| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2021/00356/И |
| Дугаар | 130/ШШ2021/00517 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2021/00517
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХ-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С , гэрч ХХ асуудал хариуцсан мэргэжилтэн Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Халамжийн сангаас амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болох 1.200.000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х н итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн иргэн Х нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2-т зааснаар 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд олгох онцгой тохиолдлын буюу амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хүсэж Бугат сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүсэлт гаргаснаар Бугат сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон иргэнд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгох тухай” тэтгэмж тогтоох тухай тогтоол гарч Х нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1.200.000 төгрөгийг хууль ёсоор авах эрх үүссэн байна. Х нь 2001 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, одоо 20 настай ба үрчилж авсан эх нь түүний 18 нас хүрээгүй байхад, мөн үрчлэгч ийн нөхөр нь Х г үрчилж авахаас өмнө тус тус нас барсан буюу Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2, Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 4.18-д зааснаар уг тэтгэмжийг авах ёстой гэж үзэж байна. Гэтэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Х д 1.200.000 төгрөгийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг өгөхөөс татгалзсан хариуг амаар өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангаас амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1.200.000 төгрөг гаргуулан Х д олгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суудаг. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2 дахь хэсэгт зааснаар 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-аас 24 насны иргэнд олгох онцгой тохиолдлын буюу амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хүсэж Бугат сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүсэлт гаргаснаар Бугат сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “тэтгэмж тогтоох тухай” тогтоолоор 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон иргэнд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1.200.000 төгрөгийг хууль ёсоор авах эрх үүссэн байна.
Хуульд заасны дагуу амьжиргааг дэмжих онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг заавал орон тооны бус Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар шийдвэрлэх ёстой. Тэгээд Бугат сумын Амьжиргааг дэмжих зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Х н асуудлыг хурлаар хэлэлцэж, тогтоол гаргаад, холбогдох материалыг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүргүүлсэн. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.С, мэргэжилтнүүд П, Д нар нь тэтгэмж өгөх боломжгүй гэж Х н материалыг буцаагаад өгсөн байна. Тэгээд бид нар уг шийдвэрийг нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 108 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 4.18 дахь хэсэгт зааснаар уг тэтгэмжийг авах ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Х нь 18 нас хүрээгүй байхад асран хамгаалагчид нь нас барсан, 18-аас 24 насны хооронд уг тэтгэмжийг шаардах эрхтэй ба Х одоо 22 настай, холбогдох шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн. Энэ мөнгийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангаас гаргах ёстой. Тийм учраас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангаас амьжиргааны мөнгөн тэтгэмж болох 1.200.000 төгрөгийг гаргуулан Х д олгох шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бугат сумын 2 дугаар багийн иргэн Х н Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу бүтэн өнчин хүүхдэд олгох амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг авч чадахгүй байгаа тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн материалтай хөл хорионы улмаас нэг бүрчлэн танилцаж чадахгүй байгаа тул дэлгэрэнгүй тайлбараа дараа хүргүүлэх болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХ т холбогдуулан халамжийн сангаас амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1.200.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухайн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШЗ2021/01448 дугаартай шүүгчийн захирамжаар өнөөдрийн 15:00 цагт товлож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д д шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х нь ХХ сангаас амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1.200.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2004 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын “хүүхэд үрчлэх тухай” 43 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Х г К д үрчлүүлсэн ба үрчилж авсан эх нь болох К 2009 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдэгч хүүхэд буюу нэхэмжлэгч Х нь 08 нас 01 сар 4 хоногтой байхад өвчний улмаас нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 038/000059 дугаартай үрчилсний бүртгэл лавлагаа болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбараар, мөн нэхэмжлэгч Х нь ганц бие Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт амьдарч байгаа болох нь тус багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “Амьжиргаа дэмжих зөвлөлийг байгуулах тухай” 14 дугаартай тогтоолын нэг дэх заалтаар сумын амьжиргаа дэмжих зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулж, уг тогтоолын хавсралтаар тус зөвлөлийн даргаар тус сумын ЗДТГазрын нийгмийн бодлогын түшмэл Н , нарийн бичгийн даргаар Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн Ж , гишүүд ЭМТөвийн их эмч З.Х , төрийн бус байгууллагын төлөөлөл Г , иргэдийн төлөөлөл Ө , Б , Н нарыг баталсан байжээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно” гэж долоон үндэслэлийг заасан ба түүний 13.5.2 дахь хэсэгт “18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн”-д олгохоор хуульчилсан.
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаартай Журам батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын хоёрдугаар зүйлийн 2.1-д Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө, 2.2-т Сум, хорооны нийгмийн ажилтан нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4, 12.1.5, 13.2, 13.5.1-13.5.4, 13.5.6-13.5.8-д заасан тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч амьдралын нөхцөлийг нь судлан үзэж, холбогдох саналаа ажлын 10 хоногт багтаан сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Бугат сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Тэтгэмж тогтоох тухай” тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-ийн 13.5.2 дахь заалтад тавигдсан шаардлага нөхцөлийг хангаж буй иргэн Х д бүтэн өнчин иргэнд олгох нэг удаагийн 1.200.000 төгрөгийн тэтгэмж олгохыг зөвшөөрч шийдвэрлэжээ.
Харин энэхүү Баян-Өлгий аймгийн Бугат сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Тэтгэмж тогтоох тухай” тогтоолд нарийн бичгийн дарга болон иргэдийн төлөөлөл Ө нарын гарын үсэггүй, гарын үсэг зураагүй байгаа боловч тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн Ж ы шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгээр тухайн өдрийн хурлаар хэлэлцэж нэхэмжлэгч Х д бүтэн өнчин иргэнд олгох нэг удаагийн 1.200.000 төгрөгийн тэтгэмж олгохыг шийдвэрлэсэн болох нь тогтоогдлоо.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2004 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын “хүүхэд үрчлэх тухай” 43 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Х г К д үрчлүүлсэн нь хууль зөрчиж гарсан захирамж гэж тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШЗ2021/01448 дугаартай шүүгчийн захирамжаар өнөөдрийн 15:00 цаг хүртэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан боловч уг нэхэмжлэлтэй холбоотой захиргааны хэрэг үүсгэсэн эсэх талаарх болон нэхэмжлэгч Х д тэтгэмж олгохоос татгалзаж байгаа үндэслэлийн талаарх бичгийн нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй болно.
Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Х нь 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 96 дугаар тогтоолын хавсралтаар нэг удаад олгох тэтгэмжийн хэмжээ 1200000 төгрөг байгаа тул ХХ сангаас 1200000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч Х г үрчилж авсан эх нь болох К гийн нөхөр нь гэх И 1994 онд нас барахад эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийг үрчилж авахаас өмнө буюу 1994 онд үрчлэгч эх К гийн нөхөр нь И нас барсан талаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаас тодорхойлсон болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-ийн 13.5.2 дахь заалт, 13.6-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн ХХ сангаас 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн ХХ-аас 33350 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж