Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2021/00552

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б /онлайнаар/, хариуцагч М , түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: М аас барааны захиалга болгон өгсөн 205,051,360 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх М тай хамт маскийн ажлаа эхлүүлэхээр 2020 оны эхээр аман байдлаар тохиролцсон. Хамгийн анх 100000 ширхэг маскийн үнэ болох 58 сая төгрөгийг М  болон түүний хэлсний дагуу түүний ах гэх Турк улсад оршин суух Е ын дансанд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Ингэхдээ Е ын дансанд 26.000.000 төгрөг, өөрийнхөө “А ” ХХК-ийн дансаар 25.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Энэ талаар аман байдлаар тохиролцсон байсан. Үүний   М ай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд WhatsApp дээр харилцан ярилцаж байсан харилцан яриа, зурвасууд нотолж байна. Энэ харилцан ярианаас М  надаас компанийн тухай болон захиалгатай холбоотой мэдээллүүдийг асууж, бид хоёр маскийн үнэ, төлбөрийн талаар ярилцаж байсныг харж болно.

 Дараагийн захиалгын мөнгийг өөрийнхөө “А ” ХХК-ийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М ын дансанд 30.000.000 төгрөг, М ын хэлсний дагуу үйлдвэрлэл хариуцаж байсан Турк улсад оршин суух Е ын дансанд 265000000 төгрөг, нийтдээ 353000000 төгрөг шилжүүлсэн. Би Е ыг огт таньдаггүй байсан. Учир нь энэ ажлын талаар анх зөвхөн М тай ярилцаж, тохиролцож байсан. Дараа нь М ын хэлсний дагуу түүний ах гэх Е т мөнгө шилжүүлсэн юм. Үүний дараа М  2020 оны 02 дугаар сарын 26-нд М , Е  бид гурвыг оруулан WhatsApp дээр групп чат нээсэн.

Анх WhatsApp зөвхөн М ай масктай холбоотой асуудлуудаар ярилцаж байсан. Дараа нь масктай холбоотой сертификатуудын талаар асуухад М  групп чатыг нээсэн юм. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр групп чатыг нээснээр Е той шууд харилцах боломжтой болсон. Үйлдвэрийн асуудлыг Е  хариуцаж байсны хувьд үйлдвэртэй холбоотой бичиг баримтуудыг групп чатаар Е оос асууж байсан. Маскийг биет байдлаар авхуулахын тулд бүрдүүлэх бичиг баримтуудыг Е оос асууж авах шаардлага бий болсон тул анх  групп чатыг нээсэн.

Энэ групп чатад бичигдсэн бичилтүүдээс бүх юм тодорхой харагдана. М  бол Б нь захиалгыг Е т өгсөн, би энэ асуудалд хамааралгүй гэж маргаж байна. Анх масктай холбоотой асуудлаар М  нь ярилцахын тулд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр чатыг өөрөө үүсгэсэн. Дараа нь Е той ярилцахын тулд групп чат нээж харилцан яриагаа өргөжүүлсэн. Анх би өөрийнхөө “А ” ХХК-ийн нэр дээр маскийн захиалгаа М  өгсөн, шууд Е т захиалгаа өгөөгүй. Учир нь би урьд өмнө Е ыг огт таньдаггүй байсан. М ын Е ын дансанд мөнгөө шилжүүлээрэй гээд Фейсбүүк мессенжерээр түүний дансны дугаарыг дэлгэцийн зураг аваад явуулсан байсан. Үүнийг шүүхэд  баталгаажуулж  өгсөн. Би анх маскийн захиалгаа М  өгч барааг өөрөө хүлээн авсан. Е  зөвхөн Турк улсад оршин суудаг үйлдвэрийг хариуцдаг хүн байсан юм. М тай энэ ажлыг 7 хоногийн дотор хийж дуусгахаар тохиролцсон.

Учир нь уг маскийг М аас аваад Монос Улаанбаатар ХХК-нд нийлүүлэх ёстой байсан. Энэхүү ажлыг эхлэхдээ мөнгө төгрөгийг миний “А ”ХХК нь Монос Улаанбаатар ХХК-тай гэрээтэй байсан тул уг гэрээг үндэслэж тус компаниас захиалга маскийн үнийг 100% авч, тус компаниас “А ” ХХК-д 325.000.000 төгрөг шилжиж ирэхдээ уг мөнгөнөөс ашиг гэж М -т 30.000.000 төгрөг, өөрийн данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлж авч үлдсэн мөнгийг “А ”ХХК-ний нэр дээр М ын хэлсэн Е ын данс руу 265.000.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Ер нь би захиалгыг М  өгөхдөө М  нь дамжуулаад Е т захиалга өгсөн юм байна. Миний бодлоор Е  нь энэ харилцаанд үйлдвэрлэлийг хариуцаж байсан хүн болж таараад байна. Эхэндээ 7 хоногийн дотор нийлүүлэхээр тохирсон боловч захиалгын хугацаа хэтэрч эхэлсэн. Нөгөө талаас би “Монос Улаанбаатар” ХХК-тай гэрээтэй байсан учраас тус компани нь надаас бараагаа хугацаандаа нийлүүлэхийг шаардаж байсан юм. Ингээд явсаар байгаад бид гурав групп чат дээр дараах тохиролцоонд хүрсэн. Үүнд үлдэгдэл мөнгийг Е  үйлдвэрүүдээс буцааж аваад надад шилжүүлэхээр болж тохиролцсон. Би 2020 оны 3 дугаар сарын байдлаар 142948640 төгрөгийн барааг хүлээж авсан. Дараа нь М  надад өөрөө 5000000 /таван сая/ төгрөг, Е оос 1000000 төгрөг авч өгч буцаагаад өгсөн.

Ингээд үлдэгдэл 2 05.0513.60 төгрөг авагдаагүй үлдсэн байгаа. Энэ мөнгөө авахын тулд WhatsApp групп чатад гуйсан, шаардсан, уурласан агуулгатай төрөл бүрийн зурвас бичиж байсан. Дараа нь 2020 оны 05-06 дугаар сарын үед эхээр М  надад утсаар холбогдоод Е  нас барсан тухай хэлсэн. Ингэхдээ би үүнд эхэндээ итгээгүй байсан. Е  үүнээс хойш групп чат дээр ямар нэгэн мессеж бичээгүй юм. М ай үлдэгдэл мөнгөний асуудлаар ярьж, уулзах гэсэн боловч энд хүн нас барсан, эцэг эх нь хүнд байдалтай байна, 40 хоногийн буяны ажил болох гэж байна гээд уурлзаж, зайлсхийж байсан. Дараа нь бүр утсаа ч авахаа больж, хариу өгөхгүй таг чиг алга болсон. Групп чат дээр Е т хандаад чамаас болоод М  асуудалд орохоор боллоо, хуулийн дагуу арга авагдана шүү гээд удаа дараа сануулаад хэлсэн. Тэгэхэд М  нь надад буруу байхгүй, та захилгаа шууд өгөөд бараагаа авч байсан гэж байсан. Иймд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх 2 дугаар сард 29950 ширхэг маскийг нэг бүрийн үнийг 530 төгрөгөөр тооцоод 15.873.500 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь Чингис хаан нисэх онгоцны буудлын каргоноос хүлээж авсан 112198 ширхэг маскийн 100000 ширхгийг нэг бүрийн үнийг 510 төгрөгөөр 51.000.000 төгрөг үлдсэн 12198 ширхэг маскийг нэг бүрийн үнийг 530 төгрөгөөр 6.464.940 төгрөгөөр тус тус тооцоод нийтдээ 57464940 төгрөгөөр худалдаж авсан.

Үүний дараа дахин Чингис хаан нисэх онгоцны буудлын каргоноос 131340 ширхэг маскийг нэг бүрийг нь 530 төгрөгөөр үнэлээд 69.610.200 төгрөгийн маскийг хүлээж авсан. Ингээд нийлбэр дүнгээр 142.948.640 (57.464.940+69.610.200) төгрөгийн маскийг Чингис хаан олон улсын нисэх буудлын каргоноос хүлээж авсан. Эхний маскийн захиалгаас дутуу ирснийг дараагийн маскийн захиалгаас тооцож, дараагийн захиалгаас дутсантай нийлээд нийт 326512 ширхэг маск буюу нэг бүрийг нь 530 төгрөгөөр тооцвол 173.051.360 сая гаруй төгрөгийн маск авагдаагүй үлдсэн болно. 2 дахь захиалгаараа 127075140 төгрөгийн үнэтэй 243538 ширхэг маск авсан. Хүлээж авсан маскууд тоо ёсоороо дутуу байсан. Эхний захиалсан 30000 маскаас 29950 маск ирсэн бөгөөд 50 ширхэг маск дутуу байсан. 2 дахь захиалгаар 250000 ширхэг маск ирэх ёстой байтал 243538 ширхэг маск ирсэн.

Эхний  захиалгаас  М  захиалгын маскийн үнээс гадна урьдчилгаа цалин болгоод 7000000 төгрөг өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 2 дахь захиалгыг хийсний цалин гээд 30000000 төгрөг шилжүүлж, нийтдээ 2 удаагийн үйлдлээр 37000000 төгрөг өгсөн. Маскийн үнэ болон цалин болгоод өгсөн  37000000 төгрөгөөс М  ын өгсөн 5000000 төгрөгийг хасаад 32000000 төгрөгийг нэмж бүгд 205.051360 (32.000.000+173.051.360) төгрөгийг нэхэмжилж байна.

Бодит байдал дээр анхны захилгаа хийхдээ М  бид хоёр хамт банк ороод Е ын данс руу нь мөнгөө шилжүүлсэн юм. Энэхүү эхний захиалгын 15000000 төгрөгийн үнэтэй 29950 ширхэг маск ирэхэд М  бид хоёр хамт очоод нисэх буудлын каргоноос бараагаа хүлээж авсан. М  барааг хүлээж авахдаа хамт байгаагүй гэж байгаа боловч тухайн үед өөрийнхөө дүү нартайгаа, өөрийн машинтайгаа очсон юм. 2 дахь захиалгыг хийх үер М  нь ядраад байна, та өөрөө захиалж  байгаарай гээд Е ын дансны дугаарын зургийг аваад мессенжерээр явуулж байсан. Энэ захиалгын бараа ирэх үед М  эхнэр маань өвдөөд Улаанбаатар ирсэн, та өөрөө очоод авч байгаарай гэхэд нь ганцаараа очоод авч байсан. Учир нь би М ыг өөрийнхөө хуурай дүү гэж үзээд түүнд итгэдэг байсан. WhatsApp групп чат дээр би зөвхөн Е т л дайрдаг байсан. М аас Е  гэдэг хүн ямар учиртай хүн юм вэ, итгэж болох хүн үү гэж асуухдаа та харин ямар бодолтой байгаа юм вэ гээд асууж байсныг дээрх чатаас харж болно. Е ыг урьд өмнө нь таньдаггүй хүн байсан учраас намайг залилан мэхэлж байна гэж хардаад түүнийг Турк улсад оршин суудаг эсэхийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Харин М  нь миний хажууд Улаанбаатарт байсан тул түүнийг хардаагүй. Хажуудаа байгаа хүнийг би хардахгүй. Хол газар байгаа хүнийг хардаад цагдаагийн байгууллагаас асууж байсан. WhatsApp групп чат дээр ч би зөвхөн Е т хандаад асуух зүйлээ асууж байсан. Утасдаж залгаад аль эсвэл WhatsApp-аар, Мессенжерээр захиалгын бараа юу болж байна гэж асуухдаа М  нь би мэдэхгүй, Е ын өөрөөс нь асуугаарай гэж хариулж байсан. Би М ыг хуурай дүүгээ гэж хайрлаад түүнд итгэж байсан. М  ч гэсэн миний оронд байсан бол итгэдэг ахыгаа гээд миний талаар муу юм бодохгүй байх гэж бодож байсан. WhatsApp групп чат дээр би дандаа Е  руу дайрсан агуулгатай мессеж бичдэг байсан. Учир нь би Е  болохгүй байна, тэр л асуудалтай байж магадгүй гэж бодож байсан. WhatsApp групп чат дээр Е  хүртэл та надтай яриарай, надтай гэрээгээ хийгээрэй гэх мэтийн М аас холдуулсан зүйл бичиж байсан. Энэ асуудлыг гол хүн нь М  өөрөө юм. Итгэдэг дүү минь болох М  асуудлыг өөрөөс нь холдуулж, өөрт нь хамааралгүй болгож байгаад би маш их харамсаж байна. Энэ асуудлын улмаас би “Монос Улаанбаатар” ХХК нь өр төлбөртэй болж өөрийнхөө “А ” ХХК-ийг 2020 оны 11 дүгээр сарын эхээр зарж одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч нь болоод явж байна. Мөн Прадо маркийн машинаа, эмийн сангуудаа, бүх өмч хөрөнгөө бусдад зарсан юм. 2020 оны 5 дугаар сараас хойш би М  энэ асуудлын шийдлийг олохын тулд уулзах саналыг олон удаа тавьж байсан боловч М ын зүгээс уулзахаас зайлсхийж, зугтаж байсан. Хэрэв М  өөрөө гэм буруугүй байсан бол эр хүний хувьд надтай уулзах ёстой байсан. Заавал ингээд хууль шүүхээр явах ямар ч шаардлага байхгүй байх байсан гэв.

Хариуцагч М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М нь “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж үзэж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “А ” ХХК нэхэмжлэлдээ би нэг удаагийн амны хаалтыг Турк улсаас их хэмжээгээр авхуулж өгөхөөр болж харилцан тохиролцсон мэтээр огт үндэслэлгүй зүйл бичсэн байна. Миний бие оюутан байхдаа сургуулийн мэдээллийн самбараас оройн цагаар ажиллах оюутан ажилд авна гэсэн зарын дагуу хариуцагч компанийн эзэн Б гэдэг хүнтэй анх танилцаж түүний эмийн санг ажиллуулж цалин хөлс авдаг байсан. Сургуулиа төгссөний дараа тус аймагт үйл ажиллагаа явуулдаг миний ээжийн үүсгэнэ байгуулсан Дармек  ХХК-ийн эм зүйч, эрхлэгчээр 2014 оноос эхлэн ажилласан. Зарим хэрэгцээтэй эмийг Б ээс худалдаж авдаг байсан. Тэр үед Б нь МОНОС ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер байсан. Тэр утгаараа Б ийг таньдаг болсон. Дэлхий даяр Коронавируст халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан манай улсад амны хаалтын эрэлт хэрэгцээ ихсэж, хангалт муу байсан. 2020 оны 02 дугаар сарын үед Б надтай холбогдож “нэг хятадууд их хэмжээний маск авах захиалга ирүүлээд байна. Чамд их хэмжээний маск тухайлбал 50 сая ширхэг маск олоод өгөх боломж байна уу? гэхээр нь “би судалж үзэж байгаад хэлье” гэж хэлээд наймаа хийдэг танил Е тай ярьж “их хэмжээний маск зарах газар эсхүл хүн мэдэх уу? миний нэг танил маань хятадуудад маск нийлүүлнэ гэж байна” гэхэд Е  надад “боломжтой” гэсэн. Тэгэхээр нь би Б тэй эргэж холбогдоод “боломжтой байна” гэхэд Б нь нөгөө хятадуудтай ярьж байгаад эргээд холбогдъё гэсэн. 2-3 хоногийн дараа Б надтай холбогдож “нөгөө хятадууд худлаа боллоо. Гэхдээ Моносын 100.000 ширхэг маскийн захиалга байна. Хэрвээ 100.000 ширхэг маскийг асуудалгүй нийлүүлж чадвал дахиад 500.000 ширхэг захиална гэж байна” гэж хэлсэн. Би Б ий уг саналыг Е т хэлэхэд “ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд буцаад Б тэй холбогдож Е ын саналыг хэлтэл “яг ийм хэмжээний маск нийлүүлж чадвал, чамайг хоосон үлдээхгүй” гэсэн. Тэгээд Е  болон Б нарыг холбож зуучилж өгснөөр тэд нар хоорондоо маск худалдах-худалдан авах болсон. Маскийн наймааг ил тод болгохын тулд WhatsApp мессенжерээс “маск” групп чат нээж, гурвуулаа харилцдаг байсан. Тэд уг чатыг ашиглаж хоорондоо наймаагаа тохиролцож, мөнгө төгрөгөө шилжүүлснээ, мөн бараа хүлээж авсан тухайгаа бичдэг байсан. Тодруулбал, Е  нь Турк улс талаас маск нийлүүлж, Монгол улс талаас Б өөрөө хил гаалиас маскаа хүлээж авдаг байсан. Миний санаж байгаагаар Е  болон Б нар 2-3 удаа ийм  байдлаар худалдаа хийсэн. Би ч гэсэн Е т 10.000 ширхэг маск захиалж 5.500.000 төгрөг шилжүүлсэн ба энэ маскийг Б ий масктайгаа хамт авахаар болсон. Хамгийн сүүлд Б ээс Е т шилжүүлсэн их хэмжээний мөнгөнд Е  маск бэлдээд Монгол улс руу ачуулах гэж байхад Турк улс талаас карантин тогтоож каргог ачиж явуулахад бэрхшээл үүссэн байсан. Энэ тухай Б , Е  нар уг чатыг ашиглаж энэхүү асуудлыг хэрхэн шийдэх талаар байнга санал солилцдог байсан. Миний бие Б д Е ыг анх зуучлан танилцуулж өгсөн тул наймаанд санаа тавьж хааяа өөрийн санал бодлоо бас хэлдэг байсан. Мөн миний ч гэсэн 10.000 ширхэг маск байсан юм. Сүүлдээ Турк улсын эрх бүхий этгээдээс уг худалдаж авсан маскийг экспортлохын тулд зөвшөөрөл авсан байх шаардлага тавьсан. Е  уг зөвшөөрлийг авч чадахгүй байсан тул Б бид хоёр тэдгээр маскийг тэнд зарж борлуулаад мөнгөө нэн даруй буцаан шилжүүлэхийг хэлж байсан. Маск нь худалдахгүй байна гэж удаан хугацаагаар хүлээлгэсэн, дараагаар нь худалдан авсан компаниуд төлбөрөө өгөхгүй байна гэх зэргээр 7 дугаар сар хүрсэн. Е  нь Б бид хоёрын хэлж шаардсаны дагуу маскуудыг зарж борлуулаад мөнгийг нь бүрэн авсан тул Монгол улс руу шилжүүлэх арга олох гэж мөн удсан. Бага шимтгэлгүй арга хэрэглэн мөнгөө бидэнд буцааж өгөх гэж тал талын аргыг хэрэглэсэн. Тэр бидэнд мөнгөө банкаар дамжуулах гэсэн боловч Монгол улс нь ФАТФ-ын саарал жагсаалтад орсон гэсэн шалтгааны улмаас мөнгө нь буцаагдсан байсан. Б нь Е оос мөнгө авч чадаагүйд надад их гомдож байсан боловч би ч гэсэн хохирогч учраас түүнд байдлыг ойлгуулахыг хичээсээр байсан. Б нь надад холбогдож “байр, машинаа барьцаанд тавьж зээл авсан, МОНОС-ыг өнөө маргаашдаа аргалах мөнгө олоод өгөөч, Е оос мөнгөө авсны дараа буцааж өгнө” гэхээр нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр түүнд 5 сая төгрөг түүнд шилжүүлж байсан. Тэр мөнгийг Туркэд шилжүүлсэн мөнгөө авсны дараа авна гэж өгсөн тул түүнээс буцааж шаардаж чадахгүй байна. Тэгж байтал Е  нас барсан тухай мэдээлэл ирсэн. Энэхүү болсон бүх үйл явц бүгд “маск” гэсэн групп чаатнаас харагдана. Гэтэл “А ” ХХК-ийн эзэн болох Б нь бодит байдлаас шал өөр юм сэтгэж би уг компанийн мөнгийг авчихсан мэтээр нэхэмжлэл гаргасныг хараад харамсаж байна. Өөрөөр хэлбэл миний бие “А ” ХХК-ийн эзэн болох Б д ямар ч өр төлбөргүй юм. Харин Б ээс миний дансанд орсон мөнгөний хувьд Е той огт хамааралгүй. Б нь надтай холбогдож Туркээс маск ирэх хүртэл зарах маск байвал авъя гэж надаас маск авч байсан. Энэ талаар баримт надад бий. Бид хоёрын хооронд өөр ямар нэгэн тооцоо байхгүй. Үүнийг Б өөрөө сайн мэдэж байгаа юм. Иймд “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ нэхэмжлэлийг бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б д надад маск байгаа, та надаас маск аваарай гэж хэлж байгаагүй. Харин Б нь өөрөө маск байна уу гэж асууж байсан. Тухайн үед би Орос, Казахстан улсуудаас 5000-10000 ширхэг маск захиалаад авдаг байсан. Би тэр маскуудаа Улаанбаатар хотод байдаг янз бүрийн эмийн сангуудад нийлүүлдэг байсан. Маскийн үнэ тухайн үед Улаанбаатарт 850-1000 төгрөгийн хооронд байдаг байсан. Тэр үед Б нь  надаас маскуудыг хаанаас авч байгааг асуугаад өөрт нь их хэмжээний маск хэрэгтэй байгаа учраас маск олоод өгөхийг санал болгосон. Хамгийн анх 50.000.000 ширхэг маск нийлүүлэх санал тавьж байсан. Тэгэхдээ би надад маск байхгүй, байж магадгүй хүнтэй нь холбоод өгье гэсэн хариу өгсөн. Е  нь Монголд маскийн эрэлт нэмэгдвэл би маск нийлүүлж чадна гэж хэлж байсан. Би өмнө нь мөнгөний эргэлтдээ тааруулаад Казахстан, Оросоос маск авдаг байсан. Б ий хэлсний дагуу Е т нэг хүнд 50 сая ширхэг маск хэрэгтэй байна гэхэд нийлүүлж болно гэсэн. Тэгээд би зөвхөн Б ий маск авах тухай саналыг Е т дамжуулж өгөөд, маск байгаа эсэхийг л хэлж өгсөн. Сүүлд Б надад маск захиалахдаа түүнд 10000 ширхэг маск нийлүүлж байсан ба тэрээр шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ энэ талаар тодорхой бичсэн юм байна. Б Моност маск хэрэгтэй боллоо, эхний ээлжид 100000 ширхэг маск хэрэгтэй байна гээд Е т мөнгөө шилжүүлээд, маскаа захиалаад, өөрөө Буянт Ухаа нисэх буудлын каргоноос бараагаа хүлээж авсан. Тэр маскийг надад захиалгаагүй юм.

 Хэрвээ маскийг би захиалсан бол захиалагчийн хувьд үйлдвэрлэл хариуцаж байсан Е т мөнгөө би шилжүүлэх ёстой байсан. Миний хамаарал огт байхгүй юман дээр намайг холбож болохгүй. Сүүлд Е т 500000 ширхэг маск захиалахдаа би нэмээд 20000 ширхэг маск захиалсан. Би тэр захиалсан маскаа авч чадаагүй, энэ тохиолдолд би ч хохирогч болж байна. Е ын хууль ёсны өв залгамжлагчид нь 1 жилийн дараа өв нээгдсэнээс хойш алдсан мөнгөө нэхэмжлэх бодолтой байна. Б нь энэ асуудал надад хамааралгүй гэдгийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн Газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан гомдол мэдээлэлдээ тодорхой бичсэн байгаа. Тухайн гомдол мэдээлэлдээ М ын тухай нэг ч юм бичээгүй. Тэрээр энэ мөнгийг Е  руу шилжүүлсэн учраас Е оос нэхэмжилсэн байсан юм.

Групп чатад Е ыг муу хасаг би чамайг шоронд хатаана гэх мэтээр дарамталж байсан нь нотлох баримтаар авагдсан. Сүүлд энэ маск “А ” ХХК-ны хөрөнгө болсон, тиймээс маскуудыг хурдан зарж борлуулаад мөнгийг нь миний данс руу шилжүүл гээд Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны дансыг өгсөн. Е  мөнгө бэлэн боллоо гээд мөнгөө шилжүүлээд, тэр мөнгө нь тодорхой шалтгааны улмаас буцсан асуудал гарч байсан шүү. Е  амьдралын жамаар нас барахад амьд үлдсэн надад энэ мөнгийг чихээд байгаа. Энгийн ухамсраар бодоод үзвэл энэ тохиолдолд Е  нийлүүлэгч, Б захиалагч гэсэн үг. Эхлээд их хэмжээний маргаан болох Б , Монос, Е  нарын маргааныг эцэслээд өгөөрэй гэж хүсмээр байна. Энэ маргааныг шийдвэрлэсний дараа миний авч чадаагүй 10000 ширхэг маскийн асуудал шийдэгдэх байх. Би өөрөө Е  болон Б хоёрыг холбож өгсөндөө харамсаж байна. Е т чатаар Б ий мөнгийг буцааж өгөөрэй гэж олон удаа хэлж байсан. Тустай 10000 ширхэг маск нийлүүлсэн бөгөөд дараа нь мөнгөний хэрэгцээ гарлаа гэнгүүт нь өөрийнхөө дансанд байсан 5000000 төгрөгийг танил хүний хувьд өгч байсан юм. Энэ тохиолдолд хохирогч болсон би хариуцагчаар татагдсанд маш их харамсаж байна. Нэг үгээр хэлэхэд энэ мөнгөний асуудал надад огт хамааралгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М  холбогдуулан барааны захиалга болгон өгсөн 205,051,360 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “А ” ХХК-ийг рд:ЧМ85062458 регистрийн дугаартай Б нь 4610 кодтой гадаад худалдаа, 4690 кодтой бэлэг дурсгалын үйлдвэрлэлийн худалдаа үйл ажиллагааны чиглэлээр 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулж, Компани тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компанийн дүрмээр нотлогдож байна.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “А ” ХХКомпаниа өөр хүнд худалдаж, 4610 кодтой гадаад худалдаа үйл ажиллагааг хасаж,  86900-2-р зэрэглэлийн  эмийн сан эм барих /2018.07.24-2021.07.24/ үйл ажиллагаа явуулах эрхийг мөн тус компанийн гүйцэтгэх захирлаар Ишжанцан овогтой Мөнхдавааг тус тус бүртгэсэн байх бөгөөд тухайн өдөр тус компанийн гүйцэтгэх захирал М гаас Б д “А ” ХХК-ийн М  холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдуулан итгэмжлэл олгосон байжээ.

Нэг: Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийн талаарх дүгнэлт.

1.1 Хариуцагч болон өмгөөлөгч нараас нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь Е оос маск худалдан авахаар болж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 159.000.000 /нэг зуун тавин есөн сая/ төгрөг мөн 106.000.000 /нэг зуун зургаан сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан TDB худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлэг маягтаар нотлогдож тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч “А ” ХХК-ийн хариуцагч М -т холбогдуулан 205.051.360 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн TDB Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б ээс Е т 265.000.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлж мөн Е оос каргогоор маск нийлүүлж байсан болох нь тогтоогдож байгаа боловч  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байх үед тус компанийн нэрээр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Е т мөнгө шилжүүлэхээс өмнөх үйл явцад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байх үед нь “Монос Улаанбаатар” ХХК-тай  худалдааны хамтран ажиллах гэрээтэй байсан байх бөгөөд  уг гэрээгээр тус компаниас  маск нийлүүлэх захиалга авч, уг захиалгын мөнгөөр ашиг олох зорилгоор хариуцагч М ай хамтарч, М  нь Турк улсаас маск нийлүүлэх үйлчилгээ хариуцан ажилласан нь:

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн харилцан ярианы мессежээр Б ээс М  руу маскийн сертификат (ISO9001 sertifika), маскийн зураг мөн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “А ” ХХК-ийн мэдээллийг явуулсан байх ба 2020 оны 02-р сарын 14-ний өдрийн харилцан ярианд

-М : Б ахаа та одоо хашаа явах юм. Нөгөө нэг нэхэмжлэх хаана ханаа аваачиж өгөх юм. 13-ийн тийшээ Моносын оффис руу ирэх юм уу? гэхэд

Б :Би одоо хороололд байна. Одоо ерөнхийдөө гаргах гээд байж байна. Нэхэмжлэхээ болохоор сая нөгөө санхүүгийнх нь захирал руу нь чатаар явуулсан. Одоо тэр хэд бараг мөнгөө шилжүүлээд орж ирж байгаа байлгүй. Монос Улаанбаатар дээр очно. Тэр нь хорин тав дээр. Одоо  хорин тав руу гарах гээд байж байна. Чи хаана байна вэ? гэв

М : Аан за за. Арван гуравт байна. Гарахаас залхуураад байна. За за та ямар ч байсан өгчхөөд болчхоод тэгээд над руу ярих уу? Тэгээрэй за гэхэд,

Б :Одоо бараг ингэцгээж орчихно дансанд. Мөнгө орохоор гялс хоёулаа нөгөө мөнгөө шилжүүлэхгүй бол гурваас өмнө багтаагаад мөнгө төгрөгөө шилжүүлэхгүй бол мэдэж байгаа биз дээ? Маргааш хагас сайн бүтэн сайн банк ажиллахгүй. Өнөөдөртөө багтаагаад мөнгөө шилжүүлье. Гялс захиалгаа гялалзуулаад нөгөө нэг 7 хоног гэдэг зарчмаа барихгүй бол гэв.

2020 оны 02-р сарын 18-ний өдрийн харилцан ярианд

Б : Хардаа сүүлийн нэг сая маскийг бол өөрсдөө тэгээд байна лээ шүү. Ерөнхийдөө хоёр хуваагаад тасалж авах юм хэлж байсан. Таван зуу таван зуун мянгаар нь. Тэгээд ойрын хугацаанд хир хурдан нийлүүлэх боломжтой вэ лавлаад өгөөрэй гээд. Хэрвээ энэ хардаа саяны асуусан зүйлүүдийг нь хэдүүлээ бүрдүүлээд, копи шүүдээ зүгээр копигоор нь цаашаа зураг хөргийг нь явуулаад үзүүлчих юм бол энэ хэд дараачийн ээлжид уулзаж ярилцаад төлбөрийн нөхцөл дээрээ хоёулаа хоорондоо тохиролцож чадах юм бол гэрээ контрактаа хийгээд явах нь байна гэхэд,

М : Ер нь Билгүүн ахаас ийм захиалга ихтэй үед бол бид нар төлбөр тооцоон дээр бол итгэлцэл дээрээ тогтоогоод тэгээд  шууд 100% авна гэдгээ  хэлье. Тэгээд зуун хувь авахгүй бол цаанаа үйлдвэр нь бид нар зуун хувь авна л гээд дайраад байгаа байхгүй юу. Яагаад гэвэл тэртээ тэргүй зуун хувь өгье гээд маск гаргаад өгөөч гээд хүмүүс хар мянгаараа байгаад байгаа юм чинь одоо зүгээр дуугүй л авна тэд нар. Тэгээд та тэрүүгээр л ерөнхийдөө ойлгоод хэлсэн дээр байхаа. Ер нь ийм яаралтай үед бол төлбөр тооцоогоо зуун хувиар явах юм байна шүү гээд. Аа тэгээд та эднүүст ер нь хэд гэсэн үнэ хэлж байгаа вэ? Одоо жоохон үнээ нэмэхгүй бол цаанаа үнэ жаахан нэмэгдэхээр байна ер нь. Ах болохоор үнэ нэмэхгүй ээ, нэмүүлэхгүй гэж гүрийж байна. Гэхдээ сүүлд бол хамгийн эцэст ингээд үнэ нэмүүлэхээс өөр аргагүй байдалд тулах юм бол нэмэхээс өөр аргагүй шүү дээ гэв.

Б : Аан хэрвээ одоо маск маань үнэ нь нэмэгдэнэ гээд тэгэхлээр хэд болох билээ? Долоон зуун хэд болно гээд байгаа билүү гэхэд

М : Болно. Тэгээд энэ долоо хоногтоо багтаах юм бол ерөнхийдөө долоон зуун тавь. Дараа долоо хоногоос гэх юм бол одоо бид нар урьдчилан хэл чадахгүй. Гэхдээ угаасаа нэмэгдэх нь тодорхой болсон. Турк бас ерөнхийдөө түүхий эдгүй болчих гээд байна сүүлийн үед. Тэгээд бүх үйлдвэрүүдийг ерөнхийдөө хужаа нар авсан байгаад болоод түүхий эдгүй болчих гээд байна. Дараа долоо хоногт бараг маск гарах уу үгүй юу, гарсан ч тэгээд үнэтэй гарна. Энэ долоо хоногт багтаавал долоон зуун тавиар хийж болох юм байна гэж хэлж болохоор юм байна.

Тэр тухайн тодорхой нэг үнэ яриагүй байгаа шүү дээ. Билгүүнээ ахаа. Одоо бид нар эрсдэлийг өөрсдөө урьдчилан л хэлж байгаа байхгүй юу. Үнэ нэмэгдэхийн хувьд бол нэмэгдэнэ. Гэхдээ  яг тэд гэсэн юм бол байхгүй

Б : Аан за тэгээд хэрвээ долоо хоногтоо багтаагаад зуун хувь урьдчилгаагаа хийгээд авъя гэх юм бол хэдийн авах боломжтой вэ? Одоо жишээлбэл нэг газар болбол хоёр зуун тавин мянгыг гэж байгаа байхгүй юу. Өөр нэг газар болохоор за таван зуун мянгыг гээд байгаа юм. Тэгээд за магадгүй Моносынхон ингэсэн, тэр хэд Баян-Өлгий луу Казахстан луу дөрвөн зуун мянган маск захиалсан юм байна. Гэхдээ мөнгө төгрөгийг нь өгөөгүй юм байна. Нөгөө нөхдүүд нь маск авч ирж байж мөнгийг нь өгнө. Тэгээд хоёр долоо хоног болж байна одоо хүртэл байхгүй байна гээд. Тэгэхээр нь тэр захиалгыг тэгвэл манайх руу өгөөч дээ гэсэн чинь за энэ долоо хоногийг харья тэгээд болохгүй бол өгье гэсэн байхгүй юу.

Тэгэхээр за магадгүй Моносынх энэ долоо хоногт юм уу захиалга өгөхөөр болбол яах вэ? Ирэх долоо хоногт болбол бас яах вэ тээ? Тэгэхээр нөгөө нэг захиалгын тоо ширхэг нь хэр гарах боломжтой байна ер нь гэхэд

М : За Билгүүнээ ах одоо бид нарын энэ ярьж байгаа юм чинь юмнууд чинь яг өмнөх шигээ нэг бөөрөнхийлсөн юмнууд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм юман дээр нээх хариу өгөхгүй байна. Яг одоо хоёулаа “энэ зуун мянгыг захиалсан шүү дээ. Яг түүн шиг за мөнгө нь бэлэн, хэд хоногт бэлэн болох юм, за мөнгөө ингэе гэх юм бол ярих гээд байгаа байхгүй юу. Яг түүн шиг л ажил хийхээр байна. ... гэх зэрэг талуудын хоорондох  WhatsApp мессенжер дэх харилцан ярианд болон мессежинд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдлоо.

1.2 Улмаар талууд маск нийлүүлэх үйлчилгээг гардан буюу бие даан эрхэлж гүйцэтгэж буй Турк улсад оршин суудаг Е ыг гэрээний нэг тал болгож хамтын үйл ажиллагаанд оролцуулсан болох нь:

Б [3/12/2020]: Юу байна. Манайхан сайхан амарцгаасан уу. Нөгөө лабораторид өгсөн манай шинжилгээ сүүлийнх буюу сүүлд каргогоор ирдэг 250-ийг болбол бактертай ч гэсэн гаргасан шүү.

Е  [ 3/16/2020] : Монос та хоёрыг хэцүүдүүлж байна уу .

 Е  [3/16/2020]:  Бид авах өгөх зарах хүмүүстэйгээ ярьж байна.

 Е  [3/16/2020]:  Зөвшөөрөл өнөөдөр амжвал эсвэл өглөө баталгаатай гарах нь тодорхой байна.

 М  [3/16/2020] : Маш яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй юм байна л даа

 Е   [ 3/16/2020] : Тиймээ

 Е  [ 3/16/2020] : Монос мөнгөө нэхэж байна уу

 Е   [ 3/16/2020] : Байдал хэр байна

 М  [3/16/2020]: Өнөөдөрт гайгүй байна маргааш нэхэж эхлэх байх

 Е  [ 3/16/2020] : Тэгнэ дээ

Б  [3/16/2020] : Маргаашаас нэхэж эхэлнэ

Б [3/17/2020]: За сайн уу манайхан. Оройн мэнд. Тэгээд зөвшөөрлөө авч чадаагүй юм уу. Яасан юу болсон яагаад зөвшөөрлөө авч чадаагүй вэ. Хэрэв зөвшөөрлөө авч чадаагүй бол хэдүүлээ ямар нэгэн боломжийг нь хайх шаардлагатай. Хэрэв үнэхээрийн хэцүү юм бол хөгшиндөө хэлээрэй. За юу.

Б [3/17/2020]: Сайн байцгаан уу манайхан. Өглөөний мэнд зөвшөөрлөө яасан вэ авсан уу хөгшөөн

Б [3/18/2020]: Өдрийн мэнд юуны өмнө цэргийн баярын мэнд хүргэе. Өчигдөр нөгөө Моносоос санхүү эрхэлсэн захирал нь надтай ярьсан юу болж байгаа вэ яасан гэж мөнгөө шилжүүлэхгүй яасан вэ гээд тэгээд за удахгүй шилжүүлнэ түр зуурдаа аргалж байгаарай гээд хэлсэн тэгсэн чинь өнөөдөр сая Моносын гүйцэтгэх захирал нь ярьж Билгүүнээ нөгөөдхөө яасан шилжүүлчихсэн үү гэсэн чинь үгүй ээ шилжүүлээгүй байгаа гэсэн чинь яасан юу болсон гэсэн тэгээд яах уу тайлбар хэлээ дээ тийм учраас гэж тэгсэн чинь өнөөдөртөө багтаагаад мөнгийг нь хийнэ санаа зоволтгүй шилжүүлнэ гэж хэлчихсэн. Тэгсэн чинь за за өнөөдөртөө багтгаад хийчхээрэй гэж Моносын захирал хэлсэн шүү. Хэдүүлээ цаг хугацаа гэдэг юмтай уралдахгүй бол тэ. Өнөөдрийн дотор яаралтай тооцоог хийх хэрэгтэй байна даа. Банк чинь өнөөдөр хоёр цаг хүртэл ажиллана. Амжуулах хэрэгтэй байна даа тэ. Наагуур чинь хүн амьтан юу болж байна. Худалдаж авах хүмүүс байна уу. Хүмүүстэй тохироо энэ тэр хийсэн юм байна уу. Процесс хэр байна

Е  [3/18/2020]: Одоо зөвшөөрөл хүлээх шаардлагагүй гэж үзэж байна. Хар захад очоод тараах бодолтой байгаа. Одоо яах уу та хэд маань хохиролгүй байлгах талаас харж байгаа. “Би энд байх хугацаанд 5-10 цаас үзчихмээр байна даа. Та хэдийг хохироохгүйгээр хэдэн цаас үзээсэй гэж бодоод тэгээд жоохон хүлээсэн”. Одоо ченжүүд дээр очиж үзээд хэн ямар үнээр авах эсэхийг тохирч байгаад ингээд шууд шууд агуулгаас ирээд авчихаар тохироо хийх гээд 6 цагаас уулзах гээд сууж байна. Одоо 2 цаг болж байна. Тэгээд сууж байна даа.

Е  [3/18/2020]: Гайгүй өгчихмөөр байна тэ. Тэгээд наад Моносын асуудлыг шийдчихье. Монос бол дараа нь бас хэрэг болно. Тэгээд бодоод байна. Наана чинь одоо дарамт болно. Тэгээд Билгүүнээ бүх тооцоог хийгээд ийм ийм тооцоо байна. Иймэрхүү төгрөг өгсөн авсан. Эндээс ийм маск авсан ийм төгрөг буцаагдаж ийм төгрөг ирэх ёстой  гэсэн тооцоог өгчхөөч. Би өөрийнхөө тооцоотой харьцуулж үзье.

М  [3/17/2020] : Бид “нэг баг” зарим юмнуудыг шууд энд бичиж ярьж байвал сайн байна Билгүүн ах

Е   [3/17/2020] : Тиймээ манайхан

 Б [ 3/17/2020] : зөвшөөрлөө авч чадсан уу найз, үгүй бол Моносын тооцоог хурдан дуусгая аа найзуудаа

Б [3/17/2020] : Зөвшөөрөл гарсан уу, юу болж байна.

Е  [ 3/17/2020]  : Хай манайхан

 Е  [3/17/2020] : Гараагүй л байна

М  [3/17/2020] : Одоо яах  бодолтой байна

 Е  [3/17/2020] : Нэгэнт энд 4 сар хүртэл гацчихсан. Тэр яах уу. Юмаа гялс зараад Моносоос салах шаардлагатай байна.

 Б [3/18/2020] : Моностой сайхан харилцаатай байдаг. Тиймээс Моностой хийж байгаа энэ ажилд ямар нэгэн хүндрэл гарвал Моносын талаас над дээр 100% хариуцлага ирэх учраас би ингэж их санаа зовоод байгаа юм шүү.

 Е  [ 3/18/2020] : Бас чамайг хунд байдалд хаяхгүй

Б [ 3/19/2020] : Анх Моност бид бараа нийлүүлнэ гэж 7 хоног 100.000 ширхэг маскийн захиалгыг аваад хугацаандаа өгөөгүй дээрээс нь итгэлцээд нэмж 500.000 ширхэг маскийн захиалга 8 хоногт нийлүүлнэ гээд чадаагүй. Энэ бол бидний буруу

 М  [3/19/2020]: Моносоос салж л байвал бусад нь юу гэхэв

Е   [/19/2020] : Моносыг өгөөд өөрсдөө юм жаахан ч гэсэн наалдуулахгүй бол 1 сарын шагнал байгаа ч дээ

 Б [ 3/19/2020]: Моностой л тооцоогоо хийвэл болох нь тэр

М  [3/19/2020]: Тиймээ гэх зэрэг хариуцагч талын хүсэлтээр хариуцагч М ын утсан дахь  WhatsApp мессенжер дэх “Маск” нэрээр хадгалагдсан группт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Энэхүү групп чатад Аб нь Е , Ми нь М   байх ба уг группийг М  нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн байжээ.

Хариуцагч М аас нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б ээс “Моносын 100.000 ширхэг маскийн захиалга байна. Хэрвээ 100.000 ширхэг маскийг асуудалгүй нийлүүлж чадвал дахиад 500.000 ширхэг захиална гэж байна” гэж хэлсэн саналыг Е т хэлэхэд “ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Е  болон Б нарыг холбож зуучилж өгснөөр тэд нарын хоорондоо маск худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Миний оролцоо байхгүй гэж маргадаг боловч энэ нь дээрх талуудын харилцан яриагаар үгүйсгэгдэж байна.

1.3 Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т “гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна” мөн зүйлийн 195.3-д “хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасан ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж хуульд тус тус заажээ.

Харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн хамтран ажиллах гэрээний талууд: 1-рт ашиг олох болон бусад тодорхой зорилгоор ажиллах үүрэг хүлээх. 2-рт Дээрх зорилгоо хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд зориулж хураамж төлөх зэргийг тохиролцох нь гэрээний гол нөхцөл байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байх үед “Монос Улаанбаатар” ХХК-д маск нийлүүлэхээр тус компанийн захиалгаар авсан мөнгөнөөс ашиг олох зорилгоор хариуцагч М ай хамтарч мөн Турк улсад оршин суудаг тус улсаас маск нийлүүлэх үйлчилгээ гардан буюу бие даан эрхэлж гүйцэтгэж буй Е ыг гэрээний нэг тал болгож хамтын үйл ажиллагаа явуулсан нь талуудын хоорондох WhatsApp мессенжер дэх “Маск” групп мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон хариуцагч М  нарын WhatsApp мессенжер дэх харилцан яриа болон мессежээр нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

1.4 Дээрх талуудын хоорондох харилцан яриа болон мессежнээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байх үед “Монос Улаанбаатар” ХХК-д нэг удаагийн маск нийлүүлэхээр тус компаниас захиалгаар авсан мөнгийг талууд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т заасан хураамж болгож, үүнээс ашиг олох зорилгоор хамтарч хариуцагч М  нь Турк улсаас маск нийлүүлэх үйлчилгээ хариуцан, улмаар маск нийлүүлэх үйлчилгээг гардан  буюу бие даан эрхэлж гүйцэтгэж буй Турк улсад оршин суудаг Е ыг гэрээний нэг тал  болгож хамтын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон байна.

Уг “Монос Улаанбаатар” ХХК-иас маск нийлүүлэхээр захиалгаар авсан мөнгө нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-д зааснаар талуудын хамтран ажиллах гэрээний дундаа өмчлөх хөрөнгөө болгосон ба хамтран ажиллах гэрээний хувьд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуулиар тогтоогоогүй бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т гэрээг амаар болон бичгээр байгуулж болохоор зохицуулсан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байх бөгөөд хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.

1.5 Хамтран ажиллах гэрээний хувьд талууд тэгш эрхтэйгээр, хамтын зарчмаар тодорхой зорилгод тэмүүлдэг төдийгүй нөгөө талдаа хамтын үйл ажиллагааны бий болсон алдагдлыг ч хамтран хариуцахаар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зохицуулсан байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хооронд хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан бөгөөд талуудын хооронд амаар байгуулагдсан гэрээндээ хүлээх хариуцлагын талаар талууд харилцан тохиролцоогүй байх тул гишүүд төлсөн хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцах үүрэгтэй боловч нэхэмжлэгч “А ” ХХК-ийн Монос Улаанбаатар ХХК-д маск нийлүүлэхээр авсан захиалгын мөнгийг хураамж болгож, түүнийг дундаа өмчлөх хөрөнгө болгон түүнээс ашиг олох нэгдмэл нэг зорилготой байсан тул хамтын үйл ажиллагааны бий болсон алдагдлыг ч хамтран хариуцах буюу талууд тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэгтэй болно.

1.6 Талуудын хоорондох WhatsApp мессенжер дэх “Маск” группт байгаа харилцан яриа болон мессежнээс дүгнэхэд хамтын үйл ажиллагааны явцад нэхэмжлэгч “А ” ХХК-аас Е т шилжүүлсэн мөнгөнд Е  маск бэлдээд Монгол улс руу ачуулах явцад  Турк улс талаас карантин тогтоож каргог ачиж явуулахад бэрхшээл үүсэж, улмаар уг худалдаж авсан маскаа Турк улсад борлуулж мөнгөө шилжүүлэх ажиллагааны явцад Е  нь нас барснаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн  480.2.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулсан аман гэрээ дуусгавар болсноор нэхэмжлэгч  “А ” ХХК-аас Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т зааснаар хариуцагч М  холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн талаар шүүхээс хийсэн дүгнэлт

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ээс “А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байх үед “Монос Улаанбаатар” ХХК-тай гэрээтэй байсан тул уг гэрээг үндэслэж тус компаниас захиалга маскийн үнийг 100% авч, тус компаниас “А ” ХХК-ийн дансанд 325.000.000 төгрөг шилжүүлж орж ирэх өдөр уг мөнгөнөөс ашиг гэж М -т 30.000.000 төгрөг, өөрийн данс руу 30.000.000  төгрөгийг шилжүүлж авч үлдсэн мөнгийг “А ” ХХК-ийн нэр дээр М ын хэлсэн Е ын данс руу 265.000.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Эхний захиалга болон дараагийн захиалгын нийлбэр дүнгээр 142.948.640  (57.464.940+69.610.200) төгрөгийн маскийг Чингис хаан олон улсын нисэх буудлын каргоноос хүлээж авсан. Эхний маскийн захиалгаас дутуу ирснийг дараагийн маскийн захиалгаас тооцож, дараагийн захиалгаас дутсантай нийлээд нийт 326512 ширхэг маск буюу нэг бүрийг нь 530 төгрөгөөр тооцвол 173.051.360 төгрөг үлдсэн болно. Эхний  захиалгаас М  захиалгын маскийн үнээс гадна урьдчилгаа цалин болгоод 7000000 төгрөг өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь захиалгыг хийсний цалин гээд 30000000 төгрөг шилжүүлж, нийтдээ 2 удаагийн үйлдлээр 37000000 төгрөг өгсөн. Маскийн үнэ болон цалин болгоод өгсөн 37000000 төгрөгөөс М  ын өгсөн 5000000 төгрөгийг хасаад 32000000 төгрөгийг нэмж бүгд 205.051360 (32.000.000+173.051.360) төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

2.1. Хариуцагч болон өмгөөлөгч нараас нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь Е оос маск худалдан авахаар болж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 159.000.000 /нэг зуун тавин есөн сая/ төгрөг мөн 106.000.000 /нэг зуун зургаан сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлэх маягтаар нотлогдож тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан энэхүү нэхэмжлэл нь хариуцагчид хамааралгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд “Монос Улаанбаатар” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 325.000.000 төгрөгийг нэг удаагийн маскийн төлбөр гэж шилжүүлсэн ба уг мөнгөнөөс хариуцагч М  30.000.000 төгрөг, Б д 20.000.000 төгрөгийг тус тус маскийн төлбөр гэж мөн Е ын ХААН банк дахь 5037145472 тоот дансанд 159.000.000 төгрөг мөн түүний 430004147 TDB дансанд 106.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэхүү “Монос Улаанбаатар” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 325.000.000 төгрөгийг нэг удаагийн маскийн төлбөрийг нэхэмжлэгч “А ” ХХК-иас Е т шилжүүлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б д хариуцагч М ын “Mika Milka” нэртэй фейсбүүк хаягаас:

-2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 17 минутад явуулсан мессенжерт  М аас “за данснуудаа. Би танд 100% итгээд байгаа...Та итгэж болохоор хүн болохоор, За дансаа. Хоёр данс руу чинь хувааж хийх уу” гэхэд Е оос ХААН банкны 5337145472 ийшээ 60%, энэ лимит өндөр 430004147 TDB ийшээ 40%-ийг гэж бичигдсэнийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр,

-мөн хариуцагч М аас “ ... Яг одоо хоёулаа энэ зуун мянгыг захиалсан шүү дээ. Яг түүн шиг за мөнгө нь бэлэн, хэд хоногт бэлэн болох юм, за мөнгөө ингэе гэх юм бол ярих гээд байгаа байхгүй юу. Яг түүн шиг л ажил хийхээр байна. ...Сайн байна уу Билгүүн ахаа. Сая л сэрлээ. Тэгээд юу яацан байна аа гаалийн бүрдүүлэлт хийгээд өгсөн байна. Тэгээд өнөөдрийн онгоцон дээр ачаа даац хэтрэхгүй бол авч явна даац хэтрэх юм бол үлдээнэ гээд тэгсэн байна. Над руу бүүр орой мессеж бичээд үлдээсэн байна. Одоо Турк-д чинь дөнгөж тав өнгөрч байна. Жоохон байж байгаад лавлаад мэдээрэй гэж би хэлнээ.” гэх зэрэг талуудын хоорондох WhatsApp мессенжер дэх харилцан яриа болон мессежинд үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгч “А ” ХХК болон Е  нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй болох нь нотлогдож байна.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ээс хариуцагч М  эхний захиалгаас ашиг болгож өгсөн 7.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Гэтэл эхний 100.000 ширхэг маскийн захиалгын дутуу ирснийг дараагийн захиалсан маскаас тооцож эхний захиалгын тооцоо дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул эхний захиалгаас ашиг гэж өгсөн 7.000.000 төгрөгийг хариуцагч М аас гаргуулах нь үндэслэлгүй тул уг 7.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

2.3  Нэхэмжлэгч “А ” ХХК-иас маск нийлүүлэх үйлчилгээг гардан буюу бие даан эрхэлж гүйцэтгэж буй Турк улсад оршин суудаг Е -т маскийн төлбөр гэж шилжүүлсэн 265.000.000 төгрөгт ноогдох 500.000 (265.000.000 /530) ширхэг маскийн үнээс үлдсэн    173.051.360 төгрөгийн 326512 ширхэг маск мөн хариуцагч М ын захиалсан 20000 ширхэг масктай нийлээд нийт 346512 ширхэг маскийн үнээ авагдаагүй болох нь:

М  [3 /29/2020]-ын “ .... Билгүүн ах та Е  ахаас нийт хэдэн ширхэг маск авах вэ. Тэр тооцоог нь гаргаад би эндээс 10 мянган маск өгсөн байгаа. Е  ах нэмэлт 10 мянган маскийн захиалга өгсөн байгаа. Тэгээд нийтээ Моносыг авах ёстой маск дээр над дээр 20 мянган маск нэмэгдэх ёстой юм байна. Тэр одоо Е  ах хариуцлагатайгаар тэр маскуудаа хүлээлгэж өгөөд Билгүүнээ ах болохоор яг хэдэн ширхэг маск авах ёстой юм вэ. Яг яаж яаж ирсэн. Тодорхой ил тод нэг тооцоо гаргаад энд тавчихаараа” гэх

Б [3/26/2020]-ээс “За сайн байцгаана уу. Өглөөний мэнд за хөө маскийн тооцоо ийм байна. Бид бүхэн Моносоос 600.000 мянган маскийн захиалга авснаас М ын 20 мянга нийтдээ 620 мянган ширхэг  маскийн захиалга нийлүүлэх ёстой байсан. Эндээс эхний ээлжид би тоогоор нь дурдаж явъя. 29050 буюу 30 мянган анх Моност нийлүүлж авчирсан байгаа. Тэрнээс 50 дутсан. Тэрний ардаас багажаар каргогоор 250 мянган ширхэг явуулсан 231 мянга 234 ширэг байсан. Уг маскийг  Моност хүлээлгэж өгсөн. Үүнээс гадна шинжилгээнд өгсөн мастер боксоор тэрний тоо нь 2843 ширхэг байна. Энд сүүлд багажаар явуулсан 10 мянган ширхэг явуулах ёстой байснаас тоолоход 9355 ширхэг байсан. Энтэйгээ нийлүүлээд  нийт Моност 273488 ширэг маск хүлээлгэж өгсөн байна. Ингээд бидний нийт өгөх ёстой. М  ын 20 мянган ширхэг масктай нийлүүлээд 620 ширхэг болгоод эндээс 273488 ширхгийг хасахад 346512 ширхэг маскийн өртэй үлдэж байна...”

Е  [ 3/30/2020] : Микагийн 20,000 нийлээд 346,512 юм уу? гэхэд

Б [3/30/2020]: Тиймээ гэх

Е ын [ 3/30/2020] : “...Бид нэг сарын зовлонг зүгээр туугаад өгчихгүйеэ. Би эндээс 2 сар гарч чадахгүй карантинд үлдэх гэж байна. Тиймээс сая Монгол руу ярилаа компаниасаа энэ тэндхийн тооцоог гаргаад Б ий Хаан Банкны данс руу үлдэгдлийг нь шилжүүлэхээр ярилаа. Гайгүй өгөөд  гурвуулаа ашгаа авъя гэж бодсон юм. Би хариуцлага хүлээж чадна, эр улсууд яаж ч учраа олж болдог юм. Өглөө Хааны дансандаа “176,621,220” төгрөгийг хийгээд өгнө гэх

 Е  [3/30/2020] : Тэгээд сайн зараад “та  хоёрын ашгийг шилжүүлээд” өгнө.

 Б  [3/30/2020] : Үлдэгдэл маскаа хурдан зараад 650 төг-с дээш гарсан ашгаа чамайг аваа гэж хэлж л байсан. Одоо ч гэсэн адил Ба-аар маскаа заруулаад илүү ашиг гарвал би бол авахгүй. Гол нь миний хувьд итгэл хүндлэл хариуцлага гэдэг зүйл байгаад Моностой ингэж удмааргүй байгаа учраас л яараад ийм үйлдэл гаргаж байна

М [ 4/1/2020]: Бид хоёр ерэн тооцоогийн гаргасан байгаа ахаа

М   [4/1/2020]: Та над руу залгаарай би тайлбарлаад өгий ... гэх зэрэг талуудын хоорондох WhatsApp мессенжер дэх “Маск” группт байгаа харилцан яриа болон мессежинд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Хариуцагч М  нь эхний захиалгаас дутуу ирсэн 10000 ширхэг маскийг Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод ачиж уг маскийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б тэй хамт хүлээн авч, “Монос Улаанбаатар” ХХК-д хүлээлгэж өгсөн байх ба дээрх талуудын хоорондох тооцооны талаар харилцан яриа болон мессежнээс дүгнэхэд хариуцагч М ын Е т захиалсан 10000 ширхэг маск дээр М ын дээрх маскийг нэмж нийт 20000 ширхэг маскийг Е оос хүлээж авахаар харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн нэхэмжлэгч байгууллагад өгсөн 10000 ширхэг маскийн үнийг нэхэмжлэгчийн үнийн дүнгээс хасаж тооцоогүй болно.

2.4 Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д “хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК-иас Е -т шилжүүлсэн 265.000.000 төгрөгөөс үлдсэн 173.051.360 төгрөгийг хамтран ажиллах гэрээ байгуулсан нэхэмжлэгч “А ” ХХК болон хариуцагч М , талийгаач Е  нар нь хамтран хариуцах үүрэгтэй.

Мөн  хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-д “ гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хооронд хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан ба талуудын хооронд амаар байгуулагдсан гэрээндээ хүлээх хариуцлагын талаар талууд харилцан тохиролцоогүй мөн гишүүд төлсөн хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцах үүрэгтэй боловч нэхэмжлэгч “А ” ХХК-ийн Монос Улаанбаатар ХХК-д маск нийлүүлэхээр авсан захиалгын мөнгийг хураамж болгож түүнийг дундаа өмчлөх хөрөнгө болгон ашиг олох нэгдмэл нэг зорилготой байсан бөгөөд уг хураамжийн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн мөнгийг хамтран ажиллах гэрээний талууд болох нэхэмжлэгч “А ” ХХК, хариуцагч М , талийгаач Е  нар нь тэнцүү  хэмжээгээр хариуцах тул  нэг хүнд 57.683.787 (173.051.360/3) төгрөг ногдож байна.

2.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ээс хариуцагч М  эхний захиалгаас ашиг болгож өгсөн 30.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1-ийн 408.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хамтран ажиллах гэрээ дуусгавар болоогүй, гэрээний үр дүн гараагүй байхад ашиг хүртсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч “А ” ХХК-иас хариуцагч М  шилжүүлсэн 30.000.000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг хасаж үлдсэн 25.000.000 (30.000.000-5.000.000) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ. 

2.6 Хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгч байгууллагаас Нийслэлийн Цагдаагийн газарт Е т холбогдуулан өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлдөө хариуцагч М ын талаар огт юм бичээгүй бөгөөд энэхүү хариуцагчаас нэхэмжилж буй мөнгө нь Е т хамааралтай гэж маргадаг боловч нэхэмжлэгч “А ” ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20/09 дугаар албан бичгээр Нийслэлийн Цагдаагийн газарт Е т холбогдуулан өргөдөл гаргаснаар хариуцагч М  нь нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний  үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иймд талуудын хоорондох WhatsApp мессенжер дэх мөн WhatsApp мессенжер дэх “Маск” нэрээр хадгалагдсан группт байгаа харилцан яриа болон мессежнүүдийг зохигчийн тайлбартай харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М аас 82.683.787 (57.683.787+25.000.000) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 122.367.573 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1209707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 26500 (1209707-1183207)төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан мөн хариуцагч М аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 82.683.787  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 571369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь::

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-д заасныг тус тус баримтлан хариуцагч М аас 82.683.787 /наян хоёр сая зургаан зуун наян гурван мянга долоон зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 122.367.573 /нэг зуун хорин хоёр сая гурван зуун жаран долоо мянган таван зуун далан гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.209.707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 26500 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан мөн хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 571369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж