Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.А- түүний өмгөөлөгч Д.Цэнгэлмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А түүний өмгөөлөгч Г.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас *** овогт ***-ийнА-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303007690019 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг *** хороо *** хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***-ийн А-.

 

Шүүгдэгч Б.А- нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо Төв Гандангийн зүүн замд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Nissan X trail маркийн **-** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч Г.Т-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бөмбөгөр лүү түгжрэлтэй байсан болохоор Гандан руу өгсөөд явж байсан. Хүүхдийг хашаанаас гарч ирэхийг харсан. Би хүүхдийг зам хөндлөн гаргасан гэж бодоод жаахан урагшилсан чинь хүүхдийг мөргөчих шиг болсон. Тэгээд би жолооны хүрдээ баруун тийш нь дараад автомашинаа зогсоогоод миний автомашины зүүн талд уначихсан байсан хүүхэд дээр очсон. Яасан бэ миний дүү эгч нь мөргөчихсөн үү, чи өөрөө халтираад уначихсан уу гэж асуухад хүүхэд зүгээр ээ эгчээ, би гэр лүүгээ явлаа гэхээр нь эмнэлэг рүү явъя ээж аавыг чинь авч явъя гэж хэлээд гэрт очиж ээжийг нь аваад хамтдаа эмнэлэг рүү явсан. Тухайн үед эмнэлэгт гарсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг төлсөн” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мэдүүлэхдээ: “Тухайн осол болох үед миний хүү үеэл дүүтэйгээ усанд явахаар гарсан. Тэгээд гишгэж чадахгүй шахам хазагнаад орж ирсэн. Би юу болсон талаар асуухад дүү нь тэргээ түрээд гарахад автомашин гаргасан, миний хүү зам гарах гээд араас нь гарахад зогсож байгаа юм шиг харагдсан ч гэнэт чиглээд ирэх шиг болсон тэгээд мэдэхгүй байна гэж хэлсэн.

Тэр гудамжинд нэг залуу ослыг хараад хүүхэд мөргөчихлөө ш дээ автомашиндаа суулгаад ядаж аав, ээжид нь хүргэж өгөөч гээд тэр залуу миний хүүг түшиж автомашинд суулгаж өгсөн гэж дүү нь хэлсэн. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэгт очиход шүүгдэгч тоосон шинжгүй утасаа оролдоод суугаад байсан. Миний хүүг яаж байгаад мөргөчихсөн юм бэ гэж асуухад өөрөө л автомашины урдуур ороод мөргүүлчихсэн, би харин ч эмнэлэгт хүргэж өгсөн. Би орхиод явсан бол яах юм бэ гэж хариулсан.

Би өвчтэй ээжийгээ асардаг гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Хохирогч миний том хүү ээжийнхээ ганц туслагч. Шүүгдэгч гэмтлийн эмнэлэгт шаардлагатай эм тариаг авч өгсөн. Рентген зураг авхуулахад гарны үений өсөлтийн zone рүү орсон хугаралтай гэж эмч хэлсэн. Шүүх эмнэлэг MRI, дүрслэл оношилгоо, томограф зэрэг шаардлагатай бүх зураг шинжилгээг өгч 3 дахь өдөр авч ирээрэй гэсэн. Би 1 дэх өдрийн орой хувийн эмнэлэгт MRI, дүрслэл оношилгоо өгөх цаг аваад шүүгдэгч рүү залгахад өөдөөс надад мөнгө байхгүй, боломж алга, өөрсдөө авхуул гэж намайг загнасан. Би ахаараа шүүгдэгч рүү залгуулж байж үүрийн 5 цагт Гэмтлийн эмнэлгийн урд байрлах хувийн эмнэлэгт MRI, дүрслэл оношилгоо хүүхдэд хөнгөлөлттэй үнээр 290,000 төгрөгөөр хийлгэсэн. Нэг удаа шинэ Гэмтлийн эмнэлэг рүү нөхөртэй нь хамт явснаас хойш нэг ч удаа холбогдоогүй. Би шүүгдэгчтэй холбогдох гэж зөндөө залгасан ч холбогдож чадаагүй. Манай өмгөөлөгчтэй ярь би гаргах юмаа гаргасан, надтай дахиж ярих шаардлагагүй гээд утсаа тасалсан. Өмгөөлөгч рүү нь зөндөө залгасан ч холбогдож чадаагүй. Өмгөөлөгч нь нэг удаа өөрөө залгаж Урт цагааны хавьд уулзахаар тохиролцсон ч миний ээжийн бие муудаад яаралтай ажилтай болоод би очиж чадаагүй. Дараа нь өмгөөлөгч рүү нь залгахад шүүх хуралтай гээд уулзаж чадахгүй гэж хэлсэн” гэв.

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 5-6 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-11 дэх тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 65,70 дахь тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийн 00:12:27 секундэд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаа Nissan X trail маркийн тээврийн хэрэгсэл Гандангийн хаалгаар гарч явж байгаа явган зорчигчийг мөргөх ба тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүйгээр цааш явж хяналтын камерын тусгалаас гарч байгаа харагдсан. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 66 дахь тал/

“...Бичлэгийн 30:21 секундэд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байгаа Nissan X trail маркийн тээврийн хэрэгслийн жолооч Гандангийн хаалгаар гарч явж байгаа явган зорчигчийг зүүн урд хэсгээрээ мөргөн унагаж тээврийн хэрэгслээ зогсоож байгаа харагдана. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 71-72 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн “... Би зам тээврийн ослын талаар тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна, зам тээврийн осол болсон гэдгийг л мэдэж байгаа. Гэхдээ хүүхдээсээ асуухад надад хэлэхдээ тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй нэг мэдэхэд юм мөргөх шиг болсон. Би Гандангийн хашаанаас гарахдаа зүүн гар тал руугаа харахад автомашин зогсож байгаа харагдсан. Тэгээд зам хөндлөн гарах үед ирээд мөргөсөн. Тэгээд жолооч нь бууж ирээд эмнэлэг явах уу гэхээр нь би айсандаа би зүгээрээ гэртээ харья гээд гэр лүүгээ явна гэж хэлсэн байсан.

Манай хүү Г.Т-гийн биеийн байдал одоогоор хэвтрийн байдалтай байгаа. Эмч хэлэхдээ доод тал нь 1 сарын хугацаанд хэвтрийн дэглэм сахиарай гэж хэлсэн.

Гэмтлийн эмнэлэгт анх үзүүлсэн. Өөр эмнэлэгт хэвтсэн. Үзүүлсэн зүйл байхгүй. Ослын улмаас зүүн гарын шуу, баруун хөлийн шаант хэсгээр хугарсан.

Би маш их гомдолтой байна. Би хүүхдийнхээ эмчилгээний төлбөр зардал болон хүүхдээ харсан хугацааны өөрийн цалин зэргийг нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т- нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 205,000 төгрөг гарсныг яллагдагч Б.А-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14340 дугаартай:

“...1. Г.Т-гийн биед зүүн шуу, баруун шаант ясны хугарал, урд чагтан холбоос суналт, тойгны дотор даруулга, даруулга холбоос суналт, тойгны шаанттай бэхлэгдэх холбоосын уналт, баруун гуяны гадна өргөн булчингийн диастал хэсэгт байрлалтай булчингийн урагдал суналт, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 23-24 дэх тал/

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 39902398 дугаартай шинжээчийн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 29-33 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1366 дугаартай “...Жолооч Б.А- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”

12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.Т- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 37-38 дахь тал/

 

Б.А-ын яллагдагчаар өгсөн “... Би тухайн үед явган зорчигчийг замын хажууд байхыг нь хараад тоормос гишгэсэн. Тэгэхэд автомашин гулгасан юм. Тухайн үед тэр хүүхдийн өмнө 2 хүн гарсан юм. Нэг усны тэрэгтэй хүүхэд гарсныг нь би харсан.

... Тухайн үед ослын дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд ээжийг нь гэрээс нь аваад очиж үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бичиж өгсөн эм, тос, өвдөгний хамгаалалт, гарны сойлт зэргийг ойролцоогоор 600,000 төгрөгөөр авч өгсөн. Дараа нь MRI, томограф шинжилгээг 700,000 төгрөгөөр үзүүлсэн. Дараа нь манай нөхөртэй цуг явж байхдаа бас эм тариа авхуулсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.А- нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо Төв Гандангийн зүүн замд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Nissan X trail маркийн **-** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Г.Т-г /13 нас 8 сар 6 хоногтой/ мөргөж биед нь зүүн шуу, баруун шаант ясны хугарал, урд чагтан холбоос суналт, тойгны дотор даруулга, даруулга холбоос суналт, тойгны шаанттай бэхлэгдэх холбоосын уналт, баруун гуяны гадна өргөн булчингийн диастал хэсэгт байрлалтай булчингийн урагдал суналт, зүүн алганд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.А- нь Nissan X trail маркийн **-** УБТ улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй буюу явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Т-г /13 нас 8 сар 6 хоногтой/ мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч Г.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14340 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 175,540 төгрөгийг шүүгдэгч Б.А- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад хүлээлгэн өгсөн талаарх баримтыг гарган өгөв.

Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “Сэтгэцэд учирсан хор уршигт холбогдох журамд заасны дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар хүснэгтээр зэрэглэлийг тогтоож” хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хүлээн зөвшөөөрсөн байх тул шүүгдэгч Б.А-аас Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,150,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 205,000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А түүний өмгөөлөгч Г.Золжаргал нараас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гараагүй болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал                 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***-ийнА-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А-ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.А-аас 7,150,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад олгож, Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.А-аас 205,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ