Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2021/00593

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А  шүүхэд Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, А ийг Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилох тухай гомдлын шаардлага гаргасан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/592 дугаартай захирамжаар А  нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар түр томилогдсон. Дараа нь тус аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/148 дугаартай захирамжаар Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд бүр томилогдсон юм. А  нь Булган сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд томилогдсон цагаас хойш ажилдаа эзний ёсоор хандаж, өнгөрсөн хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргаар 2020 оны эцсээр томилогдсон Е нь уг албан тушаалд томилогдсон цагаас хойш А ийг байнга хавчин гадуурхаж, албан тушаалын байдлыг ашиглан удаа дараа өрөөнд дуудан “Та ажлаа яаралтай өг” гэж байнга дарамaт үзүүлж иржээ. Энэ үед А  нь Е ад хандаж “Би сургуулийн захирлын албан тушаалд хууль ёсоор томилогдсон, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас захирлын ажлаа өгөхгүй” гэж хариу хэлжээ. Гэтэл Булган сумын Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/30 дугаартай захирамжаар А ийг Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн байна. Ажил олгогчийн А ийг ажлаас чөлөөлсөн эрхийн актад дурдсан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа. Үүнд жил бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй гэсэн үндэслэл байна. Хариуцагч талаас хэдэн оны Элсэлтийн ерөнхий шалгалтаар хангалтгүй гэдгийг нотолж чадаагүй. Хоёрдугаарт бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулсан гэсэн үндэслэлээр А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн сургуульд 119 хүний орон тоотой. Засаг даргын зөвлөлд тус сургуулийн нягтлан бодогч 119 хүн ажиллаж байгаа талаар тайлагнасан. Дараагийн дугаарт хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэсэн тайлбар гаргаж байгаа. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулиар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын томилгоог сумын Засаг даргын эрх мэдэлд шилжүүлээд өгсөн. Өмнө ажиллаж байсан Булган сумын Засаг дарга ч, 2020 оны 01 дүгээр сараас томилогдон ажиллаж байгаа Булган сумын Засаг дарга Е ч А тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн биелүүлэх ёстой үүрэгт хамаардаг. Сүүлд шүүхэд гаргаж өгсөн Засаг даргын захирамжид нэмэлт өөрчлөлт оруулсан захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн үндэслэлийг нэмж оруулсан байна. Гэвч хариуцагч талаас ажилтан чухам ямар ноцтой зөрчил гаргасныг нотолж өгөөгүй. Бидний зүгээс А ийг улс төрийн шалтгаанаар, хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, А ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын Өлгий сумын эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг дарга Е ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хуульч А.С би, А ийн нэхэмжлэлтэй Булган сумын Засаг даргад холбогдох “Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, А ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэрэгт хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч А  нь Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бүтэц орон тооноос илүү ажилтан авч ажиллуулж холбогдох хуулийг ноцтой зөрчиж байсан болох нь тогтоогдсон, түүнчлэн жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй гарсан үүнд захирлын буруу байгаа тул хариуцагч Булган сумын Засаг даргаас нэхэмжлэгч А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. А  Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа батлагдсан бүтэц орон тооноос илүү ажилтан ажиллуулсан гэдэг нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн С.С ийг ажилд томилсон тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн С.А г ажилд томилсон тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн М ийг ажилд томилсон тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Т.С ийг дотуур байрны үйлчлэгч, галчаар ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Тус сургуулийн батлагдсан бүтэц орон тоонд дотуур байрны үйлчлэгч, галч гэсэн орон тоо байхгүй байтал илүү ажилтан ажиллуулсан байна. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ш ийг математикийн багшаар, М ыг зураг зүй, технологийн багшаар, 2017 онд Г ыг сургуулийн үйлчлэгчээр, 2019 онд Т.С ийг түүх, нийгмийн ухааны багшаар, Н ыг сургуулийн жижүүр, цахилгаанчны байхгүй орон тоонд, 2020 оны 9 дүгээр сард Г.А ийг монгол хэл, уран зохиолын багшаар, 2020 оны 01 дүгээр сарын К.С , М.М нарыг батлагдсан орон тооноос илүү манаачийн орон тоонд томилсон тушаалуудаар А  Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа батлагдсан орон тооноос илүү ажилтан ажиллуулсан гэдэг нь нотлогдож байна. Ингэснээр нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасныг ноцтойгоор зөрчсөн байна. Эдгээр хуулийн зохицуулалтуудын агуулга нь батлагдсан төсөв, бүтэц орон тооноос хэтрүүлэн ажилтан ажиллуулах тухай байгаа. Төсвийн тухай хуулийг зөрсөн этгээдэд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар нарийвчилсан хуулиар хариуцлага хүлээлгэх журамтай. Энэ тохиолдолд нарийвчилсан хуулийн зохицуулалт гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зохицуулалт руу чиглэгдэж байна. Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчилтэй адилтгаж үзнэ гэснээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Аймгийн хэмжээнд 24 сургууль байгаагаас Булган сумын Ерөнхий боловсролын сургууль Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ хамгийн доогуур байранд орсон. Иймд Булган сумын Засаг даргын зүгээс сургуульд менежментийн шинэчлэлт хийх шаардлага тулгарсан. Хариуцагч талаас шүүхэд хөдөлмөрийн гэрээг тус аймгийн Засаг даргаас гаргуулах тухай хүсэлт гаргаад, шүүхээс уг хүсэлтийг хангахдаа аймгийн Засаг даргаас хөдөлмөрийн гэрээ байхгүй гэсэн хариу өгөөгүй, хаа нэг газар байж магадгүй гэсэн хоёрдмол утгатай хариу өгсөн байна. Үүнийг шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага дээрх байдлаар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг дарга / Е /-д холбогдуулан тус сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүй  болгож, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэг: Хариуцагч буюу ажил олгогч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэгч буюу ажилтан А ийг тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан А/30 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1  Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2 дахь заалтад “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан бөгөөд Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.5 дахь заалтад “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгосноор 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/592 дугаартай захирамжаар А ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар түр томилж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/48 дугаартай захирамжаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 70 дугаар тогтоолоор нэр дэвшигдсэн иргэн А ийг Булган сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд бүр томилсон байжээ.

Гэтэл Боловсролын тухай хуулийн дээрх заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож мөн өдөр уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-ийн  31.1.12 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” эрхийг Сум, дүүргийн Засаг даргад олгож, өөрчлөлт оруулснаар ажил олгогч буюу Булган сумын Засаг даргаас 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” А/30 дугаартай захирамжаар Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А ийг жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй гарсан, бүтэц орон тооноос илүү ажилтан авч ажиллуулсан гэж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.5.3 дах заалт, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн А ийг Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй гэж заажээ.

Харин ажил олгогчоос ажилтан А ийг ажлаас халахдаа үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан ба хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг дарга Е аас ажилтан А тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд бичгийн нотлох баримтаар гаргаж өгч нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч А  нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ямар зөрчлийг давтан эсхүл гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тодорхойгүй тул энэ талаар дүгнэх боломжгүй болно.

1.3 Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй боловч ажил олгогч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг дарга мөн өмнөх ажил олгогч аймгийн Засаг дарга нар ажилтан А тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь, хариуцагч Булган сумын Засаг дарга Е аас нэхэмжлэгч А  нь Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллахдаа тус сургуулийн бүтэц орон тооноос илүү хүн авч ажиллуулсан гэж нэхэмжлэгч А ийн тус сургуулийн захирал байх үед ажилд томилсон нэр бүхий 10 хүний тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн ба уг тушаалууд нь 2017, 2019, 2020, 2021 онуудад  гаргасан эрхий акт байсан бөгөөд тухайн онуудын Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бүтэц орон тооны талаарх бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй мөн хэдэн оны бүтэц орон тооноос хэдэн ажилтан илүү  авч ажиллуулсан эсэх  тодорхой бус байх тул А  нь бүтэц орон тооноос дээрх нэр бүхий хүний авч ажиллуулж  Төсвийн тухай хуульд заасан үүргээ зөрчсөн байна гэж дүгнэх боломжгүй болно.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэр бүхий 10 хүний ажилд томилсон Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын тушаалыг тус байгууллагын Тамгын газраас нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүхээс эх хувийг авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 Мөн тус сургууль нь жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажлаас халсан боловч үүнтэй холбогдуулан бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд хэдэн оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хангалтгүй байсан уг зөрчил нь хэзээ гарсан, хэзээ илрүүлсэн эсэх нь тус тус тодорхой бус байх тул хариуцагчийн энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 Нөгөөтээгүүр, хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, ажил байдлын тодорхойлолтыг шүүхэд бичгийн нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч А  нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, ажил байдлын тодорхойлолтыг тус тус зөрчсөн гэж таамаглан дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргаас 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн боловч тухайн хуралд зөрчил гаргагч ажилтан А ийг оролцуулж тайлбарыг аваагүй байх бөгөөд түүнийг ажлаас халсан тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул уг тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. 

Иймд шүүх талуудын гаргаж өгсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А ийг тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ