьсан.

Цээгий надад хэлэхдээ миний гар утас гэж надад хэлсэн. Би тухайн гар утсыг 150,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/

 

Кости эстимэйт ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 32-34 дэх тал/

 

А.Ц-ийн яллагдагчаар өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зүс таних Б- ах Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Гарьд биллиардын газар үл таних хүнтэй муудалцаж улмаар ширээн дээр гар утсаа гаргаж тавихаар нь би Б- ахын гар утсыг үл таних хүнтэй муудалцаж байх хооронд нь нууцаар аваад халаасандаа хийсэн. Тэгээд Б- ах бид нар биллиардаас гараад явсан.

... Би Б-т хэлээгүй гар утсыг нь нууцаар авсан. Аваад 2 хоногийн дараа Гандангийн ломбардад 150,000 төгрөгөөр зүс таних Т-д миний гар утас байгаа юм, миний бичиг баримт байхгүй учраас та бичиг баримтаараа ломбардад тавиад өг гэж хэлээд тавиулаад надад 150,000 төгрөгийг өгсөн. Тэгээд би 150,000 төгрөгөөр покер тоглоод дуусгасан.

... Би гар утсыг Б-т мөрдөгч хүлээлгэн өгсөн байсан. Ломбардад өгөх ёстой 150,000 төгрөгийг удахгүй төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч А.Ц- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гарьд нэртэй биллиардын газарт зүс таних хохирогч ***-ын үлдээсэн байсан түүний эзэмшлийн Samsung A80 загварын 400,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Ц- бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***-ын эзэмшлийн Samsung A80 загварын гар утсыг биет байдлаар иргэний нэхэмжлэгч М.Д-аас хураан авч хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 18 дахь тал/ тогтоогдсон ба иргэний нэхэмжлэгч М.Д-д учирсан хохирол 150,000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ц-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар А.Ц-ийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ц-ийг 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Ц-ид оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 11 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар А.Ц-ид оногдуулсан 11 сар 3 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар А.Ц-ийн цагдан хоригдсон 23 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Ц- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ц-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ