Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 100

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: З.Бат-Амгалан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Нямжав,

шүүгдэгч: Г.Анхбаяр, түүний өмгөөлөгч А.Болорчимэг /2396/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Галбадрахын Анхбаярт холбогдох эрүүгийн 2016 2602 3051 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн
Галшар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-12 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 1464 тоотод оршин суух,

2004 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2013 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг  хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар СИ82020815, Боржигон овогт Галбадрахын Анхбаяр.

 

Шүүгдэгч Г.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 23.00 цагийн үед хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Але хаус” зочид буудлын гадна дуудлагын дагуу очсон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Тайшир-113 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнхбаяр, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э.Одбаяр нарын хууль ёсны дагуу шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хутгаар төрийн албан хаагч Э.Мөнхбаярын зүүн гарын бугалганд хатгах, Э.Одбаярын зүүн чамархайн хуйханд зүсэх зэргээр бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Анхбаяр мэдүүлэхдээ:

Тэр үед дуудлагаар ирсэн цагдаа нар нь саунаас өгсөн дуудлагын дагуу ирээд тухайн зочид буудлын гадаа зогсож байсан. Би найзтайгаа хамт тамхи татахаар зочид буудлаас гараад зогсож байсан. Тэгтэл цагдаа нар над руу ирэхээр нь би “зүгээр мөрөөрөө зогсож байна” гэтэл цагдаа “дагаж яваад шалгуул” гэж хэлэхээр нь дагаад явсан. Энэ үед миний түрийвчинд хутга байсан бөгөөд би түүнийг нуухаар авах гэтэл хутга газар унасан. Тэгээд цагдаа хутгыг миний гараас авахаар булаацалдсан. Тэд миний гарыг өчиж газар нүүрээр маань унагаагаад гар дээр гишгэж, хутга авсан. Энэ үед миний гар зүсэгдсэн. Бид хутга булаацалдаж байхад хохирогч нарын бие зүсэгдсэн гэж бодож байна. Түүнээс би санаатайгаар тэднийг хутгаар цохиогүй, тэдний эсрэг хүч хэрэглээгүй. Манай найз бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хийсэн. Энэ хэрэг гарсан өдөр би сэтгэл санааны хувьд муу байсан. Учир нь манай аав нас бараад удаагүй, мөн би өөрөө олон сар эмнэлгээр яваад “таныг эмчлэх боломжгүй” гэсэн хариу авсан болохоор нэг найзтайгаа 2 шил архи хувааж уусан. Гэрч Болд-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ нарын мэдүүлгийг худлаа гэж бодож байна. Ресепшн миний талаар дуудлага өгсөн юм шиг мэдүүлэг өгсөн байсан. Гэрч Болд-Эрдэнэ бол намайг 2 цагдаатай муудалцахыг харсан хүн юм. Тухайн үед тэр зочид буудлын ресепшн бид 2 муудалцсан зүйл байхгүй. Тэр ресепшн болсон явдлыг хараагүй, харин өөрөө цагдаа нараас нуугдаад байсан. Тухайн үед цагдаа нар намайг гавлах үед миний гар маань хугарсан гэж бодож байна. Гэхдээ энэ асуудлыг шалгуулахгүй.  Одоо миний бие тааруу байгаа, элэгний өвчтэй, цус бүлэгнүүлэх тариа байнга хийлгэдэг, эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Миний буруугаас энэ хэрэг гарсан. Надад гомдол, санал байхгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний биеийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Мөнхбаяр мэдүүлэхдээ:

...2016 оны 12 дугаар сарын 06-ны 19 цагаас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг хүртэл “Тайшир 113” чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Э.Одбаярын хамтаар ажилласан. Энэ хугацаанд шөнийн 23 цагийн үед Тайшир-10-аас Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Але хаус” зочид буудлын сауны газар зодууллаа гэсэн дуудлагыг өгсний дагуу тухайн буудал дээр очиж шалгахад дуудлага өгсөн хүн байхгүй байсан. Тайшир-10-тай холбогдож ямар дугаараас дуудлага өгсөн талаар тодруулахад 93020559 гэсэн дугаар өгсөн тул тухайн дугаарын утсаар нь холбогдоход “ойрхон явж байна, удахгүй яваад очъё” гэж хэлэхээр нь буудлын гадаа хүлээгээд зогсож байх үед буудлаас 3 залуу гарч ирээд хоорондоо маргалдсан. Энэ үед ахлах ахлагч Э.Одбаяр очиж маргааныг зохицуулах гэхэд Н.Ганболд гэх залуу нь түүн руу салаавч гаргаж, гараараа цохих гэж дайрсан. Би очиж Э.Одбаярын хамтаар Н.Ганболдыг хоёр талаас нь барьж, алаг машинд суулгахаар авч явах үед ардаас Н.Ганболдтой хамт гарч ирээд хүнтэй маргалдсан Г.Анхбаяр гэх залуу нь Э.Одбаярын араас толгойн тус газар руу нь гараараа нэг удаа цохисон ба би Н.Ганболдыг барьж байтал Э.Одбаяр “энэ залуу гартаа хутгатай байна” гэж орилохоор нь Н.Ганболдын гарыг нурууных нь ард гавлаад Г.Анхбаярын гарнаас хутгыг салгах гэж ноцолдсон. Тэр үед Г.Анхбаяр нь Э.Одбаярын толгойн зүүн чихний дээд хэсэгт хутгаараа зүссэн байсан ба ноцолдож байх үед миний зүүн гарын мөрний булчин хэсэгт хатгасан байсан. Мөн тэр залуугийн гараас хутгыг нь салгах гэж байх үед хутгаа тавихгүй эсэргүүцэж байх үедээ хутгаараа өөрийнхөө гарын алганы хэсгийг зүсэж гэмтээсэн. Ингээд ноцолдож байж хутгыг нь салгаад, гарыг нь ард нь гавлаж, Н.Ганболдын хамт машинд суулгаж, Тайшир 20-д хүлээлгэн өгч, саатуулсан. Энэ талаар илтгэх хуудас бичиж өгсөн. Тэр шөнөө шүүх эмнэлэгт үзүүлсэн. Харин Н.Ганболд болон Г.Анхбаяр нартай буудлын гадаа маргалдаж байсан залуу бид хоёрыг Г.Анхбаяртай ноцолдож байх үед хажууд хараад зогсож байсан. Тэр залууг таксины жолооч гэж байсан. Миний биед учирсан гэмтлийг Г.Анхбаяр гэх залуу хутгаар хатгаж гэмтээсэн. Өөр хүн надад гар хүрсэн зүйл байхгүй гэжээ. (хэргийн 52, 53 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Одбаяр мэдүүлэхдээ:

...2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагаас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөөний 09 цаг хүртэлх хугацаанд “Тайшир 113” чиглэл буюу Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хороонуудын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаагийн офицер Э.Мөнхбаярын хамтаар гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд шөнийн 23 цагийн үед “Тайшир-10”-аас Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Але хаус” зочид буудлаас эхлээд нэг залуу гарч ирсэн ба би тэр үед машинаас бууж ирж таарсан. Тэр үед буудлаас гарч ирсэн залуу энэ дотор 4-5 хүн намайг зодоод байна гэж хэлсэн ба тэр үед буудлаас өөр 2 залуу гарч ирээд анх гарч ирсэн залуутай хоорондоо маргалдаж, Н.Ганболд гэх залуу нь маргалдсан залуугаа мангасдаж цохиж авахаар нь би тухайн маргалдаж байсан 3 залуу руу очоод Н.Ганболдыг хойш нь түлхэж “яагаад хүн цохиж байгаа юм бэ” гэж хэлээд юу болсон талаар нь асуухад “чамд ямар хамаатай юм бэ писда минь, чи намайг хэн болохыг таних уу” гэж хэлээд миний урдаас салаавч гаргахаар нь “юу гээд байгаа юм бэ та” гэж хэлтэл Ганболд гэх залуу нь намайг цохих гэж гараа далайсан. Тэр үед Мөнхбаяр араас машинаас бууж ирээд Ганболдын хоёр гараас бариад машинд шахаж гарыг нь нурууных нь ард гавлах гэтэл араас Н.Ганболдтой хамт буудлаас гарч ирсэн дээгүүрээ цэнхэр өнгийн цамцтай Г.Анхбаяр гэх залуу нь миний толгойн ар дагз хэсэг рүү гараараа цохих шиг болсон. Эргээд хартал баруун гартаа нэг зүйл барьчихсан толгой руу цохих гэхээр нь би толгойгоо хойшлуулаад булттал зүүн талын чихний дээд хэсгээс цус гарсан. Энэ үед гарт нь хутгаа байгааг мэдээд Э.Мөнхбаярт “гартаа хутгатай байна” гэж хэлээд Г.Анхбаяр гэгчийн зүүн гараас бариад авсан. Тэр үед баруун гараараа Э.Мөнхбаяр, бид 2 руу “алнаа писдануудыг” гээд саваад байсан. Ингээд зүүн гараас нь урагш татаж, хөлөө урдуур нь тавиад, нүүр хэсгээр нь газар унагасан. Газар унасан байх үед Э.Мөнхбаяртай нийлж хутгатай гарыг нь хөдөлгөхгүй барьж байгаад хутгыг салгах гэтэл хутгаа тавихгүй нилээд эсэргүүцсэн. Хутганыхаа ир хэсгийн угнаас бариад атгачихсан байсан учраас тэр гарынхаа алгыг зүссэн. Гараас нь хутгыг нь салгаж нурууны ард 2 гарыг нь гавлаад, алаг машинд Н.Ганболдын хамт суулгаад саатуулах байранд хүлээлгэн өгч, халдлагад өртсөн талаараа жижүүрийн ахлах болон ерөнхий эргүүлд хэлж мэдэгдсэн. Ингээд илтгэх хуудас бичиж, тухайн өдрийн жижүүрийн мөрдөн байцаагчид тайлбар өгөн, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авч, үзүүлсэн. Миний биед учирсан гэмтлийг Г.Анхбаяр гэх залуу хутгаар зүсэж гэмтээсэн гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-З.Сувд-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...орой 23 цагийн үед буудлын 2 давхарт би гараад 206 номерын өрөөний цагаан хэрэглэлийг солих гээд коридорт зогсож байх үед 203 номерын өрөөнөөс 2 залуу нь гараад коридороор яваад байсан би тэр үед “та нар өрөөндөө орооч” гэж хэлтэл дээгүүрээ цэнхэр хөх өнгийн нимгэн ноосон цамцтай цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу нь миний цамцнаас базаад коридорын цаад хэсэг рүү цонх руу түлхэж, “цонхоор гаргаад шидчихье” гэж хэлэхээр нь би тоглож байна гэж бодож байтал 2 давхар руу гарах шатны хэсгээс манайхаар орж ирж байдаг таксинд явдаг Болдоо гэж дууддаг ах намайг өмөөрч, тухайн залууг “Хөөе яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлтэл намайг боож байсан залуу намайг тавиад Болдоо ахтай очиж маргалдсан. Энэ үед хамгаалагч Баяраа дээд давхараас бууж ирж салгасан ба удалгүй Болдоо ах нэг давхар руу буугаад явсан. Харин араас нь цэнхэр өнгийн цамцтай намайг боосон залуу өөр нэг залуугийн хамтаар гарсан. Тэгээд би 206 номерын өрөөний цагаан хэрэглэлийг сольчихоод буцаад нэг давхарын ресепшний өрөөндөө ирсэн ба тэр хүмүүс нэг давхарт байхгүй байсан. Болдоо ахын араас гарч явсан хоёр залуу дахин орж ирээгүй. Харин нэг залуу нь үүрийн 04-05 цагийн үед нэг эмэгтэйтэй гаднаас орж ирээд, өрөөндөө 4-үүлээ хоночихоод маргааш өглөө нь 09 цаг 50 минутын үед гараад явсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Буудлын гаднах хоёр ширхэг камер ажилладаггүй юмаа. Харин буудлын ресепшн болон давхаруудын камер ажилладаг гэжээ. (хэргийн 66, 67 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Болд-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...Намайг буудлын гадаа гарч ирсний дараа араас надтай буудалд маргалдсан хоёр залуу гарч ирээд намайг “ална шүү” гэх зэргээр маргалдаж муудалцсан. Тэр үед буудлын гадаа зогсож байсан хоёр залуу бид нар дээр ирээд маргааныг зохицуулах гэж “юу болсон” талаар асуутал надтай маргалдаж байсан хоёр залуу цагдаагийн алба хаагчийн өмнөөс хэл амаар доромжилж, тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй. Тэр үед нэг залууг нь барьж аваад машиндаа суулгах гэж байхад нөгөө залуу нь цагдаагийн алба хаагч нарын биед халдсан. Тэр үед би хараад зогсож байсан. Гартаа хутга барьсан залуу анх хутгаа өмдний ард талаас гаргаж ирсэн. Яг аль хэсгээс нь гаргаж ирсэн талаар бол би хараагүй араасаа л нэг зүйл гаргаж ирээд гартаа барьж цагдаагийн албан хаагч нар руу дайрсан. Цагдаагийн алба хаагч нар тухайн хутга барьсан залуугийн хутгыг салгахдаа хоёулаа хоёр талаас гарыг нь мушгиж газар унагаж, газар дарж байгаад гараас нь хутгыг салгаж, гавлаж, машинд суулгасан. Тухайн залуугийн гараас хутгыг нь гарыг нь нурууных нь ард өчиж байгаад салгаж авсан. Тэрнээс бол гар дээр нь хөлөөрөө дэвсэж, салгаж авсан зүйл байхгүй. Тэр залуу өөрөө хутгаа тавихгүй чанга барьсан байж байгаад хутгыг салгах үедээ хутганы ирэнд гараа зүссэн бололтой гараас нь цус гарч байсан гэжээ. (хэргийн 71, 72 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Мөнхтүвшин мэдүүлэхдээ:

...Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цагаас 2016 оны 12 дугаар сарын 07-ны 13 цагийн хооронд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны эмчээр үүрэг гүйцэтгэж хоносон. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар болох Э.Мөнхбаяр, Э.Одбаяр нар ажлаа хийж яваад согтуу хоёр иргэн тавьсан шаардлагыг эсэргүүцэж нэг залуу нь хутгаар Одбаяр болон Мөнхбаяр нар руу халдсан учраас тухайн хоёр хүнийг саатуулахаар авч ирсэн саатуулах байранд оруулж ирсэн. Хоёр залуу согтолт ихтэй байсан ба цагдаагийн алба хаагч нар руу дайрсан гэх залуугийн баруун гарын алга хэсэг хутганд зүсэгдэж их хэмжээний цус гарсан шарх нь ангайсан оёдол тавиулах шаардлагатай орж ирсэн тул 103-т дуудлага өгсөн. Удалгүй 103-ын эмч ирж, тухайн согтуу иргэний гарын алганд оёдол тавьсан. Оёдол тавих үед тухайн залуу эсэргүүцэж цагдаагийн алба хаагч нар руу цустай гараараа салаавч гаргаж, хэл амаар доромжипж дайрч давшилж байсан тул гавтай чигээр нь газар хэвтүүлж, дээрээс нь дарж байгаад 103-ын эмчээр оёдол тавиулж, ариун боолт хийлгээд тусгаарлах өрөөнд гавтай нь хонуулсан. Учир нь тэр залуу амиа хорлох магадлалтай байсан учраас тусгаарпах өрөөнд бугуйн гав хэрэглэж хяналтандаа хонуулсан. Харин тухайн залуутай хамт ирсэн Н.Ганболдын даралтыг үзэхэд даралт бага байсан эрүүл мэндийн шалтгаанаар саатуулах байранд авалгүй эхнэрт нь хүлээлгэж өгөөд гаргасан. Үүнээс өөр зүйл болоогүй. Тэр согтуу залуу гартаа оёдол хийлгэсний дараа худлаа ухаан алдаж, амьсгалаа түгжиж, газар хэвтэж байсан. Тэр үед нь зүрхний эм үнэртүүлж, цочроо өгч, ухаан сэргээх талаар хэлж байсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Э.Одбаярын зүүн шанаанаас чихний ар хүртэл өнгөц зүсэгдсэн, Э.Мөнхбаярын зүүн гарын мөрний гадна хэсэгт хатгагдсан шархтай байсан тул Э.Мөнхбаярын шархыг цэвэрлэж боолт хийж өгсөн. Гар дээр нь дэвссэн зүйл огт байхгүй. Камерын бичлэгийг хуулбарлан авсан байгаа тэнд бүх зүйл тодорхой харагдана гэжээ. (хэргийн 73, 74 дүгээр хуудас)

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол (хэргийн 35, 37 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16505 тоот дүгнэлтэд:

1. Э.Мөнхбаярын биед зүүн гарын бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

           2, 3, 4, 5. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16506 тоот дүгнэлтэд:

1. Э.Одбаярын биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

           2, 3, 4, 5. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 78 дугаар хуудас)

               

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Анхбаяр 2004 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2013 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 117 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 23.00 цагийн үед хуулиар хүлээсэн нийгмийн хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэхээр  Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Але хаус” зочид буудлын гадна дуудлагаар очсон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн “Тайшир-113” чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнхбаяр, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э.Одбаяр нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж, төрийн албан хаагч Э.Мөнхбаярын зүүн гарын бугалганд хутгаар хатгаж бие махбодид нь хөнгөн, төрийн албан хаагч Э.Одбаярын зүүн чамархайн хуйханд хутгаар зүсэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Мөнхбаяр, Э.Одбаяр, гэрч З.Сувд-Эрдэнэ, Р.Болд-Эрдэнэ, Д.Мөнхтүвшин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16505, 16506 тоот дүгнэлтүүд, цагдаагийн илтгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Г.Анхбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Анхбаярыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, хохирогч Э.Мөнхбаяр, Э.Одбаяр нарын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь хохирогч Э.Мөнхбаярт 240 000 төгрөгийг төлсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон тул түүнийг бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлсөн гэж үзэв.

 

Г.Анхбаяр нь 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаа нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусч, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялгүй болжээ. Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогч нар гомдолгүй гэж байгаа, элэгний хатуурал өвчинтэй, эмнэлгийн байнгын хяналтанд байгаа  биеийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.