| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2021/00442/И |
| Дугаар | 130/ШШ2021/00531 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2021/00531
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М , хариуцагч байгууллагын төлөөлөгч З , хариуцагч байгууллагын өмгөөлөгч А , гэрч Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ц ийн санхүүгээс хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны өлгүүр 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөг мөн ажлын 13 хоногийн цалин болох 484000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О миний бие хүүхдийн цэцэрлэгийн багш мэргэжилтэй бөгөөд Ц т шинээр нэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилогдон ажиллахаар аймгийн Засаг даргын өгсөн чиглэл, тус цэцэрлэгийн эрхлэгч З ийн санал болгосноор хөдөлмөрийн гэрээ байгуулахаар очиход тус цэцэрлэгийн эрхлэгч З нь шинээр нэгдсэн бүлгийн эд хогшлыг хувиасаа мөнгө төгрөг гаргаж тохижуулан ажиллавал сүүлд цэцэрлэгийн төсвөөс нөхөн олгоно гэж тохиролцсон юм. Нэхэмжлэгч О миний бие багшийн ажилд томилогдохын тулд эрхлэгч З ийн шаардлагыг биелүүлж тус цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлгийг тохижуулахад зориулж туслах багшаар томилогдох гэж байгаа хүний хамт шалны хивс, аяга, сав суулга, хөнжил, гудас, ор хөнжлийн давуу, хоолны ширээ 2 ширхэг,15 ширхэг хүүхдийн сандал, 4 төрлийн шүүгээ тавиур, палантай суултуур, угаагуур, үзүүлэн таниулах материал зэрэг 1806010 (нэг сая найман зуун зургаан мянган арван) төгрөгийн эд зүйлийг хувиасаа гаргаж тухайн цэцэрлэгт орлогод авхуулсан юм. Мөн тус цэцэрлэгт нийт 18 хоног ажлын цагийг бүртгүүлэн ажиллаж, цэцэрлэгийн өрөө тасалгаа, анги танхимыг тохижуулан ажиллаж, сургалт хүмүүжил явуулж байрны бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа билээ. Гэтэл бүх зүйл бэлэн болсны эцэст Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл олгоогүй гэх үндэслэлээр намайг болон туслах багшийг ажилд томилоогүй учраас О миний бие тус цэцэрлэгт хувиасаа худалдан авч өгсөн эд зүйлийн үнэ болон ажилласны хөлсийг нэхэмжилсэн боловч эд зүйлийн заримыг буцаан өгч, одоо үлдсэн зарим эд зүйлийн үнэ болох 836400 төгрөг, миний ажлын хөлс болох 18 хоног (ажлын 13 хоног)-ийн цалин хөлс болох 484000 төгрөгийг өгөхгүй байна. Цалин хөлсийг Засгийн газрын тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албан тушаалын ангиллын сүлжээний дагуу нэхэмжилж байна. Иймд шүүхээс хүсэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Ц ийн санхүүгээс худалдан авч өгсөн эд хөрөнгийн үнээс үлдсэн 836400 төгрөг, тухайн цэцэрлэгийг тохижуулж ажилласан 18 хоног (ажлын 13 хоног)-ийн цалин хөлс болох 484000 төгрөгийн хамт гаргуулан өгч О миний хохирлыг арилгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын эхээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгт шинээр бүлэг нэмж гаргах тухай шийдвэр гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг дарга Г аас Ц цэцэрлэгт шинээр бүлэг нэмэгдүүлсэнтэй холбоотой нэг багш, нэг туслах багш ажиллуулах тухай албан тоот бичиж өгсний дагуу тус цэцэрлэгийн эрхлэгч З тэй уулзсан. Эрхлэгч З нь албан бичгийг хүлээж аваад хэрэгжүүлэх боломжтой гээд өөрийн болон нягтлан бодогчийн өрөөг суллаж өгсөн.
Эхлээд Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг явуулж дараа нь хичээлийн танхимыг тохижуулж авсан тохиолдолд бүлгийг ажиллуулна гэсэн хариу өгсөн. Ийнхүү бид 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хичээлийн танхимын 1800000 төгрөгийн эд хогшлуудыг цуглуулж, цэцэрлэгийн 2 өрөөнд авчирч тавиад бэлтгэсэн. Үүнд шкаф шүүгээ, ширээ сандал, 2 ширхэг хүүхдийн суултуур зэрэг хэрэгцээт тавилгуудыг авчирч тавьсны дараа амралтын өдрүүдэд буюу 2020 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд О ыг дуудаж аваад цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг цахим системд бүртгэж оруулаарай гэсэн. Ийнхүү 1 дэх өдрөөс эхлээд буюу 2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд айлуудаар явж хүүхэд цуглуулж 2020 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 2 өдөр 10 гаруй хүүхдэд хичээл орсон. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр О нь жирэмсэн байсан учраас миний бие машинаар хүргэж өгөхдөө эрхлэгч З нь Мэргэжлийн хяналтын газраас хариу ирээгүй тул түр амраад гэртээ байж байгаарай, тус газраас шийдвэр ирсний дараа өөрөө дуудна гэж явуулсан.
Дараа нь тэр хэвээрээ дахиж ажилд дуудаагүй юм. Сүүлд би хариу лавлахаар Мэргэжлийн хяналтын газарт очихдоо дүгнэлт гаргаагүй гэсэн хариу өгсөн.Иймд О ы 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 18 хоног, ажлын 13 хоногт тус цэцэрлэгт ажлын цагаа бүртгүүлж ажилласан. Мөн 1.800.000 төгрөгийн үнэтэй эд хогшлоос угаалтуур, суултуурын үнэ болох 500,000 төгрөгийг тус цэцэрлэгээс буцаагаад шилжүүлэн өгсөн. Ингэхдээ угаалтуур, суултуурыг цэцэрлэг авч үлдэнэ гээд мөнгийг нь буцаагаад өгч бусад эд зүйлсийг өөрсдөө буцаагаад аваад яваарай гэж шаардсан. Учир нь Мэргэжлийн хяналтын газраас анги бүлэг нэмж ажиллуулж болохгүй гэсэн хариу ирсэн тул О ыг ажиллуулах боломжгүй гэсэн. Бидний авч өгсөн зүйлүүд дандаа хүүхдийн зориулалттай байсан тул бид хэрэглэх боломжгүй. Бидний авсан хүүхдийн зориулалттай аяга таваг, ширээ сандал, ариун цэврийн тавиур, хувцасны тавиур зэргийг хэрэглэх хүүхэд байхгүй учраас эдгээр зүйлсийг өөрсдөө нөөцдөө хадгалаад миний мөнгийг буцаагаад өгөөрэй гэж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
Одоо хариуцагчаас 315000 төгрөгийн үнэтэй 9 метр хивсэнцэр, хувцасны тавиур 1 ширхэг 60000 төгрөгийн үнэтэй, хоолны ширээ 2 ширхэг нэг бүрийн үнэ 46000 төгрөгийн үнэтэй нийт 92000 төгрөг, ариун цэврийн өрөөний тавиур 56000 төгрөгийн үнэтэй, аяга 15 ширхэг 10500 төгрөгийн үнэтэй, таваг 30 ширхэг 36000 төгрөгийн үнэтэй, халбага 15 ширхэг 6700 төгрөгийн үнэтэй, хөнжлийн даавуу 10 ширхэг 162200 төгрөгийн үнэтэй нийт 8 төрлийн эд зүйлсийн үнэ 738400 төгрөгийг нэхэмжилж байна. Назгүлийн аваад явсан юмсыг нэхэмжлэгчээс хасаж шаардлагаа багасгаж байгаа. О ыг 13 хоног үндэслэлгүй ажиллуулсан бөгөөд ямар нэгэн цалин хөлс олгоогүй. Засгийн газраас баталсан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээгээр цэцэрлэгийн үндсэн багш анх ажилд орох үедээ сарын 818000 төгрөг цалин авах ёстой юм байна. Энэ мөнгийг ажлын 22 хоногт хуваагаад гарсан дүнг О ы ажилласан 13 хоногоор үржүүлж 484000 төгрөгийн цалинг нэхэмжилж байна гэв.
Ц ийн эрхлэгч З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай З нь Өлгий сумын 2 дугаар багийн иргэн О ы сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Орон нутгийн болон Улсын их хурлын сонгуулийн үед аймгийн Засаг даргын Тамгын газраас танай цэцэрлэгийн орон тоог нэмж өгнө, нэг бүлэг нээж ажиллуулах шаардлагатай гэсэн билээ. Тэгээд би цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд бүлэг нэмж ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Аймгийн удирдлагууд дахин дахин шахаж шаардахаар нь өөрийнхөө албаны өрөө болон ня-бо, нярав нарын өрөөг суллаж өгсөн юм. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бүлэг нээж ажиллуулах зөвшөөрөл, дүгнэлт гаргаж өгөх талаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 18 дугаар албан бичиг хүргүүлсэн юм. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний явуулсан албан тоотын хариуг өгч, байцаагчийн дүгнэлт ирүүлсэн юм. Би тухайн үед О нарт байцаагчийн дүгнэлт зэргийг амаар танилцуулж бүлэг нэмж ажиллуулахыг зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Би хүчээр эд хогшил авхуулсан асуудал байхгүй. Өөрсдөө санаачилж авч ирсэн билээ. Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөхгүй гэдгийг дахин дахин сануулсаар байхад аймгаас зөвшөөрүүлэн гэсэн тийм учраас бид ангийн ширээ сандал эд хогшлыг өөрсдөө авчирч тавьж байна гэсэн. Аймгийн МХГ-аас зөвшөөрөл олгоогүй учир О ыг албан тушаалд томилох тухай тушаал гаргаагүй, цагийг бүртгээгүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй юм. Надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй юм. Харин О авч ирсэн эд хогшлын заримыг өөрөө авсан байгаа. Үүнд: 1.Хүүхдийн угаагуур, суултуурын үнэ болох 500.000 төгрөгийг О ы нэрийн дансанд шилжүүлсэн. 2. Хүүхдийн сандал 15ш, пивар хувин 1 ширхэг, данх 1ширхэг, палантай түмпэн 1 ширхэг, хөнжлийн шкаф 1 ширхэг, палантай хувин 1 ширхэг зэргийг Н авсан. Үлдсэн хөрөнгийг авахыг шаардсан боловч өөрсдөө авахгүй байгаа ба эд хөрөнгүүдийг авах юм бол бэлэн байгаа. Орлогод аваагүй, хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй юм. Мөн 13 хоногийн цалин олгох боломжгүй. Яагаад гэвэл тушаал гаргаагүй тул цалин олгохгүй юм. Цэцэрлэгийн нэг бүлгийг тохижуулан ажиллуулах талаар би ямар нэгэн гэрээ хийгээгүй хөлс өгнө гэж амлаж байгаагүй юм. Иймд О ы сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ц ийн эрхлэгч З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сард Аймгийн Засаг дарга, Боловсрол соёлын газрын дарга З ш нар ирж танай цэцэрлэгт бүлэг нэмж ажиллуулна гэхээр нь орон байрны боломжгүй учир бүлэг нэмэх боломжгүй гэсэн хариугаа өгсөн юм. Тэгэхдээ З дарга бусад цэцэрлэгүүдийн эрхлэгч нар өөрсдийн өрөөгөө суллаж өгч нэмж өгч байна тиймээс чи ч өрөөгөө суллаад өг гээд шаардсан тул аргагүйн эрхэнд өрөөгөө суллаж өгөөд бүлэг нэмэхээр тохирсон. О д анх энэ нь хуурамч юм байна, жилийн эцэс болж байна, аль хэдийн 2020 оны төсвийг баталж өгсөн учраас дахин төсөв нэмж өгөхгүй, иймээс жил гараад цалингүй болон гэдгийг сануулсан боловч нэхэмжлэгч О нь анги танхимаа өөрсдөө тохижуулаад ажиллаад байя гэхээр нь Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл гарах хүртэл ажилд томилсон тушаал гаргахгүй гэж сануулаад хэлсэн. Тэгсэн чинь нэхэмжлэгч талаас өөрсдөө Мэргэжлийн хяналтын газар болон аймгийн удирдлагуудад уламжилж зөвшөөрлөө авна гэсэн. Энэ хугацаанд О нь манай цэцэрлэгт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд цагийн бүртгэлд ороогүй юм. Цагийн бүртгэл гээд байгаа баримт нь хуурамч байна, 2016 оноос манай байгууллагын цагийн бүртгэлийг үйлчлэгч нар хөтлөөд явуулдаг. О нас нь тохирохгүй, сумын харьяалал нь өөр хүүхдүүдийг программд хуурамчаар оруулсан байна. Зөвхөн хүүхдүүдийг бүртгэлд оруулсан болохоос биш, манай байгууллага түүнийг ажиллуулаагүй. Боловсролын статистик мэдээллийн сангаас харахад Улаанхус, Сагсай сумын харьяалалтай хүүхдүүдийг бүртгэж авсан байна. Тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй хүнд цалин олгох боломжгүй. Зөвшөөрөл олгоогүй байхдаа дур мэдэн тушаал гаргах эрх хэмжээ надад байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ийн эрхлэгч З д холбогдуулан тус цэцэрлэгийн санхүүгээс худалдан авч өгсөн эд хөрөнгийн үнээс үлдсэн 836400 төгрөг, тухайн цэцэрлэгийг тохижуулж ажилласан ажлын 13 хоногийн цалин болох 484000 төгрөгийн хамт гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл шаардлага гаргажээ.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч О ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М аас нэхэмжлэлийн шаардлагаа тордуулан багасгаж тус цэцэрлэгийн санхүүгээс хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны өлгүүр 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөг мөн ажлын 13 хоногийн цалин болох 484000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэнийг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэг: Тус цэцэрлэгийн санхүүгээс ажлын 13 хоног ажилласан цалин болох 484000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хариуцагч Ц цэцэрлэгийн эрхлэгч З ээс би нэхэмжлэгч О ы албан тушаалд томилох тушаал гаргаагүй, цагийг бүртгээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул цалин олгох боломжгүй гэж маргажээ.
1.1 Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/679 дугаартай захирамжийн нэг дэх заалтаар Ц цэцэрлэгийн бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталж, хоёр дахь заалтаар батлагдсан бүтэц, орон тоог баримтлан төсөвт багтаан үйл ажиллагаа явуулахыг цэцэрлэгийн эрхлэгч З д даалгаж, 3 дахь заалтаар Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс , Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар нарт тус тус даалгаж, дөрөв дэх заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны А/260 дугаар захирамжийг хүчингүй болсон байна.
Уг захирамжаар Баян-Өлгий аймгийн Ц цэцэрлэгт 2020 оны бүтэц орон тоонд нэг бүлэг нэмж өгснөөр тус цэцэрлэгийн эрхлэгч З ээс нэхэмжлэгч О ыг багшийн ажилд томилсон тушаал эрхийн акт гаргаагүй байгаа хэдий боловч өөрийнхөө албаны болон ня-бо, нярав нарын өрөөг суллаж өгч, уг өрөөндөө нэхэмжлэгч О нь хүүхэд цуглуулж хоёроос гурав хоног хичээл явуулсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр тус цэцэрлэгт нярваар ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан Х н шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “...О нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүтэн ажиллаж байсан. Эрхлэгчээс цагийн бүртгэлд бүртгээрэй гэсэн чиглэл өгсний дагуу О ы цагийг бүртгэсэн. Тухайн үед шинээр бүлэг нэмж өгсөн. Уг бүлэг дээр ажиллах багш нар гэсэн. Бид өрөөгөө суллаж өгөөд, ажилчдын дансанд бүртгэсэн. Хүүхдүүдэд хичээл орно гээд хүүхэд цуглуулж байсан....” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч О нь Өлгий сумын 15 дугаар цэцэрлэгт ажилласан болох нь тогтоогдлоо.
1.2. Улмаар ажил олгогчоос 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар”-т хандаж “тус цэцэрлэг нь 3 бүлэг 75 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/679 дугаартай захирамжаар тус цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчлэн баталж, шинээр бүлэг нэмж өгсөн тул эрхлэгчийн болон ня-бо-гийн өрөөг суллаж өгсөн бөгөөд үүнтэй холбогдуулан МХГ-аас дүгнэлт гаргуулах тухай” 18 дугаар албан бичиг хүргүүлснээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д ээс 01/493 дугаар албан бичгээр “ ...тус цэцэрлэг нь одоогийн байдлаар хөгжим, биеийн тамирын зориулалттай өрөөг зориулалтыг өөрчилж 3 бүлэг 75 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь эрүүл ахуйн норм хэмжээнээс хэтэрсэн хүүхэд хамруулсан, дахин нэг бүлэг нэмж ажиллуулахаар бэлтгэсэн өрөөнүүд нь бүлгийн зориулалтын бус, хүүхэд хүлээн авах өрөөгүй, хооллох, тоглох өрөө нэг дор,...цаашид бүлэг нэмж ажиллуулах боломжгүй ...” гэж хариу өгснөөр хариуцагч Ц цэцэрлэгийн эрхлэгч З ээс тус цэцэрлэгт шинээр бүлэг нэмж ажиллуулах боломжгүй нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч О ыг ажиллуулаагүй явуулсан байжээ.
1.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж зааснаас үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон үүрэг бөгөөд энэхүү үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй болно.
Харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд томилох тухай эрхийн акт гараагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил үзэх тул нэхэмжлэгч О ыг тус цэцэрлэгт багшийн ажилд томилох тухай ажил олгогчоос эрхийн акт гаргаагүй байгаа хэдий боловч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан ажлын 13 хоногийн цалингаа Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
1.4 Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд нь энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч О аас Ц цэцэрлэгт 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх ажлын 13 хоногийн цалингаа эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд ажил олгогчоос цалингаа олгохгүй гэдгийг мэдсэнээс хойш 3 /гурван/ сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхийг хуулиар олгосон байхад энэ эрхээ эдлэхгүйгээр 6 сар 10 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагаас ажлын 13 хоногийн цалин гэж нэхэмжилсэн 484000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр: Тус цэцэрлэгийн санхүүгээс хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны өлгүүр 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
2.1 Ажил олгогч буюу хариуцагч Ц цэцэрлэгийн эрхлэгч З ээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/679 дугаартай захирамжаар тус цэцэрлэгт нэг бүлэг нэмж өгснөөр өөрийнхөө албаны болон ня-бо, нярав нарын өрөөг суллаж өгсний дагуу О , Н нараас тус цэцэрлэгт эд хогшил авах санхүүжилт байхгүй учраас өөрсдөө санаачилж эд зүйл авч тус өрөөнд тавьж, улмаар хүүхэд цуглуулж хичээл явуулсан байна.
2.2 Хариуцагчаас би тухайн эд зүйлийг авхуулаагүй өөрсдөө сайн дураар худалдаж авчирч тавьсан, тус цэцэрлэгийн орлогодоо аваагүй гэж маргаж байгаа боловч О , Н нарын худалдаж авсан хүүхдийн угаагуур 2 ширхэг, хүүхдийн суултуур 2 ширхэг, хивсэнцэр 9 метр, хоолны ширээ 2 ширхэг, хөнжлийн шкаф 1ширхэг, хувцасны тавиур 1 ширхэг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг, цайны аяга 15 ширхэг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг, халбага 15 ширхэг, хөнжил давуу 10 ширхэг, хүүхдийн сандал 15 ширхэг, палантай хувин 10ширхэг, палантай хувин 1 ширхэг, палантай түмпэн 1 ширхэг, палантай данх 1 ширхэг, пивер хувин 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг тус цэцэрлэгийн нярваас орлогодоо авсан болох нь нярваар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Х н шүүх хуралдаанд гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлгээр мөн тус цэцэрлэгээс нэхэмжлэгч О д угаагуур 2 ширхэг, хүүхдийн суултуур 2 ширхэг үнэ гэж 500.000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа тул ажил олгогчоос орлогодоо авах эрхийн акт гаргаагүй асуудалд нэхэмжлэгч О буруугүй гэж шүүх үзлээ.
Харин дээрх эд хөрөнгөөс зарим эд зүйлийг О болон Н нар нь өөрсдөө авсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд хөрөнгө нь тус цэцэрлэгт байгаа талаар маргаагүй бөгөөд одоо үлдсэн хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны өлгүүр 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөгийг хариуцагч байгууллагын санхүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд хөрөнгийн үнийг анх тус цэцэрлэгийн нярваас орлогод авсан орлогын №185 дугаартай баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэг бүрчлэн гаргасан үнэлгээг үндэслэл болгов.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Ц ийн санхүүгээс хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны өлгүүр 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 484000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын санхүүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 738400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц ийн санхүүгээс хивсэнцэр 9 метр буюу 315000 төгрөг, хувцасны тавиур 1 ширхэг буюу 60000 төгрөг, хоолны ширээ 2 ширхэг буюу 92000 төгрөг, ариун цэврийн хэрэглээний тавиур 1 ширхэг буюу 56000 төгрөг, цайны аяга 15 ширхэг буюу 10500 төгрөг, 1 болон 2 дугаар хоолны таваг 30 ширхэг буюу 36000 төгрөг, халбага 15 ширхэг буюу 6700 төгрөг, хөнжил давуу 10 ширхэг буюу 162200 төгрөг зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 738400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 484000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 22272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж
.