Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 94

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

насанд хүрээгүй хохирогч: С.Алтангэрэл, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Сарантуяа,

шүүгдэгч: Н.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвхийнхөн овогт Нинагийн Батсүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1979 оны 3 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд нийгмийн ажилтанаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 13 настай хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн 1 дүгээр гудамж 60 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВП79031936, Хөвхийнхөн овогт Нинагийн Батсүх.

 

Шүүгдэгч Н.Батсүх нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн 9а ангид сурагч насанд хүрээгүй хохирогч буюу 15 настай С.Алтангэрэлийг тус сургуулийн 108 тоот хичээлийн танхимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, “хэл ам таталлаа, доогтой инээлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, албан тушаалын давуу байдлаа далимдуулан хацар луу алгадаж, цээж болон төмсөг рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Батсүх мэдүүлэхдээ:

Тухайн үед би С.Алтангэрэлд “яагаад хүүхэд зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд миний өөдөөс инээгээд тохуураад, пээдийгээд байхаар нь нэг удаа түүнийг өшиглөсөн. Хохирогчийг өшиглөсөн нь миний буруу тул би уучлалт гуйж байна. Хойшид түүнийг эмнэлэгт үзүүлэн, шинжилгээ хийлгэж, эмчилгээтэй холбоотой зардал гарвал туслана. Би С.Алтангэрэлийн эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг төлсөн. Энэ хэргээс болж би ажлаасаа халагдаж, одоо ажилгүй байгаа тул тодорхой орлогогүй байгаа. Манайх түрээсийн байранд амьдардаг тул намайг хоригдвол тэд минь хэцүү байдалд орно. Иймд надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Г.Сарантуяа мэдүүлэхдээ:

   Одоо С.Алтангэрэлийн биеийн байдал хэвийн байна. Гэхдээ хааяа зааланд тоглох үед бэлэг эрхтэн нь хавдаж байна. Манай хүү ангиасаа сагс сайн тоглодог болохоор тэмцээнд орох болох юм. Эмчийн хэлсний дагуу гэмтэл авсаны дараах  3 сарын хугацаанд дэглэм, гам барьсан. Одоо эмч сагс тоглохыг зөвшөөрсөн. Н.Батсүх манай хүүг “эмнэлэгт үзүүлж өгнө” гэсэн боловч одоо хүртэл үзүүлээгүй. Иймд Н.Батсүхийг манай хүүг дагуулж яваад эмнэлэгт үзүүлэхийг гэж хүсэж байна. Тэр миний хүү С.Алтангэрэлд 10 000 000 төгрөг төлсөн гэж хүүгийн хуучин сургууль дээр нь ярьсан байсан. Ингэж худал зүйл ярьж, бидний нэрийг битгий гутаагаач гэж хүсэж байна. Бид хүүгийнхээ эмчилгээний төлбөрт 3 000 000 төгрөг авсан. Одоо Н.Батсүхэд холбогдуулан гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч-С.Алтангэрэл мэдүүлэхдээ:

Би Н.Батсүх багшид өшиглүүлснээсээ болоод 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Эх нялхсын эмнэлэгт хэвтээд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бүтэн наркозтой хагалгаанд орж тасарсан судаснуудыг нь залгуулах, ургасан уйланхайг авахуулах 2 төрлийн хагалгаанд орсон. Эмнэлэгт 7 хоног хэвтээд 10-ны өдөр гарсан. Эмч хэлэхдээ намайг одоо морь, дугуй унаж болохгүй, хүнд юм өргөжгүй,  нөхөн үржихүйн асуудалд орж болохгүй гэрээ эмчилгээ хийн, харж байгаад 2016 оны 8 дугаар сард дахиж ирээрэй гэсэн. Одоо гэрээрээ хэвтрийн дэглэм бариад байж байгаа. Одоо зүүн талын төмсөгний хавдар буухгүй хөндүүртэй байгаа. Н.Батсүх багшаас эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг авсан. Миний хувьд гомдол, санал байхгүй, миний биеийн байдал дээрдсэн, сайн байгаа гэжээ.  (хэргийн 14,15, 152 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Сүхбаатар мэдүүлэхдээ:

...2016 оны 5 дугаар сарын 06-ны орой 23 цаг өнгөрөөгөөд би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал манай том хүү С.Алтангэрэл надад “ааваа миний төмсөгнөөс цагаан юм гараад, өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ” гэж асуусан чинь нуугаад хэлж өгдөггүй. Би аргадаж үзээд, загнаж үзээд янз янз болж байж “манай сургуулийн нийгмийн ажилтан Н.Батсүх өшиглөчихсөн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрийн маргаашнаас хүүгээ аваад эмнэлгээр яваад үзүүлтэл “Эх нялхсын эмнэлэгт яаралтай хэвт, хагалгаа хийлгэх шаардлагатай байна” гээд ноцтой юм яриад эхэлсэн юм. Тэгэхээр нь би Н.Батсүхтэй уулзсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан. Миний хүүгийн зүүн төмсөг тэр хүнд өшиглүүлснээс болоод судаснууд нь бүдүүрээд, уйланхай ургачихсан байсан. 7 хоног Эх нялхсын эмнэлэгт хэвтэж, 2 удаа хагалгаанд орсон. Судас залгуулах болон уйланхай авах хагалгаа хийлгэсэн. Одоогоор зүүн талын төмсөг нь хавантай, зовиур нь үе үе өвдөөд зовиурлаад байгаа. Эмч нар хэлэхдээ “өсвөр насны хүүхэд учраас бэлгийн бойжил явагдаж дуусаагүй байгаа. Одоохондоо эм тариа шаардлагагүй. Маш сайн гам бариад, гэрээр эмчилгээ хийгээд, 3 сарын дараа дахин ирж үзүүлэх шаардлагатай. Тэр үедээ хагалгаанд оруулах үгүйгээ шийднэ. Цаашид үргүй болох 70-80 хувийн магадлалтай байна” гэж хэлсэн. Би үргүй болчих вий гэхээс айж байна. Мөнгөтэй бол өөрсдөө хувийн эмнэлгээр яваад дахин нарийн шинжилгээ хийлгэж үзүүлж харуулмаар байна. Хагалгаа нь бол улсын эмнэлэг болохоор үнэгүй хийсэн. Хагалгаа хийсэн эмч нарт би хувийн зүгээс талархаж 400 000 төгрөг төлсөн. Унааны зардал нийтдээ 600 000 төгрөг болсон. Одоогоор 1 000 000 төгрөгийн зардал гараад байна. Эмчилгээний баримт цуглуулаагүй. Цаашдаа манай хүүхдийг үргүй болох магадлал 60 хувьтай гэж эмч нар хэлсэн. Одоогоор эмчилгээ хийхгүй, насанд хүрч бэлгийн бойжилт нь явагдаж дуусаж байж цаашид эмчилгээний үр дүнг шийдвэрлэнэ гэж хэлсэн гэжээ. (хэргийн 17, 69 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-А.Төртүшиг мэдүүлэхдээ:

...2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг өнгөрч байхад би хичээлийн 3 дугаар цагийн завсарлагаанаар сургуулийнхаа үүдэнд ангийнхаа 2 бандитай зогсож байсан чинь манай дээд ангийн С.Алтангэрэл гэдэг банди хүрч ирээд “чи шинээр ирчихээд яагаад алцаганаад байгаа юм бэ” гэж хэлээд нүд рүү 1 удаа цохиод, бид 2 барьцалдаад хүүхдүүд салгасан. Тэр өдрөө С.Алтангэрэлтэй таараагүй. 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 3 дугаар цагийн завсарлагаанаар би ангийнхаа 4 хүүхэдтэй хамт сургуулийн хойд талын зам гараад “Энхжин” төв рүү дэлгүүр орох гээд явж байсан чинь С.Алтангэрэл гарцны хойд талд зохицуулагч хийгээд зогсож байсан. Тэгэхээр нь би С.Алтангэрэлтэй уулзаж учраа олох гээд очоод “чи ер нь яагаад байгаа юм бэ? Намайг шинээр ирсэн гээд бөөрөлхөөд байгаа юм уу?” гэсэн чинь өөдөөс “хоёулаа аав маавыгаа дуудахгүй зүгээр сайхан үзчих үү?” гээд намайг заамдаж аваад 1 удаа алгадсан. Тэгэхэд нь би өөдөөс нь зодолдоогүй. Тэгээд манай ангийн банди нар намайг салгаад бид нар салаад “Энхжин” төв рүү орсон. Бид “Энхжин” төвийн ард талд очоод юм яриад зогсож байсан чинь С.Алтангэрэл танихгүй 2 бандитай хамт ирээд С.Алтангэрэл шууд миний хөмсөг рүү нэг цохиод унагаасан. Тэгэхэд нь би зөрүүлээд үсдсэн чинь манай ангийн банди нар салгаад, 2 тийшээ болсон. Дахиж хүрч ирээд намайг 1 гараараа заамдаад нөгөө гараараа миний зүүн хажуу хэсэг рүү чулуугаар цохиод явсан. Тэгэхээр нь би тэр дороо аав руугаа залгаад, манай аав Г.Алагчулуун 10 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд аав бид хоёр хамт Н.Батсүх нийгмийн ажилтны өрөөнд ороод уулзсан чинь Н.Батсүх менежер бид 2-ыг яах гэж зодолдсон юм бэ гэж загнасан. Бас С.Алтангэрэлийн ангийнх нь багш орж ирээд наад 2 чинь гарцан дээр зодолдоод байсан гэж хэлсэн. Тэгээд би аавтайгаа хамт гэр лүүгээ явсан. Тухайн үед би мэдээгүй, дараа нь би ангийнх нь хүүхэд нийгмийн ажилтан С.Алтангэрэлийн ангид орж ирээд түүнийг 1 алгадаад, 1 өшиглөсөн гэж хэлсэн гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Алагчулуун мэдүүлэхдээ:

...2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манай хүү А.Төртүшиг өглөө сургуульдаа яваад 10 цагийн үед над руу залгаад “ааваа би хүүхдэд зодуулчихлаа” гэж ярихаар нь би 19 дугаар сургууль дээр очсон чинь хүү маань  сургуулийнхаа үүдэнд ангийнхаа 2 хүүхэдтэй хамт толгой нь хагарчихсан, нүүр, ам нь бас цус болчихсон зогсож байсан. Тэгэхээр нь “юу болсон талаар” асуусан чинь “С.Алтангэрэл гэдэг хүүхэд намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А.Төртүшигийг дагуулаад менежер лүү нь ороод царай зүсийг нь харуулаад болсон асуудлыг хэлтэл менежер нь тэр хүүхдийг дуудуулаад хоёуланг нь өрөөндөө оруулаад хоёулангаас нь болсон асуудлыг яриулаад, загнаж байсан. Би хүүхдээ зодуулчихсан болохоор тэр хүүхдийг “чи яахлаараа хүүхэд зоддог юм бэ” гээд загнасан. Тэгээд би хүүхдээ аваад, гэр лүүгээ явсан. Тухайн үед би цагдаад ханддаг юм уу гэснээ “за яршиг, хүүхдүүдийн хоорондох асуудал юм” гэж бодоод хаясан юм. Тэрнээс хойш дахиж цагдаа гэж яваагүй байж байгаад хүүхдийн хичээл амарсан. Манай хүү, тэр хүүхэд 2-ыг аль алиныг нь л хоорондоо зодолдлоо гэж загнаж байсан гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6541 тоот дүгнэлтэд:

...Хэсэг газрын үзлэгт: Зүүн талын төмсөг хавдсан, зөөлөн судсууд өргөссөн. 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ЭХО-д зүүн төмсөг 3.4 см, зүүн төмсөгний дээд хэсэгт 3.6 см диаметртэй кистоз өөрчлөлттэй, зүүн төмсөгний эхо ойлт жигд бага зэрэг буурсан хальсан доогуур эхонегатив хүрээ үүссэн. Баруун төмсөгний хэмжээ 3.6x2.4 см.

1. С.Алтангэрэлийн биед зүүн төмсөг дайврын зөөлөн эдийн няцрал судасны өргөсөлт, уйланхай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 890 тоот дүгнэлтэд:

     1. С.Алтангэрэлийн биед зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

      2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. С.Алтангэрэлийн зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай өвчин нь төрөлхийн шалтгаантай бөгөөд гэмтэлтэй шалтгаант холбоогүй болно гэжээ. (хэргийн 29, 30 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад шинжээч-Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ:

С.Алтангэрэлийн биед учирсан зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай зэрэг өвчинд нөлөөлөхгүй. Зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай зэрэг өвчин нь төрөлхийн шалтгаантай, биеэ даасан өвчин юм. Энэ өвчин нь удаан хугацааны туршид илэрч мэдэгддэггүй, өөрөөр хэлбэл дөнгөж төрсөн хүүхдэд мэдэгдэх боломжгүй. Яваандаа өсөж томрох тусам мэдэгдэж, зовиур нь илэрдэг өвчин байгаа юм. Зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа гэмтэл болно. Өвчин нь илрээгүй байсан байх боломжтой. Уг өвчин нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч мэдэгдэхгүй байсан байж болно. Зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал гэмтлээс болж хагалгаанд ороогүй. Зүүн төмсөгний судасны өргөсөл, уйланхай өвчнийг эмчлэх зорилгоор хагалгаа хийсэн байна. Дээрхи хагалгаа нь гэмтэлтэй холбоогүй хийгдсэн байна гэжээ. (хэргийн 31, 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-М.Энхбаяр мэдүүлэхдээ:

С.Алтангэрэл зүүн төмсөгний судасны өргөссөн уйланхай өвчтэй гэдэг нь тогтоогдсон нь төрөлхийн өвчин юм. Гэхдээ энэ яг төрөлхийн өвчтэй хэсэгтээ дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан байна. Үүнийг бид нар дүгнэлтэндээ ялгаж салгаж бичсэн. Учир нь гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл гэсэн байгаа. Анх үзсэн эмч бол энэ хоёрын аль алиныг гэмтлийн гаралтай гэж дүгнэсэн байсныг давтан дүгнэлтээр ялган заагласан юм гэжээ. (хэргийн 153 дугаар хуудас)

Насанд хүрээгүй хохирогч С.Алтангэрэлийн Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 оны 6 дугаар асрын 03-наас 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар. (хэргийн 36-52 дугаар хуудас)

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Батсүх нь ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Батсүх нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн 08 тоот хичээлийн танхимд 9А ангийн сурагч насанд хүрээгүй 15 настай хохирогч С.Алтангэрэлийг “хэл ам таталлаа, миний өөдөөс доогтой инээлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан,  бусдыг илтэд үл хүндэтгэн, сургуулийн сургалтын орчинд ангийн сурагчдын нь дэргэд хацар луу алгадаж, цээж болон төмсөг рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн цохиж, бие махбодид нь төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч С.Алтангэрэл, гэрч Б.Сүхбаатар, А.Төртүшиг, Г.Алагчулуун, шинжээч Т.Чимэд-Очир, М.Энхбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6541,  2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 890 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Батсүхийг бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч С.Алтангэрэлийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч С.Алтангэрэлд 3 000 000 төгрөгийг сайн дураар төлсөн тул түүнийг бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлсөн гэж үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдлаар төлөв томоотой, хохирогч гомдолгүй байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Батсүх цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

Н.Батсүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3.3-т зааснаар өмгөөлөгч авахгүй гэж өөрийгөө өмгөөлсөн болно.