Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

шүүгдэгч Р.Н, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Н нарт холбогдох 2316000400083 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, ****************-т улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, Ж овогт Г-н Б.

Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, *********-н даргаар ажиллаж байсан, одоо тус аймгийн ************-т мэргэжилтэн ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа   шагналгүй,  *********  регистрийн  дугаартай,  Ж  овогт Р-н Н.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Б-н **************-н улсын   байцаагчийн үүргийнхээ дагуу 4-017/070 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг тарвагыг аймгийн ***********-д устгуулсан мэтээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай “Барааг хураах, устгах тухай акт” үйлдэж, уг актад ***********-н их эмч Т.М-н гарын үсгийг хуурамчаар зурсан, мөн тухайн эд мөрийн баримт буюу 10 ширхэг тарвагыг өөртөө завшсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх”, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэргүүдэд хамааруулан,

шүүгдэгч Р.Н-н ***********-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа тухайн байгууллагын чиг үүргийн дагуу огт хийгдээгүй ажил буюу 04-017/070 дугаартай зөрчлийн хэрэг дээр холбогдогч Г.Ч-с хураан авсан 10 ширхэг монгол тарвагыг ************-д устгасан гэсэн агуулгатай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 124 дугаартай албан бичгийг аймгийн **********-д хүргүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамааруулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

1. Шүүгдэгч Г.Б нь *************-н   улсын   байцаагчийн чиг үүргийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 4-017/070 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тухайн зөрчилд эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг тарвагыг тус аймгийн ************-д устгуулсан мэтээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай “Барааг хураах, устгах тухай акт” үйлдэж, уг актад ***********-н их эмч Т.М-н гарын үсгийг дуурайлган зурсан, мөн тухайн эд мөрийн баримт буюу 10 ширхэг тарвагыг завшсан болох нь:

1.1. Шүүгдэгч Г.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... 2022 оны 12 сарын сүүлчээр цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу иргэн Ч-с 10 ширхэг тарвага хурааж харьяаллын дагуу шилжүүлсэн. Ажил үүргийн хуваарийн дагуу над дээр цохолт хийлгэж ирсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод хувийн чөлөө авч яваад ирсний дараа манай бичиг хэрэг, хуулийн зөвлөх 2 хүлээлгэж өгсөн. Энэ нь хугацаа нэлээд шахагдчихсан ажил байсан. Иргэн Ч-т холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж материалуудыг цуглуулж арга хэмжээг авсан. Ч дээр арга хэмжээ авсны дараа нөгөө хураагдан ирсэн 10 ширхэг тарвагыг ********-д шилжүүлж устгах ийм ажил болж болсон. **********-д шилжүүлэхээр утга бүхий албан тоотыг бичээд байгууллагын дарга С руу авч орсон. Байгууллагын дарга С “...чи наадхаа түр байлгаж бай...” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш болсон хэргийн хугацаа дуусах гээд мөн тухайн үед байгууллагуудын шинэ жил болоод нэлээд төвөгтэй байдалд орсон. Тэгээд дарга хугацаа нь дуусах гээд байна, гялс прокурорт хянуулмаар байна гэхэд дарга чи байлгаж бай, би *******-н дарга руу ярьсан байгаа чи очоод уулз гэхээр нь би яваад очсон. Р.Н дарга томилогдоод удаагүй байсан. Тухайн үед очоод С дарга ярив уу? гэхэд  албан тоотын бичиг хариу өгсөн. Тэгээд би хариуг нь авч хавсаргаад хэргээ үдээд прокурорын хяналтад шилжүүлсэн. 10 тарвагыг би байгууллагаас авч гараагүй. Тухайн үед нэлээд хүйтэн байсан. Манайх хадгалах зориулалтын байр сав байдаггүй. Машины гараашинд хадгалаастай байсан. Би зургийг нь авч материалд хавсаргасан байсан.  Намайг 2 зүйл ангиар буруутгаж байгаа. 10 тарвага хувьдаа авч завшсан, нөгөөх нь *********-н М-н гарын үсгийг буруу зурсан гэсэн. Тухайн үед М шинэ жил нь болж байсан ажил дээрээ байхгүй байсан учир М-н гарын үсгийг дуурайж зурсан нь миний буруу. Тухайн гараашинд байсан 10 тарвагыг хэн авч зохицуулсан юм бэ нарийн зүйлийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.2. Гэрч Л.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.У нь уг гомдол мэдээллийн бүртгэлд оруулж, тухайн гомдол мэдээлэл нь зөрчлөөр орж шалгасан. Тухайн гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяаллын дагуу ************-н дарга С-н нэр дээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 33/08-5911 дугаартай албан тоотын дагуу холбогдох материалыг шилжүүлсэн... Н.Ч гэх хүнээс нийт 10 ширхэг тарвагыг хураан авсан. Тухайн үедээ холбогдох материалын хамт 10 ширхэг тарвагыг хүлээлгэн өгсөн... Тухайн хүн нь **********-н бичиг хэрэг хийдэг гэсэн... Надад хүлээлгэн өгсөн тэмдэглэл байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас тарвага устгасан талаар надад мэдэгдээгүй бөгөөд тарвага устгах ажиллагаанд би оролцоогүй ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 37-р хуудас/

1.3. Гэрч   Б.Ч-н   мөрдөн   шалгах  ажиллагааны  үед  өгсөн “...Говь-Алтай аймгийн ***********-д 2012 оноос хойш ариутгагчаар одоог хүртэл ажиллаж байгаа ... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тарваганд устгал хийгээгүй ... Манай байгууллагад *********** болон ********-с ирдэг юм. Тухайн устгалд ариутгагч, тархвар судлал эмч оролцдог юм. Мөн манай байгууллагад тарвага авчирч өгсөн хүнийг байлцуулан устгалыг хийдэг ... Манай устгалын цооногт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хамгийн сүүлд устгалыг хийсэн. Устгал хийх ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлдэг бөгөөд мэргэжлийн хяналтаас ирсэн хүн гэрэл зургийг бэхжүүлж авдаг юм ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

1.4. Гэрч Н.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ямар нэгэн тусгай журам байхгүй. Байцаагч нь өөрөө тухайн устгуулах гэж байгаа тарвагыг хүргэж өгдөг. Шаардлагатай тохиолдол албаны машинаар хүргэж өгдөг. Тухайн үед манай байгууллага нь татан буугдаад нүүлгэлтийн ажил хийгдэж байсан учраас машин нүүлгэлт хийгээд завгүй байсан... Г.Б-г тарвагаа өөрөө хариуцаж хүргэж өгөөд устгуул гэж хэлсэн. Г.Б нь ганцаараа хүргэж өгсөн байх. Устгуулах тарвагыг 50 кг- ийн цагаан гурилын уутанд хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 54-р хуудас/

1.5. Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Алтай аймгийн -д тархвар судлагч их эмчээр 2020 оны 09 дүгээр сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа ... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тарвага устгал хийгдээгүй. Манай байгууллага нь тархвар судлагч 1, нян судлагч 2 эмч, нийтдээ 3 эмч ажилладаг. Миний ээлжид байх үед ямар нэгэн тарвага ирж устгагдаагүй. Харин нөгөө хоёр эмчид тарвага ирж устгагдсан талаар бол би мэдэхгүй байна ... Хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сард устгалыг хийсэн. Тэрнээс хойш ямар нэгэн устгалыг хийгээгүй ... Би дээрх цаг хугацаанд хэн нэгнээс ямар нэгэн тарвага хүлээн авсан асуудал байхгүй. “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан бүртгэл"-д 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр “Амьтан мэрэгчийн дуудлагад үйлчилсэн тэмдэглэл”-д 2023 оны 03 дугаар сарын сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан. Тухайн үед Р.Н дарга манай байгууллага дээр 10 тарвага ирсэн гээд байна. Энэ нь дээр устгасан гээд гарын үсэг зурчхаарай гэж хэлсэн. Тэгээд би дээрх хоёр бүртгэл дээр гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

1.6. Криминалистикийн шинжээч Д.Б-н 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материал” гэсэн баримтын 30 дугаартай хуудсанд байх “2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр” гэсэн баганад зурагдсан байх гарын үсэг нь хурьцуулах загвараар ирүүлсэн Т.М гэх газрын үсгийн туршилтын загваруудтай бүтцийг илэрхийлэх шинж тэмдгээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй байна...” гэх дүгнэлт, хавсралт гэрэл зургууд./1-р хавтаст хэргийн 118-122/

1.7. Говь-Алтай аймгийн ***********-н “Амьтан мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан бүртгэлийн хуулбар. /1-р хавтаст хэргийн 169-171/

1.8. Г.Б-н 04-017/070 дугаартай Н.Ч-т холбогдох гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай Барааг хураах, устгах тухай “... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Н.Ч-с хураагдан ирсэн тарвагануудыг аймгийн ************-д шилжүүлэн халдваргүйжүүлэлт хийлгэж устгав” гээд  акт үйлдсэн Г.Б, хөндлөнгийн гэрчээр байлцсан Т.М гэх агуулга бүхий актын хуулбар /1-р хавтаст хэргийн 198 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг … хуурамчаар үйлдсэн ...” үйлдлийг нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр, мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд 2 дахь хэсэгт “ ... хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан …” үйлдлийг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг гэж үзэж хариуцлага хүлээлгэхээр тус тус  хуульчилжээ. Мөн "Хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчлан тайлбарласан.

Шүүгдэгч Г.Б нь хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд буюу тухайн үеийн Говь-Алтай аймгийн *****************-н улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрт нь хуваарилагдаж ирсэн зөрчлийн хэрэгт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бодит байдал дээр огт болоогүй устгалын үйл ажиллагааны талаар буюу эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг тарвагыг аймгийн **********-н зориулалтын цооногт, холбогдох журмын дагуу устгасан акт үйлдэж,  уг актад *****-н их эмч Т.М-н гарын үсгийг дуурайлган зурсан, зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг монгол тарвагыг завшсан түүний үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул түүнийг эдгээр гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, шүүгдэгчийн огт хийгдээгүй үйл ажиллагааны талаарх үйлдсэн “бараа устгах тухай” акт нь тухайн зөрчлийн хэргийн хувьд шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсгэх бөгөөд үүнийг бусдын гарын үсгийг дуурайлган зурах байдлаар хуурамчаар үйлдэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болон хууль сахиулагч үйлдвэл хүндрүүлэх шинжийг хангасан байна. Түүнчлэн эд хөрөнгө завших гэдэг ойлголт нь хууль зүйн агуулгаараа тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг хууль бус аргаар бий болгохыг ойлгоно. Шүүгдэгч нь огт хийгдээгүй ажиллагааны талаарх акт хуурамчаар үйлдэн эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг монгол тарвагыг захиран зарцуулах бодит боломжийг бий болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завших” гэмт хэрэг төгсөнө. Тухайн эд зүйлсийг бусдад худалдсан, бэлэглэсэн, өөрөө хэрэглэсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

2. Шүүгдэгч Р.Н нь ************-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тухайн байгууллагын чиг үүргийн дагуу огт хийгдээгүй ажил буюу 04-017/070 дугаартай зөрчлийн хэрэгт холбогдогч Г.Ч-с хураан авсан 10 ширхэг монгол тарвагыг ******-д устгасан гэсэн агуулгатай  2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 124 дугаартай албан бичгийг 2022 оны 12 дугаар сарын 30-наас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд аймгийн ********-т хүргүүлсэн болох нь:

2.1. Шүүгдэгч Р.Н-н шүүх хуралдаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би ************-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод очсон байдаг. Төд удалгүй нэг сар гаруй хугацааны дараа энэ хэрэг болсон... ********-н дарга С над руу “...нэг ийм дутуу бичиг тоот байгаа, устгасан юм. Энийг нөхөж өгөөч...”  гэж ярьсан. 12 дугаар сарын 29-ний өдөр над руу ярьсан. Манай байгууллага 12 дугаар сарын 30-ны өдөр татан буугдаж байгаа, танайхаас нэг бичиг дутуу байгаа шүү энийг өгөөч гэсэн. Тухайн үед дадлага туршлага муутай, өмнөх ажлыг судалж дүгнэлт хийж чадаагүй байсан. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Г.Б бичиг тоот авах гэсэн юм гэж хэлээд ирсэн. Тухайн үед би ажил хэрэгтээ хайнга хандсан нь үнэн. 01 дүгээр сарын 03-ны өдөр Г.Б гэдэг хүн 03 цагийн үед ирээд бичиг тоот авах гэсэн юм гээд тоотыг төлөвлүүлсэн байсан. би тухайн үед ингэж өгдөг юм байна гэж бодоод 12 дугаар сарын 30-ны өдөр гэсэн бичгийг 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Г.Б нь тухайн өдөр 2 удаа миний өрөөнд орж ирсэн. Тухайн үедээ бичиг цаас ихтэй байсан. Тэгээд гарын үсэг зураад тоотыг нь өгөөд явуулсан. Манай албан ёсоор 10 тарвага ирээгүй устгагдаагүй, ********-н даргын А165 дугаар тушаалаар батлагдсан мэрэгчийн дуудлагад үйлчлэх гэж байгаа. Энэ нь мэрэгчийн дуудлага биш байсан. Яагаад биш байсан бэ гэхээр мэрэгчийн дуудлага байсан болбол эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн яам, аймгийн Онцгой байдал, аймгийн Онцгой комисст хүртэл мэдээлэгдэж, мэдээлэл нь бүртгэгддэг байгаа. Ийм ямар ч шат дараатай процесс болоогүй. Тухайн үед ийм л процесс болсон байдаг юм...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2.2. Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 02-нд байна уу 03-нд ************-с 19 ширхэг тарвагыг иргэнээс хураан авсан. Тухайн хураан авсан тарвагануудыг мэргэжлийн хяналтын газраар дамжин *********-д журмын устгагддаг. Устгалыг хийхдээ биологич болон лаборант үзлэг хийж, бөөс бүүргийг түүж авч, нас хүйсийг нь тогтоодог. Үүний дараа лабораторийн эмч, лаборант, ариутгагч, бэлтгэгч нар дээж авч, лабораторид тарваган тахал өвчин үүсгэгчийг шинжилгээг хийдэг. Үүний дараа ариутгагч, тархвар судлагч эмчийн хяналтад цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас төлөөлөл оролцож устгаж, устгалын явцад гэрэл зургаар бэхжүүлж протокол хөтөлдөг. Энэ талаар ***********-д мэдээлэгдсэн байдаг. Мөн тухайн тарвагыг тээвэрлэсэн хүргэсэн тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийдэг. Гэтэл энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй. ********-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н нь дээрх үйл ажиллагааг огт хийгээгүй байж албан хариуг хүргүүлсэн. Одоо тухайн 19 ширхэг тарвага хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд ямар ч устгал хийгээгүй. Энэ талаар хандаж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм... Устгал хийхдээ цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөөлөн оролцуулан ариутгагч хоёр хүн, тархвар судлагч эмч оролцдог...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

2.3. Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн ***********-д 2022 оноос хойш ариутгагчаар ажиллаж байна ... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг ч тарваганд устгал хийгээгүй ... Тарвага устгасан тохиолдолд бүртгэл хөтөлдөг бөгөөд бүртгэл нь надад байдаг юм. Бүртгэл дээр тарвага устгасан ариутгагчийн гарын үсэг, тархвар судлалын их эмчийн гарын үсэг давхар зурагддаг ... Хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр тарвага устгасан байх. Тэрнээс хойш устгал хийгдээгүй. Надаас өөр ариутгагч устгал хийсэн тохиолдолд надад байгаа бүртгэл, журнал дээр заавал бүртгэлийг хөтлөх ёстой...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

2.4. Гэрч   Ц.М-н   мөрдөн   шалгах   ажиллагааны   үед  өгсөн “...Говь-Алтай аймгийн ************-д 2002 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд 2019 оноос 2022 оныг дуустал нярвын ажлыг хавсарч гүйцэтгэж байсан... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тарваганд устгал хийгдээгүй. Яагаад хийгдээгүй учир нь гэвэл тарвага устгал хийхээр ирсэн тохиолдолд би биологичийн хамт шимэгчийг нь түүж, лабораториос шинжилгээний материал авч, тэрний дараагаар устгал хийгддэг... Манай байгууллагын устгалын цооногт тарвага устгал хийсэн тохиолдолд ариутгагч устгасан талаар бүртгэл, тэмдэглэлийг хөтөлдөг... Тарвага устгах үед манай байгууллагаас тархвар судлагч эмчийн хяналт дор мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн тарвагыг шилжүүлсэн хүн оролцож, устгалын явцыг гэрэл зургаар бэхүүлдэг. Устгалыг ариутгагч хийдэг юм ... Би 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн албан бичигт дурдагдсан 10 тооны монгол тарвагыг би нүдээр харж, үзлэг хийгээгүй. Би нэг ч тарвага хараагүй... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манай ажилчдаас тарвага устгах зорилгоор хамгаалалтын хувцас, ариутгалын бодис аваагүй. Алба хаагчид устгал хийх тохиолдолд шаардах бичиж, даргаар цохолт хийлгүүлж, би тухайн хувцас, ариутгалын бодисыг олгодог...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн  39 дүгээр хуудас/

2.5. Говь-Алтай аймгийн **********-н “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан талаарх бүртгэлийн хуулбар/1-р хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/

2.6. Говь-Алтай аймгийн ***********-н 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай “...Тус төвд хураагдсан ирсэн 10 тооны монгол тарвагыг жавелион болон хлорын шохойгоор халдваргүйжүүлэн устгалын цооногт хийж устгалаа. Мөн тээвэрлэж ирсэн автомашиныг халдваргүйжүүлсэн болно...” гэсэн агуулга бүхий албан бичиг. /1-р хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

2.7. Говь-Алтай аймгийн **********-н даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-н 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай “...тус төвд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 ширхэг монгол тарвагыг ***********-н захирлын 0410/65 дугаартай тушаалын дагуу устгасан болно” гэх агуулга бүхий албан бичиг/1-р хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.                                                                                                

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна. Мөн “урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.

            Мөн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгажээ. Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулиар “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон байна.

            Түүнчлэн, 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ. Энэ нь нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдах агуулгаар тайлбарлагдах бөгөөд үүнийгээ зөрчин бусдад зүй бус давуу байдал бий болговол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана.

            Шүүгдэгч Р.Н нь Говь-Алтай аймгийн ***********-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа тухайн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар мэдэгдэх, мэдээлэх албаны бүрэн эрх хэмжээтэй байсан байна. Гэтэл Говь-Алтай аймгийн ******-д огт хийгдээгүй үйл ажиллагаа буюу Г.Б-н зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх мэдээлд хураагдсан 10 ширхэг монгол тарвагыг тухайн байгууллага хүлээн авч, устгалд оруулаагүй гэдгийг мэдсээр байж хийх ёсгүй үйлдэл буюу огт болоогүй устгалын ажлыг болсон мэтээр албан бичиг үйлдэж, холбогдох байгууллагад хүрүүлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

            Тодруулбал, Говь-Алтай аймгийн ***********-д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр устгалын үйл ажиллагаа огт хийгдээгүй болох нь гэрч Ц.М, Г.Б, Т.М, Б.Ч нарын мэдүүлэг болон “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан талаарх бүртгэлийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Р.Н нь бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ёсгүй үйлдэл буюу Говь-Алтай аймгийн **********-д огт хийгдээгүй устгалын үйл ажиллагааг болсон мэтээр албан бичиг үйлдэж, тухайн үеийн **********-д хүргүүлсэн нь дээрх гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан “... тухайн 10 тарвагыг завшсан гэх үйл баримт тогтоогдоогүй, Г.Б-г авсан гэх баримт байхгүй, тухайн тарвагануудыг хэн авсан, эсхүл үрэгдүүлсэн юм уу гэдгийг тогтоогоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлт, шүүгдэгч Р.Н-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан “...дуудлага мэдээллийн дагуу хийгдэх ёстой ажил биш байсан. Тухайн эд мөрийн баримтыг ********** устгах үүрэг хүлээхгүй тул журам зөрчөөгүй, албан бичгийг нөхөж өгөх шаардлагатай гэсний дагуу хянаж үзэлгүйгээр хийж өгсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Учир нь, шүүгдэгч Р.Н-н хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд албаны чиг үүрэгтэй холбоотой тухайн байгууллагад явагдсан үйл ажиллагааны талаар тодорхойлолт, мэдээлэл, тайланг бусдад хүргэх үүрэгтэй. Гэтэл тухайн байгууллагад огт хийгдээгүй үйл ажиллагааны талаар буюу Г.Б-с 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 тооны монгол тарвагыг хүлээн авч, холбогдох журмын дагуу устгаж, халдваргүйжүүлсэн талаар тусгасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай албан бичгийг тухайн үеийн аймгийн ************-т хүргүүлсэн байна. Тухайн үйл ажиллагаа нь байгууллагын болон салбарын хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмын дагуу байсан уу эсвэл энэ нь зөрчигдсөн эсэх нь хэргийн хувьд зүйлчлэл өөрчлөх, эсвэл түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй. Түүнчлэн шүүгдэгч нь тухайн асуудлын талаар хуулийн байгууллагад хуурамчаар мэдүүлэг өгөх талаар байгууллагын нэр бүхий ажилтнуудтай харилцсан, бүртгэлд нөхөн гарын үсэг зуруулсан, уг асуудлаар дээрхтэй адил агуулгатай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай албан бичгийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг лавтай сайн мэдсэн, хүсэж үйлдсэн болохыг тодорхойлж байна.  Албан тушаалдаа хайнга хандах гэдэг нь албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн албаны чиг үүргээ гүйцэтгэсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн, эдгээрээс шалтгаалан бусдад их хэмжээний хохирол учирсан байх зэргийг багтаан ойлгоно. Гэтэл шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд байгууллага дээр эрхлэх асуудлынх нь хүрээнд буюу тарвага устгах үйл ажиллагаа болоогүй гэдгийг мэдсээр байж болсон мэтээр албан бичиг үйлдэн хүргүүлж байгаа нь хайнга хандах гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх шинж үгүйсгэгдлээ. Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгчийн дүгнэлтэд түүнийг гэм буруутайд тооцсон талаарх хэсэгтээ дэлгэрэнгүй тайлбарласан.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь тэдний албан үүрэг, эрх хэмжээтэй шууд холбогдох бөгөөд нийтийн албан тушаалтныхаа хувьд өөрийн чиг үүргээ бусдаас хамааралгүйгээр гүйцэтгэх учиртай. Дээд шатны болон бусад албан тушаалтны зүй бус нөлөөлөл, дарамт шахалтаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байж болох үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүх хэргийг шилжүүлсэн хэмжээнд нь хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Г.Б, Р.Н нарын “эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 53, 55 дугаар хуудас/  гэсэн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б, Р.Н нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг “тохиолдлын” шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч шүүгдэгч Р.Н-н нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2(хоёр) жилийн хагацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялуудыг нэмж нийт эдлэх торгох ялын хэмжээг 10,800(арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Г.Б-д оногдуулсан 10,800(арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хоригдох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл  хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Р.Н нь Говь-Алтай аймгийн *********** сумын ***** багийн ******** тоотод оршин суудаг тул түүнд оногдуулсан 2(хоёр) жилийн хагацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр  тус тус шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг хэрэглэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.

10 ширхэг монгол тарваганы экологид учирсан хохирлыг зөрчлийн хэргийн холбогдогч нь нөхөн төлөх тул шүүгдэгч Г.Б, Р.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтууд нь шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Р-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-н нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2(хоёр) жилийн хагацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Говь-Алтай аймгийн ********* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялуудыг нэмж нийт эдлэх торгох ялын хэмжээг 10,800(арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан 10,800(арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Н-т тус тус сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Н-н цагдан хоригдсон 3 (гурав) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 3 хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас, шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн 1 хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон, нийт 90 (ер) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 (ерэн мянга) төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас тус тус хассугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА