Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305027442065 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, халх, эрэгтэй, 25 настай, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт *** дүүрэг ***  хороо *** гудамж *** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, *** овогт ***-ын Б-.

 

Шүүгдэгч Х.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хэнан зочид буудлын урд талаас хохирогч Э.А-ын эзэмшлийн Toyota Rumion маркийн **-** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр айлд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч яван улмаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 12 гудамж 13 тоот хашааны гадаа орхиж тээврийн хэрэгслийн буфер, зүүн урд хаалга зэргийг гэмтээж 2,335,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Хяналтын камерын бичлэгийн 23 секундэд сэжигтэй этгээд нь хохирогч Э.А-ын тээврийн хэрэгслийг хөдөлгөж байгааг гэрэл зургийн аргаар  бэхжүүлэн харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6-9 дэх тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 10-12 дахь тал/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 18-20 дахь тал/

 

Хохирогч Э.А-ын “...  Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Хэнан нэртэй зочид буудлын 401 тоот өрөөнд орсон ба тус өрөөнд олон эрэгтэй хүмүүс унтаж байхаар нь 405 дугаартай өрөөнд ороод Soju нэртэй жимстэй архинаас 3 шилийг би ганцаараа уусан ба хамт байсан танилцсан 2 залуу Ub hero нэртэй шар өнгийн лаазтай шар айргаас 10 лаазыг уугаад хоорондоо ярилцаад сууж байхад гаднаас үл таних миний танилцсан 2 залуугийн ах нар нь гэх 40 орчим настай 3 эрэгтэй хүн орж ирээд намайг архи уу гэж хэлээд Хараа нэртэй 0,75 литрийн  архинаас 2 шилийг гаднаас оруулж ирсэн байсан ба намайг уухыг шаардаад байхаар нь би үгүй гэж хэлээд тухайн өрөөнөөс гараад тухайн газрын 2 давхар луу бууж тухайн буудлын агуулах руу орж тэр хүмүүсээс нуугдсан.

Тус зочид буудалд орохдоо би өөрийн автомашинаа  2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тухайн Хэнан нэртэй зочид буудлын ард байрлах Төгс нэртэй зочид буудлын урд тавьсан байсан ба автомашиныхаа түлхүүрийг Хэнан нэртэй зочид буудлын 405 тоот өрөөнөөс гарах гэж байхад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр танилцсан 25 орчим насны 180 см өндөртэй, ногоон өнгийн цамцтай, женсин өмдтэй, шар царайтай залуу миний түлхүүрийг надаас аваад буцааж өгөхгүй байхаар нь би гараад явсан ба дээр дурдсан зочид буудлын агуулахын өрөөнөөс гарч ирээд дээшээ гарах гэтэл угтагч хийж байсан 25 орчим насны эмэгтэй миний байсан 405 тоот өрөөнд хүн байхгүй бүгд гарцгаасан явцгаасан, бид нар өрөөг цэвэрлэн гэж хэлсэн. Тэгээд би тухайн өрөөг орж шалгахад миний автомашины түлхүүр байгаагүй. Тэгээд би гадагшаа гараад өөрийнхөө автомашиныг байгаа эсэхийг шалгахад байхгүй байсан.

Би гомдолтой байна. Өөрийн автомашин болон эд зүйлсээ олж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 118-119 дэх тал/

“... Би тухайн үед болсон асуудалтай холбоотойгоор 700 ам доллар, 300 юань мөнгө болон өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн байсан чанга дугарагч бусад зүйлсийг би нэхэмжлэхгүй ээ. Учир нь тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул одоо бодох нь мөнгө төгрөгийг өөрөө ч зарцуулсан байж магадгүй.

Цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед би жоохон бухимдсан байсан тул бүх юмаа алдчихлаа гэж бодсон.

.... Миний **-** УБЦ улсын дугаартай Toyota Rumion маркийн автомашины хохирлын үнэлгээнд тусгагдсан төлбөрийг төлж барагдуулчихвал би гомдол саналгүй. Надад өөр нэхэмжлээд байх зүйл байхгүй ....” гэсэн мэдүүлэг. /хэргийн 122-123 дахь тал/

... Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Үнэлгээний дагуу бүх хохирлоо гаргуулан авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 126-127 дахь тал/

 

Гэрч Ж.Т-ийн “... 7 дугаар сарын 11-ний өдрийн өглөө сэрээд дэлгүүр гарч дахиж нэмж шар айраг авч  ирж ууцгаасан. Уугаад сууж байтал Б- ах нөгөө эмэгтэйн автомашины түлхүүрийг авчихсан байсан. Би яг аль үед яаж байгаад тухайн эмэгтэйн автомашины түлхүүр авсан байсан талаар мэдэхгүй байна. Бид нартай танилцсан эмэгтэй бие засах өрөөнд бөөлжиж байгаад гараад гүйсэн. Удалгүй буудлын угтагч бид нарыг буудлаас гар гэж хэлээд хөөсөн.

Бид нар буудлаас гараад иртэл нөгөө эмэгтэй байгаагүй. Бид гурав тухайн эмэгтэйн автомашинд суугаад тамхи татаад нөгөө эмэгтэйг хараад хүлээтэл ирээгүй. Б- нөгөө эмэгтэйн автомашиныг асаагаад явлаа гэхээр нь Мөнхөө ах хүний автомашин яах гээд байгаа юм гээд түлхүүрийг нь авах гэж маргалдахад Мөнхөө ахыг боогоод унагаасан. Мөнхөө ах бид 2 дахиж юм хэлж чадаагүй. Б- нөгөө эмэгтэйн автомашиныг унаад явсан.

... Тухайн эмэгтэйн автомашин гадна талдаа ямар нэгэн сэв зураасгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 129-130 дахь тал/

 

Гэрч Б.М-ы “... Б-ыг ирэх үед тухайн эмэгтэй бас байсан. Бид нар Б-ыг ирэх үед нэмж шар айраг аваад авсан шар айргаа ууж байгаад би тасраад унасан. 7 дугаар сарын 11-ний өдрийн өглөө сэрээд дэлгүүр гарч идэх зүйл, нэмж шар айраг аваад ууцгаасан. Нэг мэдсэн Б- тухайн эмэгтэй хүний автомашины түлхүүрийг авчихсан байсан. Тэгэж байтал явлаа гэж хэлээд гараад явсан. Би араас нь гартал танилцсан эмэгтэйн автомашиныг асаагаад намайг суу явъя гэхээр нь би хүний автомашинтай явж болохгүй гэж хэлээд бид 2 муудалцсан. Б- намайг барьж аваад боогоод унагаасан. Би дахиж юм хэлж чадаагүй. Б- хэсэг байж байгаад тухайн эмэгтэй хүний автомашиныг унаад явсан. Намайг автомашинд суу гэж хэлэх үедээ 34 гүүрний тийшээ явж ууя гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 133-135 дахь тал/

 

Гэрч А.Х-гийн “... Тэгээд хамт очоод нөгөө эмэгтэйд бие нь таагүй байгаа бол гарч агаар амьсгалах уу гэж асуусан чинь би гарахгүй, намайг түр нуугаад өгөөч гэхээр нь шууд доош авч буугаад ажилчдын амралтын өрөөнд тухайн эмэгтэйг оруулчхаад 405 тоот өрөөний хүмүүсийг буудлын өрөөнөөс гаргасан. Тухайн залуучууд буудлын гадна 00 цаг болтол хүлээж байгаад орж ирээд хамт буудлын өрөөнд байсан эмэгтэйг ирсэн эсэхийг асуусан. Тэгээд бид нартай хамт явж байсан халзан залуу нөгөө эмэгтэйн автомашиныг аваад явчихсан, бид 2 тайлбарлаж хэлэх гээд хүлээгээд байна, гадаа хүйтэн байгаа болохоор явлаа, өөрийг нь ирвэл тайлбарлаад хэлээд өгөөрэй гэж хэлээд явцгаасан. Тэр 2 залуу явсны дараа манай хойд эцэг тухайн эмэгтэйг Ub place хажуу талын байранд хүргэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 142-143 дахь тал/

 

Тэнцвэр эстимэйт ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан. /хэргийн 144-149 дэх тал/

 

Х.Б-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд согтсондоо эзэнд нь хэлэхгүй автомашиныг нь аваад явчихсан байсан. Хохирогчийг  би сайн танихгүй. Тэр өдөр л танилцсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 169-170 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Хэнан зочид буудлаар хохирогч Э.А-, гэрч Ж.Т-, Б.М-ы хамтаар үйлчлүүлэх явцдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Энэ хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Х.Б- нь тус зочид буудалд ирсэн ба согтуурсан үедээ хохирогч Э.А-ын эзэмшлийн Хэнан зочид буудлын гадна байрлуулсан байсан Toyota Rumion маркийн **-** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр авч явжээ.

Ийнхүү шүүгдэгч Х.Б- нь Toyota Rumion маркийн **-** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа буфер, зүүн урд хаалга зэргийг гэмтээж 2,335,000 төгрөгийн хохирол учруулж, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 12 гудамж 13 тоот хашааны үүдэнд орхин явжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.Б- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Э.А-ын эзэмшлийн Toyota Rumion маркийн **-** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2,335,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Тэнцвэр эстимэйт ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн улмаас 2,335,000 төгрөгийн хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар хүсэлт гаргасан нь /хэргийн 177 дахь тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 225,000 төгрөгийг хасаж, 275,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүний  цалин хөлсийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Х.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял
аар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Х.Б-ын цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 225,000 төгрөгийг хасаж, 275,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Х.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ